Categories
мэдээ цаг-үе

Шинэ-Идэр сумын“12А” ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Хөвсгөл аймгийн Шинэ- Идэр сумын ЕБС-ийг 2018 онд төгссөн “12А” ангийнхан оролцлоо. 2007 онд Шинэ-Идэр сумын ЕБС-ийн алтан босгоор алхан орохуйд Б.Дэлгэрмаа багш нь угтан авч “А” үсэг, анхны тоог нь нүдлүүлжээ. Тэд гучин тавуулаа сургуулийнхаа “1А” бүлэгт хуваарилагдан, бие биедээ дасаж, хүүхдийн инээд, шуугиан цалгисан их өргөөнөө 12 жилийн туршид сурах их үйлд шамджээ. 2018 оны хавар Д.Цогзолмаа багшаараа үдүүлэн 23-уулаа сургуулиа төгссөн байна. “Манай ангийнхан сургуульдаа нэр хүндтэй, сурлага, урлаг, спортоороо манлайлан, зан чанар, хандлагаараа багш ажилчдын хүндэтгэлийг хүлээсэн хүүхдүүд байлаа. Арван жилээ төгсөөд ЭЕШ-аа амжилттай өгч Улсын сургуульд 13, Хувийн болон коллежид тав, мөн ОХУ-д нэг хүүхэд суралцаж байгаа” хэмээн анги удирдсан багш Д.Цогзолмаа ярилаа. “Анх оюутан болоход саад бэрхшээлтэй зүйлс нэлээд тохиолдож, сэтгэл санаа тогтворгүй байх үе олон. Тэр үед арван жил хамт сурсан найзуудаа санахын гунигт байн байн автах, мөн гэрээсээ анх удаа хол явсныг ч хэлэх үү удаж тэсэлгүй л уулзацгаадаг байж дээ. Гэр бүл, нутаг усаа санахад арван жилийн найзуудтайгаа уулзаж нэг л дотно мэдрэмжийг хүртдэг байсан сан” хэмээн ангийн охид хууч дэлгэв. “12А” ангийнхан ЭЕШ-аа амжилттай өгснөөр сумдын сургуулиудаасаа нэгдүгээр байрт, харин аймгийн хэмжээнд хоёрдугаар байрт жагсжээ. Тухайлбал, М.Энхзул монгол хэл, бичгээр 800 оноо авч шалгалтын даалгавруудыг 100 хувь гүйцэтгэсэн байна. “Одоо бол оюутны амьдралд дасчихсан. Амралт дөхөхөөр л гэр орон, нутаг ус руугаа яарч догдолдгоо хэдийнэ больсон. Хоол унд, хувцас, сургалтын төлбөр гэхчлэн оюутан байхад мөнгө нэлээд хэрэг болдог. Тиймээс амралтаараа ажил хийж “том” болцгоосон” хэмээн З.Дашням хууч хөөрлөө. “12А” ангиас Д.Энхжаргал ОХУ-д суралцаж байгаа гэнэ. Тэрээр “Ангийнхаа хүүхдүүдийг их санана. Санахдаа цээжин дотроо битүүхэн гуниг тээж, ганцаарддаг” хэмээн гунигтай өгүүлээд “Гэхдээ л эх орондоо ихийг хийж бүтээх ур чадвартай залуу боловсон хүчин болж хөгжихийн тулд ямар ч саад бэрхшээлийг даван суралцах болно” гэв. Тэд ангийнхаа З.Батнямыг ноён нуруутай, амгалан дөлгөөн болсныг гайхах аж. Арван жилд байхдаа их үймүүлдэг, ааштай хүүхэд байсан хэмээн ангийнхан нь ярилаа. Ц.Баттулгын тухайд, тавдугаар ангидаа Шинэ-Идэр суманд шилжиж ирсэн байна. Тухайн үед ангийнхаа хамгийн жижигхэн нь бөгөөд ёстой л “шагай шиг” хүүхэд байжээ. Энэ ангиас хамгийн хурдан хүүхэд нь Г.Гэрэлтуяа байсан аж. Харин З.Дашнямын хувьд, бага байхаасаа л мяраалаг, том биетэй охин байсан бөгөөд ангийнхан нь түүнийг “Лунтик” гэж хочилдог байжээ. “Шинэ-Идэр ЕБС бол бидний бахархал юм” гэсээр яриа дэлгэсэн хөвгүүнийг Н.Дэмбэрэлцэрэн гэдэг. Тэрээр бага ангид байхдаа ангийнхаа онц сурлагатан байжээ. Багаасаа л ном их уншдаг байсан Н.Дэмбэрэлцэрэн өдгөө математикийн багш мэргэжлээр суралцаж байна. Ангийн өөр нэгэн онц сурлагатан нь А.Оюумаа юм. Охид нь Л.Сүхбатыгаа өхөөрдөн “Бага байхдаа намхан мяраалаг ёстой эгдүүтэй хүү байж билээ” хэмээн инээлдлээ. Харин Ү.Дашмягмар арван жилд байхдаа дуугүй, ноомой хүүхэд байжээ. Өдгөө тэрээр цэргийн ангид ахлагчаар ажиллаж байна. Бага ангид байхдаа намхан охин байсан Э.Должинсүрэнг өдгөө өөрсдөөс нь ч өндөр охин болно гэж хэн ч төсөөлөөгүй гэцгээв. Харин С.Дэлгэрмөрөн бага байхын л том биетэй хөвгүүн байсан аж. Биднийг уулзалдсанаас хойш чимээгүй байсан хүүг гайхан асуувал ангийнхан нь “Бага байхын л чимээгүй хүүхэд байсан юм” хэмээн хариулав. Түүнийг Б.Мягмарсүрэн гэдэг. Ангийнхан нь “Найнаа” хэмээн авгайлах Г.Налжирмаа тун ч алиа хошин зантай. Биднийг ярилцан суутал охид хамгийн намхнаа тодруулахаар шийдэж, Д.Энхжаргалыг зарлалаа. Тэр бол ангийнхных нь тодотгосноор спортод сонирхолтой, сэргэлэн цовоо охин. Энэ ангид хоёр Энхзул бий. Эхнийх нь “Унхаа” хочит Х.Энхзул. Харин нөгөөх нь М.Энхзул. Тэрээр төрсөн эгчтэйгээ нэг ангид хамт суралцдаг байсан бөгөөд түүний эгчийг М.Энхцэцэг гэдэг. Тэд хоорондоо ганцхан насны зөрүүтэй. Энэ ангиас Э.Отгонням спортод дуртай, идэвх, санаачилга сайн, өөртөө итгэх итгэлээр халгиж цалгисан хүүхэд. Б.Түвшинбилэг, У.Шаравнямбуу, М.Мөнхбат, Л.Хишигбат, Э.Чанцалдулам нар эх орондоо ихийг хийж бүтээх ирмүүн хүсэл тэмүүлэлтэй гэгээлэг залуучууд. Тэд цээжиндээ алс хэтийн мөрөөдлөө тээж, гэгэлгэн догдолж яваа. Сурч, бүтээхээр амьдралын өрнөлд алхаж яваа энэ залуус Монголын ирээдүй. Мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, гэгээн, гэгэлгэн бодлуудаа дотроо тээн алхаж яваа өнгөлөг залуус.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *