-ЗОДОЖ ШИЙТГЭХ НЬ ХҮМҮҮЖЛИЙН АРГА БАРИЛ БИШ-
Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Хүүхдийг зодож шийтгэж болохгүй. Гэвч хааяа шавхуурдаад авахгүй бол болдоггүй тохиолдол эцэг эхчүүдэд тулгардаг шүү дээ?
-Сүүлийн үед хүүхдийн хүмүүжлийн асуудал гэр бүлийн төдийгүй бүх нийтийн асуудал болоод байна. Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар эцэг эхийн ойлголт хандлага ч янз бүр байна. Хүүхдийг Ивээх Сангаас 2020 оны долдугаар сараас эхлэн эцэг эхчүүдэд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх аргуудыг заан сургах, сурталчлах зорилгоор “Хайраар үлгэрлэе” хэмээх нөлөөллийн аяныг зохион байгуулахдаа, урьдчилан 820 эцэг эхээс судалгаа авч, тэдний хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг талаар судалж үзсэн байна. Тус судалгаанд хамрагдсан нийт эцэг эхчүүдийн 35 хувь хүүхдийг зодож шийтгэх нь зөв гэдэгтэй ямар нэг байдлаар санал нийлж байна, 41 хувь нь хүүхдэдээ ямар нэг байдлаар гар хүрч байсан гэж хариулсан байна. Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэн орсноор аль хэдийнэ 30 жил өнгөрчээ. 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг шийтгэл хэрэглэхийг хориглосон бөгөөд тус хуулиар эцэг эхчүүд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэнэ хэмээн зааж өгсөн. Тэгэхээр хүүхдээ зодож шийтгэх нь зөв гэж үзэх нь, шийтгэл хэрэглэх нь хууль зөрчсөн үйлдэл юм. Гэтэл бодит байдал дээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг зодох, шийтгэх байдал байсаар байгаа нь, шийтгэл хэрэглэх нь зөв гэж үзсээр байгаа нь хүүхдийг зодож шийтгэхийн хор уршиг, сөрөг нөлөөллийг эцэг эхчүүд маань тэр бүр мэдэхгүйгээс шалтгаалж байна гэж үзэж байна.
-Хүүхдийг бие махбодийн шийтгэл хүлээлгэж шийтгэх нь ямар хор уршигтай вэ?
-Хүүхдийг зодож шийтгэх нь тун буруу. Нэгдүгээрт, хүүхдийн тархийг гэмтээж, амжилттай хүн болон төлөвших ирээдүйг нь балладаг. Хүүхдийн биед хүрч, өвтгөх бүрд түүний тархины айдсын төв идэвхжиж стрессийн даавар ялгарч байдаг. Стрессийн даавар нь тархины чухал хэсэг болох духны урд хэсгийн үйл ажиллагааг доголдуулдаг нь тогтоогдсон. Духны урд хэсэгт бидний амжилттай ажиллаж, амьдрахад шаардлагатай анхаарлаа төвлөрүүлэх, өөрийгөө удирдах, шийдвэр гаргах зэрэг ур чадваруудыг хариуцдаг хэсгүүд байрладаг байна. Тэгвэл та хүүхдээ зодож шийтгэх бүрдээ түүний зөвхөн биеийг өвтгөж байгаа бус тархийг нь гэмтээж байдаг.
Хоёрдугаарт, хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг. Хүн бүр хүүхдээ амжилттай хүн болоосой, өөртөө итгэлтэй байгаасай гэж хүсдэг. Гэтэл хүүхэд зодуулж шийтгүүлэх бүрдээ “Би үнэ цэнэгүй, ээж аав надад дургүй” гэсэн бодол, мэдрэмж төрдөг, суудаг байна. Ийм хүн өөртөө итгэх итгэл багатай байхаас гадна бусдад ч итгэх итгэлгүй болдог. Хүнд итгэх итгэл хүүхдийг дөнгөж төрснөөс эхлээд эхний зургаан сард бий болдог гэдгийг судлаачид тогтоосон. Хүн эхлээд ээж аавдаа итгэснээр, дараагаар нь нийт хүн төрөлхтөнд итгэж болох юм байна гэдэг мэдрэмж төрдөг. Өөрөөр хэлбэл ээж аавдаа итгэдэггүй хүн бусад хүнд итгэж чадахгүй. Бусдад итгэдэггүй хүн ойр дотно харилцаа үүсгэхэд бэрхшээл учирдаг. Та хүүхдэдээ гар хүрдэг бол тэр бүрийдээ хүүхдийнхээ танд итгэх итгэл болоод бусдад итгэх итгэлийг үгүй хийж, түүнийг өөрөөсөө холдуулж байна гэж ойлгоорой. Та хожим хичнээн сайхан харилцсан ч тэр танд эргэлзэх болно, мөн танд итгэж нууцаа, асуудлаа ярихгүй хүн болно.
Гуравдугаарт, хүүхдэд асуудлыг хүчирхийллээр шийдэж болдог гэдэг буруу хүмүүжил өгдөг. Тэр хожим уурлаж бухимдсан үед, аливаа асуудал үүссэн үед ярилцаж асуудлыг шийдвэрлэхийг оролдохоос өмнө түрүүлээд түрэмгийлэл үйлддэг нэгэн болж болно. Өөрөөр хэлбэл, асуудал гарахад тархиа ажиллуулахын оронд нударгаараа асуудлыг шийдэх хандлагатай болно.
Калифорни, Жиоржиа, Иовагийн их сургуулийн гэр бүл судлаачид хамтран нэг айлын гурван үеийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилыг 22 жилийн турш судлан, үр дүнгээ 2013 онд танилцуулсан байна. Судалгааны үр дүнд хэрвээ та хүүхдээ зодвол тэр ч мөн хүүхдээ зодох хандлагатай болно гэж дүгнэсэн. Манайхны дунд яригддаг “Би зодуулж өссөн, муу зүйл болоогүй, тиймээс би хүүхдээ зодож шийтгэж хүмүүжүүлнэ” гэж зүтгэдэг зарим нэгэн хүмүүсийн хандлага нь дээрх судалгааны үр дүнтэй ч холбоотой байж болох юм.
-Судалгааны дүнгээс зодож шийтгэх нь буруу гэдгийг дийлэнх эцэг эх мэддэг ч хэрэгжүүлэхдээ сул байна гэж ойлголоо. Зарим хүүхдэд эвээр тайлбарлаж хэлээд ч ойлгохгүй байх тохиолдол байдаг даа?
-Ойлголцох боломжгүй хүүхэд гэж байдаггүй. Хүүхдийнхээ ааш зан, хэрэгцээ, онцлогийг ойлгох нь ээж аавуудын үүрэг юм. Ээж аавууд товчхондоо хэлж, ярьж, учирлаж, ухааруулж харилцахаасаа “залхуурсандаа”, зодож шийтгэх аргыг хэрэглэхээр яараад байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь хүүхдээ сонсож, ойлгож, тайлбарлаж, тохиролцоход их цаг хугацаа, тэвчээр, эрч хүч шаардана. Хүүхдэдээ эдгээрийг өгч чадахгүй байгаа үед л ойлголцоход хүндрэлтэй байдаг. Зодож шийтгэх нь богино хугацаанд үр дүнтэй мэт харагдаж болох ч тэр нь түр зуурын, бүрэн ойлгосон биш, таны хажууд зодуулахаасаа айсандаа л ойлгосон, ухаарсан дүр байдлыг үзүүлдэг байна. Дүүтэйгээ муудалцлаа, зодолдлоо гээд ахыг нь зодвол тухайн хүүхдэд бид юу сургах вэ гэж бодоорой. Хүүхдэдээ чанартай цагийг гаргаж, амьдралын ухааныг зааж сургах, ухааруулах нь таны хүүхдэдээ өгч байгаа том хөрөнгө оруулалт болно. Танд хүүхдээ хүмүүжүүлэхэд 18 жил байна. Хэрэв 18 жилийг та хангалттай ашиглаж, үр дүнтэй аргаар хүүхдээ хүмүүжүүлж, зөв сайн хүн бий болгон хүмүүжүүлсэн бол хүүхэд чинь цаашдаа өөрийн амьдралаа амжилттай удирдаж, чиглүүлж таны санаа сэтгэлийг амар тайван байлгах болно.
Хүүхдээ том болоод ухаантай, хариуцлагатай, зөв, сайн хүн болгохыг хүсвэл та тийм л үйлдэл хийж үлгэрлэн харуулж, хүмүүжүүлээрэй. Хүүхэд чинь өдөр бүр таныг харж өсөн хүмүүжиж байгаа. Таны үг, үйлдэл бүхэн үр хүүхдэд чинь хичээл болж байдаг. Тиймээс хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсэж байна, тийм хүн нь байж хүүхдэдээ үлгэр дуурайллыг үзүүлээрэй.
-Огт гар хүрч, түрэмгий авираар хүүхэдтэйгээ харьцаж болохгүй нь. Гэтэл зарим эцэг эх ажлаасаа стресстэй, ууртай орж ирээд хүүхдүүд рүүгээ хашгирдаг дүр зураг манай нийгэмд түгээмэл?
-Ээж аавууд өөрөө сэтгэл зүйн асуудалтай, стресстэй байгаа үедээ хүүхдээ эерэгээр хүмүүжүүлэхэд бэрхшээлтэй байх нь бий. Гэвч энэ нь та стресстэж, бухимдсан бол хүүхдээ зодож болно гэсэн үг биш. Та стресстсэн бол стрессээ тайлах үйлдэл хийх нь таны үүрэг. Бид өөртөө, өөрийнхөө сэтгэл санаанд цаг гаргаж, сэтгэлээ сэргээж, асуудлаа шийдэж байгаа нь хүүхдэдээ цаг гаргаж байгаатай адил. Харвардын их сургуулийн сэтгэл судлаачдын судалгаагаар хүүхэд ээж, аавынхаа буюу эргэн тойронд байгаа хүмүүсийн сэтгэл хөдлөл, нүүрний хувирлыг дагаж дуурайж байдаг. Ээж нь дандаа л гунигтай царайтай байдаг бол хүүхэд гунигтай нүүрний хувирлыг сурдаг. Ээж нь баярлаж, инээж хөөрч байгаа үед хүүхэд аз жаргалтай болдог. Танд стресс, невроз, мэдрэлийн ядаргаа байгаа бол та цаг гаргаж, эмчилгээ хийлгэж, сэтгэл зүйчээс зөвлөгөө авч, өөртөө амралт өгч болох юм. Ядарч, бухимдсандаа хүүхдээ яг өөрийнхөөрөө байлгах гээд, хэт өндөр шаардлага тавиад, үгэнд нь орохгүй бол уурлаж цохиод авч ч магадгүй, бүр муугаар бодоход хүүхдээ гэмтээж ч мэднэ. Тиймээс та ядарч байгаа бол, бухимдаж байгаа бол түүнийгээ ойлгож, өөртөө анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Ганцхан та ядарч байгаа биш, бага насны хүүхэдтэй эцэг эх бүр ийм асуудалтай тулгардаг бөгөөд түүнийгээ харин зохистой байдлаар шийдвэрлээд явдаг. Хүүхэд уйлах, чанга инээж хөхрөх, тоглож гүйх, үгэнд орохгүй байх энэ бүгд хэвийн л зүйл. Харин ч эсрэгээрээ таны хүүхэд уйлахгүй, инээхгүй, гүйхгүй, үймүүлэхгүй байвал асуудал байна гэж ойлгож, мэргэжилтнүүдэд үзүүлэх шаардлагатай юм. Та хүүхдээсээ насанд хүрсэн хүн шиг биеэ авч явахыг бүү шаардаарай. Хүүхэд бол хүүхэд. Бие физиологийн хувьд ч хүүхдийн тархи нь насанд хүрэгчийнхээс өөр. Хүүхдийнхээ сониуч байх, зөрүүдлэх, уйлах нь түүний ажил, үндсэн шинж чанар гээд хүлээгээд авчихвал арай хөнгөн санагдах болов уу. Хүүхдийн эрхийн тухай конвенцид хүүхэд эцэг эхээсээ ялгаатай үзэл бодолтой байх эрхтэй, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж заасан байдаг. Хүүхэд хэлд орсон цагаасаа л үзэл бодлоо илэрхийлж эхэлдэг. Тэр заавал таны өмс гэсэн цамцыг өмсөж, тогло гэсэн тоглоомоор тоглох албагүй. Хүүхдээ өөрөөрөө байхыг хүлээн зөвшөөрөөрэй.
-Аавууд хөвгүүддээ хатуу хандах гээд байдаг юм шиг ажиглагддаг. Хөвгүүдийг хатуу гараар хүмүүжүүлэх нь зөв ч гэж ярьдаг. Энэ ойлголт зөв үү?
-Хүүхэд бол хүүхэд. Хөвгүүдийг онцлон, хатуу хандах нь тэднийг илүү түрэмгий бас илүү стресстэй болгоно. Прокурорын Ерөнхий Газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвөөс хийсэн судалгаагаар манай улсад амиа хорлолтын 10 тохиолдол тутмын найм нь эрчүүд байна. Энэ нь эрчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайханд бид анхаарах хэрэгтэйн том дохио юм. Эрчүүдийн сэтгэл зүй асуудалтай байгаа нь эцэг эх нь тэдэнтэй илүү ширүүн харилцдаг, хайр халамж бага авсантай холбоотой байж болно. Түүнчлэн өмнө дурдсан судалгаагаар өөрөө зодуулсан хүн бусдыг зодох гээд байдаг. Хөвгүүдээ зодож шийтгэж хүмүүжүүлэх нь гэр бүлийн хүчирхийлэл өндөр байгаагийн гол шалтгаан ч байж болно.
-Хүүхдийг зодож шийтгэснээр сэтгэцийн эмгэгт хүргэж болох уу?
-Болно. Зодож шийтгэх нь сэтгэл түгшүүрийн бүх төрлийн эмгэг, хар дарах эмгэг, мансууруулах бодист донтох, сэтгэл гутрал, бүр шизофренитэй ч холбогддог. Учир нь дээр дурдсанаар хүүхэд айх үед стрессийн даавар ялгарч тэр нь тархины эсүүдийн холбоосыг гэмтээж, тархийг ширгээдэг. Бүр өсөлтийн дааврыг хүртэл дарангуйлж хүүхэд хүрэх ёстой байсан өндөртөө хүрч чадахгүй байх тохиолдлууд ч байна. Тархины хамгийн их гэмтдэг хэсэг нь духны урд хэсэг, ой тогтоолтыг хариуцдаг гипогампус байна. Тийм учраас айдастай, стресстэй хүмүүс мартамхай болдог. Эсрэгээрээ тархины айдсын төв улам идэвхжиж, томордог байна. Тархинд явагдах эдгээр өөрчлөлтөөс шалтгаалж дээрх сэтгэцийн асуудлууд үүсч байна гэж хэлж болно. Ер нь хүүхдийн сэтгэл зүй гэдэг тэр чигтээ эцэг эхийн сэтгэл зүйгээс хамааралтай.
-Тэгвэл хүмүүжлийн ямар эерэг аргууд байдаг вэ. Яаж хүүхдээ хүмүүжүүлэх талаар эцэг эхчүүдэд зөвлөхгүй юү?
-Хүүхдийг ивээх сангаас эцэг эхчүүдэд зориулан хүмүүжлийн эерэг арга хөтөлбөрийг гаргаж, олон эцэг эхэд зааж сургасан. Энэхүү хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх хөтөлбөр нь олон улсад хэрэглэгдэж, дэлхийн 40 гаруй улсын эцэг эхийн боловсролд зориулан боловсруулсан хөтөлбөр юм. Хүүхдээ зөв сайн болгон хүмүүжүүлэх нь дэлхийн хаана, ямар улсад оршин суугаагаас үл хамааран ээж, аав бүрийн хүсэл билээ. Хүүхдээ зөв сайн хүн болгон хүмүүжүүлэхдээ та хүүхдээ ямар хүн болж төлөвшүүлэхийг хүсэж байна вэ энэхүү асуултаас бүх зүйл эхлэх юм. Хоёрдугаарт, та холын зорилгодоо нийцсэн үйлдлүүдийг өдөр тутамдаа хийх шаардлагатай. Нийцсэн үйлдлүүд гэдэг нь хүүхэдтэйгээ элэгсэг дотно хандахыг хэлж байгаа бөгөөд ингэхдээ тухайн хүүхдийнхээ насанд тохируулж харилцахыг хэлж байгаа юм. Хүүхдээ хайрлаж, элэгсэг дотноор хандахад түүний уураг тархины хөгжилд эергээр нөлөөлдөг. Түүнчлэн хүүхэд тантай ижил эрхтэй, үнэ цэнэтэй хүн гэдэг талаас түүнтэй харилцах хэрэгтэй. Хүчирхийллийг зогсоох гол үндэс нь хүн бүр ижил тэгш гэсэн итгэл үнэмшлийг бий болгоход оршдог. Алдарт сэтгэл судлаач Жан Пиажегийн хэлснээр “Хүүхэд биднээс огт дутуу, муу биш. Тэд зүгээр л биднээс өөр” гэсэн байдаг. Энэхүү итгэл үнэмшилд эцэг эхчүүд суралцах шаардлагатай байна. Гуравдугаарт, хүүхдэд аливаа зүйлийн учир шалтгааныг тайлбарлан таниулахыг хэвшил болгосон бол та хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж байна гэсэн үг. Хүүхэд их сониуч учир аяндаа танаас асууна, эсвэл таныг тайлбарлахад анхааралтай сонсоно. Тайлбарлаж ойлгуулалгүй байх, эсвэл яагаад хийснийг нь асуулгүйгээр болохгүй гэх, танин мэдэх гэсний төлөө шийтгэх нь хүмүүжүүлж буй хэрэг биш. Дөрөвдүгээрт, хүүхдээ хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох хэрэгтэй. Бид ямар нэг мэргэжил эзэмшихийн тулд хамгийн багадаа дөрвөн жил суралцдаг бол эцэг эх байх талаар нэг ч сургалтад суудаггүй. Ихэнх ээж аав зөн совингоороо эсвэл өөрийг нь яаж хүмүүжүүлж байсан тэр загвараар хүүхдээ хүмүүжүүлэх хандлагатай байна. Гэтэл хүүхдийн хөгжил, сэтгэл зүй гэдэг бол маш нарийн ойлголт бөгөөд том шинжлэх ухаан юм. “Та хүүхэд хүмүүжлийн талаар ямар ном, гарын авлага уншсан бэ”, “Та хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар хэр сайн мэдэх вэ”. Хэрвээ энэ асуултад хариулахад төвөгтэй байгаа бол та сурган хүмүүжүүлэх ухаан, хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаарх ном, гарын авлагыг уншиж судлахыг хүсэж байна. Хамгийн сүүлд буюу тавдугаарт хүүхдийнхээ асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхэд анхаардаг бол та хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж байна гэсэн үг.
Эцэг эх бүрийн холын зорилго нь адилхан байх албагүй ч хүүхэд бүр асуудал шийдвэрлэх ур чадвартай болж төлөвших нь түүнд байх ёстой гол ур чадвар бөгөөд амьдралын баталгаа юм. Та хүүхдээ ямар ч асуудалгүй аз жаргалтай байгаасай гэж хүсэхээс илүү, ямар ч асуудал тулгарсан түүнээс айдаггүй, шийдэж чадна гэдэгтээ итгэдэг хүн байгаасай гэж хүсээрэй. Үүнд таны үүрэг, оролцоо тун чухал. Та өөрөө асуудалд яаж ханддаг вэ. Уурлаж бухимддаг уу, эсвэл тайвнаар шийдэхийг оролддог уу. Та хүүхдэдээ тулгарсан жижигхэн асуудлыг урдуур нь ороод шийдчихдэг үү. Эсвэл хамтдаа ярилцаж, яаж шийдэж болохыг тайлбарладаг уу. Та түүнд алдаа гаргаж түүнээсээ суралцах, алдаагаа засах боломж олгодог уу гэдэг тухай юм. Мөн хүүхдийн наснаас хамаарч ээж аавуудад ялгаатай асуудлууд тохиолдоно. Хүүхдээ зодож, шийтгэлгүйгээр насны онцлог, зан араншингийн онцлогийг ойлгож, элэгсэг хандаж, аливааг тайлбарлаж таниулж харилцдаг бол та хүмүүжлийн эерэг арга хэрэглэж байна гэсэн үг.
-Хүүхэд хүмүүжүүлэхэд хайр нь гаднаа ч, дотроо ч байх ёстой юм байна. “Хайраар үлгэрлэе” аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Энэ аяныг Хүүхдийг ивээх сангаас санаачлан, 2020 оны долдугаар сарын 10-наас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх, зодож шийтгэхийн хор уршгийг эцэг эхчүүдэд ойлгуулах зорилготойгоор зохион байгуулж байна. Манай сэтгэл судлалын үндэсний Төвийн сэтгэл судлаачид энэхүү аянд нэгдэж, эцэг эхчүүдийнхээ сэтгэл зүйн боловсролд зориулан мэдээлэл хүргэж байгаадаа тун их баяртай байгаа. Бид өдөр тутамдаа зөвлөгөө, сургалт, оношилгооны шугамаар үйлчлүүлэгчидтэй харилцахад, тэдний бага насны туршлага ямар чухал юм бэ, хүүхдээ зодож шийтгэх ямар сөрөг үр дагавартай байдаг вэ, хүүхдээ айлгаж, түгшээхгүй эерэг аргаар хүмүүжүүлэх нь ямар чухал болох талаар ойлгож мэдэрдэг. Зөвхөн нэг удаа уншаад ойлгох биш, өнөөдөр л хүүхэдтэйгээ сайхан харилцаж, хайрлаж өрөвдөх бус, харин өдөр бүр хүүхдээ хүмүүжүүлэхдээ эерэг аргуудыг хэрэглэдэг, хэвшил болгоосой гэж хүсэж байна. Үүний тулд эцэг эхчүүд маань цаг заваа зарцуулж үргэлжлүүлж уншиж судлаасай, судалсан зүйлсээ амьдралдаа бага багаар хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.