Монголчууд эрт дээр үеэс зун, намрын улиралд сүү цагаан идээг, өвөлдөө мах хэрэглэж ирсэн нь цаг агаарын нөхцөл, нутгийн онцлогт тохирсон зөв хооллолт байжээ. Харин сүүлийн жилүүдэд хүмүүс цагаан идээний хэрэглээгээ багасгасан нь ясны сийрэгжилт, шүд цооролт ихсэх шалтгаан болоод буй. Тиймээс байгалийн эм болсон органик бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалцгаая. Сүү цагаан идээ нь шим тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хялбар шингэдэг. Ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Мөн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай. Тэр дундаа тараг, айраг зэрэг исгэлэн бүтээгдэхүүн нь ялзруулагч нянгийн үйл ажиллагааг саатуулдаг тул эмчилгээ сувиллын зориулалтаар өргөн хэрэглэх нь бий. Тараг нь аминдэм, пептид, амин хүчил, глюкоз, лактулоз зэрэг биед тустай нэн хэрэгцээтэй олон төрлийн биологийн идэвхт бодисыг агуулдаг тул яс бэхжүүлэх, хоол шингээх, нойр хүргэхэд тустай. Нэг гэм нь цагаан идээ хэрэглэх үед өтгөн хатах талтай. Энэ нь монголчуудын хоол хүнсэнд магни бага агуулагддагтай нь холбоотой юм. Тиймээс үүнийг нөхөх зорилгоор зэрлэг жимс, сонгиныг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг байж. Өтгөн хатахгүй байх нэг шалтгаан шингэн ихээр уух. Гэхдээ уухад учир бий. Нэг дор ихээр биш, шимж уух хэрэгтэй. Түүнчлэн цагаан идээ нь уураг, өөх тосоор баялаг тул зуны улиралд махыг орлох боломжтой аж.
Д.ЦЭРЭНДОЛГОР