Categories
мэдээ нийгэм

Монголын хоёр дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нээлт боллоо

Өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах Монголын хоёр дахь эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Хүрээ амаржих газрын дарга А.Жаргалнар оролцлоо.

Монголын хоёр дахь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 34.200 м2 талбайтай. 880 өрөө, 700 гаруй эмч ажилтан, 300 ортой ажиллах хүчин чадалтай эмнэлэг юм. Шаардлагатай тохиолдолд 1000-1500 ор дэлгэх бүрэн боломжтой. Мөн төрөх эмэгтэйчүүдэд төрөлжсөн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой. Жилд 10 мянга гаруй эх төрж, нийтдээ 20 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой.Тус эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ортой, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн 7 блок 8 давхар юм. Эмчилгээ үйлчилгээний нийт 22 тасагтай.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын эрүүл мэндийн салбарын түүхэнд шинээр эмнэлэг нээгдэж буй нь сайхан байна. Улсын хувьсгалын 99 жилийн ойн өмнө ард иргэддээ сайхан бэлэг барьж байна гэж бодож байна. Монгол Улсын хүн ам 30 гаруй жилийн өмнө хоёр сая байсан бол одоо гурван сая гаруй болсон байна. Манай улсын төрөөс Эх нялхсын төвийг ашиглалтад оруулж байсан. Өнөөдрийг хүртэл түүнтэй дүйцэхүйц барилга байгууламж баригдаагүй юм. Тэгвэл өнөөдөр бид монголынхоо эх, үрс, ард түмнийхээ эрүүл мэндэд зориулж энэ сайхан барилгыг барьж, ашиглалтад орууллаа. Уг барилгын суурь 2010 онд тавигдсан. Түүнээс хойш хөрөнгө, санхүү зэрэг олон гачаалын улмаас баригдаж чадаагүй өнөөдрийг хүрсэн.Аливаа ажлыг хийхэд сэтгэл байвал болдог юм байна гэдгийг бид харж байна. 2018 онд энэ барилгыг барьж дуусгах чиглэлээр үүрэг чиглэл гаргасан. Эрүүл мэндийн яам, НЗДТГ хамтран тууштай зүтгэж, сэтгэл гарган ажилласны үр дүн гарч байна. Хоёр жил гаруйн хугацаанд тус барилгыг барьж ашиглалтад орууллаа. Цаг хугацаанд нь барьсан хамт олонд талархал илэрхийлье.” хэмээн тус эмнэлгийг нээснийг албан ёсоор мэдэгдлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Энэ эмнэлэг ашиглалтад орохыг 10 жил хүлээсэн. Сэтгэл байсан бол хийж болох байсан гэдгийг маш богино хугацаанд хамтран ажиллаж зүтгэсэн үр дүн харуулж байна. Юуны түрүүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд эрүүл мэндийн салбарынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Олон жилийн хугацаанд хэн ч юу ч хийгээгүй энэ асуудлыг хоёр жил хүрэхгүй хугацаанд олон тэрбум төгрөгийг шуурхай шийдвэрлэж өгсөн. Тус эмнэлгийн барилгыг хариуцсан компани шуурхай, сайн ажиллаж Монгол Улс хоёр дахь Эх хүүхдийн үндэсний төвтэй боллоо. Нийслэл хотын үндсэн ачааллыг өнөөдөр нээгдэж буй төв авч Эх нялхсын эрүүл мэндийн төв үндэсний хэмжээнд үйлчлэх боломж бүрдэж байна. Тус эмнэлэг авто машины зогсоол, агааржуулалт, хүчилтөрөгчийн үйлдвэр, мэс заслын блоктой. Байхгүй зүйл байхгүй эмнэлэг гэж хэлж болно. Зөвхөн төрөх эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлэхээс гадна, нөхөн үржихүйн эрүүл мэнд, нялхсын эрт илрүүлэг, эмэгтэйчүүдийн цэвэршилт зэрэг олон жил анхаарал хандуулаагүй зүйлийг бүхэлд нь хийх боломж бүрдсэн үндэсний хэмжээний цогцолбор юм. Энэ бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн гол цөм юм. Тухайн улсын хөгжлийг эх хүүхдийн эрүүл мэндийн байдлаар нь хэмждэг. Тэгвэл бид улс орныхоо хөгжлийг харуулсан энэ сайхан цогцолборыг хүлээж авч байгаа явдалд баяртай байна. Үнэхээр хүсвэл хийж чаддаг гэдгийг харууллаа.” гэлээ.

Нийслэлийн Хүрээ амаржих газрын дарга А.Жаргал “Нийслэлийн Хүрээ амаржих газар маань өдгөөгөөс 60 гаруй жилийн өмнө нэг эмч, нэг их эмч, найман ор, 20 сувилагчтай жижигхэн хэсгээр эхэлж байв. Тэгвэл өнөөдөр бид Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг болгон өргөжиж байна. Тус эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн өрөө тасалгаа, орчин үеийн оношилгоо эмчилгээ хийх бүрэн тоноглогдсон лабораториудтай. Хүүхдийн тасаг нь найман чиглэлээр, эмэгтэйчүүдэд 8-10 чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой.” гэв.

Б.МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *