Categories
гадаад мэдээ

Вирус Европ, АНУ-аас эргээд Ази руу зөөвөрлөгдөх аюул нүүрлэж буйг мэргэжилтнүүд онцолж байна

Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн титэм вирусийн халдвар өдгөө дэлхий даяар тархаж, олон мянган хүнийг өвчлүүлээд буй. Энэхүү аюулт өвчний тархалтын түвшин болон цар тахлын бүрэн мэдээллийг АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн дэргэдэх “The Center for Systems Science and Engineering” хүрээлэнгийн https://coronavirus.jhu.edu/ гэх нэртэй цахим хуудаснаас авч болно. Тус сайтад мэдээллийг боловсруулахдаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ, Хятад, Европын мэргэжлийн байгууллагуудын статистик тоо баримтуудыг бодит цагийн горимд ашиглах юм. Шинэ коронавирусийн халдвараар өчигдрийн байдлаар дэлхийн 188 орны 311988 хүн өвчилж, 13407 хүн нас барсан бол 93790 хүн эдгэрчээ. Коронавирусийн халдвараар дэлхийд тэргүүлээд буй Итали улсад сүүлийн нэг хоногт 793 хүн нас барж, энэ тоо 4825-д хүрчээ.

Итали улсад 53578 халдварын тохиолдол бүртгэгдсэн агаад өмнөх өдөртөө нь харьцуулахад 6557-гоор илүү юм. Халдвар анх илэрсэн Ломбарди мужид хатуу хориг тогтоогоод байна. Бямба гаригийн орой тус мужийн гудамж талбайд хөл хөдөлгөөнийг хязгаарлажээ. Ломбарди мужид анх халдвар гарснаас хойш нас баралтын тоо 3095-д хүрчээ.

Италид халдвар дэгдсэнтэй холбогдуулан олон орноос тусламжийн гараа сунгаад байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын эмч нарын баг тус улсад газардсан. Тэд халдварын голомт болох Ломбарди мужид ажиллаж байна. Улс оронд нь нүүрлэсэн аюулыг маш богино хугацаанд амжилттай даван туулсан Хятад улс мэргэшсэн боловсон хүчнээ халдвар гараад буй улс орнууд руу илгээсээр байна. Манай хойд хөрш ОХУ-ын цэргийн эмч нар ч тус улсад ажиллахаар бямба гаригт Италийг зорьжээ. Тухайлбал, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Италид коронавирусийн халдвартай тэмцэхэд нь тусламж илгээх агаарын хүчний багийг бүрдүүлэх тушаал гаргасан. Үүний дараа Оросын цэрэг-сансрын хүчний онгоцнууд тус улс руу ОХУ-ын цэргийн вирус судлаач, эмч, мэргэжилтнүүдийн хэд хэдэн баг, эмнэлгийн тоног төхөөрөмж хүргэжээ.

Халдварын дэгдэлтээрээ Европтоо хоёрдугаарт бичигдээд буй Испанид сүүлийн нэг хоногт 5000 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр тус улсад нийт 24926 хүн өвчлөөд байна. Мөн 1720 хүн “Covid-19”-ээр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Мадридын “Реал” хөлбөмбөгийн ерөнхийлөгч асан Лоренсо Санс “Covid-19”-ээр халдварлаж, 77 насандаа бямба гаригт өөд болжээ. Тохиолдлынхоо тоогоор гуравдугаарт ороод буй Франц улсад нэмж 112 хүн нас барснаар энэ тоо 562-т хүрчээ. Тус улсад хоногт 1847 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 14485 хүн уг вирусээр халдварлажээ.

Харин Их Британид сүүлийн нэг хоногт 53 хүн амиа алджээ. Тэдгээр өвчтөнүүд 41-94-насныхан байж. Тус улсын хүнс ба хүрээлэн буй орчны сайд иргэддээ хандан супермаркетуудаас хүнсээ худалдан авахгүй байхыг зөвлөсөн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их Британид паб, ресторан, кафе, кино театр, зугаа цэнгээний газрууд болон шөнийн клубүүдийн үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргажээ. Дээрхтэй адил шийдвэрийг ОХУ-д гаргаад байна. Тус улсад коронавирусийн 306 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Тэгвэл Швейцарь улсад нийт 6100 тохиолдол бүртгэгдэж, 56 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Дэлхийн хоккейн аварга шалгаруулах тэмцээнд тус улсын Цюррих, Лозанна хотуудад ирэх тавдугаар сард болох байсныг цуцлаад байна. Швейцарьт хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж, олон нийтийн газар таваас дээш хүн цугларах, хүмүүс хоорондоо хоёр метрийн зайтай зогсох ёстойг анхааруулсан бөгөөд журам зөрчсөн этгээдийг торгууль ногдуулахаар болжээ. Турк улсад ч мөн халдвар эрчимтэй тархаж, илрүүлэг, оношилгооны ажил эрчимтэй явагдаж байгаа юм. Улс орнууд нислэгээ цуцалж байна. Тухайлбал, Нидерланд улс Испаниас өөрийн иргэдээ татаж авахаас өөрөөр онгоц хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ.

Тэгвэл АНУ-д хамгийн сүүлийн мэдээгээр 21 мянган иргэн уг өвчний халдвар авч, 266 хүн нас баржээ. Нью-Йорк хотын амбан захирагч халдварын 10 мянган тохиолдол бүртгэгдсэнийг онцолжээ. Зөвхөн Нью-Йорк хотноо 6211 тохиолдол илэрсэн байна. Өнгөрсөн бямба гаригт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хэвлэлийн бага хурал зарлаж, ард иргэддээ онцын шаардлагагүй бол орон гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. Мөн энэ өдрөөс эхлэн Канадтай хиллэх хилээ түр хааснаа зарлав. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс өөрийнх нь нэг туслах коронавирусийн халдвар авсан тухай мэдээллийг баталжээ. Гэхдээ өөрөө болон Д.Трампын аль аль нь халдвар авсан хүнтэй харьцаагүй гэжээ. Ямартаа ч М.Пенс болон түүний гэргийд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд хувийн захидал илгээж, коронавирусийн цар тахал дэгдээд буй энэ үед тусламж санал болгосон тухай мэдээлжээ.

Харин Азийн орнууд “Covid-19” цар тахлын эсрэг тэмцэлд амжилт гаргаж байгаа ч вирус Европ, АНУ-гаас зөөвөрлөгдөн орж ирэх шинэ аюул тулгарч байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тодруулбал, вирусийн тархалтын идэвхжил өөрчлөгдөж байгаа. Өдгөө Европ халдварын голомт болж байгаа бол Ази эсрэгээрээ оргил үеийг даван туулсан гэж тэд дүгнэжээ. Гэсэн хэдий ч БНСУ, БНХАУ болон Ази тивийн бусад улс оронд коронавирус “импортлогдон” орж ирэх тохиолдлууд нэмэгдэж байна. Тиймээс эрүүл мэндийн салбар үүнд бэлтгэлтэй байхыг анхааруулаад байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *