Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Болдсайхан: ЭЕШ-ын материал огт задарч байгаагүй

“Боловсролын үнэлгээний төв”ийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай элсэлтийн ерөнхий шалгалтын тухай ярилцлаа.


-Энэ жил улсын хэмжээнд хичнээн хүүхэд ЭЕШ-д бүртгүүлсэн бэ?

-Нийт 30902 хүүхэд эЕШ өгөхөөр бүртгүүлсэн. үүнээс 2903 хүүхэд нь өмнө жил төгссөн хүүхдүүд. их, дээд сургуульд хараахан орж амжаагүй хүүхдүүд гэсэн үг. Харин 27999 хүүхэд нь энэ жил төгссөн сурагчид. Одоогоор шалгалтын хуваарь болон зөвлөмжүүдийг бсШусЯ-д батлуулахаар хүргүүлчихсэн байна. батлагдсаны дараа суудлын хуваарь болон бүх зөвлөмжүүдийг сургуулиудад хүргүүлнэ.

үүхдүүд ихэвчлэн ямар хичээлээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна вэ?

-Ер нь жилийн жилд математик, нийгмийн ухаан, англи хэл гэсэн гурван хичээлээр түлхүү шалгалт өгдөг. жишээлбэл, энэ жил математикийн шалгалтыг 22550, монгол хэл 13296, англи хэл 20344, нийгмийн ухаан 19819 хүүхэд тус тус шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Мөн статисктик мэдээллээр эЕШ өгөх хүүхдүүдийн 44 хувь нь эмэгтэй, 56 хувь эрэгтэй гэсэн судалгаа байна.

-Коронавирус гарсантай холбогдуулан ЭЕШ авах журамд ямар өөрчлөлтүүд гарч байгаа вэ?

-Коронавирустэй холбоотойгоор өөрчлөлтүүд нэлээн гарсан. Жишээлбэл, нэг ангид байх ширээ хоорондын зайг 1.5-аас хоёр метрт байрлуулахаар төлөвлөсөн. Ингэхээр нэг ангид хамгийн ихдээ 12 хүүхэд сууж шалгалтаа өгнө. Урьд жилд 50 шалгалтын байр бэлдсэн бол энэ жил 85 шалгалтын байр бэлдсэн. Үүнээс гадна англи хэл, монгол хэл, орос хэлний сонсох чадварын дасгалууд шалгалтын хөтөлбөрөөс хасагдсан.

-Энэ жил сургалтын үйл ажиллагаа тасалдсантай холбоотойгоор заавал судлах хичээлүүдийн үзэж амжаагүй агуулга, хэсгийг мөн хассан байсан?

-Өвчин гарснаас хойш БСШУСЯ-ны дэргэдэх байгууллагууд эрвийх дэрвийхээрээ ажиллаж онлайнаар хичээллэсэн боловч тэр нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгөөгүй. Жишээлбэл малчин айл, алслагдсан бүс нутаг, хил, заставын хүүхдүүдэд тэр бүр онлайн хичээл хүрэх боломж байхгүй шүү дээ. Ийм учраас ЭЕШ-д ордог арав болон арваннэгдүгээр ангийн заавал судлах агуулгын хүрээнд буй судалж амжаагүй агуулгыг шалгалтад оруулахгүй.

-ЭЕШ-ын сэдэв задарсан гэх яриа жил бүр эцэг эхчүүдийг бухимдуулдаг шүү дээ?

-Энэ бол байнга л яригддаг яриа. Өмнө жилүүдэд гарсан ЭЕШ-ын материал задарсан гэсэн мэдээлэл бол худлаа. Жишээлбэл, Дорж гэдэг хүүхэд ЭЕШ өгөхөд түүний төлөө хэдэн хүн санаа зовох вэ. Мэдээж ээж, аав, ах, эгч, дүү таньдаг бүх хүн л санаа зовж анхаарал хандуулна. Бодоод үзэхэд нэг жилд ЭЕШ өгч байгаа хүүхдүүдийн төлөө ойролцоогоор 200 мянга гаруй хүн шалгалтын үр дүнд анхаарал тавьж санаа зовдог. Бүр сонгуулиас илүү үүнд л санаа зовдог. Эцэг эхчүүдийн хувьд хэн сонгуульд ялах нь бус хүүхдээ ЭЕШ-д нь тэнцүүлж их, дээд сургуульд оруулах нь амин чухал байдаг шүүү дээ. Жишээлбэл, энэ жил 22 мянган хүүхэд математикийн шалгалт өгнө. 22мянга орчим хүүхдээс шалгалтад өндөр үр дүн үзүүлэхгүй хүүхдүүд гарна шүү дээ эндээс. Тэр хүүхдүүдээс ЭЕШ-ын сэдэв задарсан гэсэн яриа үүсгэдэг. Нөгөөтэйгүүр хэн нэгний өндөр оноо авах хүсэл дээр нь тулгуурлаад худлаа ярьж ашиг олох гэсэн сонирхолтой хүмүүс байдаг. Энэ хүмүүс нийгэмд бухимдал үүсгэдэг.

-Тэгэхээр шалгалтын сэдэв задруулахгүйн тулд ямар арга хэмжээ авч ажилладаг юм бэ?

– Утасны сүлжээ ордоггүй, нууцлагдсан газруудад пост ажиллуулж БҮТ-өөс хүмүүс ажиллуулдаг шүү дээ. Постууд өчигдрөөс ажиллаж эхэлсэн. Цэгүүд дээр ойролцоогоор 70 орчим хүн ажиллана. Мөн бид цагдаагийн ерөнхий газрын нийгмийн хэв журмын зохицуулах хэлтсийнхэнтэй хамтарч ажилладаг. Нэг ёсондоо бидний боловсруулсан ЭЕШ-ын материалыг цагдаагийн газрын тусгай алба хариуцаж аваад түгээдэг. Хүмүүс ашиг олохын тулд худлаа хэлдэг. Тэгэхээр бид нийгэмд учирч болзошгүй аюулаас урдчилан сэргийлэхийн тулд кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагтай хамтарч ажиллан яриа, таниулга хийгээд худлаа мэдээллүүдийг устгуулдаг. Үүн дээрч мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамтарч ажиллаарай гэж хэлэх байна.

-ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой санал гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Хуучин шууд хэлбэрийн шилэн технологи нэвтрээгүй үед БҮТ төв дээр бүх өргөдлийг нэгтгэж асуудлыг шийдвэрлэдэг байсан. Өнгөрсөн жилээс бид шууд хэлбэрийн шилэн технологид шилжиж хариуг нь тэр дор нь өгдөг болчихсон. Харин тухайн анги танхимд ажиллаж байсан хянагч багшийн буруутай үйл ажиллагаанаас хохирсон зүйл болвол тухайн үед өргөдлийг нь авч шийдвэрлэж болно.

-ЭЕШ-ын өмнөх босго болох монгол хэлний шалгалтыг энэ жил авахааргүй болсон. Энэ шалгалтад 100-ны 15 хувь нь унадаг гэсэн судалгаа байсан?

-Монгол хэлний шалгалтын босго оноо уг нь 400. Гэтэл 15 хувь нь унадаг. Жишээлбэл, 40 мянган хүүхдээс 600 орчим хүүхэд нь ЭЕШ өгөх боломжгүй болдог. Тэр 600 орчим хүүхэд нь бичиг үсгийн чадамжгүй байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ шалгалт нь ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийн мэдлэгийн цензурыг тогтоосон үнэхээр үр дүртэй шалгалт. Энэ шалгалтыг авдаг болсноос хойш бүх хүүхдүүд эх хэлнийхээ боловсролд анхаардаг болсон.

-Тэгэхээр энэ жил монгол хэлний босго шалгалтаа өгөөгүй 600 гаруй бичиг үсгийн боловсрол тааруу хүүхдүүд шууд ЭЕШдаа орно гэсэн үг үү?

-Тийм . Гэхдээ монгол хэлэндээ тааруухан хүүхдүүд математик, монгол хэл, физикийн хичээлээ гүнзгийрүүлж үзэж чаддагүй байхгүй юу. Энэ том асуудал. Анхнаасаа, бага ангиасаа хичээлээ идэвхтэй сайн суралцах хэрэгтэй гэсэн л дохио.

-Энэ жил их, дээд сургуулиудын босго оноонд өөрчлөлт орж байгаа юу?

-БСШУСЯ-ны дээд боловсролын бодлогын газар, их, дээд сургуулийн консерциумаас журам гаргасан. Түүнд төрийн өмчийн их , дээд сургуулиудын босго оноо 480, хувийн хэвшлийн их дээд сургуулиуд 410 гэж тогтоосон байсан. Харин хөдөө орон нутгийн их, дээд сургуулиудын босго оноог 400-гаар тогтоосон байна.

– Энэ жил хичнээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ЭЕШ өгч байгаа вэ. Мөн шалгалт өгөх байр, хангамж, хэрэгслийг нь хэр бэлдсэн бэ?

-Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй 27 хүүхэд ЭЕШ өгсөн. Эдгээр хүүхдүүдийн гурав нь МУБИС-д тусгай мэргэжил, боловсролын чилэлээр суралцаж байгаа. Харин энэ жил 12 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Байр, хэрэгслийн хувьд 100 орчим хүүхэд шалгалт өгөх бололцоотой. Жишээлбэл, хараагүй хүүхдэд зориулсан баррель үсэг, сонсголын бэрхшээлтэй хүүхдэд аппаратнаас эхлээд бүх хэрэгслүүд бий. Ер нь бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ЭЕШ-ыг тогтмол Хоёрдугаар сургууль дээр зохион байгуулдаг. Хоёрдугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүнд орох гарах хаалга, ариун цэврийн өрөө гээд зориулагдсан бүх зүйл бий.

-ЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүд юун дээр анхаарвал зохимжтой вэ?

-Хүүхдүүдийн хамгийн их гаргадаг алдаа бол шалгалт өгөх газраа андуурч очдог. Суудлын хуваарь, дээр нь хаана шалгалт өгөх, хэдэн цагаас аль орцоор орох вэ гэдэг нь бичээстэй байхад уншилгүйгээр төгссөн сургууль дээрээ оччихдог. Тэгэхээр шалгалт өгөх гэж байгаа өдрөө бүх ажлуудаа сайн төлөвлө. Замын түгжрэлээс эхлээд. Үүн дээр тухайн хүүхдийн анги удирдсан багш, эцэг эхчүүүд ч анхаарал тавих хэрэгтэй.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *