Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Борооны улмаас Төв аймагт 400 айл цахилгаангүй болсон


ОБЕГ-ын Гамшгийн шуурхай байдлын удирдлагын хэлтсийн дарга Тамир:

2020 оны зургадугаар сарын 21-ний өдөр Төв болон Говьсүмбэр аймгийн нутгаар усархаг аадар бороо орсон. Төв аймгийн Зуунмод суманд 51 мм, Баян суманд 19 мм, Алтанбулаг суманд 15 мм-ийн хур тунадас орсон байна. Үүний улмаас 6067 мал хорогдож, 409 өрх, 53 хашаа, 10 орчим авто машин үерт өртсөн гэх дуудлага мэдээллийн дагуу, онцгой байдлын алба ажиллалаа.

Нийслэлийн онцгой байдлын байгууллагаас 81 албан хаагч, 20 техник хэрэгсэл, орон нутгаас 32 хүн, 6 техник хэрэгслийн баг бүрдүүлэн 3 ажлын хэсэг гарган ажиллаж, 30 иргэний амь насыг авран хамгаалсан. Гэвч Төв аймгийн Сэргэлэн суманд хоёр иргэн мал явж байгаад үерийн усанд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Зуунмод суманд үер усанд автсан орон сууцны 600 м.куб усыг соруулсан. Мөн Төв аймагт гурван дэд станц үерийн усанд өртсөнөөс үүдэн 400 өрх айл цахилгаангүй болсон. Одоогийн байдлаар хоёр станцийг засаж хэвийн үйл ажиллагаанд оруулсан, үлдсэн станцийг засварлах ажил хийгдэж байна.

Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн 14-р зөрлөгт 18 настай иргэн малдаа яваад сураггүй алга болсон мэдэгдэл ирсэн. Тус аймгийн онцгой байдлын албанаас эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж байна.

А.ЗОЛЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *