Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхцэцэг: Томсгосон тойргийн сонгууль намуудын дотоод эв нэгдлийг сорьсон том шалгуур болно

Стратеги академийн захирал, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Энэ жилийн УИХ-ын сонгууль томсгосон мажоритар системээр явуулахаар болсон. Энэ тогтолцоо манай хөрсөнд хэр буух вэ?

-Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш нийт долоон удаагийн УИХ-ын сонгууль явуулсны дөрвийг нь нэг мандаттай 76 тойргоор явуулсан байдаг. Энэ систем нь сонгогч ба сонгогдсон УИХ-ын гишүүн хоёрыг байнгын холбоо харилцаатай байлгаж, сонгогчдынхоо эрэлт хэрэгцээг УИХ дээр мэдээлж, төрийн бодлогод тусгах бололцоо олгодог давуу талтай. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад жижиг тойргийн явцуу сонирхлыг түлхүүд тавих, төсвийн нэгдсэн бодлогыг алдагдуулах явдал ямагт гарч ирсэн. Тийм учраас тойргийг томсгох, болж өгвөл Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу баруун, зүүн, төв, хангайн, Улаанбаатарын гэж бүсчилсэн тойргуудад хувааж, сонгууль явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг.Ингэж байж улс орны хөгжлийг макро түвшинд зангидаж явах боломж нээгдэнэ. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд бүсчилсэн тойргийн системийг хуулинд тусган нэвтрүүлэхэд зохион байгуулалтын болон бусад бэлтгэл ажил хийж амжихгүй учраас гишүүд маань энэ удаа томсгосон тойргийн тогтолцоог сонгож авсан болов уу гэж харж байна. Энэхүү томсгосон систем нь 2008 онд хэрэглэж байсан бөгөөд сонгогчид хэд хэдэн хүнд саналаа өгөх боломжтой хувилбар юм. Хүн амын тооноос хамааруулан энэ удаа улсын хэмжээнд хоёр ба гурван мандаттай тойргуудыг байгуулсан байна.

-Энэ тогтолцооны давуу тал болон сул талыг дурдвал?

-Сонгуулийн систем бүр давуу ба сул талтай. Томсгосон системийн гол давуу тал бол өмнө дурдсанаар тойргийн явцуу ашиг сонирхлыг даван туулах хөгжлийн нэгдсэн бодлогыг түлхүү тавих боломжийг олгодог явдал. Хоёрдугаарт, давуу тал нь сонгогчдод сонголт хийх боломж олгодог систем юм. Өөрөөр хэлбэл, жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан л сонголт хийдэг бол олон мандаттай системийн үед сонгогч зөвхөн аль нэг нам, нэр дэвшигчийн төдийгүй өөр нам, нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх боломжийг нээдэг. Томсгосон системийг хэрэглэж буй бусад улсын туршлагаас харахад олон мандаттай томсгосон системийн үед сонгогчдын оролцоо хамгийн өндөр түвшинд байдаг аж. Учир нь энэ системийн үед сонгуулийн бүх үйл явц энгийн иргэдэд ойлгомжтой байдаг учраас сонгогчдын сонголтыг их хялбар болгодог ажээ. Судлаачдын онцолдог дараагийн нэг давуу тал бол томсгосон систем болон пропорциональ системийн үед эмэгтэй нэр дэвшигчдийн сонгогдох боломж нэмэгддэг явдал. НҮБ, Олон улсын ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх байгууллага (IDEA) зэрэг олон улсын байгууллагууд эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд том тойрог юмуу пропорциональ тогтолцоог санал болгодог. Жишээ нь, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хийсэн судалгаанаас үзэхэд олон мандаттай тойрог бүхий сонгуулийн системтэй улсад эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох боломж өндөр байсан. Хэдий тийм боловч мажоратори систем улс оронд хүчний төвлөрлийг бий болгодог. Улс төрийн намуудын зөвшилцлийн үйл явцыг нэмэгдүүлдэг. Хэт туйлшрамтгай, үндсэрхэг намуудыг хязгаарладаг. Мөн сонгогч саналаа өгөхөд амар хялбар байдаг. Хүнийг нь харж сонгоно гэдэг Монголын сонгогчдын сэтгэл зүйн онцлогтой таардаг систем юм. Мөн намууд олон мандаттай тойрогт нэр дэвшигчдээ уралдуулахдаа нийгмийн төлөөллийг тэгш оролцуулах тал дээр анхаардаг явдал юм. Харин нэг мандаттай жижиг мажоритар системийн хувьд нам тухайн тойрогт л ялалт байгуулж мандатаа авах хүнийг нэр дэвшүүлэхээс биш нийгмийн төлөөллийг хангахыг эрмэлздэггүй. Олон мандаттай томсгосон систем нь нэг нам парламентын суудлын үнэмлэхүй олонхыг авч тогтвортой Засгийн газар бүрдүүлэх боломж өгдөг. Энэ мэт давуу талтай ч мөн сул талууд бий.

-Нөгөө мөнгөний сонгууль гэх зүйл нь багасах уу?

-Тойргийн хэмжээ томорч байгаа тул тэр хэмжээгээр нэр дэвшигчдээс мэргэжлийн өндөр түвшинд, олон сонгогчдыг хамарсан сонгуулийн кампанит ажил явуулахыг шаардана. Тухайн тойрогт нэг намаас нэр дэвшигчид сонгуулийн зардлаа хамтдаа бүрдүүлдэг тул нэг нэр дэвшигчээс гарах зардлыг бууруулж эцсийн дүндээ сонгуулийн зардлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Томсгосон тойргийн сонгууль намуудын дотоод эв нэгдлийг сорьсон том шалгуур болно. Хэрэвзээ тухайн тойрог дээр намын нэгдсэн сурталчилгаа хийх боломжгүй юмуу нам нь дотроо эв нэгдэлгүй байгаа үед нэр дэвшигчээс гарах хүч чармайлт, санхүү ихээхэн шаардана. Улс төрийн намуудаас дотоод зохион байгуулалт, эв нэгдэл, хамтын ажиллагааг шаардаж, ингэж чадаагүй намд ихээхэн бэрхшээл учруулах байх.

-Нам дотроо өрсөлдөх, нөгөө намын нэр дэвшигчтэй үгсэн хуйвалдах гээд сөрөг зүйлс дуулдаж байдаг…

-Энэ бол яах аргагүй өнгөрсөн жилүүдийн, тухайлбал 2008 оны болон 2012 оны УИХ-ын сонгуулиудын үеэр бүх л намд гарч байсан сул тал. Нам дотроо хуваагдах, өрсөлдөгч намын нэр дэвшигчтэй хуйвалдах зэрэг явдал гарч байсан. Энэ байдлыг хязгаарлах үүднээс 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйл дээр намаас нэр дэвшигчид тусдаа штабтай байхыг хориглож нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага л нэгдсэн байдлаар намын сонгуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаар хуульчилсан юм. Өөрөөр хэлбэл, намын нэгдсэн штаб тухайн тойрог дээр байгуулагдаж ажиллахаас бус нэр дэвшигч тусдаа штаб байгуулан ажиллах боломжгүй болсон.

-Түүнчлэн олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулсан тохиолдолд сонгогчдын тэгш эрх зөрчигддөг гэх зүйл яригддаг…

-Ерөөс мажоритар системийн гол сул тал нь, хүчний харьцааг бодитоор тусгадаггүй, сонгогчдын саналыг гээдэг явдал. Харьцангуй бага саналын зөрүүгээр сонгуульд үнэмлэхүй олонхын санал авах боломж гардаг. Бас нэг асуудал нь төлөөллийн зарчимтай холбоотой. Парламент хүн амын төлөөлөл байх уу, газар нутгийн төлөөлөл байх уу гэдэг асуудал юм. Парламент сонгогчдыг хэрхэн төлөөлөх вэ гэдэг асуудал нь нэлээд ярвигтай. Ганц Монголд өнөөдөр тулгамдаад байгаа ч юм биш, бусад улс орнууд нэгэн цагт энэ асуудлаар мөн адил маргаан мэтгэлцээн өрнүүлж байсан асуудал билээ.Парламентын төлөөллийн зарчим нь парламент хүн амын төлөөлөл байх ёстой юу, тойрог буюу газар нутгийн төлөөлөл байх ёстой юу гэдэг маргаантай хоёр байр суурийн алин дээр нь тухайн улс сонголт хийснээс хамаарч парламентын бүтэц өөр өөрөөр бүрддэг онцлогтой. Анхны бөгөөд сонгодог утгаар бол парламент иргэдийн төлөөлөл байх ёстой юм. Парламентын мөн чанар нь нүсэр биш аппараттай, гэхдээ ард түмнийг төлөөлөх чадвартай байх нь зүйтэй гэж засаглал хуваарилах онолыг анхлан сэдэж хэрэгжүүлсэн сэтгэгчид үзэж байлаа. Энэхүү сонгодог онолын дагуу парламентын төлөөлөлд тэгш байдлын буюу хувь тэнцүүлэх зарчим үйлчилнэ. Тэгш байдлын зарчим гэдэг нь улс орны хүн амын тоонд дүйцүүлэн парламентын гишүүдийн тоог тогтоох, парламентын гишүүн бүр тэгш тооны сонгогчийг төлөөлөх явдал юм. Парламентын гишүүн бүр тэнцүү тооны иргэдийг төлөөлнө гэдгийг сонгогчдын байр сууринаас авч үзвэл сонгогч бүр эрх ашгаа хамгаалуулах, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрийг нь төлөөлсөн парламентын гишүүдтэй байна гэсэн утга илэрхийлнэ. Энэ зарчмын дагуу тухайн сонгогч том хотод уу, алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамааран хууль тогтоох байгууллагад тэгш төлөөлөлтэй байна. Нөгөө талаас сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил жин дарж байх ёстой. Гэвч улс орнуудын газар нутгийн онцлог, үндэстэн угсаатны бүтэц, хүн амын тархан суурьшсан байдлаас хамаараад парламентын гишүүн бүр ижил тооны сонгогчийг төлөөлөх боломж харилцан адилгүй байж ирсэн юм. Парламент зөвхөн хүн ам, нийгмийн бүтцийг тусгаад зогсохгүй улс орны газар нутгийг төлөөлөх ёстой гэсэн хоёр дахь байр суурь парламент үүсэн хөгжсөн хоёр, гурван зуугаад жилийн турш л хүчтэй байж ирсэн. Ялангуяа АНУ гэх мэт түүхэн уламжлалын хувьд холбооны байгууламжтай, бүс нутаг, мужуудын хооронд ихээхэн ялгаатай байдаг улсуудад энэ хандлага улс төрийн тогтолцоонд хэрэгжиж ирсэн байдаг. Хууль тогтоох байгууллагад газар нутгийн тэгш төлөөллийг хангах гол механизм бол хоёр танхимтай парламент юмуу мажоритар систем байдаг. Парламентын доод танхим нь сонгогчдын тэгш төлөөлөл, нийгмийн бүтцийг хангах зорилготой байдаг бол дээд танхим нь газар нутгийн буюу муж улсуудын төлөөллийг хангах байдлаар бүрэлддэг юм. 2015 оны байдлаар парламент бүхий дэлхийн улс орнуудын бараг тэн хагас нь хоёр танхимтай парламенттай байна. Харин Монгол улсын хувьд нэг танхимтай парламенттай учраас газар нутгийн төлөөллийг хангахын тулд мажоритар системийг сонгон авсан. Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг, тэр дундаа сүүлийн жилүүдэд хязгаар нутгийн ард иргэд төв суурин газар руу шилжин суурьших хөдөлгөөн ихэд нэмэгдэж байгаа нь хил хязгаарын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж хүн ам зүйн, эдийн засгийн сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Тийм учраас бид хөдөө орон нутаг, алслагдсан хүн багатай сум, суурингуудыг төрийн бодлогоор дэмжиж тойргуудын мандатыг цөөлөхгүй байхаас өөр аргагүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *