Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ТЭНЭГЛЭЛ vs ШУНАЛ

НЭГ. КАЙРЫН ХОШИГНОЛ

Баабар хошигнон ярьдаг юм, Кайрын музейн ажилтнуудыг. Гурван мянганы тэртээх дурсгал чихэлдсэн, хашаандаа хүртэл муми овоолсон, үзмэр нь шалаар хөглөрсөн гэмээр, тийм музей л дээ, Кайр хот дахь Египетийн музей. Хэтэрхий их үзмэртээ хахаад, дэглэлт тавилт нь хоёрдугаарт эрэмбэлэгдсэн газар. Музейд байна уу, эсвэл “Костко” энээ тэрээ шиг агуулах худалдааны сүлжээ дэлгүүрийн антикварийн тасагт явна уу гэж эргэлзмээр.

Хэрвээ та Кайр орж амжаагүй бол төсөөлөх боломж байна. Жишээлэхэд, Ордос дахь Чингис хааны онгоноор аялж, зэргэлдээ хошууных нь “Нууц товчооны музей” зэргийг үзсэн бол олдвор баримтаас илүүтэй хөшөө баримал, дизайнаар зодсон хийцийг санаж байгаа байх. “Нууц товчоо”-г бүрэн эхээр нь цаас, төмөр, ширэн дээр бичээд зогсоогүй, вааран дээр буулгаад шатааснаа үзмэр болгосон байдаг. Мэдээж, “Нууц товчоо”-ны үйл явдлыг олон янзаар зурж үзүүлсэн. Тааруу музей гэх гээгүй шүү. Юу нь сонин гэхээр, Кайрын музей хийгээд Ордос дахь “Нууц товчооны музей” бол үзвэр толилуулах аргын хоёр туйл санагддаг. Нэг нь бодит олдвор нь хэтэрсэн, нөгөө нь төлөөлөл-төсөөлөл, дүрслэл нь хэтийдсэн ч гэмээр юм уу? За энэ ч яахав, юунаас болоод энд тэндхийн музей рүү орчихов, гэхээр ийм юм.

Кайрын музейд зургийн аппараттай орох, зураг дарахыг хориглодог. Хаа сайгүй л ийм байдаг болохоор гайхах ч юм биш. Харин үүдний харуул нь зочид аппарат зүүсэн, нуусан алин болохыг нягтлахаас гадна, гарыг нь дагуулан харна. Хэрвээ 10 фунт(Английн паунд биш болохыг анхаарна уу!) атгуулчихвал чиний аппаратыг олж харахаа болино. Дотор хэсгийн ажилтнууд аппарат бүхий хүн ороод ирсэн байвал олон юм ярихгүй, зүгээр л зураг дарж эхлэхийг нь хүлээнэ. Яг зураг аваад эхэлбэл дэргэд ирээд, хазгай мурий англи хэлээр “Зураг авах хориотой” тухай шулганаж гарна даа. Мэдээж, 10 фунтээ авсны дараа бол зураг дарж байгааг харах завгүй болчихно.

Баабар юуг гэж хошигносон гэхээр “Хэрвээ тэдэнд 10 биш, 100 паунд өгсөн бол мумигаа тэвэрч гарч ирээд харуулах байсан” гэж.

Та нар жигшиж байгаа, тийм үү? Авлигачин, хахуульчин, дүрэм журмаа уландаа гишгэсэн Мисир албан хаагчид эртний түүхт энэ орныг сөнөөж байна, мөн үү?

Гэхдээ энэ бол ёс суртахууны хувьд найгаа алдсан ч гэсэн мөн чанараараа “харьцангуй эрүүл” нийгмийн шинж гэвэл та мэл гайхаж цэл хөхрөх биз ээ?

ХОЁР. ТЭНЭГ НӨХӨР УХААНТАЙ ДАЙСНААС ХОРОН

-Хорвоог муу санаатнууд, шуналын туламнууд хөнөөдөггүй. Харин өөртөө ч, өрөөлд ч ашиггүй юм хийдэг тэнэгүүд л хөмөрч хаядаг тухай Карло М Сиполла хэмээх сониуч судлаач бичжээ. Тэрээр “Тэнэглэл, түүний хуулиуд” хэмээх сонирхолтой, бас хөөрхөн судалгаатай ном бичиж, энэ дүгнэлтээ баталгаажуулсан байдаг юм.

Нэгдүгээрт, шуналтай хүнийг, санаа муутай хүнийг, боловсролгүй хүнийг, ядуу хүнийг, бохир заваан хүнийг, ёс суртахуунгүй хүнийг “Тэнэг” гэж Карло үзэхгүй байна.

Хоёрдугаарт, шуналтай болоод муу санаатай, боловсролгүй атлаа хүмүүжилгүй, ядуу агаад бохир, ёс суртахуунгүй дээрээ ичгүүргүй хүнийг тэрээр сайн ухаалаг гээгүйг бас болгооно биз.

Гуравдугаарт, шунахай, хорлонтой, харанхуй бүдүүлэг, ёс суртахуунгүй байдал нь хүний л хорвоогийн шинж учраас түүнтэй тэмцэх туршлага, таних чадвар нийгэмд байдаг гэдгийг зохиогч иш үндэс болгосон байдаг.

Хүний ертөнц шунал дээр цогцолсон гэдгийг Өрнө, Дорнын мэргэд бүгдээрээ л анхааруулж, Будда ч айлдсан, Адам Смит ч хэлсэн. Бурхан багш шуналтай тэмцэхийн оронд “Яагаад шунаад байгаа” эх үүсвэрээ олж харахыг сургасан бол Адам Смит, хүн хүний шуналын нийлбэр нь эдийн засгийн хөгжлийг хөдөлгөгч “үл үзэгдэх” гар болон хувирдгийг судалсан байдаг. Ерөөсөө “Хүсэл ба шунал” нь эзнээ л хөнөөдөг болохоос биш, хүний нийгмийг бүхлээр нь самардаггүйг мэргэд бас олж харжээ. Яагаад гэвэл, ямар ч мундаг шунал өөр нэгний шуналтай тулаад гацдаг. Гэтэл, тэнэглэл нь тэнэглэлээ гацаана гэсэн номгүй.

Бурхан ч тэр, эдийн засагчид ч ялгаагүй, шунал буюу гоёор хэлэхэд “хувийн сонирхол”-ыг энэ ертөнцөд байж болшгүй зүйл гэж үзээгүй. Шунал нь үл ханах шинжтэй тул эзнээ байнгын эрэлтэд оруулснаар зовоодог тухай нэг нь айлдсан байхад нөгөөдүүл нь мөнөөх байнгын эрэлт нь хүний нийгмийг баялаг бүтээгч болгох сурвалж болдгийг олж харсан авай.

ГУРАВ. ТӨРӨЛ ТӨӨРӨГСӨД

Хүсэл шуналаасаа нэгэнт ангижрагчид бол өнөөгийн хүний нийгмийн гишүүн байх боломжгүй. Тэд нирваанд хүрсэн гэгээрэгч болоод сансрын хүлээснээс алдуурах учиртай. Ингэхгүй, төрөл төөрч гариг андуурах юм бол ертөнцийг түйвээгч хорлогчин болж нийгмээ самрагч, хувьсгалын болон шашны фанатуудад хувирдаг.

Сая Пакистанд тарьсан моддыг “буруу ном”-ын гээд булга булга татан хаялж байгаа фанатуудын бичлэг яваад байгааг манайхан харж шогшроод байсан нь үүний жишээ. Уг нь ойжуулалт нь тэдний эрүүл энх амьдралд тун ч хэрэгтэй зүйл шүү дээ. Улмаар, тэднийг шоолохын өмнө өөрсдийгөө нэг харчихмаар байгаа юм. “Хятадын вакцин хийлгэж Ковидоос хамгаалуулсанд орвол үхсэн нь дээр” гэсэн бот-ын жиргээг хувилж түгээн давалгаалаад л байгаа манайхан ч тэднээс юуны ялгаа. Хэвийн эрүүл хүн бол ямар ч хамаагүй вакцин хийлгээд, яаж ийгээд амьд үлдэхийг боддог юм байгаа биз дээ.

Дээрэмчид, хулгайч нарийн үйлдэл рациональ шинжтэй учраас түүнийг урьдчилан таамаглах, хамгаалах, сэргийлэх боломжтой. Ухаандаа, тэд бусдын өмч баялгийг устган сөнөөхийн оронд өөрийн өмч рүү зөөвөрлөх, нууц сан үүсгэх хандлагатай байдаг. Иймээс тэдгээрийг нь олж илрүүлэх замаар хувь хүнд болон нийтийн өмчлөлд учирсан хохирлыг нь барагдуулах нимгэлэх боломж ядаж байгаа гэсэн үг.

Харин тэнэгүүдэд хүний унаган шинж болох “хүсэл, шунал” байдаггүй учраас бүхий л хандлагууд нь иррациональ шинжтэй, улмаар логикгүй учраас урьдчилан тааварлах, сэрэмжлэн хамгаалах боломжгүй байдаг гэнэ. Хулгайч баяжих зорилгоор түрийвчийг чинь суйлж, дээрэмчин бээр алмаазан бөгжийг тань авахын тулд таныг алж мэднэ.

Гэтэл тэнэгүүд “Таныг ямар ч шалтгаангүйгээр, ямар ч ашиг хонжоо олохгүйгээр, ямар ч төлөвлөгөөгүйгээр, тааварлах аргагүй газарт, төсөөлөөгүй цаг үед хохироож чадна. Энэ бүхнийг урьдчилан таамаглах, сэргийлэх ямар ч боломжгүй” тухай мөнөөх Карло М Сиполла бичжээ.

Энд өгүүлэн буй “Тэнэг” гэдэг ойлголт нь боловсролгүй, бүдүүлэг, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй хүмүүсийг хэлээгүй, харин өөртөө ямар ч ашиггүй үйлдэл хийдэг хүмүүсийг хэлээд байгааг дахин сануулъя. Ямар ч учир шалтгаангүйгээр, өс хонзонгүйгээр, ашиг хонжоо бодолгүйгээр бусдыг хохироодог тийм үйлийн эзэд.

Тэнэгүүд маш царайлаг, харваас хүмүүжилтэй, бузгай жээнтэлмээн төрхтэй, үнэхээрийн өндөр боловсролтой, олон хэлтэй, чемодан дүүрэн дээд боловсролын дипломтой ч байж болно гэсэн үг. Гагцхүү өөрийгөө төдийгүй чамайг ямар ч учир шалтгаангүйгээр, өс хонзонгүйгээр алах, сүйрүүлэхэд бэлэн байдлаараа л ялгаатай.

Гоёор хэлбэл: Нирваанд байх ёстой атлаа Самсара-д төрсөн,хувийн сонирхлоор хөдөлдөг нийгэмд амьдардаг атлаа “үл үзэгдэх гар”-гүй мэндэлсэн этгээдийн тухай яриад байгаа хэрэг.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *