Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 13-ны Лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
“Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлав. Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлснээр тээврийн болон логистикийн зардлыг багасгах, тээврийн үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, хотын тээврийн зориулалт үйлчилгээг, сайжруулах замаар хот суурин газрын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Орон нутагт бага зардлаар тээврийн ухаалаг системийн үйлчилгээг нэвтрүүлэх байгууллагын бүтээмж, санхүүгийн зохицуулалтыг сайжруулах зэрэг олон боломжууд бий болно. Мөн шинэ үйлчилгээ, ажлын байр бий болгохоос гадна тээврийн болон мэдээллийн технологийн салбарт дэвшил авч ирэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, ОУБ-ын зээл тусламж төр хувийн хэвшлийн түншлэл хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар санхүүжүүлэхээр төлөвлөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.