Categories
мэдээ цаг-үе

Р.Хатанбаатар: Парламентын бүрэлдэхүүн ямар ч байсан хууль батлах үндсэн үүргээ биелүүлэх ёстой

– ҮН ДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХАТУУ БАРЬЯ ГЭВЭ Л УИХ-ЫН ХОЁРДУГААР ТОГТООЛОО Л Д АГАХ ЁСТОЙ –

Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн асан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын дэд хэсгийн гишүүн Р.Хатанбаатартай ярилцлаа.


-Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, дагаж мөрдөж эхэллээ. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд ямар ахиц дэвшил гарав?

-Шинэ Үндсэн хуулийг мөрдөж эхэлснээс хойших он жилүүд Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд нөхцөл байдал эрчтэй, хурдан өөрчлөгдсөн цаг үе байлаа. Үүнийгээ дагаад нийгмийн болоод хуулиар зохицуулах харилцаа өөрчлөгдөх нь дамжиггүй.

Хоёрдугаарт, аливаа хууль, тэр дундаа Үндсэн хуулийг баталснаар түүнийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд хуулиуд дагаж гардаг. Дагаж гарч байгаа хуулиуд нь Үндсэн хуулийн үзэл санааг бүрэн дүүрэн номоор нь тусгаж чадаж байна уу, үгүй юү гэдэг тун асуудалтай байдаг. Зарим хууль үзэл санаагаа бүрэн дүүрэн гаргаж, тухайн харилцаагаа зохицуулж чадахгүй дутагдал гардаг. Энэ бүгд цагийн аясаар илэрдэг. Тиймдээ ч энэ бүхэнд засвар оруулах ёстой. Иймэрхүү шаардлагууд гарч ирсэн тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь гарцаагүй зүйл болж хувирсан.

-2000 онд нэмэлт, өөрчлөлт хийсэн ч дордохын долоон өөрчлөлт гэх гуншинтай болсон. Үнэхээр дордуулсан өөрчлөлтүүд байв уу?

-Тухайн үеийнхээ улстөрийн тулгамдсан асуудлуудыг шийдэхээ нэгдүгээр зорилгоо болгож, яарч хийсэн хууль л даа. Улс төрийн шахалтаар яаруу сандруу хийсэн учраас алдаа дутагдал байдаг. Гэхдээ бүх өөрчлөлтүүд нь дордуулсан юм биш сайжруулсан, нарийвчилсан харилцаа мөн байсан. Ийнхүү 2010 оноос эхлэн Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, зарим харилцаагаа нарийвчлах шаардлагатай гэгдэх болсон. Энэ хүрээнд маш олон эрдэм шинжилгээний хурал болж, хэд хэдэн төслүүд ч гарч ирж байлаа. Парламентын түвшинд ч их яригдсан. Энэ бүх зүйл цэгцэрч явсаар байгаад 2017 онтой золгосон. 2017 онд Зөвлөлдөх санал асуулга явуулж, Засгийн газраас ажлын хэсэг байгуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судалсан. Эцэст нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна гэдэг дээр тус ажлын хэсгийн дүгнэлт болоод эрдэмтэн, судлаачид нэгдсэн юм. Иргэдийн дунд явуулсан Зөвлөлдөх санал асуулгаар ч дүгнэлт гарсан. Ингээд л саяын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх ажилд шаргуу орсон доо.

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт та бүхний анх зорьж байсан зорилгод хүрч чадсан уу?

-Анхны төсөл гарч олон нийтээр хэлэлцүүлсэн. Олон нийтийн хэлэлцүүлгийн явцад саналууд гарсан. Энэ хугацаанд Ерөнхийлөгч өөрийн төслөө оруулж ч ирсэн. Анхны төсөл ерөнхий хэмжээгээрээ бол батлагдаж чадсан. Яахав, зарим нэг заалтууд дээр өөчлөлт орсон. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулахтай холбоотой нарийвчилсан заалтууд ерөнхий хэлбэрээрээ орсон юм. Тэгэхээр анхны төсөл 80 хувьтай өөрийн хэлбэрээ хадгалж үлдсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороотой холбоотой харьцаанууд арай бүдэг орсон гэж хэлж болно.

-Тэгэхээр шүүх засаглалд тодорхой ахиц дэвшил гарч чадах уу?

-Тодорхой хэмжээнд үр дүн гарах ёстой. УИХ-ын хоёрдугаар тогтоолд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж гарах хуулиудыг батлан гаргахдаа ямар зүйлд анхаарах ёстой талаар тусгачихсан. Жишээлбэл, Шүүхийн захиргааны тухай хуулийг шинэчлэн найруулах, Шүүхийн сахилгын хорооны тухай анхдагч хуулийг батлах ёстой гэх зэргээр заасан байгаа. Одоогоор эдгээр хуулиуд дээрх хоёрдугаар тогтоолд заасан хэмжээгээр орж ирээгүй байна.

-Ерөнхийлөгч болон Засгийн газраас тус бүр Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Эдгээр хуулиудад Үндсэн хуулийн үзэл баримтлал нь бүрэн утгаараа тусаагүй байна гэж зарим хуульчид шүүмжилсэн л дээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хамгийн гол нь УИХ-ын хоёрдугаар тогтоолд заасан хүрээнд энэ хуулиуд орж ирэх ёстой. Хэрвээ энэ хүрээнд бус өөр маягаар орж ирж байгаа бол нийцэх эсэхийг нухацтай ярих ёстой. Үндсэн хуульд шүүхтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо гэх хоёр байгууллагын асуудал орж ирж байгаа. Эдгээр байгууллагуудын зохион байгуулалт, ажиллах журмыг хуулиар тогтооно гээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заачихсан. Гэтэл энэ бүрэл-дэхүүнийг тодорхойлох механизмыг яаж хийх вэ гэдэг асуудал нэмэлт, өөрчлөлтөөс өөрөөр орж ирсэн. Шүүхийн хороо гэх байгууллага байна, тэр байгууллага ШЕЗ, ШСХ-ны гишүүдийг нэр дэвшүүлнэ гэх зэргээр оруулж ирж байгаа юм. Яахаараа Үндсэн хуулиар заагдсан байгууллагыг байгуулахын тулд Үндсэн хуульд огт нэр дурдагдаагүй Шүүхийн хороо гэх байгууллагыг санал болгож байдаг юм бэ. Энэ нь зарчмын хувьд их тохиромжгүй байгаа биз дээ. Сайн дурын үндсэн дээр шахуу байгуулагдаж байгаа байгууллага Үндсэн хуулийн байгууллага болох ШЕЗ, ШСХ-г нэр дэвшүүлж гаргаж ирнэ гэдэг нь тун зарчимгүй зүйл. Иймэрхүү зүйлүүд байна лээ.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 40 гаруй хууль батлагдах ёстой. Энэ удаагийн парламент хаврын чуулганаар зарим хуульд нь өөрчлөлт оруулж амжсан. Ирэх сонгуулийн үр дүнд байгуулагдах шинэ парламент энэ ажлыг гүйцэлдүүлэх чухал даалгавартай үлдэж байна. Тэд мөн л УИХ-ын хоёрдугаар тогтоолыг зүг чигээ болгох ёстой байх, тийм үү?

-Сая Монгол Улсын Засгийн газрын тухай хууль орж ирсэн. Энэ хуулийг 1993 онд баталж, 70-аад удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тиймдээ ч энэ хуулийг цоо шинээр шинэчлэн найруулж орж ирэх ёстой. Мөн УИХ-ын хоёрдугаар тогтоолд ч тэр шинэчлэн найруулж оруулж ир гэж тусгасан. Гэтэл Засгийн газраас нэмэлт, өөрчлөлтөөр цөөн хэдэн тулгамдсан асуудлыг л хөндөн оруулж ирсэн. Энэ бол хангалтгүй. Тиймээс дараагийн парламент Засгийн газрын тухай хуулийг шинэчлэх л ёстой. 1993 оны 70-аад удаа нэмэлт, өөрчлөлт орчихсон хуулиар яваад байж болохгүй, цаг үе өөр болсон гэж би дээр хэлсэн шүү дээ. Үүнийг сайжруулах, шинэчлэх шаардлага гарцаагүй үүссэн. Үүнтэй адил олон хуулиудад нэмэлт, өөрчлөлт орох ёстой юм. Үндсэн хуулийн Цэцийн хууль 1992 онд батлагдсан. Үүнийг шинэчлэн найруулах хэрэгтэй. Ашигт малтмалтай холбоотой хуулиудыг ч өөрчлөх шаардлагатай. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг хатуу барья гэвэл УИХ-ын хоёрдугаар тогтоолоо л дагах ёстой. Энэ л зүг чиг нь болно.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын дэд хэсгийн зүгээс үүнд хяналт тавих, санаа оноогоо хэлэх эрх нь нээлттэй байх уу?

-Бид иргэний хувиар л байр сууриа илэрхийлэх боломжтой.

-Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой зохицуулалтаа өөрчлөөгүй. Тэгэхээр дараагийн парламент байгуулагдаж, Засгийн газраа бүрдүүлэхэд гацаа үүсэх үү?

-Ээлжит сонгуулийн дараа Засгийн газар шинээр байгуулагдах болоход Ерөнхий сайд эхлээд томилогддог. Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг оруулж ирдэг. Энэ хоёр хуулиа батлуулсныхаа дараа тэрээр танхимаа бүрдүүлэх ажилдаа ордог. Өмнө нь танхимаа бүрдүүлэхдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар томилуулдаг байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулчихаад өөрөө томилдог болж байгаа. Уг нь өмнөх 1992 оны хуулиар бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг оруулж ирэх ёстой байсан болохоос биш хүний асуудлыг зөвшилцөх тухай байгаагүй юм. Үндсэн хуулийн үзэл санааг нь гуйвуулж, хүний асуудлыг давхар яриад явдаг систем тогтчихсон байсан л даа. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр үүнийг тодорхой болгож өгсөн.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тавдугаар сарын 25-наас мөрдөж эхлэхтэй холбоотойгоор Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөх ёстой гэх асуудал гарч ирсэн. Та бүхэн үүнд ямар байр суурьтай байв?

-УИХ-ын хоёрдугаар тогтоол, Дагаж мөрдөх журмын тухай хууль дээр ч бий л дээ. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй зохицуулаад бусад хуулиа батлах ёстой. Батлагдах хүртэл нь хуучин хуулиараа зохицуулагдаж таарна. Батлагдаж байгаа хуулиудыг дандаа ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхдугаар чуулганаас мөрдөнө.

-Энэ удаагийн ээлжит сонгуульд бие даагчид харьцангуй их оролцож байна. Хэрэв бие даагчид, олон намын төлөөлөл төрд гарвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хууль батлах босго өндөрссөнтэй холбоотойгоор парламент үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байх нөхцөл бүрдэх үү?

-Парламентын бүрэл-дэхүүн ямар ч байж болно. Нэг нам давамгайлж, олонхтой, олонхгүй байж болно, эсвэл эрээвэр хураавар ч байж болно. Энэ парламентын сонгуулиар л бий болж байгаа бүрэлдэхүүн. Үндсэн хуульд хууль батлах босгыг парламентын олонх буюу 39-өөс дээш гишүүн байхаар тусгасан. Энэ шаардлагадаа нийцүүлээд байгуулагдсан парламент ажиллах ёстой. Парламентын бүрэлдэхүүн ямар байх нь хамаагүй, хууль батлах үндсэн үүргээ л биелүүлэх ёстой юм. Парламентын олонхоор хууль баталдаг болсноор хуулийн чанарт маш сайнаар нөлөөлнө.

-Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг олноороо хэлэлцэж, санаа оноогоо тусгасан ч гэлээ дутуу гуцуу орхиж, анзаараагүй үлдээсэн зүйл байхыг үгүйсгэхгүй. Үүнийг олж мэдэхэд хичнээн цаг хугацаа шаардлагатай вэ?

-Хуулийн алдаа оноо гэхээсээ илүү хуулийг хэрэгжүүлэхдээ хийж байгаа алдааны асуудал байдаг юм. Жишээ нь, Үндсэн хуулийг дагалдаж гарах хуулиудыг хийхдээ бүх харилцаагаа нарийвлан зохион байгуулж чадаж байна уу, хууль нь нарийвчлагдан гарлаа ч үүнийг хэрэгжүүлж байгаа хүн яс дагаж мөрдөж чадаж байна уу, үгүй юү гэдэг асуудал байдаг. Ямарваа нэгэн харилцаагаа хуулиар бүрэн дүүрэн зөв зохицуулж чадаж байна уу гэдгийг мэдэхэд хугацаа тавихад хэцүү л дээ. Зарим нь тэр дариуд мэдэгдэж байхад, 10, 20 жил шаардагдах нь ч бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *