УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Та МАХН-аас албан ёсоор гарах өргөдлөө Н.Энхбаяр даргад хүргүүлснээ мэдэгдсэн. Албан ёсоор гарсан гэж ойлгож болно биз дээ?
-Тийм.
-МАХН-д үлдэх боломж байсан уу?
-Байхгүй шүү дээ. Намайг дэвшүүлэхгүй гэсэн.
-Тэгвэл таны дараагийн зогсоол хаана байх вэ. Ямар улс төрийн хүчинд нэгдэхээр төлөвлөж байна. Ардчилсан намд орох гэж байгаа гэх юм?
-Маргааш (өнөөдөр) шийдээд хариугаа хэлье. Маргааш ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байна.
-Таныг 100 сая төгрөгөө тушаачихсан л гэх юм байна шүү дээ?
-Надад 100 сая төгрөг байхгүй. Тийм их мөнгө надад байвал би авлигач болчихно шүү дээ. Гэхдээ 100 саятай болох боломж гарсан. С.Ганхуяг гэдэг хүн намайг гүтгэсэн. Би түүнийг хуулийн байгууллагад өгсөн. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Хэрэв тэр хүн гэм буруутай бол хохирлоо нэхэмжилж, нэхэмжилсэн мөнгөө улс төрд хэрэглээд явах боломж бүрдэх байх.
-Ер нь намд орох уу?
-Намд орохгүй байх ямар ч боломж алга л даа. Яагаад гэвэл томсгосон тойрог учраас зардал маш өндөр гарна. Наад зах нь 20 багт тус бүрт нь үүр ажиллуулахад 20 байр хөлслөх хэрэг гарна шүү дээ. Томсгосон тойргийн зовлон нь энэ. Тэр утгаараа намд орохоос өөр арга байхгүй. Тиймээс маргааш хүмүүстэй уулзаж, шийдвэрээ гаргана.
-Маргааш шийднэ гэдэг учир битүүлэг хариу байна. Эцсийн шийдвэрээ гаргачихсан байгаа байх. Илэн далангүй ярилцъя. Таны яриаг харахад МАН-д тийм ч нааштай хандахгүй байгаа шүү дээ?
-МАН өнгөрсөн дөрвөн жил 65 суудалтай байсан. Өмнө нь 72 суудалтай ч байсан. Түүх давтагдана гэдэг шиг л юм боллоо. 2000 онд 72 суудалтай байх үедээ МАН “ард түмнээ ядуурлаас, төрөө хямралаас гаргая” гэдэг уриатай байсан. Төрийн хямрал юунд болсон бэ гэвэл тухайн үед С.Зориг агсан амь насаа алдаж, төр нь хямарчихсан байсан. Түмэн ядуурсан байна гэдэг нь тэр үед банкууд дампуураад, эдийн засаг олигтой байгаагүй. 2016 оны сонгуулиар МАН мөн л Эрдэнэтийг хятадууд авлаа, оффшорын мөнгийг оруулж ирнэ, ядуурлыг бууруулна, хамтдаа зүтгэе гэсэн гоё уриатай орсон шүү дээ.
Гэтэл хамтдаа зүтгэсэнгүй. Хоёр тийшээ хуваагдчихсан. С.Зоригийн аллагын захиалагчийг нь ч олсонгүй. Миний хамгийн их эгдүүцэж байгаа зүйл нь ард түмэн тэдэнд 65 суудал өгч байхад 62-уулаа боллоо. Ард түмэнд буруу байхгүй шүү дээ. Эд нарыг нь тултал нь юм аа хий гээд л сонгоод гаргаад ирсэн шүү дээ. Ямар ч сөрөг хүчингүй, бүх салбар орон нутаг, Их хуралд үнэмлэхүй байсан мөртлөө ард түмнийг эд нар доромжилчихсон байхгүй юу.
1999 онд О.Дашбалбар агсан Их хурлын гишүүн байсан. 72-ын эсрэг ганцаараа яваад, тэдгээр хүмүүсийн эсрэг цогтой тэмцэж, эрх баригчид, сөрөг хүчин гэлтгүй шүүмжилдэг байсан. Гэвч 1999 онд бурхны оронд оччихсон. Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд элдэв дарамт, гүтгэлэг, дайралт дунд байлаа. Мөн л 65-ын эсрэг ганцаараа явлаа. Сөрөг хүчний дуу хоолой болох гэж нэлээд үзлээ. Бусдын өмнөөс кноп дардгийг нь болиуллаа. 10 мянган цаг ажил тасалдгийг нь арав дахин багасгаж мянга болголоо. Ордонд архи дарс уудаг, хүчингийн хэрэг хийдэг, концесс цохидог янз бүрийн асуудлуудыг нь хууль хяналтын байгууллагад өгсөн.
Шинэ хулгайчид шинээр төрчихлөө. Их хурлын гишүүдийн бугуйн цагийг хараарай. Нэг муу жаахан бацаан нар 30 мянган долларын цаг зүүчихээд суугаад байна шүү дээ. 60 сая төгрөгийн цаг, сая төгрөгийн зангиа зүүчихээд шударга ёс яриад байгаа нөхдүүдийг харахаар бухимддаг байхгүй юу. Яахав ардчиллын нэг давуу тал нь хүн бизнес хийгээд мөнгөтэй болоод олсон ашигаараа хүссэнээрээ жарга гэж байгаа юм шүү дээ. Цензургүй байж болно. Гэтэл эд нар хулгай хийсэн мөнгөөрөө ингэж яваад байгаа юм. Иймэрхүү үед сөрөг хүчнийг тарамдуулж болохгүй.
-Та яагаад Ардчиллынхныг дэмжээд байгаа юм?
-МАН төрийн эргэлт хийчихээд байна шүү дээ. Манай ард түмэн ер ойлгохгүй байна. Үндсэн хуулийг засах замаар төрийн эргэлт явагдчихаад байна. Монгол Улс хяналтгүй болчихлоо. Хүсвэл ШХАБ-д ороход бэлэн болчихлоо. БНХАУ-д бид 30 тэрбум ам.долларын өртэй. Ийм өртэй байхад Монгол Улсын Үндсэн хуулийг ямар ч хяналтгүй, ард түмнээс асуухгүйгээр засчихлаа. Зассан үйлдлээрээ шүүх тогтолцоог байхгүй болгочихсон. Засгийн газрыг байхгүй болгочихлоо. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гурван засаглал бий. Шүүхийг нь байхгүй болгочихсон. Засгийн газар нь татан буугдчихаад байна шүү дээ.
-Дагаж мөрдөх органик хуулиуд нь гарч ирж байж явах юм биш үү. 1992 оны Үндсэн хууль ийм замаар явсан?
-Үгүй. 1992 оны Үндсэн хууль бол шинэ хууль. Энэ бол хуульд засвар хийх замаар төрийн эрх мэдлийг гартаа атгах гэсэн Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын идэвх зүтгэл оролцоотойгоор 49 ЖДҮ-чдийг барьцаалж байгаад кнопуулсан хууль. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр нэг нам нь хэт үнэмлэхүйгээр биш, хяналт тавих хоёр дахь ч бүлэг байх ёстой юм. Бүлэг байвал дүгнэлтээ гаргана, завсарлага авна, мэдэгдэл хийнэ. Бүлгийн шийдвэр гэж гаргана. Гэтэл тэр бүлгийг нь эрх баригчид л задалсан. Нөгөө хоёр нөхрийг бүрэн барьцаандаа аваад л. Одоо л шударга үнэн та бүхэнд харагдаж эхэлж байна. Нөгөө ориллоод байдаг Ж.Батзандан гэх нөхөр ЖДҮ-чин гэдгийг АТГ тогтоочихлоо. Интернэтээр зөндөө л юм явж байна. Танай сонин дээр ч гарлаа. Өдрийн сонинд л итгэдэг шүү дээ, би. Та бүхнээс эх сурвалж аваад л ярьж байна. Ийм барьцаалагдсан нөхдүүдээр далимдуулж, Үндсэн хуулийг өөрчилж байгаа нь аймшигтай үйл явдал. Өнгөрсөн долоо хоногт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар буюу тав таван жилээр төлөвлөгөө гаргъя гэдэг хууль орж ирж байна. Коммунизм руу буцаад орж байна шүү дээ.
-Ер нь таны нөхцөл байдлыг харахад АН-аас өөр сонголт байхгүй юм биш үү?
-Би ардчиллыг дэмжинэ. Надад Ардчилсан намаас өөр сонголт үлдсэнгүй.
-Эрх баригч намын бүлэг 2020 оны сонгуулийг хойшлуулахгүй гэлээ. Зөв үү?
-Эд нараас хурдан салмаар байна. Сонгуулийг цагт нь явуулна гэхээр хоёр зүйлд санаа зовж байгаа. Нэгдүгээрт, тэгш бус гараанаас сонгууль явагдах гэж байна. Нэг ёсондоо МАН-д ашигтайгаар. Хоёрдугаарт, сонгогчдын ирц бүрдэх үү, үгүй юу гэдэг нь ойлгомжгүй байна. Дээрээс нь гадаадын ямар ч ажиглагчид ирэхгүй шүү дээ.
-Гишүүд ажлаа дүгнэх, тайлагнах цаг болчхож. Өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо та юу хийв?
-Ганцаараа гэхэд чамгүй ажил амжууллаа. Өөрөөрөө бахархаж байгаа шүү. Би өнгөрсөн дөрвөн жилийн хоёр тайлан гаргаж байгаа. УИХ-ын гишүүний хувьд юу хийсэн бэ, Эрдэнэтээс сонгогдсон гишүүний хувьд юу хийсэн бэ гэж тайлагнана. Эрдэнэтэд юу ч хийгээгүй бол Эрдэнэтийн иргэд намайг дахиж битгий сонгоосой. Юу ч хийгээгүй, юу ч хийдэггүй мөртөө маш гоё ярьдаг хүмүүс УИХ-д битгий сонгогдоосой гэж хүсч байна.
-Та Эрдэнэт рүү нийт хэдэн удаа очив?
-135 удаа очсон байна.