Categories
мэдээ цаг-үе

Ч.Батзориг: Бурхан шашины бэлгэдэл, дүрслэлүүдийн мөн чанарыг алдагдуулж болохгүй

“Гурван шүтээн” уламжлалт бурхан урлалын төвийн бурхан урлаач, буддын гүн ухаан судлаач Ч.Батзоригтой ярилцлаа.


-Та бурханч лам Г.Пүрэвбатын анхны шавь нарын нэг юм байна шүү дээ. Хэдэн онд багшдаа шавь орж байв?

-1993 онд анх шавь нь болж байлаа.

-Бурхан урлаач болохын тулд хэдий хэрийн хугацаанд суралцдаг вэ?

-Бурхны урлалыг орчин үеийн бусад сургалт, дамжаа шиг богино хугацаанд сурдаг зүйл биш. 1990-ээд онд ардчилал гараад түүх, шашин, соёлоо дахин сэргээх тэр үед манай бурханч лам багш маань урлахуйн ухааны салбарыг өвгөн багш нараасаа өвлөн авч, Энэтхэг улсад суралцан ирээд, бурхан урлалын сургуулийг Гандан хийдийнхээ дэргэд нээж байсан. Бид анхны шавь нар нь учраас бараг долоон жил сурсан. Сургуульдаа одоог хүртэл багшлаад, шавь нараа төгсгөөд явж байна. Үүнийг сураад төгс эзэмших хүртлээ их урт хугацаа зарцуулна. Одоог хүртэл тодорхой хэмжээгээр суралцаад л явж байна.

-Та одоо ямар бурхны бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Сандуй бурхан бүтээж байна. Тарнийн ёсны бурхан л даа. Нийтдээ гурван бурхан байгаа. Үүнийг бүтээхэд хагас жил зарцуулаад байна. Гол бурхан нь 1.2 метр өндөртэй, зургаан мутартай.

Бурхан бүтээх олон янзын арга бий. Зурж бүтээнэ, зээгт наамлаар бүтээнэ, баримал цутгуур хэлбэрээр бүтээнэ, шавар хэлбэрээр бүтээх гэх мэт.

-Бурхан бүтээхэд хэмжээнээсээ хамаараад харилцан адилгүй хугацаа зарцуулдаг байх. Таны хувьд ямар бурхныг бүтээхэд хамгийн удаан хугацаа зарцуулж байв?

-Ямандаг бурхны хот мандлыг жил гаруй хугацаанд бүтээж байсан. Энэ бүтээл маань дотроо арван гурван бурхантай, тарнийн ёсны очир хөлгөний нарийн бүтээл юм.

-Азийн орнуудад бурхадын дүр хоорондоо ялгаатай, хийц нь өөр өөр байдаг. Их хөлгөн, бага хөлгөнөөсөө шалтгаалаад бурхны хийц нь ялгаатай байдаг юм болов уу?

-Бурхны тиг хэмжээ гэдэг зүйл байдаг. Бурхан багшийг заларч байх үед нь Шарипутра хэмээх шавь нь “Таныг орчлонгоос нөгчсөний дараа бид юугаа шүтэж, юундаа тахил өргөх вэ” хэмээн асуухад нь Бурхан багш “Миний дүр хөргийг бүтээгээд, намайг байгаа мэтээр тахин шүтээрэй” гэж айлдаад төгс гэгээрсэн Бурхны тиг хэмжээг номлосон байдаг. Энэ бол хамгийн анхны Бурхны тигийн номлол юм. Тэгэхээр Бурхны шашин дэлгэрсэн орон бүр адилхан бүтээх ёстой шүү дээ. Одоо яагаад өөр өөр байна вэ гэхээр тухайн улс үндэстний өөрсдийн хэв маяг, амьдрал ахуй, ёс заншил зэргээр баяжигдаад дүрийн хувьд өөрчлөгдөж байгаа юм. Тэдгээр бүтээж буй хүмүүсийн ухааны, урын, гарын ялгамжаас хамаарч байгаа зүйл. Энэ дундаас аль нь илүү төгс бүтээсэн бэ гэдэг нь л чухал. Манай Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар бүтээсэн, өөрийн гаргасан сургууль, хийц бол Бурхны номлосон тиг хэмжээнд яг төгс нийцдэг. Үүнийг манай бурханч багш олон байдлаар судалсан. Тигээс гадна Бурхны лагшингийн билэг чанар гэж байдаг. Үүнтэй нь тааруулаад үзэхэд ч мөн адил төгс таарсан байдаг.

-Өндөр Гэгээний хийцээс өөр бурханы хийц Монголд байдаг уу?

-Өндөр Гэгээн бол бурхныг бүтээх оргил гэж байдаг бол түүнд нь хүртэл бүтээчихсэн хүн учраас Занабазарын хийц гэж яриад байгаа юм. Бүгд л яг ийм хийцтэй байх ёстой. Зөвхөн Өндөр Гэгээний бүтээлийг үзэх гэж гадны орноос маш олон жуулчин Монголыг зорьж ирдэг.

-Бурхны хөргийг шүдэнз гэх мэт зүйлээр хэвлэчихсэн байдаг нь зарим сүсэгтнүүдэд таагүй сэтгэгдэл төрүүлдэг?

-Өмнө нь цухас хэлсэнчлэн, Бурхан багш амьд сэрүүн ахуйдаа “Миний дүр хөргийг бүтээгээд, намайг байгаа мэт тахиж шүтээрэй. Энэ нь намайг тахиж шүтэж байгаатай адил” хэмээсэн байдаг. Богд лам ч мөн адил “Миний дүр хөргийг бүтээгээд, миний номлосон номыг уншиж судлаарай” гэж айлдсан байдаг. Бурхны шашин шүтэж судалж байгаа хүмүүсийн хувьд Бурхан багш одоо бодитоор байхгүй учраас өөрийнх нь номлосон ёсоор дүрийг нь бүтээгээд, энэ нь нэг ёсондоо тэр хүнд оюун ухаарал хайрлах орон болж байгаа юм. Номын нарийн ёсондоо бол бурхны дүр хөргийг хараад, түүнийгээ сэтгэлдээ ургуулан бодож, өөрийгөө цэвэрлэж ариусгах, бясалгах үйл юм. Энгийнээр тайлбарлавал буян хураах үйл юм.

-Бурхан бүтээдэг хүмүүн ямар ёс баримталдаг вэ. Сахил санваартай байх ёстой юу?

-Бурхан бүтээхийн тулд лам байвал сайн гэдэг. Эгэл хүн байсан ч болно. Хамгийн гол зүйл бол бурхныхаа дүр хөргийг бүтээх онолоо сайн сурсан байх хэрэгтэй. Энэ маань өөрөө дүрсээр илэрхийлж буй бурхны ном учраас бурхны номоо сайтар суралцах ёстой.

-Бурхан бүтээх ажил төлөвлөгөөний дагуу явдаг уу, эсвэл захиалгаар бурхан бүтээдэг үү?

-1993 онд Монголд маань сургууль нээгдээд жар, далан жил тасрах шахсан шашин соёлоо дэлгэрүүлж эхэлсэн. Энэ бол нэг салбар ухаан. Үүнийг хөгжүүлж, дэлгэрүүлж яваа учраас сүм хийдийн шүтээн бүтээх, мөн өөрсдийнхөө бүтээлийг хийх зорилгоор ажиллацгааж байна. Одоо үед худалдаа наймааны чанартай зүйл их болсон. Үүнд ямар нэгэн шүтээн бүтээх дэг, ур хийц байхгүй. Монголчууд маань Өндөр Гэгээний үед их сайхан урлал хийцтэй бүтээлийг бүтээдэг байсан бол одоо тэднийгээ бүгдийг нь зарж үрж, оронд нь Хятадаас ирсэн худалдааны юмыг шүтэж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Бидний хамгийн гол зорилго бол эдгээр бурхадаа сэргээх, дэлгэрүүлэх юм.

-Иог, бясалгалын төвүүд, баар, ресторан хүртэл ханан дээрээ Бурхны хөргийг зурчихсан байдаг. Энэ тал дээр та бурхан урлаач хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Бурхан шашины бэлгэдэл, дүрслэлүүдийн мөн чанарыг алдагдуулж болохгүй. Тэр болгон чинь өөрөө өнгө, дүрс хэлбэрээрээ номын утга илэрхийлж байдаг учраас түүнийг нь эвдэж, янз бүр болгож болохгүй. Нэг ёсондоо номын утгыг алдагдуулаад, хүнд буруу үзүүлж тайлбарлаж байгаатай адил.

-Та хэзээнээс бие дааж бурхан бүтээж эхэлсэн бэ?

-1993 онд багшдаа шавь ороод долоон жил гаруй сураад, таван жил сургуульдаа багшилсан. Дараа нь хоёр жил гаруй сургуульдаа ажиллаад, үндсэндээ 2007 оноос бие даан шавь бэлдээд, урлалаа хийж эхэлсэн дээ.

-Бурхан урлаач хүн зураач, барималч зэрэг бусад чиглэлийн урчуудаасаа ялгагдах онцлогтой, баримталдаг дэгтэй дээ?

-Бурхны шашинд их таван ухаан, бага таван ухаан гэж арван ухаан байдаг. Их таван ухааны хамгийн чухал салбар ухаан бол урлахуйн ухаан. Үүнд мэргэшихийн тулд дор хаяж таван жил суралцдаг. Хамгийн түрүүнд эгэл урлах ухаан буюу уламжлалт шүтээн урлалд байгаль, амьтныг хэрхэн зурахад суралцдаг. Дараа нь бурхны чимэг зүүлтийг хэрхэн зурахад суралцана. Тэр болгоны цаадах бэлгэдэл утгыг судалдаг. Үүний дараа бурхны тиг, шугам талбих ёс, бурхны номоо үздэг. Ингэж суралцсанаар суурь мэдлэг олж авна. Бурхныг зүгээр л гадна хэлбэр талаас нь бүтээчихдэг эд биш учраас бурхны номоо сайн ойлгож судлах хэрэгтэй. Төгс гэгээрсэн бурхны гучин хоёр лагшин, наян найраг гэж бий. Үүнийг Бурхны билэг чанар гэнэ. Бурхны номоо үзэж байж үүнийг ойлгоно. Тэгээд гарын ур, сэтгэлийн ур, ухааны ур гурав нийлж байж бурхны дүрийг бүтээдэг.

-2020 он гараад Монгол төдийгүй дэлхий даяараа дотоод гадаад хямралтай, бартаатай жил болж байна. Энэ өрнөж буй үйл явдлыг та Бурхны шашин талаас нь хэрхэн харж байна вэ?

-Монголчууд бол Бурхны шашины талаасаа сэтгэлийн өндөр боловсролтой ард түмэн байсан шүү дээ. Бурхны шашин ид сайхан хөгжиж байсан үед гадна талаас нь харахад ядуу буурай юм шиг боловч дотоод сэтгэлийн амар амгалантай байсан. 1930-аад оноос хойш жар, далан жил шахуу Бурхан шашинаасаа тасраад дахин сэргэсэн. Үүнээс шалтгаалаад өвөг дээдсийнхээ уламжлалт шашин соёлоос хөндийрчихсөн гэж ярьдаг шүү дээ. Энэ бүгдээсээ хөндийрөхөөр оронд нь гадны соёл, гадны бодлого л орж ирнэ. Тэгэхээр монгол хүн монгол хүнээрээ байж чадахаа байна, байгаль дэлхийтэйгээ зохисгүй харьцаж эхэлнэ. Ер нь Бурхны шашинтай хүн бол ямар ч тохиолдолд нисванис, шунал зэргээ хязгаарлаж чадна. Шунал, нисванисаасаа болж дэлхий даяараа л газар орноо сүйтгэж байна шүү дээ. Эргээд байгаль дэлхий хувьсан өөрчлөгдөөд үүний хариу бидэнд ирнэ. Дээрээс нь, нийтээрээ хүний сэтгэл муудаад ирэхээр түүнийх нь энергиэр байгаль, дэлхий ийм байдалд хүрч байгаа. Энэ бол үйлийн шүү дээ. Бурханы шашин сайхан байх үед монголчууд маань Бурханы номлол сургаалаар дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад сургадаг байсан. Үүнээсээ хэтэрхий их салчихаар өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлсийн шалтгаан үүсээд байгаа л гэж боддог. Дээр байгаа, төр барьж байгаа хүмүүс Бурханы номыг сэтгэлдээ боддог байсан бол ард түмнээ ийм байдалд оруулахгүй шүү дээ.

-Хүмүүс бурхан бүтээлгэхдээ голдуу алт, мөнгөөр бүтээлгэхийг зориод байдаг. Угтаа ямар материалаар хийх нь чухал биш, сүсэглэх нь чухал биз дээ?

-Бурхны номд айлдахдаа, бурхан шүтээнийг эдийн дээдээр бүтээгээрэй гэсэн байдаг. Алт, мөнгө, шүр, сувд оруулаад бүтээж болно. Тухайн бүтээлгэж байгаа хүн маань алт, мөнгөө бурхандаа харамгүй өргөж байгаа гэсэн үг.

-Та нямба хийж, сэтгэлээ төвшитгөж байж бурхан бүтээдэг байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Бурхан бүтээхдээ эрдмийг нь сэтгэлдээ агуулаад, тарнийг нь дотроо уншихыг бурхан бүтээх увдис гэж нэрлэдэг. Бурхан бүтээж байгаа газар, бүтээж буй эд нь цэвэр ариун байх ёстой. Бид чинь бурхнаа бүтээхдээ бүх юмаа нэг бүрчлэн өөрсдөө гараараа бэлддэг.

-1993 оноос бурхан урлаач бэлтгэсэн гэхээр энэ салбарт чамгүй олон урлаач байх нь ээ?

-Тийм ч олон хүн байхгүй. 1993 оноос хойш манай багш 80 гаруй шавь бэлтгэсэн байна. Бусад сургууль, дамжаа шиг жил болгон шавь нар төгсгөөд байхгүй. Шавь хүн өөрөө сүсэгтэй байх хэрэгтэй, сурч мэдэх хүсэл зорилготой байх хэрэгтэй. Энэ маань өөрөө хүнээс нэлээд тэвчээр хатуужил шаардсан ажил учраас хувь хүн маш их хөдөлмөрлөх шаардлагатай. Төгссөн хүмүүсээс тууштай бурхан урлаж яваа нь цөөн.

Н.БҮЖИНЛХАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *