Categories
мэдээ цаг-үе

Д.Ганболд: Төв аймгийн Батсүмбэр сум Эрчимжсэн хөдөө аж ахуй, Эко аялал жуулчлалын салбараа түлхүү хөгжүүлнэ

Төв аймгийн Батсүмбэр сум нь Улаанбаатар хотоос 75 км. Газар нутгийн 60 гаруй хувь нь ойн сан эзэлдэг. Нийт 7200 хүн амтай. Үүн дээр албан бус түр оршин сууч иргэдээ нэмбэл 12000 орчим иргэн байнга оршин сууж байна.


Тус аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сайн байна уу. Наадмын дараа намар гэдэг. Өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байгаа энэ цагт тантай цаг үеийн асуудлаар ярилцахаар сониныхоо энэ дугаарт урьж байна аа?

-Баярлалаа.

-Төв аймгийн Батсүмбэр сум Улаанбаатар хоттой хамгийн ойр сум. Хөгжлийн бодлогоо зөв тодорхойлбол улсын хэмжээнд жишиг сум болохуйц байршилтай орон нутаг гэж хардаг. Энэ тухайд?

-Төв аймгийн Батсүмбэр сум нийслэл хоттой хаяа дэрлэн оршдог. Хөдөө аж ахуй, тэр дундаа эрчимсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын чиглэлээр хөгжиж байна. Нутгийн ард иргэд маань ч газар тариалан, тэр дундаа хүлэмжийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх нь нэмэгдэж байгаа. Тиймээс сум орон нутгийн хөгжлийн бодлогоо уул уурхай буюу газрын доорх баялгаа ашиглах бус ургуулдаг, өсгөдөг баялаг болох хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбараа хөгжлийн тэргүүлэх салбар болгон тодорхойлж байна. Батсүмбэр сумын тухайд Төмөр зам, авто замын дэд бүтэц бүрэн хөгжсөн, стратегийн ач холбогдлоороо улсдаа дээгүүрт орох байршилтай бүс нутаг яах аргагүй мөн.

-Газар тариалангийн бүс нутгийн тухайд энэ жил хэр хэмжээний тариалалт хийв. Сум орон нутгийн ард игэд хөдөө аж ахуйн салбараа дагаад амьжиргаагаа дээшлүүлэх ямар болж байна?

-Засгийн газрын тогтоолоор Атарын дөрөвдүгээр аяныг өрнүүлэхээр болсон нь Батсүмбэр сумын газар тариалангийн салбарт маш том сэргэлт болж байна. Засгийн газрын тогтоолын дагуу сумын Засаг даргын Тамгын газар, иргэдийн хурлаараа шийдвэр гаргаж сумын хэмжээнд хувь хүн, аж ахуй нэгжийн нэр дээр томоохон хэмжээгээр олгогдсон байсан ашиглагдахгүй атаршсан газрууддаа тооллого хийж сумын газар тариалан болон пермерийн аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэддээ хуулийн дагуу хуваарилсан. Ингэснээр энэ жил газар тариалан эрхлэлт өмнөх жилээс хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь нутгийн иргэдийн өрхийн орлого нэмэгдэх цаашлаад тарилангийн газраа бүрэн ашиглах нөхцөл бүрдсэн. Намайг Засаг даргын үүрэгт ажлыг авхаас өмнө Батсүмбэр суманд хөдөө аж ахуйн яам, тарилан эрхлэлтийг дэмжих сан, жижиг дунд үйдвэрлэлийг дэмжих сангаас зээл авахын тулд нэг иргэн аж ахуйн нэгжид ихээхэн хэмжээний газар олгогдож тухайн газар нь олон жилээр ашиглагдахгүй атаршиж, цаашлаад авсан зээл нь зориулалтын бусаар ашиглагдаж газар эргэлтэд орохгүй атаршсан байсан. Үүнийг Атарын дөрөвдүгээр аяныг өрнүүлэх ажлын хүрээнд энэ жилээс зогсоож нэг аж ахуйн нэгжид олгогдсон ашиглалтгүй талбайг төмс хүнсний ногоо, тариалан эрхлэх иргэддээ хуваарилсан. Сумын нийт багийн газар нутгийн хэмжээнд жишээ нь Нарстайд 320 га , Жаргалантад 127 га, Сөгнөгөрт 62 га, Цогт-Өндөр багт 89 га тариалнгийн талбайг нутгийн иргэддээ хуваан хуваарилж тариалалтыг дэмжиж байна.


-Эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэх чиглэлийн бодолго барьж байна гэж та дээр ярилаа. Энэ чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?

-Хуучин соцлизмын үед Төв аймгийн Батсүмбэр сум Улаанбаатар хотыг төмс хүнсний ногоо, сүү цагаан идээгээр бүрэн хангадаг байлаа. Энэ жилээс импортын ногоог хориглож дотоодын төмс хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь эх орны хөрсөнд ургасан төмс хүнсний ногоогоор хангах болсон нь бид сумынхаа үржил шимтэй хөрсөнд ургасан хүнсний ногоогоороо Улаанбаатарчуудаа хангах боломж бүрдэж байна. Тиймээс Батсүмбэр сумын тухайд жилийн дөрвөн улирлын (өвлийн) хүлэмжийн аж ахуйгаа дэмжих бодлогыг түлхүү барьж байна. Хүлэмжийн аж ахуйд зөвхөн өргөст хэмх, улаан лооль тариалахаас гадна импортоор орж ирдэг байсан бүх төрлийн нарийн ногоог тариалж байна.

Сум орон нутгийн зүгээс Өвлийн хүлэмж эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс аж ахуйн нэгжүүддээ газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгсөн. Түүнчлэн хүлэмжмийн аж ахуй, хүнсний ногоо тарилах хүсэлтэй иргэддээ сум хөгжүүлэх сангийн зээл авахад давуу эрх олгон зээлд хамруулсан. Ингэснээр иргэдийн урам сэргэж газар тариалан эрхлэлт нэмэгдэж ургуулсан ногоогоо ченжийн гар дамжуулалгүйгээр хадгалж борлуулах зоорь саваа бэлтгэх , шинээр барих ажил ч илт нэмэгдэж байна. Үүнээс хараад хийсэн ажлын үр дүн гарч байгаад таатай байна.

Батсүмбэр сум жимс жимсгэний аж ахуй эрхлэлтээрээ аймагтаа дээгүүрт ордог. Чацаргана, гурван төлрийн сортын алим гүзээлзгэнэ зэрэг жимс жимсгэнийг тарьж байна. Жил ирэх тусам нэр төрлийг нь нэмж тариалж байна.

-Сумын хөдөө аж ахуйн салбар сэргэж байгаа нь таны ярианаас илт байна. Нутгийн иргэдийн дийлэнх нь сүү цагаан идээгээ тулгуурлаж амьдралаа залгуулдаг бололтой?

-Анх 1957 онд Төв аймгийн Батсүмбэр суманд Алатоу үүлдрийн сүү махны чиглэлийн үхрийг нутагшуулж эхэлсэн. Манай сумын мал бүхий иргэдийн амьжиргааны их үүсвэр нь яалтачгүй сүү, махны чиглэлийн үхрийн аж ахуй. Нийт сумын хэмжээнд 24000 орчим үхэр сүрэгтэй. Жилдээ 19,5 сая литр сүүг 115 пермерийн аж ахуй, мал бүхий иргэд Улаанбаатар хотын хэрэгцээнд нийлүүлж байна. Цаашдаа энэхүү үүлдрийн чанар байдлыг алдагдуулахгүй сайжруулан хадгалахын тулд мэргэжлийн баг ажиллаж үхэр сүргийн бүтцийг ангиллаар тодорхойлж шинээр “Буган халиун” үүлдрийн хэсгийг баталгаажуулж чадсан. Сүү, махны чиглэлийн хосолмол ашиг шимт “Буган хариун” үүлдрийн хэсгийг Монгол Улсад шинээр зохион бүтээсэн нь манай сумын брэнд буюу Монгол Улсын Мал аж ахуйн салбарт оруулж буй томоохон дэвшил болж байна.

Энэхүү ажил хийгдсэнээр эрчимжсэн мал аж ахуйн үхрийн бүтэц сайжирч, сумын мал бүхий иргэд тооноос чанарт илүү анхаарч “Буган хариун” үүлдрийн үхэр сүргийг өсгөн үржүүлж байна. Энэ цаашлаад Улаанбаатар хотын иргэдийн сүү цагаан идээний нийлүүлэлтийн чанарт сайнаар нөлөөлж байна.

-Танай сумыг зорих, дайран өнгөрөх жуулчдын үлдээх хог тулгамдсан асуудлын нэг болоод байгаа бололтой…?

-Их хоттой хаяа дэрлэн оршиж байгаа манай сумын тухайд хөгжилд ойр сайн тал байх ч бас тулгамдсан асуудлууд цөөнгүй. Аялал жуулчлалын таатай бүс нутаг гэж сүүлийн гурван жилд дотоодын аялагчид тодорхойлон манай сумыг зорьж байгаагаас Тэрэлж рүү явдаг аялал жуулчлалын урсгал Батсүмбэр сумыг чиглэж байна. Зуны амралтын оргил ачааллын үеэр өдөртөө 2000 гаруй машин манай сумыг зорин ирж байна. Тухайн машинд хэчнээн хүн ирж байгаа билээ. Тэр олон хүний тарьж байгаа хог хаягдлыг сумын хэмжээнд ганцхан хогны тэрэг, нэг ачигч ажиллаад бүрэн цэвэрлэж чадахгүй байна. Хот орчимд аялал жуулчлалын бүс болон хөгжүүлэх гэж байгаа сум орон нутгуудад ТҮК байгуулах, орон тоо бүтэц зохион байгуулалтыг аймаг, улсаас бодлогоор зохицуулах шаардлагатай байна. Эко аялал жуулчлалын хөгжил хоггүй цэвэр аялахаас л эхэлнэ шүү дээ.

НИЙСЛЭЛ ХОТООС ОРШУУЛГЫН ЗАН ҮЙЛИЙГ ХУУЛЬ БУСААР ХИЙХ ЯВДАЛ СҮҮЛИЙН ХОЁР ГУРВАН ЖИЛД ХЭРЭЭС ХЭТРЭЭД БАЙНА

Дараагийн тулгамдсан асуудал бол нийслэл хотоос оршуулгын зан үйлийг хууль бусаар /хулгайгаар/ авч ирж хийх явдал сүүлийн хоёр гурван жилд хэрээс хэтрээд байна. Зөвхөн 2019- 2020 онд нэр бүхий долоон компани 360 бурхан болоочыг хөдөөлүүлсний 60 нь л манай сумын иргэд. Үлдсэн нь хууль бус хулгайгаар хөдөөлүүлсэн зөрчил илэрсэн. Энэ асуудлыг багийн иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцүүлж оршуулгын газраа эзэнтэй болгохгүй бол болохоо байх нь ээ гэсэн иргэдийн саналд үндэслэн сумын хурлаараа хэлэлцүүлэн журам боловсруулж аймгтаа уламжилсан. Энэ нь оршуулгын газрыг журамлах санал санаалчилга гаргасан анхны сум болсон. Сумын хэмжээний оршуулгын зан үйл хийх газраа Тамгын газрын нэр дээр албан ёсоор шийдвэр гарган баталгаажууллаа. Энэ ажлыг сумын иргэнээс ирсэн хүсэлтийн дагуу гэрээгээр гүйцэтгүүлж харуул хамгаалалт, хашаажуулалт тохижилтын ажлыг хийгээд байна. Ингэсний үр дүнд дээрх зөрчил зогссон. Цаашид энэ ажлыг тухайн иргэн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хэрэгжүүлж явахаас гадна буяны зан үйлтэй холбоотой бүхий л үйлдвэрлэл үйлчилгээг бий болгож нутгийн иргэддээ үйлчилж өөрөө өөрийгөө санхүүжүүлж ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Тухайлбал, бухан болоочоо хөдөөлүүлэх нутгийн иргэд маань заавал нийслэл хот руу явж зардал чирэгдэл гаргахгүйгээр сумандаа бүхий л төрлийн буяны цогц үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм. Бурхан болоочын хайрцаг, хөшөө суварга цаашлаад зэд, хурал номоо хурж буян хураах бүхий л зан үйлээ нэг дороос авах боломжтой болголоо.


-Сум орон нутгийн хөгжилд аймаг улсын хөрөнгө оруулалт чухал. Энэ хүрээнд хийгдэж байгаа ямар бүтээн байгуулалт байна?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай суманд сүүлийн 25 жилд хийгдээгүй их хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Нийт найман чиглэлд 14,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татсан. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 920 хүүхдийн хичээлийн байр, 280 хүүхдийн хүчин чадалтай эрэгтэй эмэгтэй дотуур байр, Үдлэг багийн төв, Гал унтраах зориулалтын автомашин гэх мэт. Яамны хөрөнгө оруулалтаар ЕБС, СӨБ-ын шаардалгатай сурталтын тоног төхөөрөмж, Спорт заалны засвар, эрчим хүчний өргөтгөл шинэчлэлүүд, Түргэн тусламжийн автомашин. Аймгийн хөрөнгө оруулалтын хүрээнд гал унтраах ангийн автомашин, ундны ус цэвэршүүлэх төхөөрөмжүүд, цахим худаг.

Сумын төсвийн хөрөнгө оруулалтаар Батсүмбэр суманд байрлах Гал унтраах ангийн байр, ЕБС-ын АБ байрыг холбосон ариун цэврийн байгууламж, Цогт-Өндөр багийн соёлын төв, ЭМТ-ийн дээврийн бүрэн их засварууд, ЗДТГ-ын албан хэрэгцээний автомашин.

Гадаадын хөрөнгө оруулалтын хүрээнд Тайванийн хүүхдийн ивээх сангийн санхүүжилтээр дотуур байрны хүүхдийн цэвэр усны байгууламж, Солонгосын Фукеонг их сургуулийн хөрөнгө оруулалтаар урлаг, спорт заалны их засвар, Швейцарь улсын санхүүжилээр Баянгол багийн сургууль цэцэрлэгийн цогцолборын цэвэр бохирын холболт, Туркийн ТЕКА байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Будаан толгойн суурингийн иргэдийг цэвэршүүлсэн усан хангамжтай болгосон.

Орон нутгийн хөгжлийн сангаар /ОНХС/ ЕБС-ын ариун цэврийн байгууламж, наадмын талбайн эрчим хүч, хог тээвэрлэх автомашин, Сөгнөгөр багийн цэцэрлэгийн өргөтгөл, Цогт-Өндөр багийн соёлын төв, Үдлэг багийн нийтийн халуун усны газар хийгдэээд байгаа бөгөөд Мандал-1 дүгээр багт 1 км явган хүний замын ажлын зураг төсөл хийгдэж тендер зарлагдан ажил эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Мөн сумын хэмжээнд газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдтэйгээ хийсэн нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд 100 гаруй сая бүтээн байгуулалт, тохижилтыг хийж гүйцэтгээд байна. Нутгийн уугуул иргэдийн санал санаачилга, сургууль төгсөгчдийн хандив тусламжаар 50 гаруй сая төгрөгөөр нийгмийн байгууллагууд болон нийтийн эзэмшлийн талбайн тохижилтыг хийлгүүлээд байна.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Батсүмбэр сумын Засаг дарга ямар ажил хийж, хэрэгжүүлсэн, хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлсныг бидний ярилцлагаас уншигчид маань дэлгэрэнгүй авч чадсан байх гэж найдаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа сумынхаа ард иргэдээр дүнгээ тавиулах энэ сайхан торгон мөчид манай улсын өдөр тумтын томоохон хэвлэл зочин хоймортоо урьж ярилцлага авсан танд болон танай хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн Батсүмбэр сумаараа овоглож гадаад улс оронуудад ажиллаж амьдарч байгаа мөн Монгол Улсын өнцөг булан бүрт амьдарч байгаа нутгийн зон олондоо Нутгийн шүтээн Мандал Хайрхан та бүхнийг минь өнө мөнхөд ивээж явах өлзийтэй ерөөлийг дэвшүүлье ээ.

Т.БАТЛХАГВА

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.