Categories
мэдээ цаг-үе

Г.Амгаланбаатар: Ю.Жавзан эгч надад “Ахтай минь жаахан төстэй байна шүү” гэж хэлсэн

УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатартай ярилцлаа.


-Та “Түүх мартахгүй” хоёр ангит түүхэн уран сайхны кинонд Ю.Цэдэнбал даргын идэр насны дүрийг бүтээжээ. Өөрийгөө Ю.Цэдэнбал даргын идэр настай хэр адилхан төрхтэй гэж боддог вэ?

-Би урьд нь “Тусгаар тогтнол” кинонд Ю.Цэдэнбал даргын залуу насны дүрд тоглож байсан. Тэрнээс хойш л хүмүүс намайг түүнтэй адилхан болж болох юм байна гэх хандлагатай болсон байх гэж боддог.

Харин миний хувьд Ю.Цэдэнбал даргатай өөрийгөө адилхан гэж боддоггүй. Би Ю.Цэдэнбал даргын идэр насны дүрд тоглохын тулд өргөн магнайтай болох гэж үсээ хуссан. Ю.Цэдэнбал дарга өргөн магнайтай, харин миний хувьд нарийхан магнайтай юм билээ (инээв). Бас нүүр будалтынхан намайг аль болох Ю.Цэдэнбал даргатай адилхан болгох гэж их л хичээсэн.

-Уг кинонд түүхийг хэр үнэн харуулсан бол оо хэмээн хүмүүс бодож байгаа байх?

-Түүхийг энэхүү кинонд яг үнэнээр нь тусгасан. Уг кинонд Ю.Цэдэнбал даргыг хувь хүн талаас нь харуулахыг илүүтэй хичээсэн. Хүн л юм чинь уйлдаг, уурладаг, гомддог, харддаг, хайрладаг, харамладаг… байсан. Би түүний ид хийж бүтээж байсан идэр насны дүрд тоглосон. Харин ахимаг насанд нь гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар ах тоглосон байгаа.

-“Түүх мартахгүй” кинонд тоглож байхад Ю.Цэдэнбал даргатай холбоотой дурдатгалууд сэтгэлийг тань эмзэглүүлэх тохиолдол байв уу?

-Уг кинонд тоглож байхдаа Ю.Цэдэнбал даргыг хүний эрхэнд л амьдарсан хүн юм даа гэж бодож байлаа. Бага залуугаасаа том албан тушаалд очсон учраас өөрийнхөө амьдралын бүх л зүйлийг эх орон, ард түмнийхээ төлөө зориулсан. Хоцрогдсон бүдүүлэг, соёлгүй, иргэдийнх нь тал хувь нь шахуу өвчтэй байсан Монгол Улсыг 44 жилийн дотор үсрэнгүй хөгжүүлж чадсан учраас энэ хүнийг мартах ёсгүй.

-Уг киноны постерыг нь харсан хүмүүс таныг Ю.Цэдэнбал даргын идэр настай их төстэй байна гэцгээж байна лээ?

-Аль болох л түүнтэй адилхан болохыг хичээсэн. Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар ах надад зөвлөгөө өгч байлаа. Инээхдээ иймэрхүү, үйлдэл нь ийм байсан гэхчлэн хэлж, зөвлөж байсан. Ц.Төмөрбаатар ах 25-хан насандаа Ю.Цэдэнбал даргын дүрд тоглож байсан шүү дээ. Бас би судалгаа их хийсэн.

Ю.Цэдэнбал даргыг бүх монголчууд таньдаг учраас би өөртөө маш өндөр шаардлага тавьж, хариуцлагатай хандан, хичээж тоглосон. Киноныхоо тал хувьд нь би оросоор ярьсан. Би орос хэлдээ тийм ч сайн биш. Тийм болохоор уг кинонд тоглоход хэлний бэршээлээс эхлээд хүндрэлтэй зүйлүүд нэлээд тохиолдсон.

-Та Ю.Цэдэнбал даргын үр хүүхэд, ач зээ нартай нь уулзсан уу?

-Ю.Жавзан гэх дүүтэй нь уулзсан. Их тэнгэрийн аманд Ю.Цэдэнбал даргын эхнэртэйгээ хуримаа хийж байгаа хэсгийн зургийг авсан юм. Тэр үеэр Ю.Жавзан эгч ирсэн. Намайг нэлээн удаан хараад л байна лээ. Тэгснээ дараа нь “Ахтай минь жаахан төстэй байна шүү” гэж хэлсэн.

-Та хувь хүнийхээ хувьд Ю.Цэдэнбал даргыг хэрхэн үнэлдэг вэ?

-Ю.Цэдэнбал дарга миний хүндэлж, биширдэг хүн. Уг кинонд тоглохоосоо өмнө ч ийн хүндэлж биширдэг байсан. Түүнийг их л гомдоож, бурхны оронд нь явуулсан шүү дээ. Ю.Цэдэнбал даргад “Таныг намаас тань хөөчихсөн байна” гэсэн чинь өөдөөс нь “Намайг намаас хөөсөн гэнэ ээ. Тэгвэл тэр миний нам биш байна” гээд чимээгүй суучихсан тухай түүх байдаг.

-Та дэлгэцийн уран бүтээлд тоглож байхдаа тайзны уран бүтээлд тоглох үеийнхээ араншинг гаргах үе тохиолддог уу?

-Тайз, дэлгэц хоёр ялгаатай. Би 20 жил драмын урлагт үнэнчээр хүчин зүтгэж явна. Кинонд тоглож байх үед намайг “Жаахан тоглолтоо дар. Тайзан дээр тоглож байгаа юм шиг дуугарах гээд байна шүү” гэж найруулагч хэлдэг л юм.


-УДЭТ-ын нэлээд хэдэн жүжиг IPTV-д байршсан байна лээ. Түүн дотор таны гол дүрд нь тоглосон жүжгүүд ч мөн байна билээ. Энэ талаар?

-Коронавирусийн халдвартай холбоотойгоор соёл, урлаг, спортын бүх л үйл ажиллагаануудыг хориглосон байгаа. УДЭТ тайзан дээр тоглосон жүжгүүдийнхээ бичлэгийг IPTV-д байршуулан туршиж байна. Миний тоглосон “Өчигдөр”, “Бүүвэй” жүжгүүд IPTV-д байршсан байгаа. Бас “Уучлаарай та дугаар андуурч”, “Манекен” жүжгүүд видео санд байршсан. Эртээд С.Болд-Эрдэнэ бид хоёрын гол дүрд нь тоглосон “Гол дүрийн амрагууд” жүжиг UBS телевизээр гарсан. Түүнийг үзээд тайзны жүжгийг дэлгэцээр гаргахаар жаахан учир дутагдалтай байдаг юм болов уу даа гэх сэтгэгдэл төрсөн. Арай өөрөөр теле жүжгийн хэлбэрээр бүтээж үзэгчдэд хүргэх хэрэгтэй юм болов уу даа гэж бодож байгаа.

-Урлаг таны амьдралд хэр том орон зайг эзэлдэг вэ?

-Миний ганц ертөнц шүү дээ. Амьдралын минь хамгийн том орон зайг урлаг эзэлдэг.

-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө юу байгаа вэ?

-Би өнгөрсөн жил өөрөө найруулж кино хийхээр төлөвлөж байсан юм. Гэвч “Түүх мартахгүй” кинонд Ю.Цэдэнбал даргын дүрд тоглох болчихоод тэр ажлаа хойшлуулсан. Тэгээд энэ жил тэр киногоо хийх гэсэн чинь өвчин гараад бас жаахан хойшилчихлоо. УДЭТ хөл хорио тавигдахаар “Анна Каренина” жүжгийг үзэгчдэд тоглоно. Миний хувьд уг жүжгийн Левин гэх дүрд тоглох гэж байгаа.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *