Categories
мэдээ улс-төр

Тавантолгойн цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станцыг 2020-2024 онд барихаар шийдвэрлэсэн байна. Цахилгаан станцын санхүүжилтийг төр хариуцах бөгөөд ингэхдээ гадны зээл болон бусад эх үүсвэрээс эхлээд бүх боломжийг ашиглахаар төлөвлөж байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.

2018 онд Оюутолгой компани 300 мВт-ын цахилгаан станц байгуулахаар Засгийн газартай гэрээ байгуулсан ч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Учир нь тус компани цахилгаан станцыг 1.1 тэрбум ам.доллар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 2-3 дахин өндөр үнээр барих санал ирүүлжээ. Энэ нь Монголын тал ирээдүйд Оюутолгой төслөөс хувь авах хугацааг хойшлуулах магадлалтай тул хүлээн авах боломжгүй гэж Засгийн газар үзсэн байна. Улмаар 2013 онд баталсан ТЭЗҮ-г ашиглан цахилгаан станц барих болсон гэдгийг Ц.Даваасүрэн сайд онцлов.

Тэрбээр, “Тавантолгой төслийг анх хэрэгжиж эхлэхэд 17 сая ам.доллар зарцуулж байсан. Тухайн үед цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулсан бөгөөд шугам сүлжээ болон бусад дэд бүүтцийн ажлыг оруулаад 560-600 сая ам.доллар зарцуулахаар тусгасан байгаа юм. Энэ бол Оюутолгой компанийн тавьсан саналаас даруй 30 хувь хямд үнэ. Үүнээс гадна эрчим хүчний үнэ 50 хувь хямд байна. Тиймээс станц барих төслийг төр санхүүжүүлэх боллоо. Засгийн газар болон Оюутолгой компанийн байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 4 жилийн дотор эрчим хүчийг Монгол Улсаас худалдан авдаг болно” гэсэн заалт бий. Харамсалтай нь энэ заалт хэрэгжихгүй байна. Тиймээс станцыг ашиглалтад оруулсны дараа гол хэрэглэгч нь Оюутолгой байх юм” гэлээ.

Оюутолгой төсөл импортын эрчим хүчинд жил 170-200 сая ам.доллар зарцуулдаг байна. Тиймээс төр Тавантолгойн станцыг барьсан зардлаа 5 жилийн дотор нөхөх боломжтой хэмээн тооцоолжээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Санхүүжилт босгох боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Эхний ээлжинд “Эрдэс-Тавантолгой” компанийг түшиглэнэ. Тус компани ашигтай ажиллаж чадвал станцыг санхүүжүүлэх боломжтой. Шаардлагатай бол бонд гаргах юм. Санхүүжилт босгох ажлыг маргаашнаас эхлүүлэхээс гадна Оюутолгой төслийн удирдлагуудтай уулзаж Засгийн газрын шийдвэрийг танилцуулах болно.

-Эгийн гол, Эрдэнэбүрэнд Усан цахилгаан станц байгуулах ажил ямар шатанд байна вэ?

-Эгийн голд Усан цахилгаан станц барихад ОХУ-ын Байгал нуурын экологид сөргөөр нөлөөлөх магадлалтай гэсэн асуудалл яригддаг. Энэ асуудлыг нарийн судлахаар Францын компани ажиллаж байгаа. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ТЭЗҮ-г хятадын талд хүргүүлсэн. Хэрэв Хятадын тал хүлээн зөвшөөрвөл санхүүжилтийг шийдвэрлээд, тендер зарлана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *