Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Томоохон төслүүдийг хөдөлгөхөд ДНБ-ийг 40 тэрбум ам.долларт хүргэх боломж бий

“Монголоо шинэчилье” клуб, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран “Монгол хүний бодит орлогыг дунд хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх” зорилготой “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” үндэсний санаачилгыг эхлүүллээ. Энэ талаар “Монголоо шинэчилье” клубийн тэргүүн Д.Ганхуягтай ярилцлаа.


-“Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлбэл зохих нэн тэргүүний ажил нь юу байх вэ?

-Ганцхан жишээ хэлэхэд, Ган үйлдвэрлэх цогцолбор барих боломжтой. Монгол Улс коксжих нүүрс, төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортолж жилд ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларын орлого олж байна. Уг нь энэ түүхий эдээр ширэм хийгээд экспортлоход 5.6 тэрбум ам.долларын орлого болж 2.2 дахин нэмэгдэхээр байна. Цаашлаад ган хийж экспортлоход энэ орлого дөрөв дахин буюу 20 орчим тэрбум. долларын орлого олно. Гэтэл эрх баригчид боловсруулах үйлдвэрээсээ таван хувийн АМНАТ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) авна гэсэн хууль гаргачихаар энэ салбарын боловсруулах үйлдвэр бүгд хаалгаа барьж байх шиг байна. Монгол Улс үргэлж аль нэг орны түүхий эд бэлтгэгч орон байх ёстой гэж үү. Үгүй шүү. Энэ нь бол цэвэр нүүрс, төмрийн хүдрийг түүхийгээр нь экспортлогчдын лобби болов уу гэж хэлэх байна. Эсхүл түүхий эд хүлээн авагч орны ширэм, гангийн боловсруулах үйлдвэр эрхлэгчидийн лобби байх.

Тиймээс энэ төсөлд харьцангуй сайн технологи, менежмэнт шаардлагатай тул манай хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлсэн нь дээр. Зөвхөн энэ төслийг голдиролд нь оруулахад л ДНБ маань 18 тэрбум ам.доллараар нэмэгдэж манай нийт эдийн засаг 30 гаруй тэрбум ам.доллар болно. Ашигт малтмал дуусдаг тул бүгдийг нь боловсруулалгүй түүхийгээр экспортлоод байх нь харамсалтай юм. Уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхэд шинэ нисэх онгоцны буудлыг яаралтай ашиглалтад оруулж, худалдаа, үйлчилгээ, санхүүгийг чөлөөт бүс байгуулах шаардлагатай юм. Ингэснээр ХАА улмаар МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэж экспортлох боломжтой болно.Коронагаас өмнө Агаарын тээврийн салбарын өсөлт өндөр байсан. Цаашид онлайн худалдаа маш хурдацтай хөгжихөөр болж байна.Тиймээс Монгол Улс энэ боломжоос хоцорч болохгүй юм. Олон улсын зангилаа Шинэ олон улсын онгоцны буудал барих санаачилгыг анх гаргасан хүмүүсийн нэг нь би юм. Азийн Монгол Улсын агаарын хил Европ болон хойд Америкийн тэг дунд байдаг. Тиймээс далайд гарцгүй Монгол Улсын тухайд агаарын тээвэр бол хөгжлийн том гарц, давуу тал гэж хэлэх байна.Иймд Мөн энэ санаачилгад орсон болон бусад төслүүд улс төрийн зөвшилцөл болон төр засгийн шиййдвэрийг хүлээсээр байна.

-“Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ДНБ-ийг 40 тэрбум ам.долларт хүргэх, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам. долларт хүргэх, дундаж цалинг 1000 ам.долларт хүргэх гэсэн гурван зорилт бий. Энэхүү зорилтод хүрэхийн тулд нэн тэргүүнд ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

-Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 13.7 тэрбум ам.доллар байгаа. Уг нь ган төмөрлөгийн төсөл, нефть-химийн аж үйлдвэр барих,шинэ нисэх онгоцны буудалд түшиглэсэн чөлөөт бүс байгуулах, Замын-Үүд дэх эдийн засгийн чөлөөт бүсийг хөдөлгөх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхэд л дотоодын нийт бүтээгдэхүүн 40 тэрбум ам.доллар хүрэх боломжтой. Хэрэв ДНБ 40 тэрбум долларт хүрчихвэл нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.доллар болно. Улмаар дундаж цалин (төрийн албан хаагч, багш эмч нарын цалин)1000 ам.доллар болох боломжтой. Ингэснээр монголчуудын амьдралын чанар дэлхийн дундаж түвшинд хүрнэ. Ингэснээр дундаж орлоготой иргэд нь олонх болсон чинээлэг иргэний нийгмийг цогцлоох 3.3 сая монголчуудын зорилт биеллээ олох юм.

-Томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхэд улсын төсөвт боломж бий юү?

-Улсын төсвөөр хийх шаардлагагүй. Харин хувийн хэвшлийн хүч дутах төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг төр, хувийн хэвшил хамтарч хэрэгжүүлэх нь зохистой.Төр оролцох шаардлагагүй бусад төслүүдийг хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаар хийлгээд төр хяналтаа сайн тавиад явдаг нь ардчилсан, зах зээлийн эдийн засагтай улс орнуудын жишиг билээ.

-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын төрд итгэх итгэл нь багасч байгаа. Үүнд юу голлох нөлөөг үзүүлж байна вэ?

-Оюу толгой төслийг тойрсон маргаан манай улсад багтахаа байгаад олон улсын түвшинд хүрсэнтэй холбоотой. Оюу толгой компани дахь 34 хувийн менежмэнтээ хийж чадахгүй байна. Сонгуулиар Засгийн газар солигдох болгонд улс төрийн намууд энэ компанийн ТУЗ болоод Эрдэнэс Оюу толгой компанид бараг бизнес хийж үзээгүй, мэрэгжлийн бус хүмүүсээ шахчихдаг. Ингээд нөгөө дүү л нь тэнд Оюу толгой компанийн худалтан авалтыг сонирхохоос өөр юм хийдэггүй, дарга нараараа амаа үдүүлээд суучихдаг. Уг нь эх орноо гэсэн сэтгэлтэй ЖДҮ-ийн бизнес эрхлэгч ч энэ ажлыг хийж чадна. Тэгсэн мөртлөө УИХ дээр байнга энэ төслөө шүүмжлээстэй. Энэ төслийг ингэж улстөржүүлж болохгүй.Эндээс гол буруутай нь манай төр, засаг байгаа биз. Дубайн гэрээ л гэнэ. Энэ гэрээг хийхэд манай буюу Н.Алтанхуягийн Засгийн газар огцроод АН болон МАН-н хамтарсан Засгийн газар ажиллаж байсан үе. Энэ засгийн газар буюу тэр үеийн сангийн яам нь ил уурхайг бүтээн байгуулах зардал нь 60 гаруй хувиар хэтэрсэн байхад тэрийг нь хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын ногдол ашгаа авч эхлэх хугацаа 18 жилээр хойшилсон байхаа. Өөр нэг маргаан нь социализмын 70 жилд Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоочихсон стратегийн орд( одоогоор 15 орд)-ууд. Энэ ордуудаас одоо байгаа нь Таван толгой, Баян-Өлгий аймагт байдаг Асгатын мөнгөний, Эрдэнэт, Багануур болон Шивээ-Овоогийн орд хагас хугас нь байх шиг байна. Бусдыг нь улс төр эдийн засгийн бүлэглэл бараг бодийг нь хөтөлчихсөн. Ард түмнийг төлөөлж буй Засгийн газар стратегийн ордуудын хувьцаа эүэмшигч байснаар татвараас гадна яг Эрдэнэс Таван толгой компани шиг ногдол ашиг авах юм.Тэгснээ Баялгийн сан байгуулаад ашиг хуримтлуулаад тэрнээсээ хуваарилалт хийнэ гэж улс төрийн намууд амлаад л байх юм аа. Мөн хөрөнгө оруулалтын орчны тогтвортой, таатай,өрсөлдөх чадвартай байдал их чухал юм аа. Түүнээс гадна монгол төгрөгийн ханш өнгөрсөн дөрвөн жилд 40 гаруй хувиар уначихлаа. Ийм гадаадын хөрөнгө эрсдэлтэй гэж үзээд орж ирэхгүй байх аа. Мөн манай улсад эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, ЖДҮ-ийн бодлогыг нэгтгэж зангиддаг яам байхгүй тул бодлого байхгүй. Салбарын яам нь дур дураараа мэргэжлийн бус юм ярьж шийдвэр гарган, тэр шийдвэр нь хувийн хэвшилдээ нэмэр биш нэрмээс болсоор байна.Бид хүн ам цөөтэй учир зах зээл багатай тул эдийн засгийг тэлэхэд гадаа худалдаа улмаар экспортын эрс тэсрэлт хамгийн чухал байх болно. Бүх компаниуд импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болохыг зорилт болгомоор байна.

-“Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшилд тулгуурласан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн. Үүнд төр ямар оролцоотой байх вэ?

-“Хувийн хэвшлийн дангаараа хийж чадах зүйлд төр оролцохгүй” гэх хуулийн зохицуулалт бий. Энэ зарчмаа л баримтлах хэрэгтэй. Хувийн хэвшил дангаараа хийж чадахгүй ажлуудад л төр засаг дэмжлэг үзүүлж, хамтарч хэрэгжүүлэх.Энэхүү зарчмаа л хатуу баримтлах шаардлагатай юм.

-“Монголоо шинэчилье” клубээс Монгол Улсын сүүлийн 10 жилийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдалд судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан. Энэ талаар?

-Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсын төгрөгөөр илэрхийлсэн эдийн засгийн өсөлт 6.3 хувийн голчтой байсан байна. Хамгийн өндөр өсөлттэй жил нь 2011 оны 17 хувийн өсөлт бөгөөд энэ жил Австрали Улсад үер болсноор нүүрсний экспорт огцом нэмэгдэж, зэсийн зах зээлийн үнэ сайн байсан, Оюу толгойн төсөл хэрэгжсэн зэрэг нь энэ өсөлтөд шууд нөлөөлсөн. Гэхдээ сүүлийн арван жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтийг ам.доллараар авч үзвэл 4100 түвшинд хэлбэлзэн бараг өсөлт байсангүй. Энэ 10 жилийн хугацаанд худалдан авах чадвар 2.2 дахин унаж, ялангуяа сүүлийн дөрвөн жилд төгрөгийн ханш 40 гаруй хувиар унаад байна. Үүнээс болоод ядуурлын хамрах хүрээ 10 гаруй функтээр нэмэгдээд байна. Тиймээс төгрөгийн ханшийг тогтвортой байлгах арга хэмжээг нэн тэргүүнд авах шаардлагатай. Түүнчлэн төсвийн үр өгөөж маш муу байгаа. Төсвийн зарлагын шийдвэрийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэх арга хэмжээ, төсвийг алдагдалгүй батлах зэрэг арга, хэмжээнүүдийг авч цаашдаа төсвийн үр өгөөжийг сайжруулах шаардлага байна. Мөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай.Монголын бизнес эрхлэгчид тэр чигээрээ экспортын төлөө хөдлөх шаардлагатай байна.

-Та сонгуульд нэр дэвшээгүй юм уу?

-Өөрийн шийдвэрээр энэ удаад өнжсөн байгаа. Сонгуульд ялалт байгуулах үйл ажиллагаа нь улс төрийн намын хамгийн чухал ажил. АН-аас нэр дэвшигчид, тухайлбал анх удаа нэр дэвшиж байгаа залуучуудаа дэмжин ажиллах болно.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *