Categories
мэдээ цаг-үе

Л.Энх-Амгалан: “The Voice of Mongolia” шоунд янзын сайхан дуучид байна аа байна. Хүсвэл би хувьдаа хамтарч ажиллахад ч бэлэн

“Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалантай ярилцлаа.


-Хамтлагийн сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхэлье. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Сайн байцгаана уу? Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигч нарт энэ өдрийн мэнд хүргэе. Манай хамтлагийн сонин сайхнаас гэвэл бид жил болгон “NISNIS FECT” рок хөгжмийн наадмыг 1999 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн. Харин энэ жил “Covid-19” өвчнөөс болж тоглолтоо хийж чадахааргүй болж байна. Гэхдээ бид энэ хугацаанд зүгээр суугаагүй. Манай хамтлагийн бөмбөрчин А.Анар хувьдаа дуу бичлэгийн студи байгуулсан. Бид тэр студидээ хоёрдугаар сараас эхлэн шинэ цомгийнхоо ажлыг эхлүүлчихсэн явж байгаа. Одоогийн байдлаар эхний гурван дуу гараас гарсан.

-Шинэ цомог гаргах талаар илүү тодорхой ярихгүй юу?

-Одоо бид өөрсдийн гэсэн студитэй болсон учраас бүх зүйл бидний гарт байна. Тийм учраас зүгээр суухгүй. Гол нь бид шинэ цомогтоо өөрсдийн өнгө төрх, дуугаралтыг аль болох шинэчлэх, сайжруулах тал дээр санаа тавин ажиллаж байгаа. Ерөнхийдөө цэвэр метал, панк хольсон стилийн цомог гарах болов уу гэж бодож байна. Үүнээс гадна ирэх жил бидний 25 жилийн ой болно. Бодсон төлөвлөсөн зүйл их байна. Цаг ч сайхан болчих биз. Бүгд ичээнээсээ гарахдаа олз омогтой гарч ирэх биз ээ.

-“Нисванис” хамтлагийнхан нэг сургуулийн найзууд гэсэн. Ер нь анх хамтлагаа байгуулснаас хойш хамтлагийн гишүүд ч солигдсон шүү дээ?

-Манай хамтлагийнхан Хөгжмийн багшийн коллежид найзууд байсан. Дараагаар нь би Соёл урлагийн их сургуулийн хормейстерийн ангид сурахаар явсан. Тэнд байхдаа модернист яруу найрагч Б.Галсансүхтэй танилцаад цаашлаад цоо шинэ стилиэр тоглох, хамтлаг байгуулах санаа төрөөд буцаад хуучин хамтарч тоглодог байсан найзууд руугаа хандсан. Найзууд маань эхэндээ зөвшөөрөхгүй байж байх хооронд эхний дуунууд зохиогдсон. Тэгээд менежер Б.Галсансүх санаачлан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн өрөөнд 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлүүлэн эхний тав, зургаан дууны бичлэгийг хийх зорилготой бэлтгэлд орж эхэлсэн. Тэгээд “Хүчилтөрөгч”, “Би тамхиа татаад дуусч байна”, “Гэрэлт ирээдүй намайг дуудна” зэрэг дуунууд гарч эхэлсэн. Хамтлагийн бүрэлдэхүүнд хэд хэдэн өөрчлөлт гарсаар ирсэн. Ер нь Д.Дарханбат бид хоёр бууриа сахиж 24 жил тогложээ.

-“Соёл-Эрдэнэ” хамтлагийн өрөөнөөс маш олон хамтлаг төрөн гарснаас хамгийн отгон нь танай хамтлаг шүү дээ.

-“Соёл-Эрдэнэ” хамтлагийн ах нар ялангуяа басс гитарчин Д.Дамдинсүрэн буюу Даймаа ах маань анхны бүх бичлэгийг хийж өгснөөр бид хамтлаг болох цаашдын замдаа хөтлөгдсөн. Сайхан дурсамж яривал тэр үед “Соёл-Эрдэнэ” хамтлагийн хөгжмийн зэмсгийг гадагш хамаагүй гаргаж болдоггүй байлаа. Тэгээд шөнө болсон хойно хөгжмүүдээ цонхоор нь гаргаж машинд ачаад л 45 дугаар сургуулийн урлагийн зааланд суурилуулаад бөмбөрний наагуур нь хөшиг татан, дуу намсгагч хийж байгаад тав, зургаан дуу гаргасан. Дуунуудаа үүр цайтал бичиж байсан маань саяхан юм шиг л санагдаж байна. Тухайн үед хувийн жижиг студитэй хүн Занданпүрэв ах байлаа. Тэрбээр хоёр замаар бичдэг дамран магнитофонтой. Тэгээд нэг замаар нь хөгжмөө, нөгөө замаар нь хоолойгоо бичдэг. Даймаа ах тухайн үед Монголын ихэнх хамтлаг дуучдын хоолойг бичдэг асар чадвартай мундаг хүн байсан даа. Өөрийнхөө хамтлагаас эхлүүлээд “Титэм”, “Хонх” гээд бүгдийнх нь дууг бичдэг өндөр мэргэжлийн хүн байлаа. Энэ ах нартайгаа “Соёл-Эрдэнэ” хамтлагийн өрөөнөөс төрөн гарсан отгон хамтлаг болж байсны хувьд бид тухайн үедээ үнэхээр их баярлаж, хөөрч явсан. Сайхан дурсамж болжээ, одоо.

-“Нисванис” хамтлагийн үнэт зүйл бол бидний уран бүтээл гэж та ярьж байсан. “Эмийн сан руу алхсан нь” дуу бол яахын аргагүй танай хамтлагийн нэрийн хуудас болсон уран бүтээл?

-24 жилийн хугацаанд бид их зүйл хийгээгүй ч бас бага зүйл хийгээгүй гэж би хувьдаа боддог. Дуу болгон өөрийн гэсэн түүхтэй, бас асуудалтай бүтдэг. Тэр энэ гэж онцлох хэцүү. Хамгийн анх “Эмийн сан руу алхсан нь” гэдэг дууг сайн мэддэг. Одоо ч ихэнх хүн ганцхан тэр дууг л дуулдаг гэж боддог байх (инээв). Юм гэдэг хачин. “Эмийн сан руу алхсан нь” дууг бидний нэрийн хуудас болно гэж бид бодоо ч үгүй. Энэ дууг цомгийн ажил хийж байгаа юм чинь үлдээгээд яахав гээд л оруулсан. Тэрнээс бид арай өөр дуунд горьдлого тээж байсан шүү. Дуунуудаа энэ тэр гээд л дугаарлаад байдаггүй. Бүгд л миний хүүхдүүд гэдэг шиг (инээв).

-Амьд хөгжмийн хамтлаг олон жил сонсогчдын дунд хүндлэгдэнэ гэдэг багагүй хөдөлмөр байх?

-24 жил нэг хамтлаг болоод явах хэцүү. Гэхдээ бидэнд үлгэр дуурайл болохоор ах нар ойрхон байна. Тэдний хажууд бидний туулсан зам юу ч биш л дээ. Яахав, асуудалгүй ажил гэж юу байхав. Орж гарах, өгсөж уруудах зүйл болдгоороо л болоод ирсэн. Харин тэр бүхэнд барьц алдаж сандарч байгаагүй шүү. Явдаг жамаараа, голдрилоороо л явж байна гэж боддог. Одоо харин шинэ цомгоо аятайхан хийчих юмсан гээд хааяа санаа чилээх л юм. Ер нь тэгээд өнгөрсөн үеийг би дүгнэх биш, цаг хугацаа үзэгч сонсогчид хэзээ нэгэн цагт дүгнэх нь зөв болов уу гэж бодож байна.

-Хамтлагийнхаа дууны үг, аяыг та зохиодог. Ер нь тэр их эрч хүч хаанаас ундардаг юм бэ?

-Хамтлагууд ер нь өөрсдөө л үг, аяа зохиох нь бичигдээгүй дүрэм шүү дээ. Харин хэн нэгэн нь тэр ачааг голлон нуруун дээрээ үүрэх үүрэгтэй. Тэр нь би юм шиг байгаа юм. Сайн ч, муу ч бүх хариуцлагыг өөр дээрээ үүрэх чадвартай байх ёстой. Миний хувьд сайн болсон гээд сагсуурах, муу болсон гээд гутрах юм алга. Хүчээр бүтээх биш, сэтгэл ханамжтай байх л жаргал. Ер нь дууны үг, ая сэтгэлээс л урган гардаг шүү дээ.

-Мэргэжлийн дуучин хүний хувьд харахад сүүлийн үед ихээр зохиогдож байгаа дууны тэмцээнүүд хэр санагддаг вэ. Тэндээс яг чанартай уран бүтээлч төрж чадаж байгаа болов уу?

-Чанартай, чанаргүй уран бүтээл төрөх эсэх нь цаг хугацааны асуудал. Ер нь ингэж олныг баясгасан дэлхийн хэмжээний шоу тэмцээн явагдаж байгаа нь маш чухал. Энэ нь цаагуураа урлаг болоод үзэгчид хөгжөөд байна аа л гэсэн үг. Бид дэлхийн соёл, боловсролоос хоцормооргүй байна шүү дээ. Бусадтай адилхан хүн шиг амьдармаар байна шүү дээ.

-“The Voice of Mon­golia” шоуг үздэг байх. Мэргэжлийн дуучны нүдээр харахад аль баг нь илүү санагдаж байгаа вэ?

-Ийш тийш яваад тухтай үзэж чадсангүй. Баг гэхээс илүү тухайлан дуучид эцэст нь шүүгдэж гарах болохоор онцолж хувьдаа шалгаж үздэг. Янзын сайхан дуучид байна аа байна. Хүсвэл би хувьдаа хамтарч ажиллахад ч бэлэн.

-Халз тулааны шатанд аль баг илүү санагдсан бэ?

-Халз тулааны үед Д.Отгонбаярын баг сайн санагдсан. Ер нь л бүгд л эн тэнцүү. Бүгдэд нь амжилт хүсье.

-Хувийн зүгээс дэмжиж байгаа оролцогч байгаа юу?

-Хоёр, гурван сайн дуучин харагдсан. Нэрийг нь хэлээд яахав. Цагаан хэл амны нэмэр (инээв). Зүгээр л томоос том амжилтыг хүсье.

С.ЛХАМСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *