Categories
мэдээ цаг-үе

Булганы төвийн нэгдүгээр арван жилийг ерэн онд төгссөн амьдай нарын ангийнхан

“Нэг ангийнхан” буландаа энэ удаа Булган аймгийн төвийн Нэгдүгээр арван жилийн сургуулийг 1990 оны цагаан морин жилийн хавар төгссөн ангийнхныг хүндэтгэн онцолж байна. Тэртээ наян оны намар 36 сурагч 1А бүлэгт хуваарилагдан нэг ангийнхан болж энэхэн амьдралын нэгэн сайхан түүхээ бүтээсэн тэд өнөө жил сургуульд анх орсны 40, сургуулиа мөнгөн хонхны дуутай төгссөний 30 жилийн ойтойгоо учран золгож байна. Алтан номын А үсэг анх зааж эрдмийн их аянд дөрөөлүүлсэн ачит багш нь Д.Раднааханд гэж элгэмсэг зөөлөн, сайхан хүн байжээ.

Тус ангийнхны үүх түүх, харгуй замын эргэн сөхөхүйд хэд хэдэн зүйлээр онцлог байх юм. Хамгийн гол нь хоорондоо маш эвсэг, эелдэг, нэгнээ гэх халуун сэтгэл нь бүгдээс нь мэдрэгддэг нийтэч хамт олон. Мөн арван жилийн сурагч ахуй бүгд ижил тэгш сурлагатай, бусдаасаа онцгойроод эс бөгөөд бусдаасаа хоцроод байх зүйлгүй нэгэн зэрэг урагшилж хичээл сурлагадаа болоод бүхий л зүйлдээ давшилж чаддаг ийм л анд нөхөд юм билээ. Түүнийх нь илэрхийлэл олон зүйлээр хэмжигдэнэ. Анги хамт олноороо манлайлагч гэдгээ бага балчир наснаасаа харуулсан байна. Тухайлбал, хоёр, гуравдугаар ангийн сурагч ахуйдаа буюу 1982, 1983 оны монгол хэл, унших бичгийн олимпиадад түрүүлж байсан гээд бодохгүй юу. Мөн наян зургаан онд ангиараа зохион бичлэгийн улсын олимпиадаас хүрэл медаль авч, багш нарыгаа сургуулийн хамт олноо баярлуулж байсан удаатай.

Анги ангийнхны дурсамж дурдатгал түүхийг аваад үзэхээр заавал ч үгүй нэг онцлог харагддаг.

Энэ ангийнхныг амьдаа нарын ангийнхан гэж хэлж болно. Хичнээн ч олон ижил нэртнүүдтэй байсан юм бэ дээ. Хоёр Батсайхантай, нэг нь Баттулгын Батсайхан нөгөө нь Дамдинсүрэнгийн Батсайхан. Б.Батсайхан нь улс төр олон нийтийн байгууллагын ажлыг олон жил нэр төртэй хийж иржээ. Монголын залуучуудын холбооны Эрдэнэт хот дахь нарийн бичгийн дарга, Иргэний Зориг намын хэрэг эрхлэх газрын дарга гээд намтар цадиг нь үргэлжлэх аж. Д.Батсайхан нь болохоор Монголын жүдо бөхийн холбоонд ажилладаг, “Алдар” спорт хороонд багш дасгалжуулагчийн албатай. Тэдний ангиас төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор одоогийн байдлаар хоёр эрхэм шагнуулаад байгаа нь хоёр Батсайхан юм гэнэ. Мөн Цэдэн-Ишийн Батжаргал, Даваасүрэнгийн Батжаргал гээд эрэгтэй эмэгтэй хоёр Батжаргалтай. Бас эрэгтэй, эмэгтэй хоёр Лхагвасүрэнтэйгээс Д.Лхагвасүрэн нь Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санхүүгийн албан хариуцлагатай алба хашиж байна. Эл бүсгүй ангийнхаа эвлэлийн дарга, бүлгийн дарга байсан гэдэг. Аав нь Дэмчигбал гэж Булганы Эрүүл мэндийн газрын дарга байсан, үндсэндээ даргын даамал охин. Мөн эрэгтэй, эмэгтэй хоёр Мөнхбаяртай. Ширчиндоржийн Мөнхбаяр, Усны аж ахуйн Манлай инженерийн хүү Мөнхбаяр гээд тэд овог нэртэй нь нэрлэнэ. М.Мөнхбаяр Францад гэр бүлээрээ сайн сайхан амьдарч байгаа гэсэн. Амьдаа нар ингээд дуусахгүй, цаана нь бас хоёр Дэлгэрмаа байгаа. Ч.Дэлгэрмаа нь холын Америкт гэр бүлээрээ амьдарч буй аж. Ангийн дарга нь гавьяат Могойтор гуайн хүү Цогбадрах. Бизнес хийгээд маш амжилттай яваа гэж нөхөд бахдал дүүрэн хэлнэ билээ.

Бүгд ижил тэгш сурлагатай ч улаан онцын эзэн гэж байлгүй хаачихав. Тэр нь арван жилээ алтан медальтай төгсөж хамт олноо баярлуулсан Мишигийн Мөнхбат. Аав нь математикийн багш, ээж нь Булганы Цэрэнпил гэж гавьяат багш бий. Хоёр багшийн сурлага сайтай хүү тэрээр цэл залуухнаараа бурхан болж нөхдийнхөө дунд орон зайгаа орхиод, сэтгэлд нь харуусал үлдээгээд буцжээ, хорвоогийн жам яалтай. Ангийн эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүх хүүхэд дундаас хамгийн нямбай нь Б.Батсайхан гэдгийг нөхөд нь санал нэгтэй хэлдэг гэж байгаа. Багын нямбай, юманд яс, төлөвлөгөөтэй сүрхий хүүхэд байжээ. Тэр нь ч амьдрал дээр үр нөлөөгөө үзүүлж залуучуудын байгууллага, нам улс төрийн байгууллагыг удирдахад хөрс суурь нь болсон байна. Нямбай, сүрхий нэгэн байхад бас сахилгагүй барам гэж бий. Хамгийн сахилгагүй хүүхдийн тоонд Сумсур нь орно. Одоо аймагтаа хувиараа ажил эрхлээд явж байна.

Булганы Сайханы Нямсүрэн гэж цэрэгжилтийн багшаар удирдуулж аравдугаар ангиа төгссөн тэд Раднааханд багшаас Долгормаа гэж орос хэлний багшийн гар дээр дараа нь зургийн Даариймаа, мөн Галя гээд хүндтэй багш нарын гар, сэтгэл дамжсанаа хэлсэн. Химийн Батчимэг, орос хэлний Нарантуяа, дунд ангид байхад хичээл зааж байсан алдарт хар Жийгээ буюу Жигжид багш, буурал Бадрах багш, түүхийн Бадарч, Дугаржав, хэл уран зохиолын Дэмбэрэлдорж гээд алдартай, Булган хангайдаа домог болсон, тухайн цагийн нэрийн хуудас багш нараар хичээл заалгаж байснаараа бахархдгаа нуугаагүй. “Бид чинь аравдугаар ангиа төгсөхдөө Монголын нийгмийн задралтай нүүр тулсан даа” хэмээн сонирхуулсан. Энэ бол яалт ч үгүй амьдралын үнэн. Ерэн оны цагаан морин жилийн хувьсгал ид өрнөж байх тэр хавар арван жилээ төгсөж ажил амьдралын гараатайгаа золгосон тэд нийгмийн задрал, дуулиан шуугиантай улаан нүүрээрээ тулсан хүмүүс. Барьц алдах үе байсан гэдэг. Үндсэндээ нийгмийн шуурганд өртөж гадаадын сургуульд авсан хүүхдүүд хүртэл тухайн сургуульдаа явж чадаагүй, улсын сургуулиас ч завсардах байдалд орж байжээ. Бүгд их, дээд сургуулийн хуваарь авсан ч сургуулиа бүрэн төгссөн нь ховор гэдэг. Зөвлөлтөд инженерийн сургуулийн бэлтгэл, Германд инженерийн сургуулийн бэлтгэл зэргийг авч байжээ. Олон улсын харилцааны чиглэлээр сургууль авсан ч сургуульдаа явж чадаагүй байна. Өнөө нийгмийн шуургатай холбоотой. Ерэн оноос өмнө улсын зардлаар гадагшаа сургуульд байсан асуудал шувтарч тэр хэдийг “үүр”-нээсээ нисэхэд сургалтын төлбөрийн асуудал дэгдсэн, дээрээс нь нийгмийн байдал, ард иргэдийн ахуй амьдрал ямар байсан цаг билээ, тэр бүхэн нөлөөлж таарна. Наймдугаар ангиа төгсөөд техникум аваад явсан нөхөд нь бүгд мэргэжил эзэмшиж сайн сайхан амьдарч явааг хэлж байна.

Арвын “А”-гийнхан жил бүр уулзацгаадаг. Хүний тоо хамаарахгүй, уулзмаар цагтаа хэдийд ч уулздаг гэнэ. Зарим нь ажил албатай, зарим нь гадаадад амьдарч байгаа. Гэхдээ бүгдийнх нь зүрх сэтгэл хамт, ёстой элэг нэг гэдэг шиг сэтгэл нэг халуун дотно байдаг. Уулзалтын ажлыг гол нугалж зохион байгуулдаг хүн нь Хишигдүүрэнгийн Саранчимэг, мөн Эрдэнэт үйлдвэрт амжилттай ажиллаж байгаа Ариунцэцэг буюу ангийн нөхөд нь Ариунаа гэж дууддаг “сурагч охин” нь байна. Ариунаагийнх нь өвөө Нацагаа эмч гэж сайхан хүн байжээ. Сараа, Ариунаа хоёр нь тэгэхээр гол зохион байгуулагч байх нь. Уулзаад суухаараа бүгдийнх нь нүд нь гэрэлтчихсэн, зүрх сэтгэлд нь багынх нь хиргүй тунгалаг, ариун сайхан дурсамж дурдатгал санагдаж, Ачуутын голынхоо ус нь харзлан мэлмэрсэн хаврыг, Зүүн түрүүний голын сайхан дурсамжийг сэргээх нь мэдээж. Хөрөө рам, цаг уурын тийшээ хөөцөлдөн гүйцгээж, эрхлэлдэн тоглож, жаргалтай нь аргагүй бага насаа үдэж тэр л сайхан газруудад хичээл номоо уншиж, шалгалт шүүлэгтээ бэлдэж байжээ. Дугуй унаж Чачиртын гол, тэр сайхан уул ус руу явдаг байснаа ч хуучилсан. Хамгийн дурсгалтай, хөөр баяртай сайхан мөч маань Жаргалантын зусланд өнгөрсөн дөө гэв. “Нанзадын Хишигдорж гэж Пионерын ордны багш маань байна. Тэнд чинь шүлэг найргийн тэмцээн уралдаанд хүртэл оролцож байлаа” гэх даруйд Б.Батсайхан “Би чинь энэ цагийн нэртэй яруу найрагч, зохиолч, Зохиолчдын хорооны дарга байсан Ц.Буянзаяагийн багш нь байлаа шүү дээ” гээд инээд алдсан юм. Ц.Буянзаяа яалт ч үгүй наймдугаар ангийн сурагч Сайхан сумаас, үндсэндээ хөдөөнөөс ирээд Батсайханд хандаж “Би чамаар шүлэг зохиол заалгая” гэх утгатай үгс хэлж ойр дотно явсан нь үнэн юм гэнэ лээ.

Есдүгээр ангид байхад Орхон сумаас шилжиж ирсэн Энхболд нь лам болсон. Булганчуудын бараг л даасан лам нь гэж болохоор буян төгс тэр хүн энэ ангийн хүүхэд. “Энхболд лам найз маань бид бүхний чаргаар гулгадаг байсан Ачуутын голын тэр сайхан ууланд хийморийн овоо босгосон. Багадаа гулгаж, багын дуугаа хадааж үлдсэн тэр сайхан ууланд овоо босгон биднийхээ адис жанлав, сүлд хийморийг оршоосон. Бид бүхэн тэр овоондоо сүслэн залбирдаг. Тийм нэг шүтээнтэй болгосонд Энхболд найздаа баярладаг” хэмээн илэрхийлсэн. Баатарын Ганзориг, Цогбадрах хоёр спорт талаа, Б.Батсайхан, Бадам-Арилдыгийн Бямбаа хоёр нь урлаг соёлын талаа аваад манлайлаад явдаг байж. Сонирхолтой нь энэ ангид улс төрийн дууны “Мөнгөн чавхдас” гэж хамтлаг байсан гэнэ. Ийм л нэг эвсэг дулаахан, үргэлжид биенээ үгүйлэн санаж, тэр даруйдаа уулзан баярлалдаж, амьдралын сайхныг хуваалцдаг ангийнхны тухай товчхон өгүүлэхэд ийм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *