Хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.
-25 дугаар суваг телевизийн “21000” реалити шоуны 16 дахь цувралын ялагчаар тодорсонд баяр хүргэе. Нэвтрүүлгийн явц хүнд санагдаж байсан уу?
-“21000” реалити шоу ард түмний дунд хандалтаараа номер нэгт ордог сайн контент. Тухайн нэвтрүүлэг маш философич, юмны үнэ цэнийг мэдрүүлсэн мөн чанартай санагдсан. Л.Баттулга гавьяаттай хамт орсондоо баяртай байгаа. Ер нь хэнтэй өрсөлдөж байгаа нь чухал байх. Миний хувьд үнэхээр хүнд байсан. “21000” төгрөг гэдэг мөнгөний хувьд их биш. Зөвхөн супермаркетаар үйлчлүүлнэ гэдэг амаргүй. Хүнсний захаар явбал үнийн хувьд арай хямдхан байгаа байх. 21000 шоу нэвтрүүлэг “Сансар” супермаркеттай хамтарч ажилласан болохоор зөвхөн түүгээр үйлчлүүлэх ёстой болж таарсан л даа. Ходоод чинь санаанаасаа бага байдгийг бид огт мэддэггүй юм байна лээ. Бид супермаркетуудаар үйлчлүүлэхдээ хүнсээ хэрэгцээнээсээ ихийг авчихаад дараа нь хаях тохиолдол их гардаг. Энэ нэвтрүүлэг хэмнэлт гэдэг зүйлийг мэдрүүлсэн сайн контент гэдгийг оролцож байж мэдэрсэн.
-Та өмнө нь “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж байсан. “Бурхны авралаар чи ирлээ” шоуны шүүгчээр дахин ажиллах саналыг хэрхэн хүлээж авав?
-Шоу контент гэдэг оюуны маш том бүтээл. Ийм том бүтээлийг шүүнэ гэдэг тодорхой хэмжээний дадал туршлага хэрэгтэй болдог. “Авьяаслаг монголчууд” шоуг шүүхэд сургалт дамжаанд сууж байгаа юм шиг их бэлтгэл хийдэг байсан. “Бурхны авралаар чи ирлээ” шоуг шүүхэд хүнд байсан. Ямар нэгэн өгөгдөл байхгүй тайзан дээр шууд цоо шинэ үзүүлбэрүүдийг гаргаж ирдэг учраас шүүхэд хүнд. Чадварлаг залуусыг оруулчихаад хэтэрхий муулаад байж болохгүй, реакци гаргаагүй үед нь гоё байлаа гэж хэлж болохгүй учраас өмнөх шоунуудаас илүү торгон мэдрэмж шаардсан нэвтрүүлэг болсон. “Бурхны авралаар чи ирлээ” хоёр дахь хэсэг удахгүй цацагдах байх.
-“Бурхны авралаар чи ирлээ” 2 шоуны шүүгчээр дахин ажиллах санал ирвэл та шүүх үү?
-Мэдээж санал тавьбал шүүлгүй яахав. Сая шүүгчээр ажиллахад жүжигчний ур чадварыг мэдэрч чадсан.
-Хувь хүнийхээ хувьд аль жүжигчнийг илүү их дэмжиж байсан бэ. Хэний үзүүлбэр таалагдсан бол?
-Нийт арван дугаарын 42 үзүүлбэр үзүүлсэн. Бүгд л их ажиллагаа шаардсан том том тайзууд байсан. Сэтгэлд үлдсэн мундаг жүжигчид их байгаа. Шоуны хоёр ялагч “Эмоци” продакшны жүжигчин МУСТА О.Тэмүүжин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Г.Алтаншагай нар. Үзүүлбэр авьяас билэг, инээд хөөр, маазраа бүх зүйл нь жагсчихсан залуус түрүүлсэн дээ. СТА, жүжигчин Д.Дэлгэрсайханыг онцолмоор байна. Гүйлгээ ухаан сайтай, жүжигчин шиг санагддаг.
-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
-Ятгын хатан хаан гэгддэг МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтран шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа. Олон жил ярьсны эцэст наадмын үеэр үзэгч олондоо бэлэг барина. Хийл, ятгын хослол гэсэн хосолсон бүтээл гаргана. Бэлтгэл ажил дууссан.
-Жүжигчин хүнээс ямар кинонд тоглох бодолтой байгаа талаар асуухад түүхэн кино гэж хариулдаг. Таны хувьд “2000” кинонд хатны дүр бүтээсэн. Хөгжимчин хүний хувьд кино урлагийн тайз хэр байв?
-Урлагийн хүний хувьд кинонд дүрээ мөнхлөх гэсэн бодолтой байсан. Манай ээж “Миний охин залуу сайхан насан дээрээ кинонд тогловол гоё” гэж хэлдэг байсан. “2000” кинонд дүр бүтээх санал ирэхэд таатай хүлээж авсан. Зохиолын хувьд кинон дээрээ өөрчлөгдөж гарсан. Анх уншсан зохиол нь эх оронч, монгол хатны дүр таарсан. Уран бүтээлч хүний хувьд өөр шинэ ертөнцийг нээсэн, мэдрэмжийг хөглөсөн бүтээл болсон. Тухайн кинонд Монголын сор болсон жүжигчид тоглосон.
-Мэргэжлийн бус хүн кинонд тоглоно гэдэг амаргүй байх. Та дүрдээ орж чадсан уу?
-Киноны дүр надад асар ойрхон байсан. Жүжигчин хүний хувьд өөрөө өөртэйгөө тэмцэлдэх, дотоод сэтгэлтэйгээ тэрсэлдэж байгаа тэр хэсэг хэцүү байсан. Тав, зургаан удаагийн зураг авалтыг хойшлуулж байгаад авч байсан. Жүжигчдийг солиотой хүмүүс байдаг гэдэг шүү дээ. Тэр үед солиорохоо л алдсан.
-Таныг багаасаа хөгжимтэй холбогдсон гэдэг. Бага насны хөгжмийн боловсрол одоогийн энэ их амжилтын үндэс болсон уу?
-Анх найман настайдаа “Хөгжим бүжиг”-ийн сургуульд орж байсан.Манай сургууль хүүхдийг багаас нь ачаалал даах чадвар, юманд тууштай байхыг зааж сургасан гэж боддог. Миний бага нас бусад хүүхдүүд шиг гадаа тоглосон, жаргалтай байгаагүй. Шалгалтаас шалгалтын хооронд явдаг байлаа. Тэрнээс хойш хөгжимтэй салшгүй холбоотой болсон доо. 2000 онд анх “Хэнтийн өндөр ууланд” цомгоо гаргаж байлаа. Энэ жил урлагт хөгжмийн дуу хоолойг гаргаж ирсэн 20 жилийн ой тохиож байгаа. Хөл хорионы үе болохоор ажил хойшлоод л байна.
-Хөгжим тоглохоос гадна өөр мэргэжлээр ажиллахаар бол ямар мэргэжил сонгох вэ. Энэ тухай бодож байв уу?
-Сэтгэл судлал чиглэлээр ажиллах байсан байх. Манай улсад сэтгэл судлал талын шинжлэх ухаан дөнгөж хөгжиж эхэлж байгаа болохоор одоогийн шинжлэх ухааныг хөгжүүлэх гээд л явах байсан болов уу.
-Урлагийн хүнээс урлагийн хүн төрдөг гэж ярьдаг. Танай гэр бүлийн хувьд..?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Аав Дундговь аймгийнх, ээж Архангай аймагт төрж өссөн. Дуу хуурын өлгий нутаг Дундговь гэж хэлдэг, түүгээрээ болдог юм болов уу гэж хааяа боддог.
-Та “Сэтгэлийн эгшиг” аялгуугаа хуриман дээр тоглох дуртай хэмээн нэгэн ярилцлагад хэлсэн байсан.
-Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн киноны хөгжим “Сэтгэлийн эгшиг” шиг аугаа бүтээл гэж хаана ч байхгүй. Монгол хүн төдийгүй гадаад хүмүүс их сонсдог, хүний сэтгэлийн утсыг хөндөж чаддаг сод бүтээл. Би хуриман дээр тоглох дуртай. “Сэтгэлийн эгшиг”-ийг тоглохоор амьдрал баялаг даа гэдэг үг санаанд буудаг.
-Эр хүн хатуужилтай байх ёстой, эмэгтэй хүн уян зөөлөн байх ёстой гэдэг. Та өөртөө ямар шалгуур тавьдаг вэ?
-Үнэн байх. Би өөртөө цензур өндөртэй байхыг шаарддаг. “Өөртөө хатуу, өрөөлд зөөлөн” гэдэг шиг л.