Categories
мэдээ нийгэм

Б.Мөнхдөл: Гадаадад гацсан 12 мянган иргэний гэр бүлийн төлөөлөл УОК-т шаардлага хүргүүлнэ

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ болон гадаадад гацсан иргэдийн ар гэрийн төлөөллөөс Гадаадад гацсан Монголчуудын байдал хурцдаж байгаа тухай мэдээлэл хийлээ.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл: Гадаадад гацсан 12 мянган иргэний гэр бүлийн төлөөлөл УОК-т шаардлага хүргүүлнэ. Манай зөвлөл 2014 онд байгуулагдсан гадаадад амьдардаг 200 гаруй мянга монголчуудыг төлөөлдөг хамгийн том байгууллага. Бидний зүгээс гадаадад гацсан иргэдээ яаралтай авчрах тал дээр тодорхой төлөвлөгөө гаргаач ээ гэсэн шаардлагыг тавьж байгаа. Шаардлага хүргэхээсээ өмнө олон нийтийн дунд байгаа ташаа ойлголтыг эвдэх хэрэгтэй. Нэгдүгээрт, гадаадад гацсан 12 мянган иргэн гадаадад түр хугацаагаар зорчиж буй хүмүүс. Тэдгээрийн дийлэнх нь гэр бүлээ тэжээх, боловсрол эзэмших, эмчилгээ хийлгэх гэж түр хугацаагаар явсан. Хоёрдугаарт, эдгээр иргэд улсын зардлаар ирэх гэж байна гэсэн ташаа ойлголт. Вирус тархсан Ухань хотод сурдаг оюутнуудыг л улсын зардлаар авчирсан. Түүнээс хойшхи бүх иргэд мөнгөө төлөөд ирж байгаа гэдгийг ойлгоорой. Гуравдугаарт, УОК чадлынхаа хирээр хүмүүсээ татаж байна гэсэн ташаа мэдээлэл өгч байна. Монгол Улсад хангалттай нөөц бололцоо байна. Бид нар зөвхөн МИАТ-ын онгоцоор нисэх биш олон улсын нислэгийн эрхтэй дотоодын агаарын тээврийн компаниудаа яагаад ашиглахгүй байгаа юм бэ. Бас гадаадын агаарын тээврийн компаниудыг ашиглахгүй байгаа юм бэ гэсэн шаардлага тавьж байгаа. Гадаадын агаарын тээврийн компаниуд нисэхэд бэлэн байгаа. Гадаадад гацсан иргэд өөрсдийн санаачлагаар эдгээр компаниудтай холбогдоход бэлэн гэсэн хариугаа өгсөн. Тухайлбал Америк, Бельги, Малайз, Өмнөд Солонгосын агаарын тээврийн компаниуд нисэхэд бэлэн буйгаа мэдэгдсэн. Энэ хүсэлтээ УОК-т хүргүүлсэн ч ямар ч хариу өгөөгүй. Түүнчлэн Монголд тусгаарлах байр хүрэлцээгүй гэх ташаа ойлголтыг өгч байгаа. Гэтэл Монголын зочид буудлуудын холбооноос мэдэгдэл гаргаж гадаадад гацсан иргэдийг хүлээн авахад бэлэн буйгаа илэрхийлсэн. Манай байгууллагаас 500 гаруй хүний дунд судалгаа хийсэн. Олон нийтийн дунд мөнгөтэй хүмүүс нь тусгай нислэгээр ирээд байна гэсэн хардалт байна. Тиймээс тусгай нислэгээр ирж байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг ил болго гэсэн шаардлагыг тавьж байна.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын Хөтөлбөр хөгжлийн хорооны дарга Б.Энхгэрэл: Гадаадад гацсан хүмүүсийн нөхцөл байдал маш хүнд байна. Ирж байгаа хүмүүс яг тэр таван шалгуурт нь нийцэж байна уу гэдэг нь бас эргэлзээтэй байна. Ер нь Монгол хүмүүсээ энэ таван шалгуураар алагчлах хэрэгггүй гэж үзэж байна. Гадаадад байгаа оюутнууд манай байгууллага руу хандаж байна. Америкт гэхэд хэрэв хичээл нь цахимаар орвол гадаад оюутнуудыг нутаг буцах шаардлага тавьж байгаа. Мөн Унгарт сургуулиа төгссөн 78 оюутны тэтгэлэг цуцлагдсан хүнд байдалд ороод байна. Тусгай үүргийн онгоцны нислэгийн тийз маш үнэтэй байна. Нэг гэр бүлийн хоёр хүн гаднаас ирнэ гэвэл дор хаяж 10 сая төгрөг хэрэгтэй. Ирээд бараг нэг сар тусгаарлагдана гэхээр тухайн хүн ажлаа алдах эрсдэлд орж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *