Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банк: Монгол Улсад 26.9 сая ам. долларын санхүүжилтийг баталлаа

Цар тахлын халдвар тархаж, ирээдүйд тохиож болзошгүй эрүүл мэндийн хямралд илүү бэлтгэлтэй байх хэрэгцээ шаардлага үүссэнийг харгалзан Монгол Улсад COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөлд зориулан 26.9 сая ам. долларын санхүүжилтийг олгохоор өнөөдөр Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын зөвлөл баталлаа.

Төсөл нь яаралтай тусламж үйлчилгээний эмч, сувилагч, эрчимт эмчилгээний ажилтнуудыг сургах; эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, түүнчлэн Улаанбаатар хот болон бүх аймгуудад COVID-19-ийг оношлох чадавхийг бэхжүүлэх зэрэг COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах нэн тулгамдсан хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дэмжлэг үзүүлэх юм. Мөн эрүүл мэндийн байгууламжийг сэргээн засварлах, халдварыг хянах арга хэмжээ, сургалт зэргийг эрүүл мэндийн бүх байгууллагуудад зохион байгуулах ба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, удирдах тухай нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр харилцаа холбоо, мэдээллийн кампанит ажлыг дэмжих юм.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн нийтээр COVID-19 халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн нь хямралын нөхцөл байдалд улс орон бэлэн байх, эрүүл мэндийн тогтолцооны даван туулах чадварыг бэхжүүлэх шаардлагатайг тодорхой харуулж байна. Энэхүү яаралтай тусламжийн үйл ажиллагаа нь COVID-19 цар тахлын эсрэг нэн шаардлагатай арга хэмжээг дэмжихээс гадна Монгол улсын эрүүл мэндийн салбар цаашид аливаа яаралтай нөхцөл байдал, хямралыг даван туулах чадварыг урт хугацаанд сайжруулах юм” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *