Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-аас баталлаа. Ийнхүү шинэ Засгийн газрын бүтцийг баталсантай холбоотойгоор өмнөх Засгийн газрын гишүүдийг томилсон тогтоолыг хүчингүй болгов.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Засгийн газрын гишүүдийн томилох тухай тогтоолын хүчингүй болгож байна. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд Засгийн газрын гишүүд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болно. Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгч томилно гэхээр УИХ-д танилцуулж байж явах журамтай болсон. Үүнийг хэр тооцоолсон юм бол.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Анхдугаар чуулган эхэлсэн өдрөөс эхлээд Засгийн газрын тухай хууль мөрдөгдөж эхэлсэн. Түүгээр Засгийн газрын гишүүдийн дөрвөөс доошгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг зохицуулалт үйлчлээд эхэлчихсэн учраас Засгийн газрын гишүүдийн бүрэн эрх, чадамжийг баталсан тогтоол хүчингүй болгохоос өөр замгүй. Тиймээс аль болох хурдан Засгийн газрын гишүүдийг томилох шаардлагатай байна. Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгчийг томилох хэлбэрээр шийдвэрлэж болох зохицуулалттай.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай баталсан хуулийн дагуу Ерөнхий сайд захирамж гаргаж энэ долоо хоногт багтаан Засгийн газрын гишүүдийг томилно.
Х.ЕСҮ