ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
Дэлхий эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өчигдөр дэлхийн хэмжээнд коронавируст халдварын 230300 гаруй шинэ тохиолдол, 5200 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Дээрх үзүүлэлт нь халдвар анх дэгдсэн цагаас хойш 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар ДЭМБ мэдээллээ. Тохиолдлуудын дийлэнх нь АНУ, Бразил, Энэтхэг, Өмнөд Африкт бүртгэгдсэн байна. Эдгээр халдвар өндөр байгаа улс орнуудын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулъя.
АНУ-д өчигдөр 62900 гаруй шинэ тохиолдол, 906 нас баралт нэмж бүртгэгдэн нийт халдвар авсан хүний тоо 3236000 гаруй болсноос 134500 гаруй хүн эндсэн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар Флорида муж улсад 15 мянга гаруй тохиолдлоор нэмэгдсэн талаар тус мужийн эрүүл мэндийн газраас мэдээлсэн бол Калифорниа мужид 10 мянга гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. Ерөнхийдаа АНУ-ын нийт 50 муж улс болон харьяалагдах нутаг дэвсгэрээс 33 муж улс болон нутаг дэвсгэрт халдвар нэмэгдэж эмнэлгийн ор хүрэлцэхгүй болж байна.
Бразил улсад өчигдөр 24800 гаруй тохиолдол бүртгэгдэж, нас баралт өмнөх өдрийнхөөс ялимгүй буурч 631 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын батлагдсан халдвар өссөн дүнгээр 1864000 гаруй болсон бол 1123000 гаруй хүн нь эдгэрсэн байна.
Зүүн өмнөд азийн бүсэд БНЭУ-д өчигдөр 28600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо өссөн дүнгээр 850000 шахам боллоо. Халдвар хүн ам ихтэй томоохон хотуудад улам бүр нэмэгдсээр байна. Халдварыг хязгаарлах үүднээс мужууд хэсэгчилсэн хөл хорио тогтоож байна. Хамгийн сүүлд Махарашта мужийн засаг захиргаанаас Банглур хотод энэ мягмар гарагаас эхлэн долоо хоногийн хугацаатай бүрэн хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.
ӨАБНУ-д өчигдөр 13500 шахам шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус улсын нийт халдвар өссөн дүнгээр 264000 гаруй болсон бол нас баралт 4000 дөхөж байна. Африкийн өвчний хяналт сэргээлтийн төвийн мэдээлснээр ӨАБНУ нь Африк тивд бүртгэгдсэн нийт халдварын 40 гаруй хувийг дангаараа эзэлж байгаа ба тус улсад сүүлийн өдрүүдэд хоногт тогтмол 10 мянгаа дээш тооны халдвар бүртгэгдэж байна. Өвчилсөн хүмүүс нэмэгдэхийн хирээр тус улсын эрүүл мэндийн тогтолцоо хүчин чадлаасаа хальж байгаа талаар эрүүл мэндийн сайд нь мэдээлсэн байна. Ялангуяа эмнэлгийн ор болон хүчилтөрөгчийн хангамж дутагдпалд орж эхлээд юм байна. Архидан согтууруулахтай холбоотой зам тээврийн осол гэмтэл болон хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст зарцуулах эмнэлгийн орыг коронавирусын халдвараар өвчилсөн хүмүүст зориулах үүднээс тус улсын ерөнхийлөгчийн шийдвэрээр архидан согтууруулах ундааны худалдааг хориглох шийдвэр гаргасан байна. Математик загварчлалаар өмнөд африкт халдварын оргил үе наймаас есдүгээр сард тохионо гэж африкийн өвчний хяналт сэргээлтийн төвөөс мэдээлсэн байна.
Манай улсын харьяалагддаг Номхон далайн баруун бүсэд Австралын холбооны бүсэд өнгөрсөн 24 цагийн байдлаар 279 шинэ тохиолдол, 1 нас баралт нэмж бүртгэгдлээ.
Япон улсад ням гарагт 409 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 206 нь нийслэл Токиад бүртгэгдсэн байна.
БНСУ-д өчигдөр 62 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 19 нь дотоодын халдвар бол үлдсэн тохиолдлууд нь гаднаас зөөвөрлөгджээ. Тус улсад гадаадаас зөөвөрлөгдөх тохиолдол улам бүр нэмэгдэж байгаа тул өндөр эрсдэлтэй улсуудаас ирэх зорчигчдыг шинжилгээний бичигтэйгээр нэвтрүүлэх жагсаалтад энэ даваа гарагаас эхлэн Бангладеш, Пакистан, Казакстан болон Киргизтан улсуудыг нэмж оруулсан байна.
БНХАУ-ын эх газарт ням гарагт дотоодод шинэ халдвар бүртгэгдээгүй байна. Харин гаднаас 8 тохиолдол зөөвөрлөгдсөн талаар тус улсын эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлжээ. Зургадугаар сарын 11-ний өдрөөс хойш батлагдсан 335 тохиолдолоос өчигдөр 14 өвчтөн нэмж эдгэрэн эмнэлгээс гарсанаар нийт эдгэрсэн тохиолдол 109 болжээ. Хонкогт өчигдөр 38 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудыни 30 нь хүн амын дундах халдварын тохиолдол бөгөөд тэдгээрийн 17 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байсан бол үлдсэн тохиолдлуудыг халдвар хаанаас авсныг тогтоож чадаагүй байна гэж эрүүлийг хамгаалах газраас мэдээлсэн байна.
Х.ЕСҮ