Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг 1962 оны эл өдөр мэндэлж байв. 1998 оны 10 сарын 2-ны хар өдөр С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн билээ. Түүнээс гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж, Монголын ард түмэн хайрт хүүгийнхээ хойноос эмгэнэн гашуудаж байв. Өчигдөр С.Зориг агсны гэр бүлийнхэн, ИЗНН, АН-ын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр ИЗНН-ын генсек С.Батбаатартай ярилцлаа.
-Дөрөвдүгээр сарын 20 буюу өчигдөр С.Зориг агсны төрсөн өдөр болж өнгөрлөө. Энэ өдрийг хүртэл ИЗНН С.Зориг агсны үзэл санааг тээгч нам гэж анх 2000 онд байгуулагдахдаа зарласан. Өнөөдөр та бүхэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ?
-Таны хэлсэнчлэн ИЗНН төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны үзэл санаан дээр тулгуурлаж байгуулагдсан улс төрийн хүчин. Би С.Зориг гэдэг хүний үзэл санааг их дэмждэг байсан. Тиймдээ ч энэ намыг сонгож, гишүүн нь болсон. Өдгөө С.Зориг агсны монголчуудыг чиглүүлж байсан замаас эсрэг зүг рүү бид яваад байгаа юм. С.Зориг агсан эн тэргүүнд улс үндэстнийхээ, удаад нь нам бүлгийнхээ, хамгийн сүүлд хувийнхаа эрх ашгийг тавьж бай гэж хэлсэн шүү дээ. Энэ эрэмбэ дарааллыг хэзээ ч алдаж болохгүй гэсэн. Энэ үгийг улстөрчид, намууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах ёстой. Гэвч өнөөдөр улс төрийг харахаар хамгийн эхэнд хувь хүн өөрийн эрх ашгийг тавьдаг болчихож. Хамгийн сүүлд улс орны эрх ашгийг тавьж байна. Энэ зах замбараагүй байдалд цэг тавихын тулд өнөөгийн эрх баригч улс төрийн хоёр хүчнийг солихгүй бол болохгүй. Тэд эрх мэдэлд, эд хөрөнгөд л итгэж байна. Харин С.Зориг агсан “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээсэн байдаг. Өнөөдөр ч манай нам энэ хүний хэлснээр явж байна. Бид эрдэмтэн мэргэдээ дээдэлж, монголын баялгаа үнэд хүргэмээр байна. Монгол гэсэн юм бүхний нэр хүндийг өргөмөөр байна. Монгол гэсэн бүх зүйл үнэ цэнэгүй байгаа энэ алдааг засч залруулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр төрийн өндөр албан тушаалд улстөрчдийг томилохдоо зөвхөн намаар дамжуулдгийг өөрчлөх цаг болсон. Иргэний нийгэм болон төрийн бус байгууллагаар дамжуулан шударга ёсны төлөө зүрх сэтгэлээрээ тэмцэж байгаа зөв хүмүүсийг төрд гаргаж ирэх цаг ирсэн.
-АН, ИЗНН-ын гээд ардчилсан үзэлтэн намуудын улс төрийн зүтгэлтнүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ шүү дээ…
-С.Зориг агсны амь насыг хороосон дуулиант хэрэг гарснаас хойш 22 жил өнгөрлөө. Тэгтэл өнөөгийн улс төрд энэ хүний хэлсэн үг одоо ч тэр ач тусаа өгч, хэрэг болсоор байдаг. Тиймээс ч өнөөгийн улс төрийн зүтгэлтнүүд үүнийг мэдэрч, хүндэлж явж байгаа ч амьдрал дээр хэрэгжиж байгаа юм алга. Үнэн, зөв үгийг С.Зориг агсан хэлж байсан гэж улстөрчид хэлж байгаа мөртлөө яагаад тэр үгсийг нь өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байна вэ. Энэ учир битүүлэг санагддаг.
-С.Зориг агсны хэрэг өнөөдрийг хүртэл үнэн мөн нь олдоогүй явна. Энэ дээр танай намынхан голлон дуугарах ёстой улс төрийн хүчин нь байх?
-Манай намын зүгээс энэ хэргийн үнэн мөн нь тогтоогдчихоосой гэж маш их хүссэн. Бид гурван шатны шүүхийн тэмдэглэлийг ил болгохыг шаардсан. Маш их шаардлага хүргүүлсэн. Энэ хэрэг улс төрийн том нөлөөлөлтэй учраас нэг хэсэгтээ илрэхгүй. Сонгуулийн өмнөх жил АН, МАН хоёр нам С.Зориг агсны хэргээр улс төр хийж, ард иргэдээс оноо авах зорилготой үйлдэл хийсээр байна.
-ИЗНН эвсэлд элсэж 2020 оны сонгуульд оролцохоор болсон. Энэ талаар ярихгүй юу?
-Бид олонх болж, засаг баривал хамгийн түрүүнд улс төрийн эрх мэдлийн бөөгнөрлийг татан буулгана. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн бүх намуудыг татан буулгаж, нэг гараанаас ижил тэгш боломжоор дахин зохион байгуулалтыг хийнэ. Ингэж шинэчлэхгүй бол цаашаа явахгүй гэдэг нь харагдаад байна шүү дээ. Муудсан хундаам дээр хэчнээн сайхан барилга барих гээд яах юм бэ. Ингэж л улс төрийн их цэвэрлэгээг хийх шаардлага байна.
-Нэр дэвшигчдээ ямар шалгуур тавьж байна вэ?
-Нэн тэргүүнд боловсрол шударга байдлыг харж байгаа. Мөнгөний сонирхолтой хүн улс төрд гарч ирснээр Их хурлыг мөнгө угаах бизнес гэж хардаг.
-“Та бидний эвсэл”-д танай нам хэдэн мандат авч байна вэ?
-Манай эвсэлд гурван нам байгаа. Бид 15 мандаттай байна. Тойрог маань одоо тодорхой болоогүй байна. Эвслийн дарга Н.Энхбаяр хорионоос чөлөөлөгдөж, өнөөдөр өглөө 09:00 цагт хуралдана. Энэ хурлаараа бүх юмаа ярилцана.