Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулагдах тов гараад байгаа. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтан М.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн ЭЕШ өмнөх жилүүдийнхээс онцлогтой болох болов уу?
-Энэ жилийн ЭЕШ-ын хувьд манай элсэгчдэд болон шалгалтыг зохион байгуулж байгаа Боловсролын үнэлгээний байгууллагын хувьд их өөр сорилт дагуулсан онцлог шалгалт болж байгаа юм. Энэ жилийн шалгалтыг бид ариутгал халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйн их өндөр дэглэмийн дор зохион байгуулахаар ажиллаж байна.
-Улсын хэмжээнд ЭЕШ өгөх нийт хичнээн хүүхэд байна вэ?
-Улсын хэмжээгээр бүртгэлийг бид хоёрдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлүүлсэн. Бүртгэл дуусахад нийтдээ 30900 хүүхэд бүртгүүлсэн байна. Эдгээр хүүхдүүдийн 28 мянга нь энэ жил ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байгаа бол 2900 нь өмнөх онуудад ЕБС-ийг төгссөн боловч их дээд сургуулиудад хараахан элсч амжаагүй хүүхдүүд юм. 30900 хүүхэд давхардсан тоогоор 100 мянган шалгалт өгөхөөр байна.
-Суудлын хуваарилалтыг хэрхэн хийсэн бэ?
-Энэ жилийн шалгалтад зориулсан суудлын хуваарилалтыг өнөөдрөөс (өчигдрөөс) хүүхдүүдэд хүргээд явж байна. Энэ жилийн шалгалтын суудлын хуваарилалт өмнөх жилүүдээс илүү онцлогтой болсон. Жишээлбэл, тухайн хүүхдийн шалгалтад ирэх цаг, хугацааг нарийвчлан зааж өгөхөөс гадна яг шалгалтын байранд ирэх цагийг тусгайлан зааж өгсөн. Мөн шалгалтын байранд нэвтрэх хэсгийг зааж өгсөн байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу нэг дор олон хүүхэд бөөгнөрүүлэхгүй байх үүднээс шалгалтын байр руу нэвтрэхэд илүү хялбар, илүү хурдан нэвтрэх энэ боломжийг сонгоход нэвтрэх хэсгүүдийг нээж өгч байгаа юм. Зарим сургуулиуд дээр хүүхдийн тооноосоо хамаараад гурван нэвтрэх хэсэгтэй байх бол зарим нь хоёр нэвтрэх хэсэгтэй байна. Нэвтрэх хэсэг дээр ирэхэд нь эрүүл ахуйн үзлэгт хамруулах нэг хэсэг байна. Энэ нь хүүхдийн халууныг хэмжихээс гадна хүүхдийн гаранд ариутгал хийгээд амны хаалт зүүсэн эсэх дээр хяналт тавина. Амны хаалт зүүгээгүй бол зүүлгэх зэрэг ажлыг хийгээд сургууль руу нэвтрүүлэх эхний алхам нээгдэж байгаа юм. Хүүхэд эрүүл ахуйн хэсгээс гараад метал илрүүлэх буюу шалгах хэсэгт очно. Энэ хэсэгт хүүхдүүд маань шалгалтын журмын дагуу хориглогдсон зүйлс, өөр бусдад саад болж болзошгүй эд хэрэгсэл байгаа эсэхээ шалгуулна. Үүний дараагаар шалгалтад ороход шаардлагатай дөрвөн төрлийн бичиг баримтыг бүрдүүлсэн эсэхийг, тухайн хүүхдийн зураг нь тохирч байгаа эсэх зэрэг илүү нарийн шалгалтуудыг хийнэ. Хэрвээ тухайн нөхцөл байдал дээр хүүхэд маань ямар нэгэн байдлаар халуурсан ч юм уу эсвэл ханиадны шинж тэмдэг илэрвэл шалгалтын байран дотор урьдчилан бэлтгэсэн тусгаарлах байранд оруулна. Тухайн хүүхдийг огт шалгалт өгүүлэхгүй биш тэр сургууль дотор ажиллаж байгаа эмчийн хяналтан доор тусгаарласан анги танхимд шалгалт өгөх юм.
-Нэг хүүхдийг шалгалтын байранд нэвтрүүлэхэд ойролцоогоор хэдий хэмжээний хугацаа зарцуулахаар байна?
-Бид ачааллыг тооцож үзсэн байгаа. Тухайлбал, дор хаяж гурван нэвтрэх хэсгээр хүүхдүүд орно. 10:40 цагт нэгдүгээр хэсгээр хүүхдүүд нэвтрүүлж байхад тухайн цагт хоёрдугаар хэсгээр хүүхдүүд нэвтрүүлж байж болно. Энэ бол нэг цагийн дотор хүүхдүүдийг олон сувгаар дамжин ороход л зориулан хийгдэж байгаа юм. Мөн бид шалгалт хоорондын хугацааг тооцож үзсэн. Энэ жилийн шалгалтууд дор хаяж хоорондоо зургаан цагийн зайтай байгаа. Тэгэхээр энэ шалгалт хоорондын хугацаа маань бүх үзлэг шалгалтыг явуулахад хүрэлцэхүйц хугацаа гэж үзэж байна.
-Хэрвээ хүүхэд ямар нэгэн байдлаар тусгаарлалтад орвол нэг хүүхэд нэг ангид нэг эмчтэй байна гэсэн үг үү? Тусгаарлалтад орвол нэг ангид ойролцоогоор хэдэн хүүхэд байх вэ?
-Бид нэг ангид ширээ хоорондын зайг 1,5-2 метрийн зайтай байхаар тооцож үзсэн. Тусгаарлах ангидаа ямар ч байсан дөрвөөс хэтрүүлэхгүй хүүхэд байлгахаар зорьж байгаа. Стандартын хувьд. Магадгүй нөхцөл байдал хүндрээд дахиад хүүхэд нэмэгдэхээр байж болзошгүй. Тийм учраас нөөц хоёрдугаар ангийг бэлтгэсэн байгаа. Үүнийг тусгаарлах нөөц анги гэж нэрлэсэн ба нийт тусгаарлах хоёр анги байгаа гэж ойлгож болно. Ямар ч байсан эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн асуудлыг гайгүй шийдвэрлэчихэж болох байх гэж үзэж байна.
-Энэ жил цахимаар суудлынхаа хуваарийг авч байгаатай холбоотойгоор элсэгчид яг юуг анхаарах ёстой вэ. Ямар заавар зөвлөмжийн дагуу ЭЕШ-д оролцох ёстой вэ?
-Хүүхдүүд шалгалтад ирэхдээ нэгдүгээрт, суудлын хуваарь дээр заасан хугацааг маш сайн баримтлах шаардлагатай.Үүнд манай эцэг эхчүүд сайн оролцох хэрэгтэй. Суудлын хуваарь дээр тухайн хүүхдийн шалгалт өгөх цагийг заахаас гадна аль ангид ямар ширээ сандал дээр суухыг заасан байгаа. Тэгэхээр хүүхдүүд яг энэ хугацаандаа ирж, хүүхэд болгон өөрийнхөө суудлын хуваарьт заасан нэвтрэх хэсгээр л нэвтэрчих юм бол бидний хувьд нэг их ачаалал, хүндрэл үүсэхгүй юм. Тэгэхээр нэгдүгээрт, аль аль талдаа ачаалал үүсэхгүй гэсэн үг. Хоёрдугаарт, хүүхдүүд шалгалтын байранд ирэхдээ дөрвөн төрлийн бичиг баримтыг бүрдүүлж ирэх ёстой. Өмнөх жилүүдийг ажиглаж байхад хүүхдүүд бичиг баримтаа орхиж ирэх, үрэгдэж гээгдүүлсэн асуудал их гаргадаг. Тиймээс үүн дээр манай эцэг эхчүүд, анги удирдсан багш нар анхаарах хэрэгтэй. Хүүхэд болгон амны хаалт зүүж орох ёстой. Шалгалтын анги танхимд хүүхэд болгонд нэг удаагийн бээлий тавьж өгнө. Хүүхдүүдийн ашиглах балын харандаа, баллуурыг Боловсролын үнэлгээний төвөөс тавьж өгч байгаа. Мөн шалгалтын байр болгон дээр сургуулийн эмчээр ахлуулсан ажлын баг, хэсэг ажиллана. Давхар болгон дээр хоёр үйлчлэгч ажиллана. Ингээд сургууль дээр эрүүл ахуйн ариун цэвэр, ариутгал, нийтийн талбай, бие засах газар, анги танхим зэргийг цэвэрлэх, хаалганы бариулыг ариутгах, янз бүрийн дараалал үүсгэхгүй байх талаас нь ажиллах, дотоодын эрүүл ахуйг хангах цоо шинэ баг ажиллаж байгаа юм. Үүн дээр л гэхэд 85 эмч энэ жил шинээр ажилд хуваарилагдаж байна. Мөн 410 гаруй үйлчлэгч улсын хэмжээнд ажиллаж байна. Ингээд 600 орчим хүмүүс зөвхөн эрүүл ахуйн чиглэлээр ажиллаж байна. Сургуулийн гадна талд буюу зохион байгуулалтын хэсэг дээр 12-16 эмч эмнэлгийн ажилтан, зохион байгуулагч нар ажиллана. Энэ хүмүүсээс 500 орчим хүн зөвхөн хүүхдийн биеийн халууныг үзэх, гарын ариутгалыг хийх хэсэгт ажиллана гэсэн үг юм. Үлдсэн 10 орчим багш бичиг баримтыг шалгах, сургууль дотор чиглүүлэг зохион байгуулах, хүүхдэд зөвлөх, туслах ажлыг гүйцэтгэнэ.
-Элсэгчид ямар бичиг баримттай ирэх ёстой вэ?
-Иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэх бичиг баримт, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суудлын хуваарь, бүртгэлийн хуудастай ирнэ.
-Шалгалтын сэдэв даалгаварт өөрчлөлт гарсан уу. Зарим хэсэг хасагдсан гэж байсан?
-Зөвхөн шалгалт зохион байгуулалтаас гадна шалгалтын сэдэв, даалгаварт коронавирус нөлөөлж өөрчлөлт гарсан. Учир нь хичээл, сургалтын үйл ажиллагаа үндсэндээ хоёрдугаар сарын 20-ноос хойш хагас жилийн турш завсардсан. Тиймээс энэ жилийн шалгалтын сэдэв, даалгавар дээр бид сурагчдын 10, 11 дүгээр ангийн агуулгыг бүтнээр нь хамруулах, 12 дугаар ангийнх нь судлаагүй агуулгыг хамруулахгүйгээр зохицуулсан. Мөн энэ жилийн англи, орос, монгол хэлний хичээлүүдийн сонсоод ойлгох даалгаврууд хасагдана. Мөн монгол хэл, бичгийн шалгалтыг хассан. Монгол хэл, бичгийн шалгалт нь задгай даалгавартай учир машинаар засах боломжгүй, заавал багш нар гараар засдаг тул цаг их орох байсан. Гэтэл ЭЕШ долдугаар сарын 5-нд дуусаад их, дээд сургуулиуд 8-9-ний өдрүүдэд элсэлтээ зохион байгуулах урьдчилсан товтой байсан тул цуцлах нь гарцаагүй байсан.
-Танай төвөөс элсэгчдэд зориулаад зөвлөгөө заавар гаргасан уу?
-Бидний хувьд долоо хоног бүрийн лхагва гаригт бүртгэлд хамрагдсан хүүхэд болгоныхоо и-мэйл хаяг руу нь захидал бичиж байгаа. Энэ нь ЭЕШ-д хэрхэн бэлдэх зөвлөмжүүд, видео хичээлүүд, онлайн давтлагууд, сүүлийн 2017, 2018, 2019 оны сэдэв даалгавруудыг зөв хариу, бодолтынх нь хамт явуулж байгаа юм. Долоо хоногийн гурав дахь өдөр болгон хүүхдүүдэд зөвлөмж, туслах арга хэмжээнүүд байнга явагдаж байна. Түүнээс гадна help.eec.mn шинэ цахим хаягийг нээж ЭЕШ-тай холбоотой бүх мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн байгаа. Мөн тухайн сайт руу хүүхдүүд дата ашиглалгүй орох боломжтой.
Б.МЯГМАРБОЛОР