Categories
мэдээ цаг-үе

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ю.Дашбалынх

Ханш нээж байгаль дэлхий сэрж байна. Шинэхэн ногоо өндийж, яргуй хэнзлэн хүн малын сэтгэл тэнийх цаг айсуй.Жил бүр бид энэ бүхнийг үзэж туулах хэрнээ үргэлжид анхны, шинэхэн мэт мэдрэмж төрүүлдэг нь гайхам. Ийнхүү хаврын тухай хөнгөн, гэгээн бодол тээсээр зорьсон газартаа ирлээ. Бид “Танайд өнжье” булангаа бэлдэхээр Монгол Улсын зөвлөх эдийн засагч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ю.Дашбалынд ирсэн нь энэ. Ганцхан жилийн дараа 80 дахь хавартайгаа золгох гэж буй тэрээр нүдэнд дулаахан инээмсэглэл тодруулсаар бидэнд хаалгаа тайлав. Тэрээр эхнэр, зээ охины хамт гуравдугаар хороололд амьдардаг юм байна. Бид зочных нь өрөөнд тухаллаа. Цонхныхоо урдуур зүйл зүйлийн цэцэг тарьжээ. Хоёр талын хананд хуучны ховорхон номнуудыг тэвхийтэл өрсөн харагдана. Ханандаа нэгэн эрхмийн хөрөг зураг бүхий малчин Юндэн гэх бичигтэй жижиг хивс, Шавартын өндөр хайрханы зургийг онцгойлон залжээ. Одон, медаль, өргөмжлөл, гэрийн эздийн залуу цагийн нүд тусам хөргүүд ч харагдана. Бид цай цүй уунгаа Ю.Дашбал гуайн нутаг ус, ижий аавын тухай яриа дэлгэлээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын хүн аж. Сумынхаа Хүрэн гол баг буюу хүндлэн залсан Шавартын өндөр хайрханыхаа өвөрт хүүхэд ахуй насаа өнгөрөөжээ. Түүний аав Юндэн Төгрөг сумаас төрөн гарсан анхны Улсын сайн малчин юм байна. Өнөөх хивсэн дээрх хөрөг түүний аавынх аж. Юндэн нь малч ухаанаараа нутаг усандаа үнэлэгддэг, ажигч гярхай, хөдөлмөрч нэгэн байжээ. “Аав маань намар цаг шувтрахын алдад ирэх өвлийн өнгө ямархан байхыг шинжиж, нэг л базаахгүй бол Алтайн уулсыг давж Таянгийн нуруу, Тахийн шар нуруу тийш зорьдог байж билээ. Өнтэй газар луу нүүж байгаа нь тэр. Манайх гэдэг айл тэгж л мал малладаг байв. Манайх их малтай айл байсан ч одоогийнх шиг олон мянгаар тоологддог байгаагүй. Чанарт л анхаардаг байсан юмдаг уу даа. Бид эхээс есүүлээ. Би төрснөөс дөрөв дэх, өссөнөөрөө хоёр дахь нь юм. Бидний долоо нь хүн болсон хэрэг” хэмээн тэрээр ярив. Ю.Дашбал гуай Төгрөг сумынхаа бага сургуульд 1949 онд найман настайдаа орж төгсчээ. Улмаар 1955 онд Төгрөг сум долоон жилийн сургуультай болсноор 1957 онд долдугаар ангиа онц дүнтэй дүүргэсэн байна.

Долдугаар ангиа төгссөн зун нь түүний ах ажлынхаа амралтаар нутагтаа иржээ. Тухайн үед аав нь Дашбалыгаа нийслэл рүү явуулахаар нэгэнт шийдсэн байж. Хоосонгүй толгой гэдгийг мэдэх учир ахыгаа даган эрдэм номын мөр хөөг гэж бодсон нь тэр. Сумын захиргаа орж уулзан хүүдээ Санхүү эдийн засгийн техникумд сурах томилолт өвөртөлсөөр баяр хөөртэй ирсэн аавынх нь дүр төрх одоо ч түүний сэтгэлд тодхон үлджээ. Ийнхүү Ю.Дашбал ахыгаа даган нийслэлийг зорьсон байна. “Бид шуудангийн машинаар дөрвөн өдөр явж байж нийслэлийн бараа харсансан. Оройхон л орж ирсэн санагдана. Энд, тэнд гэрэл гялалзаад жигтэйхэн л гоё харагдаж билээ. Биднийг одоогийн цирк байгаагийн цаад талд буулгасан юм. Ах бид хоёр хятадын морин тэргийг гуйж мах шөл, хувцас хунараа ачаад, одоогийн Цагаан хаалганы наад тал, Дунд голын цаад талд байх ахын албан газрын гэрт буусан юм. Ах маань Худалдааны техникум төгсөөд, гурван ч жил ажиллачихсан байсан үе л дээ. Унаа тэрэг ховор ч байж дээ. Сургуульдаа орчихоод Цагаан хаалганаас Санхүүгийн сургууль хүртлээ алхчихдаг л байсан” хэмээн тэрээр ярилаа. Хотын хүүхдүүд ч сурлага сайтай байх даа, яадаг ч байсан гурав сурчих юмсан гэсээр Ю.Дашбал Санхүү эдийн засгийн техникумд оюутан болж байж. Гэтэл гурав битгий хэл тав сурсаар, улаан дипломтой сургуулиа төгсөж, 1960 оны зургадугаар сарын 20-нд 19-хөн настайдаа Сангийн яаманд байцаагчаар ажиллаж эхэлсэн байна. Ю.Дашбал“Бие жижигтэй учир техникум төгсчихсөн хэрнээ хүүхдийн хувцаснаасаа салаагүй байсан. Тийм л нөхөр Сангийн яаманд ажиллахаар ирсэн дээ.Сангийн яамаа төлөөлөөд шалгалтаар явахад нягтлангууд эхэндээ тоодоггүй байж билээ. Санхүүгийн номоор бол санхүүгийн шалгалт хийж яваа хүнд ширээ, сампин гаргаж өгөх ёстой юм. Хэрэглэгдэхүүнүүдийг гаргаж өгсөн ч хүний ширээний булан заагаад өгөх жишээтэй. Яахав ширээг нь голохгүй сууна л даа. Номыг нь заалгасан юм болохоор шаардлагатай бүх баримтуудыг нь нэхэж авч үзнэ. Санхүүгийн шалгалтаар заавал нэг зөрчил гардаг. Тэр тохиолдолд өнөөх хөдөлж өгдөггүй хүмүүст ёстой бууж өгөхгүй. Төл гээд л шаардана. Ингэж л байцаагч болж байлаа. Сүүлдээ хүн дагуулж сургаж ч явлаа. Сангийн сайд байсан А.Базархүү надаас хойш хоёр жилийн дараа төгсөж ирэн, манай хэлтэст ажилласан юм. Намайг дагаж шалгалт хийж сурсан хүн шүү дээ. Сэргэлэн гэж жигтэйхэн. Бид нэг нутгийн хоёр л доо” гэв.

Түүнийг Сангийн яаманд ирэхэд Д.Содном гуай Валютын хэлтсийн дарга байжээ. Ирсэн жил нь түүнд “Чи гурван жил ажиллачихаад “хойшоо” дээд сургуульд явна шүү, бэлтгэлээ сайн хийгээрэй” гэж аминчлан захиж. Яг гурав дахь жил дээр нь Д.Содном гуай Сангийн сайдаар томилогдож. Сайд нэг өдөр Ю.Дашбал гуайг дуудуулж сургуульд явахаа түр азнаж, Сангийн яамны Боловсон хүчний хэлтсийн дарга болохыг санал болгосон байна. Сайдынхаа хэлснийг ч зөвшөөрч, уг албандаа гурван жил ажиллаад 1967 онд ОХУ-ын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг зорьжээ. Гэрийн эзэн “Намайг сургуулиа төгсөөд ирэх үед Ц.Молом гуай Сангийн сайд болчихсон байсан. Миний багш хүн л дээ. Багш маань “Чи Дорнод руу яваад ир. Чамайг би яг гурван жил болоод татна” гэсэн. Дорнод хэлтэс муу ажиллаж байна гэгдэж байсан үе. Очсоны маань дараа жил Дорнод аймгууд дотроос долдугаарт, тэрний дараа жил гуравдугаар байрт орсон. Харин Дорнодоос ирсний дараа Эвлэлийн төв хороонд Лодонгийн Түдэв гуай татаж, тэнд жил хагас тасгийн эрхлэгч хийсэн юм” гэлээ. Түүний хувьд нийгмийн идэвх сайтай нэгэн байж. Сангийн яаманд ажиллаж байх үедээ л Эвлэлийн төв хороонд Шалган байцаах комиссын гишүүн байжээ. Хотын эвлэлд Шалган байцаах комиссынх нь даргаар ч ажилласан байна. Мөн Мэдээлэл, радиогийн хороонд орон тооны бус сурвалжлагчаар ажиллаж, Сангийн яамны систем, хөдөө, гадаа болсон хурал зөвлөгөөн, томоохон тогтоол шийдвэрийн талаар гараар товч мэдээ бэлтгэж өгдөг байжээ.

Ийнхүү явсаар тэрээр анх 1978 онд Ноосны үйлдвэрийн нэгдэлтэй холбогдож, энэ “айлын” хүн болжээ. “Монголросцветмэнт”-д ажиллаж байхад нь Ноосны үйлдвэрийн нэгдлийн дарга С.Бавуусүрэн түүнийг сурагласаар, санхүү эрхэлсэн даргаар томилсон байна. Ю.Дашбал “Юм гэдэг их сонин. Би техникумд байхдаа дандаа үйлдвэрийн талын санхүү, нягтлан, эдийн засгийн холбоотой зүйлс сонирхож цуглуулдаг байсан. Бусад салбарыг нэг их ойшоодоггүй байв. Тиймдээ ч Ноосны үйлдвэрийн нэгдэлд ажиллах тун сонирхолтой байсан. Би тэнд чамгүй юм хийж өгсөн. Хувьдаа тэгж л боддог юм. Товчхондоо цех, үйлдвэр, нэгдэл гурвын хоорондын холбоог нарийн гаргаж ирсэн юм. Цехээс эхлээд аж ахуйн бие даасан байдлыг хангахтай холбогдсон тооцоог гаргасан том ажил байсан юм. Энэ нь улсын хэмжээнд туршлага болж, санхүү эдийн засгийн ажилтны хоёрдугаар зөвлөгөөний төлөөлөгчид ирж судалж байсан удаатай” гэлээ.

Үүний дараа тэрээр Хөнгөн үйлдвэрийн яаманд 1981 оноос 1990 оны эх хүртэл ажиллажээ. Тэрээр яамныхаа Төлөвлөлт, удирдлага, аж ахуйн механизмын хэлтсийн дарга байх үедээ мөн л улсын аж ахуйд нэвтрүүлэх аж ахуй механизмын асуудлыг орлого хуваарилах системээр өөрчлөх чухал санал боловсруулжээ. Түүний энэхүү санал Засгийн газраар дэмжигдэн, хэрэглээнд нэвтэрч маш сайн үр дүн үзүүлсэн байна.Улмаар Ю.Дашбал гуай Хөдөлмөрийн яаманд Өмчийн хэлтсийн даргаар ч томилогджээ. 1990 оны ардчилсан хувьсгал өрнөсөнтэй холбоотойгоор түүний хариуцсан хэлтэс өмч хувьчлалын бэлтгэл ажлыг хийж эхэлсэн байна. Дараа нь Засгийн газраас Өмч хувьчлалын түр комисс байгуулж уг ажлыг зохион байгуулахаар болжээ. Уг түр комиссын даргаар Д.Ганболдыг, нарийн бичгийн даргаар нь Ю.Дашбал гуайг томилсон байна. Ажлын хэсгийн гишүүн, яамны Өмчийн хэлтсийн даргын хувьд тэрээр энэ үед өмч хувьчлалыг купоноор явуулахыг үгүйсгэж, өөрийн саналыг ч дэвшүүлж байжээ. Түүнээс ямар санал дэвшүүлсэн талаар нь асуухад “Би ардчилсан хувьсгалаас өмнө Хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж байх үедээ аж ахуйн механизм гээч зүйлийг өөрчилсөн юм. Манай улсад олон жил мөрдөгдсөн ашиг хуваарилах аргыг орлого хуваарилах байдал руу оруулсан. Манай ашиг хуваарилах систем аж ахуйн газрын бие даасан байдлыг хангаж чадахгүй, нэг л дэмий байсан. Улс бүх зүйлийг нь хураагаад авчихаар үйлдвэрт юу ч үлдэхгүй байсан хэрэг. Би үүнийг л эргүүлээд тавьчихсан юм. Цалин, орлого бүх зүйлээ үйлдвэр өөрөө хариуцаад гагцхүү улсын төсөвт өгдгөө өгнө, бусдыг нь өөрөө авна гэх санааг гаргаж ирсэн. Үүнийг Беларусь, Украинд туршлага судалж явахдаа олж мэдсэн юм. Энэ туршлагыг яамандаа танилцуулж, Сүрэн сайд ч дэмжсэн. Энэ хүрээнд хийгдсэн нэг ажил нь Говь-Алтайн модны үйлдвэрийг түрээсэлсэн явдал юм. Сүрэн сайд зөвшөөрч, яриад байгаа туршлагаа ажил нь дордсон гээд байгаа Говь-Алтайн модны үйлдвэртээ хэрэгжүүл гэсэн юм. Гурван хоногийн турш нойр хоолгүй сууж байж модны үйлдвэрийг түрээсээр өгөх бүх тооцоог хийж, дүрэм, журам зэргийг бүгдийг нь өөрчилсөн. Аймгийн захиргаатай нь ярьж байгаад хүн бэлдэж даргаар нь тавилаа. Ингээд нэгдүгээр орлогч сайд Говь-Алтайд очиж бүх нөхцөл байдалтай танилцаж, хурал хийн модны үйлдвэрийг түрээслэхээр болсон. Ингэж л үйлдвэрийг түрээсээр өгөх ажлын зохион байгуулж байлаа.Үйлдвэрээр нь түрээсэлсэн Монголын анхны тохиолдол тэр юм. Энэ их зөв зам байсан. Ажил нь тэг байсан бол ёстой гялзалзсан. Хамт олонд нь үйлдвэрийг тэр чигт нь өгчихөөр арга ч байж үү дээ. Ашиг нь нэмэгдэж, хүмүүсийн цалин сайжирсан. Мэдээж улсад өгдгөө өгч байсан. Модны өөдөс хаядаг байсан бол цехүүд хоорондоо булаалддаг болсон шүү. Энэ зүйлийг хийж, нүдээр үзсэн учир өмч хувьчлалыг купоноор тараахыг зөвшөөрөхгүй байсан юм. Миний хувьд өмч хувьчлалыг хийхдээ олон төрлийн арга хэрэглэх нь зөв, дэс дараатай явъя, эхлээд хамт олонд нь түрээсээр өгье, мэргэжлийн хүн нь тэндээ даргаа хийгээд үлдэг, ажилчид нь хэвээрээ байг гэсэн саналыг дэвшүүлсэн. Гэхдээ бидний санал хараахан дэмжигдээгүй. Яахав, УИХ-ын тогтоол олон төрөл гэж гарсан л даа. Гэхдээ ерөнхийдөө купоноор хувьчилхыг заасан” гэлээ. Мөн тэрээр “Угтаа одоогийн ашиг, орлого хуваарилдаг Монголын систем яг миний ярьж байсанчлан явж байгаа шүү дээ. Миний ярьж байсан бүр тэр чигээрээ явж байгаа. Улс авдгаа авчихаад бусдыг нь үйлдвэр мэддэг болсон” гэв. Түүний ажил хөдөлмөрийн талаар сонсож суухад очсон газар бүртээ л шинийг, зөвийг санаачилж, тэр бүр нь эерэгээр үр дүнгээ өгч байсныг харж болохоор байгаа юм. Үүнийг нь ч мэддэг дарга нар албандаа авахыг хүсэж, эрэл сурал болдог байсан биз ээ. Аливаад чин сэтгэлээ зориулж, тэр бүрийнхээ үр дүнг үзэж, сайн мөртэй, бусдад түшигтэй амьдарна гэдэг магад амьдралын утга учир гэлтэй.

Тэрээр гавьяаныхаа амралтад гарснаасаа хойш мөн л зүгээр суугаагүй байна. Ижил дасал болсон Хөнгөн аж үйлдвэрийн салбарын түүхийг 70, 80 жилийн ойгоор нь бичиж, гурван ч ном гаргажээ. Ноосны салбарын талаар ч мөн бичжээ. Энэхүү номныхоо талаар тэрээр “Манай улсад бэлчээрийн даацаараа 46 сая мал л байх боломжтой юм. Газар нутгийн шим тэжээл дээшилнэ гэж байхгүй учир 46 саяас илүү мал байх боломжгүй. Би 46 сая малаараа тооцож, нэхмэлийн үйлдвэрүүдийг хаана байх нь зохистой талаар судалж, энэ номондоо бичсэн. Гадныхан өөрт таалагдсан нэг зүйлээ олон мянган ширхэгээр авна гэж гэрээ хийдэг. Гэтэл манайх тэр хэмжээнд хүргэж хийж чаддаггүй. Энд тэнд байгаа салангад хэдэн үйлдвэрүүд тэр хэмжээнд хүрч ажиллаж чаддаггүй юм. Тиймээс нэхмэлийн эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэр Монголд дөрвөн бүсэд л байх нь зүйтэй гэж үзсэн. Түүний жижиг үйлдвэрүүд нь аймаг бүрт байх ёстой. Жишээ нь, баруун бүсэд таван аймаг бий. Үүнээс эцсийн бүтээгдэхүүн гаргах нэг үйлдвэр нь Ховд аймагт байж болно. Эцсийн бүтээгдэхүүн болгож ээрэх, нэхэх, сүлжэхийг төв үйлдвэр дээрээ хийнэ. Харин ноос угаах, хялгас ялгах, барилгын дулаалгын материал хийх үйлдвэр аймаг бүрт хийж болно. Энэ нь анхан шатны боловсруулалт юм. Үйлдвэрүүдэд байх тоног төхөөрөмж, ажиллах хүчний тоог ч гаргаж ирсэн. Дэлхийн зах зээлийг ч зургаан бүсэд хувааж авч үзсэн. Манай нэхмэлийн үйлдвэрт үүнээс өөрөөр явах арга зам байхгүй. Би үүнийг баталгаатай хэлж чадна. Энэ тооцоо судалгаа бүхий номоо би 2013 онд гаргаж, яамдын үе үеийн удирдлагуудад танилцуулсан. Гэхдээ хэн нь ч зориглож авч хэрэгжүүлээгүй” гэлээ. Тэрээр зөвхөн хөнгөн аж үйлдвэрийн салбарын номнууд бичээд зогсохгүй роман, морины тухай дууль зэргийг бичжээ. Одоо тун удахгүй дахин нэг бүтээлээ хэвлүүлэхээр зэхэж суугаа гэдгээ ч хэлж байлаа.

Биднийг ийн ярилцах зуур гэрийн эзэгтэй зээ охинтойгоо хажуу өрөөндөө гангар, гунгар хийж, хаа нэг инээд алдах нь сонсогдох аж. Түүний гэргийг Н.Сонин гэдэг аж. Тэрбээр “Гэргий маань Дорнодын хүн. Хуульч мэргэжилтэй. Хуулийн мэргэжлээр сурч төгсөөд Хотын шүүхэд нарийн бичгийн дарга, Дорнод аймгийн гүйцэтгэх захиргаанд ажилласан. Үйлдвэрүүдийн боловсон хүчний хэлтсийн эрхлэгч, Говь комбинатын хуулийн зөвлөхөөр ч олон жил ажиллаж байлаа” хэмээн гэрийн эзэн ярьсан юм. Гэрийн эзэгтэйгээс хүүхдүүдийнх нь талаар асуухад “Бид хоёр таван охинтой. Мөн зээ охин олонтой. Бид хоёр их өнөр олуулаа болсон. Бараг 30-уулаа болж байна. Охид маань эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй. Бүгд л төр захиргааны байгууллагад ажиллаж байна. Хүргэчүүл маань ч мөн ялгаагүй эдийн засгийн чигийн хүмүүс. Хуулийн ч хүн мөн бий дээ” хэмээн намуухан хариулав. Ю.Дашбал гуай 2014 онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэх эрхэм цолыг хүртжээ. Үүгээр ч зогсохгүй Хөдөлмөрийн гавьяаны улаан туг болон Алтан гадас, Тусгаар тогтнолын одонтой аж. Гэрийн эзэгтэй “Залуугаасаа авсан одон медалиудыг нь нийлүүлбэл чамгүй их юм болно. Ёстой л энгэрээр нь дүүрэн болчихдог доо” гэж байлаа.

Гэрийн эзний ном товхимлууд дотроос өдрийн тэмдэглэлийн цуглуулга нь аргагүй сонирхол татав. Ю.Дашбал гуай тэтгэвэрт гарснаасаа хойш тэмдэглэлийн дэвтэр хөтөлжээ. Харвал ихэд нямбайлан бичсэн сонин содон мэдээлэл, сургаал үгс, элдэв мэдээ, баримттай, өдрийн тэмдэглэлийн хэв загвараас тэс өөр байх аж. Тэрээр тухайн өдөрт сонссон дуулсан хамгийн бодитой мэдээллүүдээ тэмдэглэлдээ бичиж үлдээдэг юм байна. Нэг ёсондоо олж авсан мэдлэгээ дахин бататгахын тулд баримтжуулж үлдээжээ. Эргээд нэг сэдвийн талаар мэдээлэл хэрэгтэй болоход өнөөх дэвтрүүдээсээ шүүж түвэггүй олдог гэнэ. “Би хүүхдүүддээ ингэж тэмдэглэлийн дэвтэр хөтлөхийг үргэлж сануулдаг юм. Ингээд бичсэн байхад хэнээс ч дутахааргүй мэдлэгтэй болсон байна шүү. Хэвлэл дээр гарсан нэг мэдээлэл мөддөө дахин давтагддаггүй болохыг ч тэмдэглэл хөтөлснөөр анзаарсан. Оросын зарим хэвлэлүүд дээр 10 жил болоод давтагддаг юм билээ” хэмээн тэрээр хэлж байв. Тэрээр ярианыхаа төгсгөлд нь аж үйлдвэрийн салбарынхаа талаар “Аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд манай орны хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх асуудал их чухал. Уул уурхайтай эн зэрэгцэх асуудал гэж би хардаг. Цаашид хэн нь ч төр засгийг толгойлж байсан үүнийг онцлон анхаарч, бодож байх учиртай юм. Энэ удаагийн УИХ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарсан гэж би харж байгаа. Алдаа мадаг гаргаж, сангийн мөнгийг зүй зохигүй зарцуулсныг үгүйсгэхгүй, гэхдээ цаашдаа засаад явах байлгүй. Ямартаа ч Ж.Ганбаатар гишүүн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих хуулийг санаачилж ажилласанд баяртай байна” гэж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *