Categories
мэдээ цаг-үе

Монгол төрийн алтан хэлхээ буюу Баасанжавын Тогтохбаяр

БААСАНЖАВЫН ТОГТОХБАЯРЫН МЭНДЭЛСНИЙ 80 НАСНЫ ОЙД


МАХН-ын Онц их хуралд төлөөлөгчөөр оролцов. 1990.03.20

Нэг хүний үйл хэрэг нэгэн цагийн түүхийг бүтээж улс орны алтан хувь заяатай холбогдох нь бий. Энэхүү гэрэлт тэнгэрийн дор хүмүүн заяаг олно гэдэг чухамхүү бурхны бэлэг юмсан. Гэвчиг солонго шиг татаад арилсан богинохон амьдралдаа өөрийн үзэл бодол үйл хэрэгт үнэнч байж, эцсийн мөч хүртэл эх орныхоо төлөө лугших зүрхтэй байна гэдэг бахадмаар үйлс. Тийм л гуниг харуусал дүүрэн хэрнээ эргэн санахад, элгэн халуун Монголоосоо урваагүй чигч шударгаар зоримогхон дүүлээд цэл залуухан насандаа эрсэдсэн Банзаржавын Баасанжавын гунигт хувь тавилангийн шарласан хуудсыг сөхөж суунам. Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга эл эрхэм гучаад оны их хэлмэгдүүлэлтийн аюулт хар шуурганы төгсгөлд айхавтар хүчтэй балбуулж 34-хөн насандаа амиа алдсан чин зоригт баатарлаг нэгэн юм. Тэрээр 1940 оны эхээр хуралдах ёстой намын аравдугаар их хурлын илтгэлийг нойр хоолоо умартан сууж бэлтгэн, тэгэхдээ маршал Чойбалсантай хэд хэдэн зүйл дээр санал зөрөлдөж, өөрийн байр сууринд хатуу бат зогсож байсан аж. “Цай, даалимба, гурил гээд ядуу ардуудын хэрэгцээт барааны үнэ нэмэхийг би яасан ч зөвшөөрөхгүй” гэж маршалын өөдөөс эрсхэн хэлж байж. Мөн гучин есөн онд болсон Төв хорооны хурал дээр намын дотоод зохион байгуулалтын тухай ширүүн үг хэлсэн зэрэг нь хэлмэгдлийн хар гогцоонд ороогдох баттай суурь нь болжээ. Ер нь Чойбалсан, до яамны Жамбалдорж нарын бузар үйлдлийг гарцаагүй гадарлаж, үзэл бодлын хувьд хууль бус зүйлтэй нь эвлэрч чадахгүй ганц хүн нь Баасанжав байсан юм билээ. Ингээд түүнийг 1940 оны хоёрдугаар сарын 22-ны шөнө гэрээс нь баривчлан хилс хэрэгт тулгаж до яамны Жамбалдорж гардан яргалж, түүний харгис балмад эрүү шүүлтэд ямар ч таслан шийдвэрлэх тогтоолгүй бүтэн долоон сарын туршид тамлуулсны эцэст дөчин оны аравдугаар сарын эхээр нас барсан байна.

Баасанжавыг хилс хэрэгт тулгагдан баривчлагдахад голомтыг нь залгах хүү Тогтохбаяр нь дөнгөж нэгхэн сартай эхийнхээ мээмэнд наалдаастай улаан цурав амьтан хоцорчээ. Хүмүүний хорвоод өөрийн бие үгүй боловч үйл хэргийг нь, он жилүүдийг нь үргэлжлүүлэх үртэй байна гэдэг бахархал. Үртэй хүн амиа алдсан ч амьдралаа тасалдаггүй. Алдарт Хэмингуэйн хэлснээр “Намайг алж болно, намайг ялж дийлэхгүй” гэдэг жинхэнэ утгаараа энэ ажгуу. Эгэл ардынхаа хоол хош мөр бүтэн, гэдэс цатгалан байхыг өөрийн алтан амиар сольсон түүний төрийн хэргийг хүү нь нэр төртэй үргэлжлүүлж, ачит эцгийнхээ ариун үйлсийг мөнхжүүлсэн юм. Баасанжавын Тогтохбаяр Улсын ургацын комисс, Тээврийн яам хоёрыг холбох гүүр нь болж хөдөлмөрийн баатар Жамъян генералын тодотгосноор “Засгийн газрын атар газар эзэмших шуурхай ажлын штаб болон улсын ургацын комиссын шилдэг боловсон хүчин”-ээр тодорч төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн байх юм. Хайрт эцгийнхээ гэгээн зам мөрийг ингэж дархлан тамгалахаас өөрөөр яахсан ч билээ.

НЭГ

Банзаржавын Баасанжав 1906 онд Ховдын хязгаарын Мянгад хошуу одоогийн Ховд аймгийн Мянгад сумын нутаг Үүргэсний бууц гэдэг газар эхээс мэндэлжээ. Чандмань уулын аймгийн бага сургууль, Улаангомын бага сургууль, Мянгад хошууны бага сургуулиудад багшилж алс баруун хязгаарт эрдэм соёлын үр түгээж байгаад хорин гурван онд Мянгад дайчин гүний хошуунд МХЗЭ-ийн үүрийг санаачлан 80 дугаар үүрийн анхны нарийн бичгийн даргаар сонгогдсон байдаг. Ингэж 17 настайгаасаа төр олон нийтийн ажилд орж эхэлсэн юм. Гучин онд 24 насандаа МАХН-ын гишүүн болж Монгол эх орныхоо ирээдүй хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх их үйлс нь эхэлжээ. Түүнийг Ховд аймгийн 8 дугаар хурлаас аймгийн намын хорооны дарга(1934 он)-аар сонгогдоход бүх цэргийн жанжин Дэмид тус хуралд өөрийн биеэр оролцож хил хязгаарын байдал цаг үеийн асуудлаар зөвлөгөө өгчээ. Гучаад оны эхэн үед эх орны баруун хязгаар жинхэнэ цаг төрийн үймээн дунд айдас түгшүүрийн дохион дор байсан. Торгуудын хошууны зарим эрх баригч феодал, эсэргүү лам нар Хятадын шинжааны цэргийн удирдагчидтай нууцаар нийлж, тэднээс зэр зэвсэг авч гол учир нь Ховдын Булган сумын нутгийг шинжааны мэдэлд өгөх хорт явуулга байв. Үгсэн хуйвалдаанд Урианхайн бэйсийн хошуу, Алтайн захчин хошууны зарим да лам, нударган түшмэдүүд оролцож байдлыг улам хурцатган дэвэргэж байсан үе.

Мөн хязгаар нутгийн иргэд хил давах, оргож нүүдэллэх хөдөлгөөн хүчээ авч торгууд, захчин, урианхай зэрэг зургаан хошуунаас хоёр мянга гаруй өрх есөн мянга орчим хүн хил даван нүүдэллэхээр бэлтгэж нэлээд хэсэг нь нүүж амжсан байна. Нам засгийн бодлого шийдвэр, ухуулга таниулгын үр дүнд гучин нэгэн оны сүүлч гэхэд 970 гаруй өрх айл Шинжааны нутгаас буцаж ирсэн нь намын залуухан дарга Баасанжавын гавьяа юм. Үүний зэрэгцээ хасгийн дээрэмчдийн халдлага түрэмгийллээс хамгаалах, зүүний нугалаа завхрал түүний хор уршгийг арилгах, Улаангом Төгсбуянтын хүрээний лам нарын эсэргүү бослогыг дарах гээд олон хэцүү даваатай улаан нүүрээрээ тулсан байна. Харин гучин дөрвөн онд Ховдын хязгаарт байсан зэвсэгт дээрэмчдийн үүр уурхайг бут цохиж гарамгай гавьяа байгуулсан Цэргийн яамны сайд бүх цэргийн жанжин Дэмид, хожим улсын баатар болсон нисгэгч Шагдарсүрэн, намын хорооны залуу дарга Баасанжав, аймгийн орлогч дарга Нушаа нарын 15 хүнийг Цэргийн гавьяаны I зэргийн одонгоор шагнасан түүх бий. Тэр ингэж л эх орныхоо баруун хязгаарын бүрэн бүтэн байдлын төлөө тэмцсэн юм. Ёстой л амь хайрлалгүй тэмцсэн байдаг. Баруун хилийн тулгаралт гэхээр бид баатар Тэгшээ, Гиваан, Даваадорж нарын бахдам гавьяаг ярьдаг. Эдгээр эрэлхэг хөвгүүдийн гавьяатай эн зэрэгцэхүйц эх орныхоо тусгаар тогтнолд үнэлж баршгүй гавьяа байгуулсан цогтой эх орончдыг хамт дурсах учиртай. Тэдний нэгэн яах аргагүй Банзаржавын Баасанжав мөн билээ.

Хилсээр хэлмэгдэхдээ Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн даргын албыг зэрэг хашиж байсан Монгол төрийн тулгуур баганын нэгэн. Гучин есөн оны арваннэгдүгээр сард маршал Чойбалсан тэр үед Сангийн яамны сайдаар дөнгөж томилогдоод байсан Цэдэнбалыг дагуулан Москва явахдаа Берия, Ворошилов нартай ганцаарчлан уулзаж Амар, Гэндэн, Дэмидийн хамсаатан бол Баасанжав гэж өчсөн байдаг. Түүнийг цааш харуулах тохироо гучин есөн оны төгсгөлд Москвад шийдэгджээ. “МАХН-ын Х хурал дуусах ойртож байсан өдөр Чойбалсан намайг Дотоод яамны конторт ир гэлээ. Яваад очсон чинь Жамбалдорж, маршалын нарийн бичиг Самбууням нар байна. Намайг оронгуут маршал цаадахаа оруул гэв. Шар чисчүү дээл толгой дээгүүр нь нөмөргөсөн хүнийг хоёр харгалзагч оруулж ирэхэд тэр хүн шалан дээр унаж нөгөө хоёр нь босгон сандал дээр суулгав. Маршал дээлийг нь буулга гэв. Гэтэл нүүр нь хөх няц болсон Баасанжав гуай байв. Ер нь Баасанжав гуайг таних төдий л байлаа. Тэрээр маршалыг үзэнгүүт “Маршал минь ямар ч гэмгүй намайг энэ нөхөр Жамбалдорж зодсоор ийм болгов. Амийг минь өршөөж өг” гэж гуйлаа. Гэтэл маршал “Чи муу эсэргүү, гучин долоон оны наадмын комиссын дарга байхдаа наадамчин олныг нам засгийн эсрэг болгох гэж байснаа мэдэж байна уу. Чи Японы тагнуул туршуул байснаа яах гэж байна гээд тулган асууж байсан” гэж Дашийн Дамба даргын ярианд байдаг.

Аав Банзаржав ууган хүүгээ 1936 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар дэвшин явахад “За хүү минь, хүний газар гүний нутагт олон түмнийхээ дунд “хун шиг цагаан биш, хэрээ шиг хар биш, шаазгай шиг алаг яваарай” гэж захижээ. Мөн айхтар үг шүү. Харин хилс хэрэгт баривчлагдсаныг сонсоод “Бурхан болгоод залаад явсан юмсан, буг болгоод бариад явж л дээ” гэж харууссан байна. Товсон овогт Банзаржав гэж Мянгад гүний хошууны ажилч хичээнгүй, шулуун шударга ил цагаан үгтэй, гүйлгээ хар ухаантай, ус нутагтаа нэр хүндтэй, олон түмэндээ өмөг түшиг болсон ёстой л нөгөө өндөр Хөхийн оргил шигээ сайхан хүн байж шүү. Ямархан ухаан төгс хүн байсан нь ууган хүүгийнхээ гэргий Аюушжавыг гурван хүүхдээ дагуулаад нутагтаа ирэхэд хүндэтгэл дүүрэн угтан аваад, баригдаад явсан нялх үрээ эргэж ирэхгүй гэдгийг нэгэнт ухаарч амьдралын хатуу үнэнтэй нүүр тулан бэрдээ дөрвөн ханатай гэр барьж, хэд гурван мал тоо ёсоор зүсэлж өгөөд “Өнөөдрөөс эхлэн энэ айлыг Толягийнх гэж нэрлэж явъя” хэмээн эрс шулуун хэлсэн гэдэг. Толя гэж хайрт эцгээсээ ганцхан сартай хоцорсон Тогтохбаяр хүүг хэлж байна. Үүнийг Өлзийбат зүрх шимширтэл өгүүлсэн сэн. Тэрээр буурал ах(Тогтохбаяр)-тайгаа эмээлийн хоёр бүүрэг шиг өссөн дөө гэж нулимсаа сувдруулж хэлдэг. Өлзийбат бээр “Өдрийн сонинд цувралаар гарч байгаа Баабарын “Монгол ДЕЛО”-г ах нь харж байгаа. Баасанжав ахын тухай гарна байх” гэсэн. Үнэхээр цувралын гуравдугаарт “Намын X их хурлын өмнө цэвэрлэгээ явагдав. Баасанжавыг баривчлан алахыг Зөвлөлтийн дотоод хэргийн сайд Берия өөрийн амаар Чойбалсанд даалгасан байдаг. Монголд нам талаасаа үлдсэн ганц том дарга нь тэр байсан юм. Баасанжав болон түүний бүлэг гэгдэх хүмүүсийг баривчлан тамлан зовоосны эцэст тэрээр цус алдан үхжээ. Биечлэн хороосон хүн нь Дотоод яамны сайд Жамбалдорж” гэж “ДЕЛО” буюу улс төрийн зохиомол хэргийн жагсаалтдаа Баабар тод томруун дурдсан байна.

ХОЁР

Баасанжавын Тогтохбаяр Мянгад сумын бага сургууль, Ховд хотын хоёрдугаар сургууль, Ховдын ХАА-н техникумыг тус тус төгсөөд, МУИС-ийн авто тээврийн инженер эдийн засгийн ангийг дүүргэсэн. Торгуудын өлгий нутаг Минжит Булганы мал аж ахуйн машинт станцаас ажлын гараагаа эхэлж нийслэлийн чихэр боовны үйлдвэрт засварчин, Авто тээврийн газар, Тээврийн яаманд мэргэжилтэн, Ачаа тээврийн удирдах газарт орлогч дарга, дарга Улаанбаатар хотын тусгай үйлчилгээний автокомбинатын дарга гээд хөдөөх суурингийн станцын механикчаас их хотынхоо тусгай үйлчилгээний автокомбинатын дарга болтлоо дэвшин ажилласан. Очсон газар бүртээ өөрийн нэр мөрийг тамгалж ямархан зүтгэлтэй ажилласныг он жилүүд нь гэрчлээд өгнө. Ингээд ерэн дөрвөн оноос Автотээврийн газартай амьдралаа холбосон бол дараа нь “Шуудан тээвэр” хоршооны даргаар ажилллаж байгаад аавынхаа төрсөн газрын нэрээр “Үүргэсний бэл” нэртэй компани байгуулж, “Морь барьдаг” нөхөрлөлийн зөвлөхөөр ажиллан амьдралын сүүлчийн мөчийг хүртэл ачаа тээврийн алтан харгуйд ариун мөрөө үлдээсэн юм. Ямар сайндаа л үсээ бууралттал ухаант амьдралаа зориулсан авто тээврийнх нь салбарын үе үеийн нөхөд түүнийг “Ачаа тээврийн алтан мөртөн” гэж хүндэтгэн дээдэлдэг байхав. Жамъян генералаас аваад Тогтохбаяр гуайг үнэлсэн олон чиг тодорхойлолт, халуун зүрхний үг бий. Буурал генерал Жамъян гуай Тогтохбаярын аав Баасанжавтай анд нөхдийн барилдлагатай явсан хүн. Гэтэл хүүтэй нь Улсын ургацын комисст гучин жил (1957-1987) хамт зүтгэж ард түмнээ идэх хоолтой залгуулсан байх юм. Аливаа юмны хувь ерөөл гэдэг ийм сайхан. Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогод шилжихэд хот хөдөөд авто баазуудын хүчин чадлыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарсан. Хот хоорондын тээвэр зохицуулах төв диспетчерийн удирдлага бий болгож, аймгуудад Тээврийг удирдах газар байгуулахад түүчээлэн оролцсон хүн нь Б.Тогтохбаяр.

Тэртээ жаран есөн онд Тэжээл тээврийн XXV бааз байгуулагдсан цагаас Дархан, Эрдэнэт, Хархорин, Чойр хотуудад тэжээл тээвэрлэх, Дорноговийн Хар Айраг, Хэнтийн Бэрх, Сэлэнгийн Зүүнхараад жонш тээвэрлэх авто баазуудыг тэр гардан байгуулсан. Зөвхөн баруун дөрвөн аймгаас экспортын мах ачихаар ЗХУ-аас 135 чиргүүлтэй “ЗИЛ-130” машин авч Увсын цэнхэр хязгаарт 38 дугаар баазыг байгуулж байсан, мөн Монгол Улсын хэмжээнд жилдээ 500-800 мянган тонн ургац хураан авч байсан зэрэг нь Улсын ургацын комиссын ачаа тээврийг хангах үүрэгтэй Тогтохбаяр даргыг үнэндээ нойр хоолгүй зүтгүүлэхэд хүргэсэн гэдэг. “Авто тээврийн байгууллагын үүсэл хөгжил, мандал бадрал Тогтохбаяр даргатай салшгүй холбоотой. Даан ч “Гавьяат тээвэрчин” цолыг нь хүртээж чадалгүй бурхны оронд явуулчихсан. Гэхдээ үе үеийн тээвэрчдийн зүрхэнд гавьяатаараа мөнхөрсөн” гэж хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Б.Дашцэрэн бахадсан бол “Тээврийн яамны жанжин штабыг яах аргагүй нэр төртэй толгойлсон хүн. Ануухнаараа явчихдаг юм байна, амьд мэндсэн бол юун гавьяат” гэж Тээврийн яамны сайд Батмөнхийн Энэбиш дурссан. “Уул шиг түшигтэй, нөмөр нөөлөгтэй хүн” гэдгийг түүний удирдлагад ажиллаж амьдралын гараагаа эхэлсэн Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай бахархан хэлсэн.

Тогтохбаяр даргыг ургацын комисст байхад манай улс гурил, төмс хүнсний ногоогоо дотооддоо бүрэн хангаад зогсохгүй ЗХУ, Вьетнам, ардчилсан Солонгос улс руу экспортолж байсан бахдам түүхтэй. Түүний насны сайхан хань Т.Булгаа гуай “Намрын ургац хураалтын үеэр Төв хороо, Засгийн газар, ургацын комиссоос сайд дарга нар ярьж манай гэрийн утас огтхон ч амардаггүй, манай хүн тавтай амарна ч гэж байхгүй дэгэлзэж хонодог сон” гэж хэлсэн удаатай. Ухаант ханийнх нь энэ үг Тогтохбаяр гуайн он жилүүдийн дүр зургийг эргэн сануулах шиг болдог. Тэрээр жудаг ёсны хувьд дүнжгэр нуруулаг байж хэзээд ч нэг зангаараа явсныг олон чиг нөхдийнх нь дурдатгалаас харж болно. “Олонтой явсан аав минь” гэж дуу байдаг шиг Тогтохбаяр гуай бол аргагүй олны хүрээлэл дунд ноён нуруу нь болж ирсэн байх юм. Хэр баргийн аавын хүүд олдоод байдаг зүйл ч бас биш л дээ. Хичнээн өндөр ажил албатай, боловсрол мэдлэг, дадлага туршлагатай ч олны дунд нэр муутай хүн алийг тэр гэхэв. Гэвчиг өндөр Хөхий шигээ өвөг эцгийн сургаал, ид хийж бүтээх насандаа амиа алдсан ачит эцгийнхээ ариун цагаан мөрийг санаж хүмүүний амьдралын мөн чанарыг нэвт шувт таньсан хүний сэтгэлээр хорвоог туулж дээ гэж молхи би уяран бодож сууна. Их хурлын дарга байсан Лхамсүрэнгийн Энэбиш гуайтай Тогтохбаяр гуай дотно сайхан нөхөд байж. “Манай Энэбиш найз нөхөд олонтой хүн. Гэхдээ хүүг минь бүх ажил албанаасаа чөлөөлөгдөөд хэцүүхэн байх үед тэр олон дотроос Тогтохбаяр шиг үнэнч нөхөр байгаагүй” гэж Энэбиш гуайн ээжийн үг нөхөрлөлд ямар үнэнч явсных нь баталгаа болно. Энэбиш гуайн хүү Мөнх-Очир “Тогтохбаяр ах намуухан яриа хөөрөөтэй, дуу нь өндөр гарахгүй ч оновчтой ойлгомжтой ярьдаг, сайхан ааш зантай хүн. Манайхан гэр бүлийн найзууд байсан. Намар жимсэнд хамт явцгаадаг, надад морь унахыг зааж өгсөн ачтан. Хожим Улаанбаатар хотын ерөнхий менежерийн алба хашиж байхад минь хотын тээвэр, том оврын автобуснуудын талаарх үнэтэй зөвлөгөө өгдөг, миний дотны зөвлөгч байлаа” хэмээн дурсдаг юм.

Тогтохбаяр гуай ачит эцгээ цаг үргэлжид зүрх шимшрэн санадаг байсан нь хэлсэн үг, амьсгалах агаар бүхнээс нь мэдрэгддэг. “Аавыг баригдах үед би төрөөд дөнгөж нэг сар болж байсан, аавынхаа амьд сэрүүн үеийн ажил үйлс, зүс царай, зан чанарыг мэдэхгүй. Гэвч ээж болон том эгч, аавын дүү нарын яриа, дурдатгал, 1966 онд 60 насных нь ойд зориулсан “Үнэн” сонины болон бусад сонин сэтгүүлд гарсан өгүүллүүдээс аавтайгаа танилцсан. Би юмны наад цаад учир мэдэх болсон үедээ ээжээс аавын тухай асуухад “Аав чинь баригдаад явсан ирэх байх. Ер нь ирэх ёстой” гэж хэлдэг байв. Нэлээд хожим ээж минь “Амьдын хагацал яасан хэцүү юм бэ. Аавыг чинь хэзээ нэгэн цагт хүрээд ирнэ гэж хүлээсээр олон жил нойр муутай явж, өндөр газар дайралдах болгонд түүн дээр морьтой явган гарч аавыг чинь харуулддаг байсан” гэж ярьдаг байлаа. Манай ээж аавыг баригдсаны дараа дөрвөөс таван жилд ер нь бүтэн нойртой хонож байгаагүй гэдэг. Тийм ч учраас ээж “Унтана гэдэг жаргал байдаг юм” гээд унтаж байгаа хүнийг сэрээхийг хориглодог байв. 17 жилийн туршид ааваас ямар ч сураг чимээгүй байтал тавин долоон оны хавар “Баасанжав ЗХУ-д Хар далайд цөлөгдсөн байсан. Одоо удахгүй ирнэ” гэсэн яриа гарч ээж бид болон ах дүү нарыг маань их баярлуулав. Бид баярлахын хамт гагцхүү аавын ээжийг амьд сэрүүн байхгүй яав даа гэцгээж байв. Эмээ маань 1957 оны гуравдугаар сард насан өөд болсон юм. Тэгтэл 12 дугаар сард Ховд аймгийн дарга Олдох ээжийг сураглан дуудуулжээ. Олдох дарга нэг бичиг гаргаж уншаад ээжид гардуулсан нь цагаатгах бичиг байв. Ийнхүү миний аавын нэр үүрд сэргэсэн юм” гэх аавыгаа зүрхэн тольтдоо хадгалсан хүүгийнх бичээсийг нулимстай уншиж сууна.

Энэ зуурт Баасанжавын насны хань Аюушжав гэж тэр сайхан журамт эмэгтэй дүр сэтгэлд урган ирж байна. Өлзийбат ахын хоолой зангируулан хэлсэнчлэн ханийгаа баригдсаны дараа нутагтаа очихдоо өөрийн ижий аавдаа очилгүй ханийнхаа ижий аавынд очсон нь ариун журамт монгол эмэгтэйн ямар агуу их ухаан бэ. Энэ хүн гуч гаруйхан насандаа ханиасаа хагацахдаа гурван хүүхдээ хойд эцгийн гар харуулалгүй, өөр хүнтэй ханилалгүй сайхан ханийнхаа үйл заяаг бодож үр хүүхдийг нь хүний дайтай хүн болгох гэж ёстой л нөгөө гадаа гарч эр, гэрт орж эм болж зүтгэсээр 1984 онд 76 настайдаа бурхны оронд оджээ. Тэгэхдээ насан өөд болтлоо ханийгаа хаа нэгтэй газраас гараад ирэх юм шиг 44 жил нүд салгалгүй харуулдсан байна. Орчлон хорвоод амьдын хагацал гэж бий, гэхдээ үүн шиг ариун хайр, журамт ёсыг дээдэлсэн хувь тавиланг мэдэхгүй юм даа. БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1957 оны додугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Банзаржавын Баасанжавын улс төрийн гэмт хэрэгт шийтгэгдсэнийг цагаатгасан байдаг.

ТӨГСГӨЛ

Өнөө жил Авто тээврийн алтан мөртөн Баасанжавын Тогтохбаярын 80 насны ой тохиож байна. Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Баасанжавын хилс хэрэгт аймшигтайгаар гүтгэгдэж халуун залуу амиа өргөснөөс хойш мөн л 80 жилийн хугацаа өнгөрч байна. Ховд аймгийн Мянгад сумын сургуулийн түүхт 90 жилийн ой бас таширлаж буй. Мянгадын сургууль тэртээ ерэн зургаан онд Засгийн газрын шийдвэрээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Банзаржавын Баасанжавын нэрэмжит болсон. Түүний үйл хэргийг мөнхжүүлэх үүднээс сургуулийн өмнөх талбайг бас нэрэмжит болгож хөшөө дурсгалыг нь сүндэрлүүлж ачит эцгийнхээ хөшөөний нээлтэд Тогтохбаяр гуай ах дүү, үр хүүхэд, хань ижил садан төрлийнхөө хамт оролцож алтан туузыг нь хайчилж байсан. “Банзаржавын Баасанжав сан”-гийн тэргүүн Тогтохбаяр агсны охин Мягмарсүрэн өвөөгийнхөө нэрэмжит сургуулийн түүхт ойд Өлзийбат ахынхаа хамт оролцохоор догдолж сууна.

Мянгад далай гүний хошуунд сургууль байгуулагдахад анхны сурагч нь Баасанжав байсан бол Мянгадын бага сургуулийн 1948 оны анхны сурагчдын нэг нь хүү Тогтохбаяр нь байжээ. Аав нь дөчин оны намын X их хурлын илтгэлийг бичсэн бол хүү нь тавин жилийн дараа ерэн оны МАХН-ын Онц их хуралд төлөөлөгчөөр оролцсон гээд хувь заяаны зураг тодорно. Тогтохбаяр гуайн отгон хүү Лхагвасүрэн 2015 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж аавынхаа, өвөөгийнхөө алдар замналыг буухиалан үргэлжлүүлсэн. Монгол төрийн алтан хэлхээ тасардаггүй, өнө мөнхөд оршдогийн баталгаа энэ юм. Хүмүүний орчлон гэдэг ирж буцахын жамтай, энэ алаг тавиланд Баасанжавын Тогтохбаяр шиг сонин хувь заяатан хэд бол доо гэж эрхгүй бодогдном.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *