Categories
мэдээ нийгэм

Э.Оюунсүрэн: Судлаачид багтраа өвчтэй хүн халдвар авбал цаашид биеийн байдал нь хүндрэх магадлал өндөр байгааг анхааруулжээ

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн:

“Дэлхийн хэмжээнд нийт 2,490 эмнэл зүйн туршилт судалгаа явагдаж байгаа бөгөөд одоогоор 194-ийнх нь судалгаа дууссан байна. Харин вакцин бүтээх 160туршилт хийгдэж байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын Синовак эмийн компанийн бүтээсэн SARS өвчний үед туршигдаж байсан вакцин эмнэл зүйн туршилт судалгааныхаа гуравдугаар шатандаа орсон. Мөн Их Британи улсын Оксфордын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн Мers, томуу, сүрьеэгийн өвчний эсрэг туршигдаж байгаа хоёр вакцин туршилтынхаа сүүлийн шатыг эхлүүлсэн.

Герман, Австрали улсын эрдэмтэд олон улсын аялал жуулчлал болон цар тахлын хамааралтай холбоотой эдийн засгийн судалгааг хийжээ. Ингэхдээ улс орнуудын гадаад жуулчлалын тоог коронавирусийн халдвар авсан иргэдийн тоотой нь харьцуулан судалсан аж. Судалгааны үр дүнд, улс орнуудын жуулчдын тоо нэг хувиар нэмэгдэхэд л коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 1.2 хувиар, нас барсан иргэдийн тоо 1.4 хувиар нэмэгдэж байна гэх тооцоолол гарсан байна.

Иран улсын эрдэмтдийн баг коронавирусийн эмгэг судлалын чиглэлээр хэвлэлийн тойм судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд, коронавирусийн халдвар нь зөвхөн уушгийг өвчлүүлээд зогсохгүй бүдүүн болон нарийн гэдэс, элэг, бөөр, арьс, зүрх, цөс, тархи зэрэг эрхтнүүдийг өвчлүүлдэг гэдгийг тогтоосон. Өвчлөлийн зарим эмгэг SARS, MERS зэрэг өвчнийхтэй төстэй байгаа бөгөөд эрдэмтэд уушгинаас бусад эрхтэнд эмчилгээ хийх тал дээр эмч нар анхаарах нь зүйтэй хэмээн зөвлөмж гаргажээ.

АНУ-д COVID-19-ийн халдвар авсан 38 настай эрэгтэйд тулгуур булчингийн эд доройтох хам шинж илэрсэн байна. Коронавируст халдварын үед булчин өвдөх шинж тэмдэг элбэг тохиолдож байгаа. Иймд эрдэмтэд коронавирусийн халдвар булчингийн системд үзүүлж буй нөлөөллийг цааш дэлгэрэнгүй судлах шаардлагатай гэж үзэж байна.

Лондонгийн Био анагаах ухааны судалгааны төвийн эрдэмтэд коронавирусийн халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 406, 793 хүний дунд тус тус судалгаа хийжээ. Судалгаагаар багтраа өвчтэй иргэд 17.9 хувийг эзэлж байжээ. Иймд судлаачид багтраа өвчтэй хүн коронавирусийн халдвар авбал цаашид биеийн байдал нь хүндрэх магадлал өндөр байгааг анхааруулжээ.

Их Британи улсын Кембриджийн их сургуулийн судлаачид коронавирусийн халдвар хүүхдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж хэвлэлийн тойм бэлтгэжээ. Судалгаанд 2-14 насны 2,141 хүүхэд хамрагдсан байна.Тэдгээрийн 49 хувь нь ханиалгах, 47 хувь нь халуурах шинж тэмдэг илэрч байсан аж. Мөн коронавирусиийн халдвартай эхээс төрсөн 58 нярайд буюу 6.8 хувьд нь халдвар авсан нь батлагдсан байна. Нярай хүүхдүүдийг төрснөөс хойш 1-2 хоногийн дараа шинжилгээ авсан учир төрсний дараа халдвар авсан магадлал өндөр байна гэж үзэж байна. Халдвар авсан эхийн ихэс болон сүүнээс коронавирус илрээгүй бөгөөд нярай уг өвчнөөр өвчилсөн тохиолдол маш ховор бүртгэгдэж байна” хэмээв.

Х.ЕСҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *