Энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16,17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 26-28 метр хүртэл ширүүсэж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.
-Тавдугаар сарын 13-14-ний өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Их төлөв баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Өдөртөө Монгол-Алтайн нуруу, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байх төлөвтэй байна.
V сарын 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи 15-нд ихэнх нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 26-28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байхаар байна.
Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-наас ихэнх нутгаар дулаарна.