УИХ-ын чуулганы цахим хуралдаан 41 гишүүн буюу 54.7 хувийн ирцтэйгээр 10.10 цагт эхэллээ. Гишүүд чуулганы болон Байнгын хороодын нийт таван танхимд хуваагдан хуралдаж байгаа юм. Чуулганаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн уг тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 8 хуулийн төсөл, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Түүнчлэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын саналын дагуу “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийг маргаашийн хуралдаанаар танилцуулахаар төлөвлөсөн тул хойшлуулжээ.