Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Амаржаргал: Би хүүхдүүддээ хувцас байвал илүүчлээч л гэсэн болохоос хоногийн хоол, мөнгө төгрөг гуйх гээгүй юм шүү

“Халамж ба Хүүхдийн мөнгө” фэйсбүүк группт нэгэн өрх толгойлсон эмэгтэй тусламж хүсч бичсэн нь иргэдийн анхаарлыг нэлээд татав. Тус эмэгтэйг Б.Амаржаргал гэдэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.


-Өөрт тань туслах хүсэлтэй олон хүн байх шиг байна. Хүмүүс холбогдож байна уу?

-Хүмүүс чатаар их холбогдож байна. Одоохондоо ганц, хоёр хүн очно оо л гэж байна. Гэхдээ ихэнх хүмүүс үнэхээр тусламж хэрэгтэй хүн юм уу, эсвэл худлаа хаягнаас юм бичээд байна уу гэдгийг их асууж байна. Фэйсбүүкээр видео чатаар холбогдъё, царайг чинь харъя гэж ярьж байна. Би өмнө нь нэг ч ийм сэтгэгдэл оруулж байгаагүй. Тэгсэн хүмүүс залуу хүн байж луйвар хийх гэж байна гээд их загнадаг юм байна.

-Өөрийнхөө хаягнаас сэтгэгдэл бичээгүй болохоор тэгсэн болов уу?

-Би яагаад өөрийнхөө хаягнаас бичээгүй гэхээр муу, зүдэрч яваагаа бусдад харуулахыг хүсдэггүй. Юу ч болсон шүд зуугаад ард нь гарахыг хүсдэг. Тийм болохоор өөр хаяг нээж бичсэн юм. Би гурван охинтой. Өрх толгойлсон эмэгтэй. Ажил хийгээд гурван охиноо өсгөөд л байна. Өлсгөчихгүй байх юмсан гээд хоол ундандаа хамаг цалингаа зарцуулчихдаг. Тийм болохоор шинэ хувцас авч өгөөгүй удаж байна. Бараг солих хувцас ч үгүй болчихож. Тэгсэн уржигдар охид маань “Ээж минь мөнгөгүй хэцүү байгаа юм чинь бид гуравт хавар болохоор нэг, нэг подволк л аваад өгчихөд болно” гэж хэлсэн. Үүнийг сонсоод үнэхээр бачуурсан.

-Тэгээд л та хүмүүсээс тусламж хүссэн хэрэг үү?

-Тийм ээ. Хүнд хэлэхэд жаахан ичмээр ч охидоо бодоод фэйсбүүк группт бичсэн юм. Хүүхдүүддээ шинэ хувцас авч өгч чадахгүй байгаа болохоор охидынхоо шинэ хуучин ч хамаагүй хэрэггүй хувцаснаасаа илүүчилж туслаач л гэж хүссэн юм. Тэрнээс би хоногийн хоол, мөнгө төгрөг гуйх гээгүй юм шүү. Тэгээд ч миний энэ гачигдал бол түр зуурын л зовлон.

-Хүүхдүүд нь хэдэн настай вэ?

-Том охин 11, дунд охин 8, бага охин 6 настай.

-Одоо хаана амьдарч байна вэ?

-Манайх Баянхошууны эцэст байдаг. Би цалингаа цуглуулж байгаад дөрвөн ханатай гэр 300 мянган төгрөгөөр худалдаж авсан. Өнөөдөр гэрээ барьж байна. Хүүхдүүд маань бөөн баяр. Бид өмнө нь хамаатны эгчийндээ түр зуур байсан юм.

-Өрх толгойлоод хэр удаж байна?

-Гурван жил гаран болж байна.

-Хүүхдүүдийн эцэг салаад явсан гэсэн. Охидоо эргэж тойрдог уу?

-Үгүй ээ. Нөхөртэйгөө найман жил амьдарсан. Анх салснаасаа хойш хааяа ирдэг байсан. Би охидоо бодоод эргээд ирэх болов уу гэж их харсан. Гэвч ирээгүй. Өмнө нь ирэхдээ ч тэр охидоо бодож мөнгө төгрөг өгч, хувцас хунар авч өгч байгаагүй.

-Тэтгэмж авдаг уу?

-Үгүй ээ. Сүүлийн үед би тэтгэмж тогтоолгоё гэж боддог болсон. Шүүхээр орохын тулд 70, 80 мянган төгрөг ордог гэсэн. Цалингаасаа нэг илүүчилж байгаад хөөцөлдөх бодолтой байна. Ер нь юм хөөцөлдөх гэхээр тэдэн төгрөгөөр тийм, ийм бичиг авчрах ёстой гээд их чирэгдэл ихтэй байдаг.

-Та хаана ямар ажил хийдэг вэ?

-Би улсын эмнэлэгт үйлчлэгч хийдэг. Сарын 420 мянган төгрөгийн цалин авдаг. Цалингаа хоёр хувааж авна. 10 мянган төгрөгөөр автобусны картаа цэнэглээд цахилгааны мөнгөнд 20 мянган төгрөг төлдөг. Бас гэрийн түрээс гэж 30 мянган төгрөг сар бүр төлнө. Тэгээд үлдсэнээр нь гурил будаа, саван вока, түлээ нүүрс гээд ахуйн хэрэглээгээ аваад таардаг. Цалин хааччихав гэмээр л дуусдаг. Ямар ч байсан хүүхдүүдээ өлсгөчихгүй юмсан л гэж их хичээдэг.

-Цалингаас өөр орлого бий юү. Хүүхдийн мөнгө ч юм уу?

-Өөр байхгүй. Хүүхдүүдийн мөнгийг нь би хадгаламж нээгээд холбочихсон. Шууд хадгаламжиндаа ордог. Би ерөөсөө авдаггүй. Миний охид нэг л мэдэхэд сургууль төгсөнө. Тэр үед би бүр хоосон байж болохгүй гэж боддог.

-Хүнсний талонд хамрагддаггүй юу?

-Баянхошуунд амьдарч байгаа ч өмнөх хаягаасаа шилжүүлэг хийлгэж чадаагүй байгаа болохоор тиймэрхүү халамжид хамрагддаггүй. Минйи бодлоор бидний амьдарч буй нийгэм ээж, хүүхдийг илүү сайн сонсдог байгаасай. Дүүрэг, хороо нь биднийг харж үздэг, сонсдог байгаасай гэж их хүсэх юм.

-Хүүхдүүд нь сургуульд явдаг биз дээ. Таныг ажилтай үед хэн хардаг вэ?

-Миний ажил 16 цаг ажиллаад 72 цаг амардаг. Тийм болохоор хүүхдүүдээ хараад сургууль номонд нь хүргэж өгөөд болоод байдаг. Ажилтай үедээ хажуу айлынхаа эгчид захиад үлдээдэг. Одоо харин карантинтай үед жаахан хүнд л байна.

-Охид чинь аль хэдийнэ тусд орсон байх даа?

-Тэгэлгүй яахав. Миний гурван охин надаар гэрийн ажил хийлгэдэггүй. Би хувцсыг нь л угааж өгдөг. Надаас нэг ч удаа амттан, тэр битгий хэл талх нэхэж байгаагүй. Их ухаантай. Бэрхшээл бол мэдээж их. Гэсэн ч би бол жаргалтай эмэгтэй. Ядраад, уйлаад суух бүртээ гурван охиноо хараад л баясч, инээж хөөрөөд тайтгарчихдаг. Яагаад гэхээр миний гурван үр өвчин зовлонгүй байна гэдэг чинь хамгийн том аз жаргал юм даа гэж би бодож өөрийгөө зоригжуулдаг.

-Хамаатан садан гэж бий юү?

-Ах эгч нар уг нь бий. Гэхдээ өөрсдийгөө л болгосон хүмүүс. Би ч ямар авах албатай ч биш дээ.

-Таны хамгийн их санаа зовдог зүйл юу вэ?

-Хүүхдүүд маань томроод байдаг. Би гэдэг хүн байр суурь, орох орон ч үгүй явж байгаадаа санаа их зовдог. Уг нь би тал бүрээр л хичээж охидоо өсгөх гэж хичээж байна. Заримдаа бүр хэцүү, яахаа ч мэдэхээ байх үе гарах юм.

-Орон нутгийнх уу, хотын иргэн үү?

-Би Хөвсгөлөөс ирээд яг 11 жил болж байна. 12 дугаар ангиа төгсөөд 17 настайдаа том охиноо төрүүлсэн болохоор ямар нэг сургуульд сурч мэргэжилтэй болж чадаагүй. Одоо гурван охиныхоо төлөө сурахаас илүү ажиллах л сонголт надад үлдсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *