Энэтхэг-Хятадын хилийн маргаантай бүс нутаг болох Ладак мужид мягмар гаригт шилжих шөнө мөргөлдөөн гарч 63 цэрэг амиа алджээ. Тодруулбал, Галван хөндий дэх Пангонг-Цо нуурын орчимд гарсан тулааны үеэр Энэтхэгийн 20 цэрэг амиа алдаж, 17 цэрэг хүнд шархаджээ. Хятадын талаас ямар ч хохирол учраагүй гэж мэдэгдэв. Харин “ANI” сонины онцолсноор Хятадын талаас 43 цэрэг амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Энэтхэгийн эрх баригчид Хятадын талыг хоёр улсын хоорондын Хилийн хяналтын шугамын тухай зөвшилцлийг зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Мөргөлдөөн гарсан бүс нутаг нь Энэтхэгийн талаас Ладах муж, Хятадын талаас Аксайчин мужийн дунд оршдог. Тус хоёр улсын хооронд газар нутгийн маргаанаас үүдсэн хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөн гарч байв. 1961-1962 онд болсон ширүүхэн тулаан нь дайнд хүргэж байжээ. Энэхүү маргааны гол учиг нь Британийн колоничлогчдын 1914 оны үед Энэтхэг, Хятадын хил орчимд татсан “Мак Махоны шугам” гэгчээс үүдэлтэй. Хятадууд “Энэ шугамыг татсанаараа энэтхэгчүүд анхнаасаа Хятадын мэдэлд байсан Өмнөд Төвөдийн нутгийг авсан” гэж гомдоллодог аж. Энэхүү шугамын дагуу 700 км үргэлжилдэг нутгийг өөрийн эзэмшлийнх гэж тооцсоор ирсэн. Энэ нь 80 мянган ам хавтгай км талбай бүхий нутаг дэвсгэр юм. Харин өнгөрсөн тавдугаар сараас БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми Галван хөндий дэх цэргийн тоогоо огцом нэмэгдүүлж эхэлсэн нь бүс нутгийн асуудлыг хурцатгасан юм. Хятадын цэргүүд Пангонг-Цо нуурын орчимд төвлөрч цэргийн харуулын байгууламж, нуувч, онгоц газардуулах зурвас зэргийг байгуулсан. Харин Энэтхэгийн зүгээс газар нутгийг нь булаан эзлэх гэсэн түрэмгийлэл хэмээн буруутгасан юм. Улмаар сүүлийн нэг сарын хугацаанд маргаантай бүсэд тогтворгүй байдал өрнөөд байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 7-нд хилийн цэргүүд хоорондоо зөрчилдөн, гардан тулаан хийж байв.
Талууд хилийн маргааныг энхийн замаар шийдвэрлэх зорилгоор хилийн бүсэд нэг бус удаа уулзалт зохион байгуулж байв. Хамгийн сүүлд, өнгөрсөн ням гаригт харилцан хил зөрчихгүй, зэвсэгт мөргөлдөөн гаргахгүй байх тохиролцоонд хүрээд байсан нь талаар ийнхүү болсон байна. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр Хятадын цэргүүд түрүүлж хил зөрчсөн гэжээ. Одоогоор талуудын аль аль нь хэн түрүүлж гал нээсэн талаар мэдэгдээгүй байна. Ажиглагчдын үзэж буйгаар мөргөлдөөн гарсан бүсэд цаашид ч тогтворгүй байдал удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй” гэж тодотгосон байна. Дашрамд хэлэхэд, Ладак муж дахь хоёр улсын Хилийн хяналтын бүсэд олон тооны гол, нуур, уулс элбэг байдаг тул хоёр улсын хилийн шугам нь одоо ч тодорхой бус хэвээр. Тиймээс хоёр улсын хилийн цэргүүд олон удаа зөрчилдөж байсан ч өнгөрсөн долоо хоногуудад нөхцөл байдал улам хурцадсан юм. Энэтхэгийн зүгээс БНХАУ-ыг Ладак дахь хилийн бүсэд мянга мянган цэрэг байршуулж, Энэтхэгийн эзэшмлийн 38 ам хавтай км талбай бүхий газар нутгийг хууль бусаар эзэмшсэн гэж буруутгасан удаатай аж.
Д.ЦЭРЭНДОЛГОР