Categories
мэдээ цаг-үе

Д.Дэлгэрсайхан: Тайзан дээр би амьдардаг, үхдэг, уурладаг

“Маск” продакшны жүжигчин, Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Та 10 жилдээ хэр авьяастай хүүхэд байв?

-Би Партизаны сангийн аж ахуйд 10 жилээ төгссөн. Сургуулийнхаа уран уншигч болж байлаа. Шүлэг уншдаг л хүүхэд байсан даа.

-Оюутан байхдаа уран бүтээлд тоглож байсан уу?

-Оюутан байхдаа том хэмжээний уран бүтээлд тоглож байгаагүй. Би Кино урлагийн дээд сургуулийг 2003 онд төгссөн. Кино үйлдвэрээс хийсэн “Хааны сүүлчийн хатан”, “Жинжиймаа” зэрэг кинонуудын цаагуур нь бужигнаж байдаг, хэзээ ч миний дүрс харагдахааргүй олны хэсэгт нь л орж байсан.

-КУДС-ийг төгсөөд анх ямар уран бүтээлд тоглож байв?

-“ТВ5” телевизийн “Гялбаа” сэтгэхүйн олон ангит кинонд мооргийн эмчийн дүрд тоглосон. Гэхдээ тэр бол ганцхан л сцен. Харин дараа нь “ТВ5” телевизийн “Чонын алтан шагай” киноны Содовын дүрд тоглосон. Содовын дүр маань хүмүүст нэлээн хүрсэн дээ.

-Та тайзан дээр нэлээд олон уран бүтээлд тоглосон. Тэгэхээр таны хувьд тайз гэж юу вэ?

-Жүжигчин хүний хувьд тайз гэдэг ажлынх нь талбар. Тайз бол надад байгаа маш том зэвсэг. Тайзан дээр би амьдардаг, үхдэг, уурладаг. Ер нь жүжигчин тайзан дээр гарсан л бол түүний орон гэр нь тайз болдог.

-Та өөрийнхөө зан аашийг ямар нэгэн эможиор илэрхийлээч?

-Надад таарсан эможи байхгүй байх аа. Би олон хүмүүсийн дунд орохоороо инээлгээд байж чаддаггүй. Намайг онигоо ярихаар хүмүүс инээдэггүй. Тэгсэн хэрнээ хошин урлагт хайртай, хошин урлагт тоглох дуртай. Энд тэнд явж байхаар хүмүүс “Чи чинь хошин урлагийн хүн байж ямар дуугүй юм бэ, юм яриач ээ, инээлгээч ээ” гэдэг. Би олон хүмүүсийн дунд орохоороо нээлттэй хүн биш юм шиг санагддаг.

-Танд урлагаас өөр ямар нэгэн авьяас бий юү?

-Манай ээж бариач хүн. Надад энэ эрдмээ өвлүүлж өгсөн. Би нээх олон хүн бариад байдаггүй л дээ. Гэхдээ таньдаг болон төрөл садангийн маань хүмүүсийн тархи хөдлөх, мөр мултрахад нь барьж өгдөг. Мөн шагай харвах сонирхолтой.

-“Маск” продакшны хамгийн их үзэгчтэй байсан тоглолт хэзээнийх байв?

-“Морио гомдоосон Монгол” тоглолтыг Соёлын төв өргөөнд 30 хоног тоглож байлаа. Тэр тоглолтод өдөр болгон үзэгчид дүүрдэг байсан. Ер нь манай ихэнх тоглолтууд дүүрэн үзэгчтэй байдаг. “Маск” продакшны тоглолт 80 хувиас доош үзэгчтэй байсан тохиолдол байхгүй дээ. Энэ нь бид нар уран бүтээлээ хийхдээ маш няхуур ажилладаг, үзэгдлүүдээ тодорхой хэмжээний зохиолтой, драматургтай болгодогтой холбоотой.

-“Маск” продакшн яагаад үзүүлбэрүүддээ эрэгтэй хүмүүсийг эмэгтэй дүрд тоглуулдаг юм бэ?

-Ямар нэгэн шүүмжлэлтэй харагдуулах үг хэллэг, үйл хөдлөлүүдийг үзүүлэхэд эмэгтэй жүжигчин эмэгтэй хүний дүрд тогловол жаахан эвгүй харагдана. Харин эрэгтэй жүжигчин эмэгтэй хүн болоод янз янзын үг хэллэг, үйл хөдлөл гаргахад үзэгчдэд арай зөөлөн хүрдэг.

-“Маск” продакшны тоглолтууд нийгмийн болохгүй байгаа асуудлуудыг шүүмжлэхээс гадна нийгмийг сайн сайханд уриалдаг шүү дээ?

-“Маск” продакшны тоглолт болгон нэрнээсээ эхлээд бусдыг уриалан дууддаг. “Монгол хүн та инээмсэглэ”, “Монгол төгрөг мандтугай”, “Хот аймаар гоё” гэхчлэн тоглолтуудын маань бүх л нэр нийгэмд хандсан, нийгмийг давлагаалуулсан байхыг хичээдэг. Тийм учраас нийгэмд нөлөөлдөг л гэж боддог доо.

-Таны бодлоор сайн уран бүтээлч гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Бүтээж буй дүрдээ амьдарч, үзэгчдийн сэтгэлд хүрсэн уран бүтээл хийсэн хүнийг л сайн уран бүтээлч гэх байх. Тайз, дэлгэцийн уран бүтээлд зайлшгүй багаар ажиллах ёстой байдаг. Уран бүтээлчид нэгэн цул болж байж сайн уран бүтээл төрнө.

-Хүмүүс уран бүтээлийг сайн, эсвэл муу гэж үнэлдэг. Тухайн үнэлгээний муу гэж байгаа тодорхойлолт чухал юм уу, эсвэл муу гэж дүгнэсэн шалтгаан нь чухал уу?

-Муу болж байгаа шалтгаан нь чухал. Бидний хийсэн ямар нэгэн уран бүтээл тэр хүнд таалагдсангүй. Яагаад таалагдаагүй шалтгаанаа уран бүтээлчдэд хэлж байж бид илүү сайн уран бүтээлийг хийнэ. Үзэгч, уран бүтээлч хоёр байнгын нягт холбоотой байдаг. Би энэ тэнд хүмүүстэй уулзаад явж байхдаа уран бүтээлийнхээ талаар яриа өрнүүлэхийг аль болох хичээдэг. Хүмүүсээс янз бүрийн санаа олж, тэдний шүүмжийг сонсох үе уран бүтээлчдэд байх хэрэгтэй л дээ.

-Та хошин урлагийн цаашдын чиг хандлагыг хэрхэн хардаг вэ?

-Миний дотор нь ажиллаж буй салбар учраас аль болох өөдрөг харахыг хичээдэг. Орчин үеийн залуус илүү шинэлэг юмыг хүсээд байна л даа. Хошин урлагийн тоглолт гэхээр л илүү энтертайментлаг, илүү содон сонин,шинэлэг юм хүсээд байна. Аль ч салбарт залуу үе нь өмнөх үеийнхээ сэтгээгүйг сэтгэж байж л хөгжиж дэвжиж байдаг. Тиймээс хошин урлагийн залуу уран бүтээлчид бидний зориглоогүйг, хийгээгүйг хийж гэмээнэ цаашид хөгжинө гэж боддог.

-Таны хүндэлдэг найруулагч хэн бэ?

-Би “Лизинг” уран сайхны кинонд найруулагчаар ажиллаж байсан. Найруулагчаар ажиллахад сонирхолтой юм билээ. Надад Д.Чимэд-Осор гуай болон Б.Мөнхдорж багшийн найруулсан тавилтууд, хэлэх гэж байгаа өгүүлэмжүүд нь гайхалтай санагддаг.

-Та өөрийн уншсан номнуудаас нэгийг нь санал болгооч?

-Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” роман. Би энэ номыг гурван ч удаа уншсан. Уг романд өнөөгийн хүмүүсийн сэтгэхүйд байх ёстой зүйлүүд байдаг. Аливаа нэг улс орон оршин тогтнохын тулд түүх, хэл, ёс заншилтай байх ёстой. “Зүрхний хилэн” романд Монгол ёс заншлын тухай, түүхийн тухай, хүн хүнээ хүндэтгэх, хайрлах тухай гэхчлэн олон зүйлийг харуулсан.

-Таныг аз жаргалтай болгодог зүйл юу вэ?

-Миний хүүхдүүд. Би хоёр охин, нэг хүүтэй. Гэртээ ороод хүүхдүүддээ ноолуулаад, хүүхдүүдээ эрхлүүлээд байж байх л хамгийн том аз жаргал.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллав?

-“Маск” продакшн хамгийн сүүлд “Цэргийн ээж” контент хийсэн. Би уг контентын ерөнхий найруулагчаар нь ажилласан. Мөн хурандаагийн дүрд тоглосон.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *