Categories
мэдээ цаг-үе

Г.Нэргүй: Оршуулгын газарт арц хүж уугиулаад унтраалгүй орхиж явснаас гал гарсан тохиолдол байна

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.


-Энэ жилийн тухайд хуурайшилтын зэрэг ямар байна вэ. Гал түймрийн дуудлага он гарснаар хэд бүртгэгдэв?

-Он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газарт 600 орчим гамшиг осол, гал түймрийн дуудлага бүртгэгдээд байна. Үүний 90 орчим хувь нь объектын дуудлага. Түймрийн эрсдэлтэй улирал эхлээд байна. Ойн тухай хуулиар бол гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг “түймрийн аюултай үе” гэж тооцдог. Энэ үед ногоон бүсэд иргэдийг нэвтрүүлэх, ил задгай гал гаргахыг хориглодог. Урин дулаан цаг ирж байгаа болохоор иргэд зуслан, агаар салхинд их гарах болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд шар өвс шатаасны улмаас 34 дуудлага ирсэн. Зусландаа гарсан хүмүүс өнжмөл өвсөө шууд шатааснаас болж гал түймэр гарах эрсдэл их байна. Шар өвсийг шууд шатаах нь ногоон бүсэд ил гал гаргахыг хориглосон хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Шар өвсөө хадаж аваад зориулалтын нүх, таглаатай саванд хийх хэрэгтэй. Мөн иргэд хашаагаа тойруулаад түймрээс хамгаалах зурвас татах нь таныг, таны өмч хөрөнгийг учирч болох эрсдэлээс сэргийлнэ. Мөн галын болон цахилгааны аюулгүй байдлыг маш сайн сахих нь чухал. Хорио цээрийн дэглэмийн энэ үед ахмад настнууд болон бага насны хүүхдүүдэд тавих анхаарал халамж, хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.

-Өнгөрсөн амралтын олон дуудлага бүртгэгджээ. Галын шалтгаан нөхцөлийг тогтоосон уу?

– Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо буюу бидний нэрлэж заншсанаар далан давхарын оршуулгын хашаанд хоёр ч удаа гал гарсан. Өнгөрсөн бямба гаригт ханш нээсэн. Энэ үеэр уламжлалт зан үйлийн дагуу иргэд бурхан болсон хүмүүсийнхээ хойноос буян үйлдэж арц, хүж уугиулаад бүрэн унтраалгүй явснаас гал гарсан. Хуурайшилттай байгаа энэ үед иргэд бурхан болсон хүнийхээ газарт очоод ац хүж уугиулсан бол бүрэн унтраахыг анхааруулж байна.

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Их Тэнгэрийн аманд шар өвс шатаасан дуудлагад ажилласан. Түймрийг унтраагаад Богд хан уулын дархан цаазат газрын захиргаанд хүлээлгэж өгсөн. Энэ хэргийн эзэн холбогдогч одоогоор тогтоогдоогүй байгаа.

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Хүйсийн аманд шар өвс шатсан дуудлагад мөн ажилласан. Уг гал түймрийг 7-11 настай хоёр хүүхэд чүдэнзээр тоглож байгаад алдсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Үүнийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа.

Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд шар өвс шатаасан дуудлагад ажилласан. Үүн дээр 0 .7 га газар, 5х7 харьцаатай хоёр байшин шатаж, таван байшин галд өртөх эрсдэлтэй байхад шуурхай ажиллаж унтраасан.

-Иргэд хашаандаа шар өвс шатаасан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ. Хүлээлгэх хариуцлагын талаар тодруулахгүй юу?

-Зөрчлийн тухай хуулийн 5.14 дээр иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсвэл галын аюулгүй байдлын дүрэм хангах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирлыг төлүүлэх, хүнийг нэг зуун нэгжээр, хуулийн этгээдийг мянган нэгжээр торгоно гэсэн заалт байгаа. Иргэнийг 100 мянга, аж ахуйн нэгжийг нэг сая төгрөгөөр торгох нь төдийлөн өндөр дүнтэй торгууль биш ч учруулсан хохирлыг төлүүлдэг. Галаас үүдэж онц их хэмжээний хохирол учирсан, хүний амь эрсэдсэн бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцно.

-Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулаад харахад галын дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу. Шалтгаан нөхцөлийг та хэрхэн харж байна вэ?

-Объектын дуудлага өмнөх оны мөн үед мянга орчим байсан бол он гарсаар 600 бүртгэгдсэн нь 34 орчим хувиар буурсан үзүүлэлт. 2019 оны аравдугаар сараас эхлээд сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн гэр хорооллын иргэдийн хэрэглээнд нэвтрүүлсэн. Одоо бол иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж сурч байна. Зөвлөмж зөвлөгөө, зааврын хуудас тараасан нь гал түймрийн дуудлага буурахад нөлөөлсөн гэж гэж бид үзэж байгаа.

-Хуурайшилттай үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

-Ой хээрийн түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой комиссын 02 тоот албан даалгавар гарсан байгаа. Энэ хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар хамтран нийслэлийн есөн дүүргийн 59 ногоон бүсийн уулын амуудад эргүүл хяналт тавьж ажиллаж байна. 117 алба хаагч эргүүлээр үүрэг гүйцэтгэж 170 орчим зөрчлийг илрүүлж, ногоон бүсээс 5000 гаруй хүнийг гаргаж, шар өвсний таван түймрийг газар дээр нь унтраасан. Иргэдийн 110 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан.

-Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Цаг агаар дулаарч, уулс болон гуу жалга, суваг шуудуу гол мөрний цас хайлах, мөс нимгэрч нийслэлийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, ингэснээр айл өрх гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байгаа. Нийслэлийн хэмжээнд үерийн усанд өртөх эрсдэл бүхий зөвшөөрөлгүй буусан 3000 гаруй айл өрх бий. Энэ нь голдуу хөдөө орон нутгаас шилжиж ирсэн, газрын зөвшөөрөлгүй айлууд байна.

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт их байна. Тиймээс иргэд том, жижиг суваг шуудуу гол мөрнөөс хол суурьших нүүдэллэх, мөн далан шуудууг цэвэрлэх, уруйн ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, албан байгууллагуудыг нүүх, эс бөгөөс шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байгаа. Үүнтэй холбоотой нийслэлийн Онцгой комиссын албан даалгавар болон Засаг даргын захирамж гарсан байгаа. Үүнийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага хэрэгжүүлэх хэрэгтэй.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үерийн далан сувгийг таглан байрласан, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх аж ахуйн нэгжид хяналт тавих, зөрчлийг арилгахыг үүрэг болгосон.

Иргэд сайн дураараа нүүдэггүй. Газрын зөвшөөрлийн асуудал яригддаг. Тийм учраас энэ асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэж боддог. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Газрын алба, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Онцгой байдлын байгууллага хамтраад энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Орон нутгаас шилжин ирж буй иргэдэд шинэ суурьшлын бүс нутаг гаргаж өгөх нь зөв алхам гэж харж байна.

о.дашням

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *