-ЗУРАГ АВАЛТЫН ҮЕЭР МОРЬТОЙГОО ДӨРВӨН МЕТР ӨНДӨР ХАДНААС ХАРАЙЛГАХ, ДАВХИАН ДУНД МОРЬТОЙГОО ХАМТ УНАХ, ХАДАН ДЭЭРЭЭС ӨНХРӨХ ЗЭРЭГ ХҮНД ЭЛЕМЕНТҮҮДИЙГ ХИЙДЭГ БАЙЛАА-
Одоогоос 30-аад жилийн өмнө Академич Ш.Нацагдорж гуайн “Мандухай сэцэн хатан” түүхэн романаас сэдэвлэн “Мандухай сэцэн хатан” түүхэн киног бүтээсэн билээ. Кинонд эхэн үедээ Монголын нэрт кино найруулагч Дэжидийн Жигжид гуай ажиллаж дараагаар нь найруулагч Б.Балжинням гуай зураг авалтыг үргэлжлүүлжээ. Энэхүү кино нь Монголын анхны түүхэн кино болох “Цогт тайж” киноноос хойш 40-өөд жилийн дараа бүтсэн томоохон хэмжээний түүхэн кино билээ.
Тэгвэл бид Монголын анхны каскадёр, “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны орлон тоглогч, Техникийн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын зөвлөх инженер Пунцагдашийн Энхбаатартай ярилцсанаа хүргэе.
-Монголын хамгийн анхны каскадёрын багт ажиллаж эхэлсэн түүхээс тань яриагаа эхэлье?
-1986 оны зун “Мандухай сэцэн хатан кинонд каскадёр шалгаруулж авна” гэсэн зарын дагуу өөрийн найз Э.Жаргалсайханы (цэрэгжилтийн багш ахмад цолтой) хамт очиж бүртгүүлсэн юм л даа. Ингээд тухайн үед бидний үеийн 30 гаруй залуус нэгдэж Монголын анхны орлон тоглогч каскадёрын баг бүрдэж байлаа. Миний бие энэ сайхан түүхэн кинонд оролцох аз тохиохын ялдамд өмнө нь зөвхөн дэлгэцээс хардаг байсан Монголын кино урлагийн алдартнууд болох Ардын жүжигчдийг ойроос харах боломж тохиож байна гэж их хөөрч билээ/инээв/. Тэр үед Баянхошуунд байрлах Морин тойруулгад яг л циркийн жүжигчид шиг морин дээр бэлтгэл сургуулилт хийдэг байгаа. Монголын анхны мэргэжлийн морины каскадёр, кино найруулагч Ч.Жумдаан, Оросын мэргэжилтэн Любовь Мудерявич нар дасгалжуулна. Дасгал сургуулилтад нэг сар гаруй хугацаанд морины давхиан дунд мордох, морин дээр зогсоогоороо давхих, мориноосоо бэртэхгүйгээр зөв уналт хийх, хоёр гараа уяагаар баглуулж бэхлээд өөр хүн мориор чирч давхих зэрэг хүнд сургуулилт хийж байсан. Тэнд морин тойруулгын арвантаван залуу, мөн гал хамгаалагч, багш, цэргийн офицерууд гээд арав гаруй хүмүүс байсан шүү.
-Морин сургуулилалтын хажуугаар өөр олон янзын сургуулилт хийдэг байсан байх?
-Морин тойруулгын сургуулилтын дараа Монгол кино үйлдвэрийн байранд ирж сэлмийн сургуулилалт хийнэ. Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа гуай (Исмэл сайд) бидэнд модон сэлэм бариулан, сэлмээр хэрхэн цавчих, өөрийгөө хамгаалах болон бамбайг яаж барих гээд бүх арга техникийг зааж өгч байлаа. Энэ бүх сургуулилтын дараа бид мэргэшсэн орлон тоглогч каскадёр болсон гэхүү дээ.
-Тиймдээ ч мартахааргүй түүхэн уран бүтээл болж чадсан шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Энэ агуу түүхэн киног бүтээхэд монгол хүн бүр чин сэтгэлээсээ хандаж, байгаа бүхнээрээ тусалсан. Тухайлбал, Булган аймагт байрлаж байхад нутгийн ард олон өөрийн морьдоо үнэ хөлсгүй өгч байсны ачаар киноны байлдаантай хэсгийг маш амжилттай дуусгаж байлаа.
-Бэлтгэл сургуулилт бодит шүү дээ. Киноны хувцас, хэрэгслийн тухайд ярихгүй юу?
-Бидний өмссөн хувцас хунар, илд бамбайг кинонд зориулж бодитоор хийсэн. Ер нь кинонд гарч байгаа сэлэм, жад, хуяг дуулга, сүйх тэрэг болон бусад эд хогшлыг бүгдийг нь тус кинонд зориулж хийсэн. Дандаа бодит зураг авалт байсан. Киног дальный- алсын, средний-дунд, крупный-ойрын гэсэн гурван планаар зураг авдаг юм байна лээ. Крупный планд гол дүрийн жүжигчид, харин каскадёрууд средний планд зураг авахуулсан. “Мандухай сэцэн хатан” түүхэн кинонд тэр жил халагдах цэргүүд, дарга офицерууд нийлсэн 6000 орчим залуус оролцож билээ.
-Киноны байлдаантай хэсгийн тэр чухал, сонирхолтой тоглолтуудад каскадёрын багийнхны хүч хөдөлмөр их байсан байх?
-Натурын гол хэсэгт кино найруулагч, оператор, зураглаач, зургийн дарга, зураач, гол дүрийн жүжигчид байрлана. Харин Каскадёрууд гол хэсгийн ар талд хоёр гэрт хуваагдан байрлаж байсан санагддаг. Тухайн үеийн дурсамжаас гэвэл каскадёрууд хамгийн сүүлд хоолоо иддэг байлаа/инээв/. Манай каскадёрын хэсгийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч тухайн үеийн ЗХУ-ын Бабушкины Хилийн Цэргийн Дээд Сургуулийг төгссөн Войны Самбо, хамгаалах байлдааны спортын дэд мастер С.Хаянгарваа ахалж байсан. Бид ч хагас цэрэгжилтийн байдалтай л байна. Өглөө эрт босож гүйж, дасгал сургуулилт хийнэ. Өөрийн тань хэлдгээр киноны байлдаантай хэсгийн тэр чухал, сонирхолтой тоглолтууд манай каскадёрын багийнхны хүч хөдөлмөр их байсан шүү. Олон жилийн дараа тэр нандин дурсамжаа хөөрөлдөж байгаадаа үнэхээрийн их бахархаж, каскадёрын багийн эрхэм нөхдөө дурсан санаж байна.
-Морьтойгоо дөрвөн метр өндөр хаднаас үсэрч, доор дэвссэн сүрлэн дээр ээлжлэн буудаг байсан гэсэн. Сонсоход айдас төрж байна шүү?
-Энэ киноны гол хэсгийн зураг авалт Булган аймгийн Элсэн тасархай, Хөгнө Хаан ууланд болсон л доо. Бид зураг авалтын үед дөрвөн метр өндөр хадан дээрээс үсэрч, доор дэвссэн сүрлэн дээр ээлжлэн буудаг байсан. Морьтойгоо 1,5-2 метрийн өндөр хадан дээрээс харайлгах, морины давхиан дунд морьтойгоо хамт ойчих мөн мориноос унах, хадан дээрээс өнхрөх зэрэг бүх үйлдлийг бодитоор хийнэ. Цэргүүдийн гардан байлдааны үед гэдэс хүүлэх, цус асгарах хэсэгт хонины гэдэс хагалж зураг авч байсан нь илүү их үнэмшилтэй харагдаж байсан байх.
-“Монголын анхны каскадёр орлон тоглогч” гэсэн нэр нэгэн үеийн сайхан дурсамж болон мөнхөрчээ?
-Мэдээж тэгэлгүй яахав. Зураг авалт дууссаны дараа бидэнд киноны найруулагчаар ажиллаж байсан Б.Балжинням гуайгаас “МОНГОЛЫН АНХНЫ КАСКАДЁР ОРЛОН ТОГЛОГЧ” гэсэн батламж гардан авч, ихэд баярлаж билээ. Байлдаантай хэсгийн зураг авалт дууссаны дараа манай каскадёрын багийнхан Төв аймгийн Лүн суманд авахуулсан өөрсдийнхөө зургаа үзэж, хөгжилтэй агшнуудаа дурсан, биесээ шоолон баахан инээлдэж билээ. Цаг хугацаа үнэхээр л хурдан өнгөрөх юм даа… Бидний үеийнхэн энэ кинонд тоглоход дөнгөж л хорь гаруй настай залуучууд байсан. Манай каскадёруудын хэсэг нөхөд дараа нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд тоглосон.
С.ЛХАМСҮРЭН
Т.БАТЛХАГВА