Categories
мэдээ цаг-үе

Таксины жолооч Т.Наранбаатар: Хүүхэд гарч ирээд, хоёр гараараа бариад авахад нүдний нулимс урсаж байсан

Таксины жолооч эх барьж авсан тухай мэдээ цахим сүлжээнд тараад байсан. Жолоочийг Т.Наранбаатар гэдэг бөгөөд тэрбээр Барилгын политехник коллежид жижүүр багш хийдэг байна. Түүнтэй уулзаж юу болсон талаар сонирхлоо.


-Сайн байна уу. Таныг машиндаа нярай хүүхэд эх барьж авсан гэх мэдээлэл сошиалаар түгээд байна. Энэ үйл явдал болох үед та хаанаас хаа хүрч явсан бэ?

-Өчигдөр оройн (уржигдар) 20 цагийн үед Гэмтлийн эмнэлгээс хүүхэн, залуу хоёр таксинд маань суусан юм. Гэтэл эмэгтэй нь жирэмсэн байж таараад эмнэлэг явж хүрэлгүй машинд төрлөө. Дэнжийн мянгаас Хайлааст руу явдаг зам дээр зогсоод хүүхдийг эх барьж авлаа. Тухайн үедээ тэр эмэгтэй ажлынхаа залуутай явж байсан байна. Жирэмсэн байсныг нь хамт явсан залуу нь ч мэдээгүй гэсэн. Өөрөө ч хэлээгүй аж. Мэдэгдэхээргүй бага л гэдэстэй байсан юм байна лээ. Өнөөдөр эх охин хоёрыг эргэж очиж уулзчихаад ирсэн. Хоёулаа сайн байна.

-Таксинд анх суухдаа төрөхийн өвдөлт эхэлсэн байсан уу?

-Төрөх гэж байгааг нь мэдээгүй. Ёстой анзаараагүй. Ажлын газрын залуу нь гэрт нь хүргэж өгөх гээд такси бариад явж байсан юм байна лээ. Гэмтлийн эмнэлгийн хойд талд гар өргөөд би зогссон. Залуу нь “Ах аа Чингэлтэй дүүргийн Зүрх уул руу явах гэсэн юм. Хүний бие муудаад болдоггүй ээ. Та хүргээд өгөөч” гэхээр нь харсан чинь бөөлжиж байгаа бололтой нэг охин сууж байсан. За тэг тэг гээд суулгатал харин замдаа өвдөөд, төрөхөөр болоод. Тэр хавьд машин тэрэг ч зогсохгүй юм. Одоо яах вэ дээ, тэгээд гадуур өмсөж байсан курткандаа ороож эх барьж авсан даа. Хүйг нь харин жижигхэн хутгаар тасалсан. Хүүхэд эх барьж авах тухай мэддэг юм юу ч байгаагүй. Анх удаа л хүүхэд төрж байхыг харлаа, тийм нярай, хөөрхөн амьтныг эх барьж авлаа. Хүүхэд аяндаа л өөрөө гарчихдаг юм билээ. Ээж нь өөрөө мэдээд дүлж байсан. Эмэгтэй хүн төрөхөд янз бүрийн хүндрэл гардаг тухай улсууд яриад л байдаг юм. Хүндрэл гараагүй нь аз л байх даа. Миний аз ч юм уу, хүүхдийн аз ч юм уу /инээв/ .Хорвоод мэндэлсэн тэр нялх амьтныг дээрээс харж үзсэн байх аа л гэж бодож байна.

-Их сандрав уу. Юу бодогдож байсан бэ?

-Их айж сандарсан. Ер нь аймар юм байна лээ. Хаашаа хандахаа мэдэхгүй л болчихдог юм байна. Хажууд байсан ажлынх нь залуу сандарч, машин тойрч, зугтаж гүйгээд. “Би орохгүй ээ. Та ор” гээд байсан /инээв/. Ээж охин хоёр эсэн мэнд амаржсаны дараа 103 руу ярьсан чинь Чингэлтэй дүүргийн харьяа юм байна. Нэгдүгээр эмнэлэг дээр авч ирж өг гэсэн. Хайлаастын замаас Нэгдүгээр эмнэлэг рүү битүү түгжрэл. Урсгал сөрөөд, 32 дугаар тойрог хавьд явж байтал араас түргэний тэрэг ирж байна гэж залгаад тэндээ хүлээсэн.

-Таныг гараад тусламж дуудах үед ойр орчимд байсан хүмүүс их уурлаж, ундууцсан гэсэн үү?

-Тийм тийм. 32 дугаар тойргийн автобусны буудал дээр түргэний машин ирж байна уу, үгүй юү гэдгийг харах гээд гадагшаа гараад, машин дотор хүн төрчихлөө, түргэний машин ямар удаан ирдэг юм бэ гээд орилтол өөдөөс “чи согтуу юм уу” гэж байсан. Уг нь нас тогтсон л хүмүүс байсан. Хүүе, яав ийв гэмээр л юм. Түргэний машин ирсний дараа л хүмүүс үнэмшиж, зураг хөрөг авч эхэлсэн. Түүнээс өмнө бол хэн ч туслаагүй. Ганцхан цагийн дотор л ийм их юм болж өнгөрлөө дөө /инээв/. Ээж нь хүүхдээ төрүүлэх гэж 30 гаран минут болсон. Орой гэртээ ирээд машиныхаа ард талын суудлыг цэвэрлээд шөнө бараг хоёр цагт л унтсан даа. Өглөө нь би эх, охин хоёрыг эргэх гээд 103 руу ярьж байсан юм. Найм, есөн цагийн үед энд тэндээс утасдаад “та хүүхэд эх барьж авсан уу?”, “чи фэйсбүүк дээр од болжээ” гэж найз нөхөд залгаад эхэлсэн дээ /инээв/.

-Өмнө нь та эмэгтэй хүн төрж байхыг харж байсан уу?

-Өө үгүй. Огт харж байгаагүй. Нулимс бол өөрийн эрхгүй л гардаг юм билээ. Эх хүн гэдэг их хэцүү байдаг юм байна гэдгийг л биеэрээ ойлголоо. Хүн хорвоод мэндэлнэ гэдэг ер нь л их хэцүү байдаг юм байна. Хүүхдээ төрүүлэх гээд хичээж байгаа эх хүнийг харахаар нүд халтирмаар л байдаг юм билээ. Яахаа ч мэдэхгүй. Бушуухан машинаа зогсоочихоод, курткаа шүүрч аваад хүүхдээ эх барьж, хүйг нь тасалсан даа. Дээр үед хүмүүс ярьдаг байсан шиг нь хүйг нь уртхан авдаг юм гэсэн шүү юм бодоод л авсан.

-Эх, охин хоёртой уулзах үед ямар санагдсан?

-Уулзсан уулзсан. Эмнэлэг дээр очиж цэцэг өгсөн. 3кг 100гр охин төрсөн. Хоёр дахь төрөлт нь гэсэн шүү. Ээжид нь би хэлсэн юм. Онгоцонд хүүхэд төрвөл 18 нас хүртлээ тэр хүүхэд онгоцонд үнэгүй явдаг гэсэн. Галт тэргэнд төрсөн бол ч адилхан. Таксинд төрсөн юм чинь хэрэгтэй үед нь очиж үйлчилнэ дээ /инээв/.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Танайх ам бүл хэдүүлээ вэ?

-Би 1961 онд Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн хүн байна. Одоо Налайх дүүргийн зургадугаар хороонд харьяалагддаг. О.Тлейханы нэрэмжит Барилгын политехник коллежийн оюутны байранд гурав дахь жилдээ жижүүр багш хийж байна. Гэр бүлийн хүн маань тэтгэвэртээ гарсан. Үр хүүхэд, ач зээ нараа хараад гэртээ байгаа. Би таван хүүхэдтэй. Гурав нь охин, хоёр нь банди. Бас есөн зээтэй. Өнөөдөр бас давхар баяр болж байна. Отгон хүү маань өнөөдөр 12 дугаар ангиа төгсөөд, гэрчилгээгээ сая аваад ирлээ. Давхар давхар баяртай л сууж байна. Ер нь бурхан цаанаас нь харсан байхдаа л гэж бодож байна. Би ч өмнө нь нялх хүүхдэд ойртож үзээгүй байсан юм. Олон хүүхэдтэй ч нярай хүүхдэд ойртож байгаагүй. Хүүхдүүдийг маань миний хань л өсгөсөн. Ой гарантай болоод ирэхээр нь л хүрдэг юм. Гэтэл биеэрээ мэдэрч үзлээ. Ер нь эмэгтэй хүн төрнө гэдэг маш их тэвчээр хатуужил шаарддаг аж. Гурван охинтой учраас охидоо л их бодлоо. Яг хүүхэд гарч ирээд, хоёр гараараа бариад авахад нүдний нулимс асгарч байсан шүү. Надад чинь хоёр ихэр хөөрхөн зээ бий. Найман эрэгтэй зээ, ганцхан охин зээтэй. Ганц охин зээ маань энэ гэрийн дагина, энэ айлын бурхан шүү дээ. Өнөөдөр миний машины дугаар явдаггүй өдөр. Тээврийн цагдаагийн албаныхан намайг эмнэлгээс машинаа унаад харихыг зөвшөөрсөн. Буянтай үйл хийсэн болохоор тэгсэн байх. Дэм дэмэндээ тэгээд болно доо.

Б.ГЭРЭЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *