Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Сэнгийн Эрдэнийн “Хар хун шувуу”

Сэнгийн Эрдэнэ зохиолчийн
20 боть дундаас “Тэнгэрийн
хөвүүний эцэслэл: Хар хун шувуу”
ном сонирхол татдаг. “Тэнгэрийн
хөвүүний эцэслэл” бол их эзэн
Чингис хааны тэнгэртээ буцаж
буй он цагийг харуулсан зохиол.
Харин “Хар хун шувуу” нь
өөрийнхөө багын амьдралыг,
ижий аав, удам гарлаа зураглаж
үзүүлсэн баримтат эссэ тууж
юм. Бид Эрдэнэ зохиолчийг
буриад гэхээс удам гарлыг нь тэр
бүр сайн мэдэхгүй. Уг зохиолд
тодорхой өгүүлсэн. “Оросын
хар ламаас хүчээр хэрээс
зүүгээд Дарья нэр авсан бурхны
шашиндаа ороод Янжмаа нэрээ
хадгалсан буриад ээжийн алтан
хэвлийгээс ар халхын нутагт
төрсөн. Ээжийн эцэг Михлайн
үед буюу мянга найман зуун
оны сүүлчээр хорийн гулбаа
Ямпил орос эрдэмтэй хүн хүү
Базарсадаа баатар цагаан
хааны албанд зүтгүүлсэнд тэр
нь эмчийн сургууль дүүргээд
хурандаа цолтой цэргийн эмч
болж 1905 оны Орос, Японы
дайнд оролцсон бөгөөд
тэднийхэн тийнхүү цагаан хааны
албат болж харьяат нараа үнэн
алдартны шашинд оруулснаар
хорь буриадын дунд хэрээснэг
хэмээгдэх нэртнүүд бий болжээ.
Тэгээд ээжийн талынхан маань
орос нэр авсан хэрээснэгүүд,
тэндээ жаахан шоовдор гэмээр.
Жишээ нь хэрээснэг айлын
охидыг эхнэр болгож авбал ад
шоо үзэгдэхэд хүрдэг байж.
Сэнгэ эцэг минь тийн ад шооо
үзэгдэхээсээ айлгүй хэрээснэг
Михлайн охин Дарья-Янжмааг
эхнэр болгон аваад сая төвхнөж
аснаа ар халхын нутаг руу хөх
хулгана жил (1924 он) нүүдэллэн
иржээ” гэж өгүүлсэн. Ингэж
Эрдэнэ баавай Хэнтий нурууны
ноён оргил Асралт хайрхны
зүүн хормойгоос зүүн хойд зүгт
намсан одсон салаа салбар
хөвчийн хөх уулсын дундаас эх
авсан Онон хатан ижий, түүний
дүү Балж хатан ижий хоёр голын
хойд бие Монгол Оросын торгон
хил дээр баруунаас Балж голоор
зүүнээс Хирхон голоор хашигдсан
сунагар Сэрүүн Галттайдаа
төржээ.

Гучин найман оны хавар
найман нас өнгөрч байхад
Сэнгийн Эрдэнийн “Хар хун шувуу”
НОМ ЯРЬЖ ӨГЬЕ
нь аавыг нь үүрд аваад явж
буй хэсгийг Эрдэнэ баавай
нулимстай бичсэн нь мэдээж.
“Ангир шарга морьтойгоо
түймэрт яваад ирэхдээ аав өөр
хоёр морьтонтой айсуй. Хоёр
морьтны нэг нь цэрэг хувцастай
бөгөөд урт буу үүрчээ. Дүү бид
хоёр хэдэн хургаа туугаад гэр
тийшээ таваргав. Ноднин цэрэгт
дайчлагдсан ах минь хаврын
эхээр байшинтын цэргийн
хорооноос бие муудаж ирээд
сая хөл дээрээ гарч Галттайн
хойд хорооноос өвс ачихаар
явсан байж. Гэртээ гүйгээд орсон
чинь аав хоймрын орон дээрээ
суугаад хувцсаа солин өмсч,
юунд ч юм толгойгоо цагаан
даавуугаар ороосон улаан
нүдтэй хүн бурхны ширээний
шургуулгануудыг онгичиж сууна.
Цэрэг хувцастай хүн баруун
хатавчинд буугаа тулаад зогсоно.
Би хэрэг бишидсэнийг ухаарах
шиг болоод нэг мэдсэн гэрээсээ
гарч хаяагаа түшин суужээ. Ээж
хойноос гарч ирээд “Хүвүүн минь
ингэж болдоггүй юм. Орж аавдаа
үнсүүл. Аавыг нь аваад явах
гэж байна” гэхэд би чимээгүй
нулимс дуслуулсаар оров. Эмээ
аягандаа сүү хийж аавд өгөхөд
аав салгалсан гараар авч асгаж
цутган байж уугаад намайг тэврэн
удаан гэгч цээжиндээ наагаад
“Миний хүү сайн. Аав нь удахгүй
буцаад ирнэ. Дирдид минь сайн
сууж байгаарай” гээд завагнаас
нэг бяцхан боодолтой юм авч
ээжид өгөөд гарч явлаа. Тэр
боодолтой юм нь хэдэн төгрөг
байжээ. Би эхэр татахгүйг хичээн
нээлттэй орхисон үүдэндээ
зогслоо. Нүдэнд нулимсан хөшиг
татаад аавынхаа яаж мордож
холдсоныг ч харж чадсангүй.
Нүдний нулимс хатахад аавын
бараа нэгэнт тасарсан байлаа.
Балчирхан наймхан насандаа
ийнхүү би эцгээсээ өнчрөн
хоцорлоо. Аав минь үүрд талийж
одсоныг зөн совингоороо таасан
юм шиг нулимс хатсан нүдээр
хоосорсон замыг хэдэн өдөр
харуулдаад дараа нь түймрийн
утаа шингэрсэн алсын давааг
ширтээд “Би аавгүй болжээ”
гэж өөртөө хэлсэн сэн” гэж
өгүүлсэн.

Аавгүй болсон тэр жилийн
зун Сэрүүнийхээ нууранд хар
хун шувууг харсан байна. Хаврын
их түймрийн утаа оргүй арилж
хөвчийн хөх уулс нь ногоорон
намжаарсан цаг дор цөөн хэдэн
хун нисэн ирж Сэрүүний нууранд
нь буухад зуслангийн хүүхдүүд
гүйлдэн очжээ. Цалин цагаан
шувуудын дунд хилэн хар
өнгөтэй ганц шувуу байсан нь
хэн хүнд өдрийн од шиг үзэгддэг
хар хун шувуу байсан юм гэдэг.
Аавыгаа үүрд алдсан алдрай
нялх амьтны сэтгэлийг бага ч
болов амирлуулсан нь мэдээж.
Тиймийн учир бага балчир насны
дурдатгалаа “Хар хун шувуу”
хэмээн нэрийдсэн болов уу.
Эцгээ санасан үрийн сэтгэл
улаан гол тасартал амь бөхтэй
оршдог аж. Нэгэнт үгүй болсныг
эрт мэдсэн хэрнээ юмыг яаж
мэдэхэв гэх горьдлого насан
туршид нь тасраагүй байдаг.
Ерээд оны эхээр Лена мөрнийг
уруудан, Тундрын хязгааргүй
уудмыг туулаад мөсөн далайд
цутгах газрын ногоон хөлөгтнөөр
орохдоо “Танай энэ нутагт
Монголоос цөлөгдсөн хүмүүс
амьдарч байсан удаагүй биз”
гэж асууж явсан нь өрөвдмөөр.
“Наран тогоруу”, “Өвгөн шувуу”,
“Диваажинд хүргэх оньс” гээд
олон сонгодог өгүүллэгийнх
нь эх дүр “Хар хун шувуу”-д нь
байдаг юм. “…Охиноос буцалсан
цагааны үнэр ханхлах нь нөгөө
л аарц сүү болсон оготор
даалимбан тэрлэгтэйгээ аж.
Би түүнд зүрх шимширтэл хайр
хүрч байлаа” гэж “Наран тогоруу”
өгүүллэгт гардаг тэр охин Эрдэнэ
баавайн Санжаа маань юм. “Хар
хун шувуу”-д Санжаамаадаа
зориулсан шүлэг нь бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *