Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагва: Монгол-Солонгосын харилцаа чухаг уламжлалд үндэслэн хөгжиж байна

Энэ онд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ сэдвээр солонгос судлаач, доктор Б.Лхагваатай хийсэн ярилцлагыг толилуулж байна.


-30 жил гэдэг нэг талаар урт, нөгөө талаар богинохон ч хугацаа байж болох юм. Гэхдээ хоёр улсын харилцаа хөгжлийнхөө зохих түвшинд гарч, эрч хүчээ авах, ирээдүйгээ тодорхойлоход хангалттай хугацаа болов уу. Монгол, БНСУ-ын энэ өнгөрсөн 30 жилийн харилцааг хэрхэн дүгнэж болох вэ?

-Энэ 30 жил бол Монгол, Солонгосын харилцааны идэвхтэй зурвас үе байлаа. Яагаад зурвас үе гэж хэлж байна вэ гэвэл, ерөөсөө манай хоёр ард түмэн олон зуунаар хэмжигдэх өнө эртний гүн гүнзгий харилцаатай явж ирсэн. Түүний нэг хэсэг нь энэ 30 жил. Түүхэн харилцааны арвин их үйл явдлуудын баримт сэлт элбэг бий. Үүний нэгэн жишээ бол одоогоос 800 жилийн тэртээ 1219 онд “Ахан дүүгийн харилцааны Андгай Гэрээ” байгуулж, үеийн үед өвлөн авч явахыг хойч үедээ захиж гэрээсэлсэн баримт юм. Түүнчлэн Хубилай хаан Өмнөд Сүн улсыг эрхшээснийхээ дараа хаан ор суухаар Хархорин руу 1259 онд буцах замдаа Мөнх хаанд бараалхахаар бас Хархорин руу явж байсан Солонгосын хан хүүтэй уулзахдаа “Корёо нь түмэн лигийн алс тэртээд орших агаад Тан улсын Тайзуйгаас эхлүүлээд харийнхан эзлэн эрхшээх гээд ер чадаагүй билээ. Тийм улсын хунтайж өөрийн биеэр морилон ирж буй нь тэнгэрийн таалал буй за” хэмээн бэлгэшээснээс гадна өөрөө Эзэнт гүрний хаанаар өргөмжлөгдсөнийхөө дараа Солонгостой харилцаагаа бүрэн төвшитгөж “Журам минь хэдий хаан, сайд боловч Найр ину эцэг, хөвгүүн лугаа адил бөлгөө” гэж айлтгасан байдаг.

Өнөөгийн Монгол, Солонгосын харилцаа нь ийм чухаг нандин уламжлал дээр үндэслэж урагшлан хөгжиж байгаа хэрэг. Бүр цааш нь хөөвөл хэл, соёл, үүх түүх, ёс заншил, гарвал угсаагаараа Алтайн соёл иргэншлийн угсаатны нэгэн ай төрөлд багтдаг.

-Өнгөрсөн 30 жилд хоёр улсын харилцаа өргөжиж тэлэхэд энэ уламжлал ихээхэн түлхэц үзүүлсэн нь мэдээж. Солонгосын соёлын давлагааны түрлэг Оскараас эхлээд бараг л бүх дэлхийг байлдан дагуулж буй тийм үе ч бас давхцаж байх шиг байна. Манайд ер нь Солонгосгүй юм гэж бараг байхгүй болчихлоо.

-Монгол, Солонгосын харилцаа түүхэндээ хоёр удаа л их идэвхжсэн. Эхнийх нь Пакс Монголикагийн үе. Удаах нь 30 жилийнх нь ойг тэмдэглэж буй өнөөгийн энэ үе. Долоо, найман зуун жилийн өмнөх, дараахь идэвхжил.

Эхний тэр үед тус хоёр улс, үндэстний харилцаа нь бусад улс орнуудын хооронд байгаагүй, давтагдашгүй онцгой шинжийг агуулсан байдаг. Жаахан дэлгэрүүлж хэлбэл, Монголын эзэнт гүрэн тэр үед тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хаант засаглалыг нь хөндөлгүй хэвээр нь хадгалж харилцсан хөрш цорын ганц орон нь зөвхөн Солонгос л байсан. Үүгээрээ онцгой шинжтэй. Үүнд солонгосын талын мятаршгүй тэмцэл, хоёр талын зөөлөн хүчний дипломат бодлыгын ур ухаан голлон нөлөөлсөн болов уу.

Тэгээд зогсохгүй төрийн ургийн барилдлага зөвхөн энэ хоёр улсын хаадын алтан ургийн хооронд бүхэл бүтэн зууны турш үргэлжилж ирж. Хубилай хааны хайртай ганц гүнж Хутагбэхээс эхлүүлээд одоо Солонгосын Кесон хотын хойх нь хос хоёр бунханд тэр үеийн Солонгосын хаан Конминий хамт нойрсож буй Монголын алтан ургийн удмын их хатан Нүнчиг, цаашлаад Тогоонтөмөр хааны солонгос хатан гэх мэтээр. Онцгой харилцаатай байсан гээд байгаагийн бас нэг тал нь энэ.

Олон өнцгийн тайлбар сэлт байдаг ч тэрхүү онцгой харилцаа нь эцсийн дүндээ улс, үндэстнийг үл ялгаварлан гадуурхах зарчмыг гол үзэл баримтлалаа болгосон Пакс Монголика гэдэг олон улсын харилцааны цоо шинэ дэг журмын доторх тусгаар тогтносон хоёр улсын харилцаа байсан гэсэн үзэл бодол судлаачдын дотор давамгайлдаг.

Энэ онцгой харилцаа нь 100 гаруй жил үргэжлэхдээ бие биенийхээ нийгмийн амьдралын бүх хүрээний хөгжил дэвшилд олон талаар нөлөөлсөн баримт бишгүй байдаг. Ер нь Пакс Монголикагийн үе бол өрнө, дорнын соёлын харилцааны их глобалчлалын үе байсан болохоор ч тэр биз. Ганц, хоёрхон жишээ хэлье. Хоёр тал усан онгоцон худалдааны товчоо нээж, Ялуу мөрний дагуу хилийн худалдааны бүс байгуулж арилжаа наймаа хийж байсны зэрэгцээгээр байгалийн гамшиг тохиолдох үед бие биндээ хүнсний тусламж үзүүлж, хэл, соёл, оюун ухаанаасаа харилцан суралцаж, Солонгосын түүх шаштирт тэмдэглэж үлдээснээр, тэр үед хөвөн тариалж бөс бараа нэхэх, дарьт зэвсэг үйлдвэрлэх , үр тарианы шинэ сорт гаргаж авах технологийг Монголын эзэнт гүрнээр дамжуулж Солонгост нэвтрүүлсэн нь ахуй, соёл, зэвсэг үйлдвэрлэлийн хөгжилд шинэ дэвшил авчирснаас гадна Солонгосын шилдэг бичээч, нийлэгчид хэдэн зуугаараа эзэнт гүрэн рүү ирж бичиг соёлын ажилд туслаж, уран барилгачид нь Юаны нийслэлд олон тооны сүм хийд, суварга босгосон тухай баримт сэлт бий.

-Та өнөөгийн Монгол, БНСУ-ын харилцааг хоёр дахь идэвжлийн үеийн эхлэл гэлээ. Тэгж үзэх үндэслэл нь?

-1990 оны гуравдугаар сарын 26-нд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтосноор харилцаа, хамтын ажиллагааны цоо шинэ хоёр дахь идэвхжлийн үе нь эхэлсэн. Үүгээр ач холбогдол нь тодорхойлогдоно. Энэ зурвас үе хэд хэдэн онцлог шинжийг өөртөө агуулдаг. Нэгд, нийт солонгос үндэстэнтэй, Солонгосын Хойгтой бүтнээр нь харилцах боломж Монголын хувьд нээгдсэн. Хоёрт, тэр үеийн Азийн социалист гэгдэж байсан орнуудаас Монгол Улс хамгийн анх ямар нэгэн болзолгүйгээр БНСУ-тай төрийн харилцаа тогтоосон улс. Үүнд тухайн үеийн нөхцөл байдлаас гадна харилцааны уламжлал, бие биендээ хандах хандлага нь бас нөлөөлсөн байж ч мэднэ. БНСУ-тай харилцаа тогтоосон улс төрийн энэ шийдвэр нь Монгол Улс Москвагийн зөвшөөрөлгүйгээр гадаад бодлогоо бие дааж явуулах болсныг харуулсан нэг тодорхой алхам болсон юм. БНСУ өнөөдөр манай маш идэвхтэй харилцаатай гуравдагч хөршийн нэг. Гуравт, нөгөө өнцгөөс нь аваад үзвэл тэр үеийн БНСУ-ын умардын бодлогын үр дүн гэж бас хэлж болно.

Өнгөрсөн гучхан жилийн хугацаанд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа төсөөлшгүйгээр хурдацтай, идэвхтэй өргөжин хөгжиж ирлээ. БНСУ нь эдүгээ Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын гол түншүүдийн нэг болоод байна. Шилжилтийн хүнд жилүүдэд биднийг бүх талаар дэмжиж тусалж ирсэн.

Жилийн гадаад худалдааны эргэлт 200 сая доллар давж, 2 сая доллараас эхэлж байсан худалдаа энэ 30 жилд даруй 100 дахин өслөө. Манайд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ БНСУ-ын хилийн чанадад хийсэн хөрөнгө оруулалтын 0,3 хувийг хувийг эзэлдэг ч 1994 онд 240 мянган доллараас эхэлж, эдүүгээ 600 орчим сая долларт хүрсэн нь манай хувьд чамгүй өсөлт. Зээл, тусламж ч өсч байгаа.

Харилцааны идэвхжлээ дагаад тулгуур 30-аад гэрээ, хэлэлцээрүүд байгуулагдсанаар эрх зүйн зохицуулалтууд богино хугацаанд хангагдсан. Дээр нь бас шууд хамтын ажиллагаагүй тийм салбар, байгууллагууд гэж бараг алга.

Түүнчлэн монголчууд хамгийн олноороо хилийн чанадад оршин сууж буй улс бол БНСУ. Манай 48 мянган иргэн оршин сууж, 5000 гаруй оюутан суралцаж байна. Жилд хоёр тал руугаа 200 –аад мянган иргэн зорчиж байна. БНСУ-аас Японд жилд 5 сая, Хятад, Вьетнамд 4 сая, АНУ-д 2 сая иргэн зорчиж байгаатай харьцуулахад мэдээж энэ бол бага тоо. Гэхдээ л иргэдийн харилцаа ийм идэвхтэй байсан түүх Пакс Монголикагийн үеэс хойш манай хоёр орны харилцаанд байхгүй. Тэгэхээр идэвжлийн шинэ үе гэж хэлж бүрэн болно. Өнгөрсөн 30 жилд түр болон удаан хугацаагаар очиж ажиллан амьдрал ахуйдаа шууд оруулсан монгол иргэдийн хөрөнгө оруулалт хоёр, гурван тэрбум доллараар тоологдох их тоо гарна. Энэ нь БНСУ-аас манайд оруулсан нийт хөрөнгө оруулалтаас хэд дахин их хэмжээний хөрөнгө. Зээл, тусламж ч нэмэгдэж байгаа.

Хоёр талын харилцаатай шууд холбогдохгүй ч гэсэн тэмдэглэхгүй өнгөрч болохгүй өөр нэг чухал зүйл бол дээрх хоёр үеэс бусад үед тус хоёр улсын өөр өөрсдийнх нь хөгжил, дэвшил, бүс нутаг, дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээнд гүйцэтгэх үүрэг, оролцоо, нөлөө, эзлэх жин байр суурь, нэр хүнд бүхэлдээ хэзээ ч ийм өндөр байгаагүй. Тухайлбал, БНСУ эдийн засгийн хүчин чадлаараа эдүүгээ дэлхийн эхний 15-д багтаж, Их 20-д орж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн олон улсын байгууллагын гишүүний хувьд шинэ тулгар хөгжиж буй орнуудад буцалтгүй тусламж үзүүлж явна. Манай Монгол Улсын хувьд 2000 он хүртэлх 80-аад жил бол үндсэндээ тусгаар тогтнолоо баталгаажуулж, хөгжлийнхөө зам руу шилжих бэлтгэлийн л үе байсан. 1990 он хүртэл гадаад харилцаа, хамтын ажиллагаа ихээхэн хязгаарагдмал явж ирсэн. Харин одоо НҮБ-ын энхийг сахиулах хүчний эгнээнд орж, донорын тусламжийн угжнаасаа гараад байна. Хамтын нөхөрлөлийн хүрээнд өөрийн гэсэн байр сууриа хэр чадлаараа бататгаж явна. Хоёр үндэстний өөрсдийнх нь энэхүү хөгжил, цэцэглэл, мандал бадрал нь өөр хоорондоо харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх таатай үндэс суурь нь болж өгч байна.

-Монгол, БНСУ-ын харилцааны хэтийн төлөвийг хэрхэн төсөөлж болох вэ?

-Өөдрөгөөр төсөөлөгдөх болов уу. Нийгмийн ижил системтэй. Эрхэмлэх нэг үнэт зүйлтэй. Улс төрийн ямар ч асуудал байхгүй. Нэг бүс нутгийн орнууд. Бас дээр дурдсанчлан уламжлалт харилцаатай, угсаатны зүйн нэг бүлгийн улбаатай. Стратегийн эрх ашгийн уялдаатай.

Цаашдаа түншлэлийн харилцаагаа түлхүү барьж явах байх. Үндэснийх нь тулгуур эрх ашгийн үүднээс аваад үзсэн ч, дээр дурдсан хүчин зүйлүүдийг харгалзсан ч, бүс нутаг хийгээд дэлхийн геополитик, стратегид өртөх өгөгдөхүүн, нөхцөл байдал, түүнийх нь давуу болон сул тал, тулгарах сорилтууд, харилцан нөхөх чадвар зэрэг ирээдүй талаа харсан ч гэсэн тус хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн харилцааны түвшин өөд ахих болов уу. Түншлэлийн ийм шинэ орчин, орон зайн боломж ч бий. Ингэхийн тулд юуны өмнө чөлөөт худалдааны аль эсвэл худалдааны түншлэлийн гэрээ байгуулах, үндэсний аюулгүй байдлын түвшинд байнгын шууд механизм үйлчлэх бэлтгэлээ базаах хэрэг гарах байх. Харилцааны эрх зүйн зохицуулалтуудаа ч улам төгөлдөржүүлэх шаардлага гарна.

1990 онд БНСУ нь манай улстай дипломат харилцаа тогтооход тус улсын умардын бодлого чухал үүрэг гүйцэтгэсэн бол эдүгээ БНСУ манай улсыг шинэ умардын бодлогынхоо гол түншийн нэг болгож хамтын ажиллагааны шинэ стратегийг тодорхойлоод байна.

О.ОЮУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *