Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Хадбаатар аваргын хүү П.Даваажав: Аавынхаа амьдралаас сэдэвлэсэн “Аварга” нэртэй кино хийнэ

-ААВ ХЭРЭГТЭН БАЙСАН НЬ ҮНЭН БОЛ ӨНӨӨДӨР НЭР АЛДАР НЬ ИНГЭЖ ДУУРСАГДАХГҮЙ БАЙХ-

Хүмүүний амьдрал богинохон боловч ирээд буцахдаа тод, сод мөрөө үлдээж, ард түмэн биднийхээ сэтгэл зүрхэнд сүүдэргүй хэрнээ хөнгөн гунигтай үлдсэн Монгол Улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар. Ойгүй их энэ хүчтэний үр удам хаахнатай явж, эцгийн удмыг хэрхэн залгуулдаг бол гэх асуулт бидний дунд үргэлжид байнам. Д.Хадбаатар аваргын хүү П.Даваажавтай бид уулзаж хөөрөлдсөн юм. Энгүй хүчтэний хүү яагаад бөхөөр яваагүйг асуухад тэрээр “Хөдөлмөрлөж байж тэр том цолонд хүрнэ. Чадахгүй бол хэмжээгээ мэдээд больчихсон нь дээр л дээ. Би юу хийх ёстой вэ, эргээд залгамж халаагаа бэлдэх ёстой гэж бодсон. Тэр үүднээс сангаа байгуулаад явж байна. Модоор зүйрлэвэл том тэгш сайхан мод тарихын тулд сайн арчлах хэрэгтэй байдгийн адилаар үндэсний бөхийн ирээдүй бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулаад явж байна” хэмээх даруухан хариултыг өгсөн юм.

Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчит аварга Д.Хадбаатар агсны хүү, “Д.Хадбаатар сан”-гийн тэргүүн П.Даваажавтай ярилцсанаа хүргэе.


-Аавынхаа тухай дурсамжаас хуваалцахгүй юу. Энэ сайхан хүний үр удам гэдгээрээ бахархаж явдаг байх. Олноос онцгой, бүхнээс тэмдэгтэй гэж ярьдаг шүү дээ?

-Монгол Улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар гэх эгэлгүй сайхан хүний үр болж төрсөндөө баярлаж явдаг. Х.Ууганбаяр, Х.Нямжав, Х.Уранзаяа, Х.Мягмарсүрэн гээд энэ сайхан хүний үр хүүхэд нь сайн сайхан явж байна. Бидний удам тасраагүй ээ. Би Д.Хадбаатарын хүү боловч аав минь намайг гэдсэнд байхад хоригдоод явчихсан учраас Пүрэвдорж ааваараа овоглодог. Ард түмэн маань Хадбаатарын хүү гээд явдаг даа. Манай аав 1951 оны долдугаар сарын дөрвөнд мэндэлсэн. 176 килограмм жинтэй, их биерхүү хүн байлаа. Аваргууд дундаа л өндөр нь байдаг байлаа шүү дээ. Тухайн үед аав шиг том биетэй хүн их ховор. Олноос онцгойрч харагддаг. Хадбаатар аваргын хүү шүү дээ гэхээр хүмүүс яагаад ийм намхан юм бэ гэнэ. Мөнхбат аварга хошигноод “дундуур нь бадарч орчихсон юм аа” гээд л инээлддэг. Тэр хугацаандаа маш олон хүнтэй танилцаж явсан онцгой хүн л байсан даа. Хүүхэд шиг гэнэн цайлган ааштай гээд хүмүүс ер андахгүй. 1993 оны долдугаар сарын 16-нд 43 насандаа хорвоогоос хальсан.

-Харин ээжийн тань тухайд?

-Манай ээжийг Банзрагчийн Бадамханд гэдэг. Дөрвөн сайхан хүүхдийн эх, буянтай сайхан эмэгтэй байсан. Ээж минь Монгол Улсын спортын мастер, инженер хүн. Барилгын төслийн студид инженер хийдэг байсан. Социализмын үед албан байгууллагуудын бүх ажилчид спортоор хичээллэдэг байсан шүү дээ. Манай ээж тэр үед сагс, волейбол тоглож амжилт гаргадаг 1.88 метр өндөртэй эмэгтэй байлаа. 2014 онд бурхан болсон доо.

-Аавтайгаа хамт байсан дурсамж үгүй ч үргэлж энэ хүнтэй холбогдон яригдаж, заримдаа харьцуулагдаж байх амаргүй байдаг уу?

-Нэр хүндтэй, олны нүдэн дээр явсан хүний үр удам болохоор амаргүй л дээ. Алдартай уртын дуучны хүүхдийг ч бас сайхан дуулах байх гэж горилон хардагтай адил бөх хүний хүүхэд болохоор сайн барилдана байх гэж хүлээдэг. Тийм ч хөнгөн ачаа биш хэдий ч хүндэтгэлтэй сайхан санагддаг юм. Хаана ч очсон хүн танина. Тэр агуу хүний бяр тэнхээ надад заяагаагүй. Харин агуу их сэтгэл нь үлдсэн юм уу даа. Сая хүний дунд ганц л удаа төрөх их бяр миний аавынх. хоёрзуугийн поошиктой саляркийг хоёр гарынхаа эрхий, долоовор хуруугаар чимхээд машинаас буулгадаг байсан гээд бод л доо. Гэхдээ би циркт байхдаа, манежиндаа, бэлтгэлийнхээ үеэр өдөр бүр 450 кг хүнд ачааг нуруун дээрээ цохилттойгоор авч байсан.

-Таны аав ойгүй хүчтэй, төрмөл бөх байсан. Та аавтайгаа наадмын бэлтгэлд явж байв уу. Тухайн үеийн бөхчүүдийн ярьдаг дурсамж, түүхээс хуучлаач?

-Бид Сонгины амралтанд Мөнхбат аваргын галд явдаг байсан. Тэд “Манай Д.Хадбаатар 40-ийн бидонтой усыг 40 минут барьж зогсдог, маш сайхан бүжиглэдэг, мөн шатар сайн тоглодог байсан” гээд гол ярианы сэдэв аав минь болно. Үзэгчидтэйгээ харьцаж барилддаг. Ямар ч мэхийг хаана ч хийчихдэг хүн байсан. Танай ээж ирсэн барилдааныг чинь үзэж байгаа шүү гэчихвэл тэр өдрийн наадам түүнийх болдог. Хүүхэд байхдаа онгироо байж гээд л аавын минь талаар сайхан дурамжуудыг ярьдаг даа.

-Д.Хадбаатар аваргыг хүүхэд шиг гэнэн цайлган хүний хайлан байсан гэж ярьдаг шүү дээ. Энэ сайхан зан чанарыг нь дурсахгүй юу?

-За тэрийг тэгэх үү гэхээр тэгье гэдэг л хүн байсан даа. 1977 онд намайг төрж байх үед сүүнд явсан юм билээ. Тэгээд хоёр сарын дараа гэртээ ирсэн гэсэн. Яагаад тийм удаан явсан юм бэ гэсэн сүү зардаг хүн “та манай нутагт очооч” гээд дагуулаад явчихсан гэж байгаа. Үүнийг л гэнэн зан гэнэ дээ.

-Одоо аваргыг түүх, домог болгон хүндэлж ярьдаг. Харин соц нийгмийн үед аваргын талаар хүмүүс ямар хандлагатай байсан бэ?

-Тухайн нийгэмд хүмүүс нэг нэгнээсээ өрсөх гэж хоорондоо тэмцэлддэг байж. Энэ нь өөрөө чимээгүй дайн байхгүй юу. Ийм л зүйл болсон. Аав ялтан байсан нь үнэн бол өнөөдөр нэр алдар нь ингэж дуурсагдахгүй байсан байх. Нийгэмд хэт цуурах бас дэмий юм болов уу.

-Тухайн үед танд эмзэглэдэг зүйл байв уу?

-Зорилготой, хариуцлагатай байсан бол өнөөдөр амьд мэнд байж байх байсан. Хэтэрхий гэнэн хайран юм даа л гэж харамсдаг. 43 насандаа хорвоогос явна гэдэг хэцүү. Амьд сэрүүн байсан бол өдгөө 70 хүрч байх байжээ. Хэцүү газар сууж байгаад гарч ирсэн. Хэрвээ тэнд байгаагүй бол арав түрүүлчихсэн дархан гэдэг цолтой байхыг ч үгүйсгэхгүй.

-2008 онд “Д.Хадбаатар сан”-гаа байгуулаад аавынхаа амьдралаас сэдэвлэсэн уран сайхны кино хийнэ гэж байсан. Тэр уран сайхны кино чухам хэдийд үзэгчдийн хүртээл болох юм бэ?

-Би өөрөө кинонд тоглож байсан учраас кино хийх явцыг ажиглаж, гадны болон дотоодын киног хэрхэн хийдэг талаар маш их судалгаа хийсэн. Тухайн үед олон байгууллагууд руу хандаж байлаа. “Шарк танк” нэвтрүүлэгт ороод дэмжлэг авч байсан ч бүтээгүй. Бид зөвхөн Д.Хадбаатар аварга биш, “Гарьд магнай”-гийн хоёрдугаар ангийг бүтээх ёстой юм байна гэдгийг ойлгоод зохиолоо бүрэн өөрчилсөн. Зохиолчоор нь Ойдов гуай ажиллаж байгаа. Хөл хорио дуусаад зураг авалт хийнэ. Бүх зүйл бэлэн болчихсон байгаа. Туваа, Буриад, Өвөр Монголоос жүжигчид оролцон тоглоно.

-Киноны онцлог юу вэ?

-Тун өвөрмөц. Тухайлбал, Цэрэнтогтох аваргын дүрд түүнтэй төстэй Өвөр Монголын Баярбаатар аварга, Мөнхбат аваргын дүрд Борис буддаев, Давааням зааны хувьд түүний үр хүүхдээс тоглох юм. Долгорсүрэн зааны дүрд гэхэд аса аварга Дагвадорж тоглоно. Энэ мэтчилэн тухайн үед шуугиулж байсан аварга, хүчтэнүүдийн дүрийг гаргаж ирсэн олон улсын хэмжээний кино болно. “Шарк танк” биднийг ивээн тэтгэнэ гэсэн учир маш олон компаниудтай гэрээ хийсэн. Хятадад бид орчуулгаа өгөөд тэнцсэн байсан. Мэдээж 21 аймаг 336 сумтайгаа хамтарч ажиллана. Цагаан сарын өдрүүдэд үздэг киног нэгээр нэмж “Аварга” гэсэн нэртэйгээр гаргана даа. Ашиг хонжоо, мөнгө харж биш чанартай сайн бүтээл хийхийн төлөө явна. Компьютер график дээр нь Оросууд хамтарч байгаа. Тухайн үеийн байршил нь Оросынхтой адил учир бидэнтэй хамтарсан. Хоёрдугаар анги нь “Тод магнай”-г хийнэ. Зохиол нь гарчихсан, сэдвээ тодорхойлчихсон байгаа. Түүчнчлэн гуравдугаар анги нь “Цэц магнай” сурын тухай бүтээл хийхээр бэлтгэл ажил ерөнхийдөө дууссан. Хөл хорио тавигдахаар шууд зураг авалтандаа орно доо.

-Д.Хадбаатар аварга монгол бөхийн дэвжээн дээрээ мөнх усыг үзүүлсэн шүү дээ. Кино ч наадмын талбай дээр бөхчүүд барилдаж эхэлнэ гэж дуулсан юм байна?

-Монгол бөхийн дэвжээн дээр нас барсан анхны хүн бол манай аав. Кино минь наадмын талбай дээр барилдаж байгаагаар эхэлдэг. Энэ бүтээл дээр маш олон хүн ажиллаж байгаа учраас би биш бид гэх хэрэгтэй. “Аравт” кино техник технологийн түвшин муу байсан учраас дэлхийд гарч чадаагүй. Энэ алдааг бид дахин давтах учиргүй. Энэхүү уран бүтээлээрээ дэлхийд гайхуулна гэдгээ бахдалтай хэлж чадна.

–“Аварга Хадбаатар сан” 2008 онд байгуулагдаж байсан. Энэ хугацаанд ямар төсөл дээр ажиллаж байсан бэ?

-Байгуулагдсан цагаасаа хойш олон сайхан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Түүнээс онцолбол, Солонгост ажиллаж амьдарч байгаа нийт 50 мянга гаруй монголчууддаа зориулж, “Монгол наадам 2012” гэсэн том наадам зохион байгуулсан. Солонгос улсад Монгол Улсын наадам ямар болдгийг харуулсан. Харин 2013 онд “Монгол туургатны наадам”-ыг Токиод хийсэн.

-Та гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Хүний амьдралын эцсийн зогсоол гэр бүл. Эхнэртэйгээ ханилаад дөрвөн жил болж байна. Гэргийг минь Солонго гэдэг. “Гурван гал” эмнэлэгт эмчээр ажилладаг. Батхишиг, Батбуян гэсэн хоёр сайхан хүүтэй. Хайр халамж бүх зүйлээс бид бүхэн үүсдэг шүү дээ

-Таныг гадуур явж байхад хүмүүс Хадаа аваргын хүүхэд байна гээд танина биз?

-Хадаа аваргын хүү байна гээд хүмүүс мэнд мэддэг. Надаас гадна долоо, найман хүүхэд бий. Сан байгуулаад явж байгаа болохоор намайг хүмүүс илүү таньдаг байх. Аавынхаа нэрийг сэвтээлгүй сайхан авч явахыг хичээдэг. Д.Хадбаатар сан маань өсвөр үеийн үндэсний бөхийг дэмжиж, хойч үедээ үлдээх, өв уламжлалаа хадгалах зорилготой. Аварга Д.Хадбаатар сан 2008 онд байгуулагдсан. 1985 оноос хойш тасарсан өсвөрийн барилдааныг сэргээхээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жил цар тахал гарсантай холбогдуулан үйл ажиллагаа маань зогссон ч мод тарьж байгаа. Тэмцээн уралдаанд явах гээд санхүүгийн асуудал гарсан тохиолдолд сангаараа дамжуулан туслалцаа үзүүлдэг.

-Д.Хадбаатарын аваргын эгч Д.Намжилмаа гуайгаас таны аавыг гэсэн их сэтгэл мэдрэгддэг байсан шүү дээ. Та энэ хүний тухай дурсахгүй юу?

-Зээрэнцэг, бөөрөнцгийн рекордыг эвдэж байсан. 60 настайдаа Дэлхийн аваргад яваад алтан медалтай ирж байсан. “Мон-Алтус” хэмээх мод тарьсан. Түүнээс урган гарсан мөчир бүхэн дэлхийд нэрээ дуурсгаад явж байгааг ард түмэн мэднэ. “Мон-Алтус”-ыг төгссөн бүх тамирчид, оюутан залуус сайн явж байгаа. Мундаг хүн шүү.

-Төв аймагт аваргын музей байдаг гэж дуулсан. Энэ музей улсын мэдэлд очсон гэсэн үү?

-Төв аймгийн Угтаал-цайдам сумын харьяат гэж явдаг. Тухайн үед орон нутгийн зөвлөлөөс ярьж байгаад музейг нь байгуулж байсан. Хуучин сумын Засаг дарга Гантулга гэх залуугийн тусламжтай хөшөө байгуулсан даа. Тус суманд аваргын дурссан бүх зүйл байдаг ч одоо улсын мэдэлд шилжүүлсэн. Төв аймгийн залуучууд, нутгийн зөвлөл, Угтаалцайдам сумын ЗДТГ болон н.Намжилмаа эгч зэрэг олон сайхан хүний дэмжлэгтэйгээр уг музейг байгуулсан юм билээ. Мөн төрсөн нутагт нь хөшөөг нь босгосон байгаа. Музейн байршлыг сумандаа юмуу, эсвэл олон хүрээтэй аймгийн төв дээр ч болгож өөрчлөхөөр яригдаж байгаа. Эгэлгүй сайхан ийм том тэнхээтэй Хадбаатар аварга их том биетэй хүүхэд шиг сайхан сэтгэлтэй хүн байсан. Цэрэгт очоод бакал нь таардаггүй, кеттэй гүйдэг байсан зэрэг олон сайхан дурсамж бий. Энэ талаар бүгд кинон дээр гарч байгаа. Монгол Улсын 21 аймгаар тойроод явж байхад Баян-Өлгий аймгийн нэг суманд Хадаа аваргын хүүхэд гээд ярьж байхад ааваараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан.

-Олны сэтгэлд хоногшсон, хайрыг нь татсан Хадаа аварга таны аав. Гэхдээ аав тань хувийн амьдралын хувьд хэцүү бэрхийг туулсан байдаг?

-Бид хол хөндий өссөн л дөө. Энэ хүний амьдрал бол кино байсаан. Маш олон ангитай сайхан кино байсан. Энэ киног хүмүүс үзэх дуртай байжээ. Киноны гол дүрийн баатрыг хорлох гээд байдаг шуламс, чөтгөр, мангасууд байдаг. Тэд нар тэр хүнийг хорлочихсон юм болов уу гэсэн ойлголт ард түмний сэтгэлд байгаа. Одоо энэ киног би, үр удам нь үргэлжлүүлээд хийгээд явж байна. Энэ кинонд өрсөлдөгчид байхгүй. Маш гэгээлэг сайхан явцгаахын тулд үр удам нь киногоо үргэлжлүүлнэ. Миний кино дуусахад миний үр сад цаашаа үргэлжлүүлээд өөрсдийнхөөрөө авч явна шүү дээ. Тийм болохоор энэ кинондоо яаж тоглох вэ, энэ амьдралаа яаж авч явах вэ гэдэг биднээс хамаарна. Тэр хүний кино дуусчихсан. Миний кино эхэлчихсэн учраас одоо тэр хүний тухай “Тэр үед нь тэгдэг байж, ингэдэг байж” гэсэн ойлголт байхгүй. Сайхан мөнхжүүлээд үлдээх ёстой учраас сан байгуулаад явж байна.

С.ЛХАМСҮРЭН

Д.ОТГОНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *