Categories
мэдээ улс-төр

Б.Отгонсүх: Хүүхдүүд оройн цагаар гарцаар аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүллээ

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлуудын талаар тодрууллаа.


-Удахгүй эхлэх хичээлийн шинэ жилийн өмнөхөн сургууль орчмын гарцуудыг гэрэлтүүлэгтэй болгожээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлээс хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын тэмдэг, тэмдэглэгээ, гарцын гэрэлтүүлгийг хийж дууслаа. Үүнд нийт 78 байршилд 100 ширхэг лед гэрэл гарцын босоо гэрэлтүүлгийг байршуулж, дөрвөн байршилд хурд сааруулагч, 100 ширхэг лайт бокс буюу поспортдог тэмдэг, 1400 ширхэг зам дээрх цацруулагчийг хийж дуусаад байна. Хүүхдүүд оройн цагаар ч гарцаар аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гарцын гэрэлтүүлгийг суулгаж өглөө.

-Цаашид сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах үүднээс ямар ажлууд хийгдэх вэ?

-Нийслэлээс сургууль, цэцэрлэгийн орчмын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Тиймээс стандартын шаардлага хангасан тэмдэг, тэмдэглэгээг шинээр тавьж, зарим тэмдгийг шинэчлэх ажлууд хийгдэж байна. Түүнчлэн судалгаа хийж, жолоочдын хурд хэтрүүлдэг байршлуудад хурд сааруулагч тавьж байгаа. Тиймээс хүүхдүүд харанхуй оройн цагаар гарцаа хайж явалгүй гарцаараа аюулгүй гардаг, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцдог байх нь чухал. Энэ хүрээнд сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд тайвшралгүй хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хүүхэдтэйгээ явах үедээ явган хүний гарцаараа гарч хэвшихийг уриалж байна. Ингэснээр хүүхэд багачуудад зөв үлгэр дуурайл үзүүлж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *