Categories
мэдээ цаг-үе

Б.Ганчимэг: “Чиний минь ирэх харгуй”-г 20 дахь жилдээ дуулж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын гоцлол дуучин Бямбасүрэнгийн Ганчимэгтэй ярилцлаа.


-Танд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье?

-Баярлалаа. Дархан хилийн энхийн манаанд зогсож байгаа хилчид, дайчид болон чуулгынхаа үе үеийн уран бүтээлчдэдээ баярын мэнд дэвшүүлж байна. Мөн халамжтай сайхан хань Д.Баттөмөр, аав Л.Бямбасүрэндээ баярын мэнд хүргэе.

-Эдгээр өдрүүдэд та юу хийж амжуулж байна вэ?

-Би урлагт 30 жил зүтгэчихээд байна. Дурсамжийн номоо бичиж байна. “Үлгэр эхлэх намуун үдшээр…” гэж номоо гаргах гэж байна. Би “Чиний минь ирэх харгуй” дуугаа дуулаад 20 жил болж байна. “Чиний минь ирэх харгуй-20” ойг угтаад номон дээр ажиллаж байгаа.

-Танай чуулга бол их эртний түүхтэй газар даа?

-Манай чуулга 1940 оны есдүгээр сард хоёр офицер, 18 цэрэгтэйгээр одоогийн Гэсэр сүм байгаа газарт байгуулагдаж байсан. 1936-1940 онд Дотоод явдлын яамны сайдаар Өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсан гуай ажиллаж байсан. Энэ хүний тушаалаар байгуулагдаж байсан юм. Ийм түүхтэй чуулга. 1948 оны Мэргэн уулын тулгаралтад оролцож байсан. Ховд аймгийн Булган сумын нутагт Мэргэн уул гэж бий. Тэнд Гоминданы зэвсэгт дээрэмчидтэй хийсэн байлдаанд оролцож байсан түүхтэй. Өнөө жил манай чуулгын 80 жилийн ой тохиож байгаа юм.

-Нэг дуугаа хорин жилийн турш дуулж явна гэдэг бол уран бүтээлч хүний хувьд сайхан завшаан. Барагтай дуу ингэж урт насалж чаддаггүй. Дахиад хэдэн арван жил өнгөрсөн ч дуулагдаж л байх болов уу?

-Баярлалаа. Хүмүүс ер нь тэгдэг юм аа. “Ямар Ганчимэг вэ?” гэхээр “Чиний минь ирэх харгуй”-н Ганчимэг гэцгээдэг юм билээ (инээв). Уран бүтээлээрээ тамгалагдсан гэх юм уу даа. Г.Мөнхжаргал өөрийнхөө дурсамжийн номыг надад дурсгахдаа “Чиний минь ирэх харгуй” дууны минь жинхэнэ эзэн гэж бичээд гардуулж өгч байсан юм. Тэр ном нь одоо ч надад байдаг.

Энэ дуу гэлтгүй “Хилчний вальс”, “Аминаас үнэтэй эх орон” гээд зөндөө дуу байна. Миний хамгийн анхны дуу бол “Баясах сэтгэл”. Мишигийн Цэдэндоржийн шүлэг, Н.Чулуунхүү гуайн хөгжим.

-Таныг сувилагчаар ажиллаж байгаад урлагт орсон гэж ярьцгаадаг?

-Би чинь Сувилахуйн сургуульд 1988-1990 онд суралцаж төгссөн, Улаанбаатар хотод. Сувилахуйн сургууль 18 ангитай. Эхний гурван анги нь Хүүхдийн сувилагчийн анги. Би тэр ангийг Сувилагч-Сурган хүмүүжүүлэгч гэдэг мэргэжлээр төгссөн. Бидэнд цэцэрлэгийн багшийн хичээлийг давхар заадаг байсан юм.

Сургуулиа төгсөөд Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний төвд буюу одоогийн Эх нялхаст клиникийн дутуу нярайн тасагт ажилладаг байлаа. Төрөөд сарын хугацаанд өвчилсөн нярайг хүлээж авдаг тасаг. Би тэнд нэг жил ажилласан. Нэг жил ажиллаад л би СУИС-д шалгалт өгчихсөн шүү дээ (инээв). Тэр үед манай тасгийн эрхлэгч нь Гэрэлмаа эмч байлаа. Эмч, сувилагч, асрагч гээд манай хамт олон бүгдээрээ намайг дэмждэг байсан юм. Уралдаан тэмцээнд орвол чөлөө өгч, бэлтгэл хийхэд маш их тусалдаг байв. Тэгээд яахав, СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өглөө. Тэр үед надад ховор аз таарсан байхгүй юу. Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуай шалгалт дээр сууж таарсан. Тэр аугаа хүн эхний түүвэр дээр намайг сонсоод л “Ардын дуу бүжгийн чуулгад орох уу” гэж асуусан. Би “Оръё” л гэнэ шүү дээ. Тэгээд би сувилагчаасаа шууд Ардын дуу бүжгийн чуулгын тайзан дээр гарчихсан. Тухайн үед “Бадарчин” гэж дуулалт жүжиг тавьж байсан. Мэнд-Амар гуай шууд л надаар “Хондон өнгөтэй торго”-ыг дуулуулаад өөрөө хөгжмийн найруулгыг нь хийгээд л. Тэгээд би шууд солистоор дуулчихаж байгаа байхгүй юу. Мэргэжлийн урлагийн тайзан дээр үндэсний найрал хөгжимтэй шууд солистоор дуулсан. Тэр том үндэсний чуулгын баруун монгол ардын дуунуудаар хийсэн “Бадарчин” дуулалт жүжигт гоцлоно гэдэг чинь маш том хувь байгаа биз дээ. Н.Норовбанзад гуай миний амьдралыг үнэхээр жинхэнэ утгаар нь өөрчилж чадсан. Би энэ сайхан хүндээ үнэхээр их баярлаж явдаг. 1994 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад ингэж дуучнаар ажилд орж байлаа. 2000 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт дуучин, 2000 оноос Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад дуучнаар ажилд орж одоо ч ажиллана. 2016 оноос чуулгынхаа гоцлол дуучин, дуу хоолойн тавилын багшаар ажиллаж байна.

Өвөө Пунцагийн Өлзий-Утас

-Дурсамжийн ном бичихэд маш олон дурсамж сэргэнэ, мартагдсан дурсамжууд орж ирнэ гээд их л том ажил байдаг юм шиг байгаа юм?

-Өө, энэ чинь ёстой нарийн юм байдаг юм байна. Өвөө, эмээ, тэрний энэний аав, ээж гээд энэ чинь нэг ёсондоо ургийн бичиг шиг юм болчихдог юм байна шүү дээ. За, одоо дуусчихлаа гэхээр “Тийм нэг юмаа мартчихаж” гээд бичнэ. Үнэхээр гоё. Уран бүтээлч хүн чинь маш их дуу, клип бүтээж ард түмэндээ хүргэдэг. Гэтэл тэр нь эргээд дуучиндаа маш их дурсамж үлдээх юм аа. Одоо ингээд эргээд байхаар аягүй гоё, гоё дурсамж сэргээд Далай ламын хэлснээр “Дахин төрсөн мэт сэтгэл төрнө” гэдэг шиг уран бүтээлч хүний аз жаргал үүнд л байдаг юм байна. Тэр сайхан дурсамжуудаасаа эрч хүч авч, залуу сайхан, сэтгэл өөдрөг, юм бүхнийг сайн сайхнаар харж байдаг ийм л сайхан болчихдог юм байна шүү дээ.

-ХЦДБЧ-ынхан бол суурин байдаггүй, хилээ тойрдог, хилчдэд хүрч очдог хүмүүс. Та эх орноо хэдэн удаа тойрчихоод байна вэ?

-Арав гаруй удаа тойрчихсон шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд л би хилээр 20 мянган км аялсан байна.

-Замд олон хоног явахад сураагүй хүмүүс зутардаг шүү. Та бүхэн сурчихсан байдаг байх даа?

-Бид чинь тангараг өргөсөн. Эх орныхоо төлөө үнэнчийн тангараг өргөсөн уран бүтээлчид байхгүй юу. Ямар нэгэн зүйлд шантрах ч эрхгүй. Би чинь багаасаа дайчин эрэмгий хүүхэд байсан.

-Таны өвөө цэргийн зүтгэлтэн, нисгэгч хүн байсан гэдэг. Монгол цэргийн өдрөөр өвөөгийнхөө тухай яривал сайхан даа?

-Манай өвөө 1910 онд Архангай аймагт, Зая гэгээний нутагт төрсөн. Пунцагийн Өлзий-Утас гэж хүн байсан. 1931 онд цэргийн албанд татагдаж, 1933 оноос Дарьганга дахь 35 дугаар хороонд цэрэг, 1934 оноос Нисэх сургуульд сурагч, 1936 оноос Нисэх отрядад нисгэгч, 1937 оноос Баянтүмэн дахь Нисэх хороонд отрядын дарга зэрэг алба хааж, 1939 оны Халхын голын дайны үед отрядын даргаар, 1945 оны чөлөөлөх дайнд нисгэгчээр, 1947 онд баруун хилийн тулгаралтад нисгэгчээр тус тус үүрэг гүйцэтгэж үүргээ сайн биелүүлж “Бид ялав”, Зөвлөлтийн “Бид ялав” медалиар шагнагдаж байсан ахлах дэслэгч цолтой, багш-нисгэгч хүн байсан байхгүй юу. Монголд агаарт гурвалсан эргэлт хийсэн анхны хоёр нисгэгчийн нэг нь манай өвөө.

-Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад дуучнаар ажилд орсон тань угаасаа удмаа дагасан шийдвэр байжээ. Цэргийн байгууллагаар явах хувь тавилантай л байж дээ?

-Тийм тийм. Энэ бүх дурсамжийг миний эмээ цаг хугацаатай нь бүгдийг нь ярьдаг юм. Одоо манай эмээ 93 настай. Сүрэнгийн Цэрмаа гэж сайхан буурай бий. П.Өлзий-Утас өвөөгийн минь эхнэр л дээ. Ээжийн минь ээж. Одоо бидэнтэй хамт амьдарч байна.

-Монгол цэргийн өдрийг Цэргийн баяр, Эрэгтэйчүүдийн баяр гэж нэрлэчихээд энэ өдөр эрэгтэй хүмүүс баярлаж, архи уух ёстой гэдэг ойлголттой болчихсон. Та цэргийн байгууллагын хүний хувьд гуравдугаар сарын 18-ны энэ өдрийг хэрхэн өнгөрүүлбэл зүйтэй гэж боддог вэ?

-Өнөөдрийн бидний энэ аз жаргалтай, амар тайван амьдралыг хэн олгосон юм бэ. Баатарлаг дайчдынхаа алдар гавьяаг магтаж, бахдаж, алдаршуулах тийм л сайхан баяр байгаасай. Коронавирус гарчихлаа, хөл хорионд орчихлоо. Энэ цаг үеийг ашиглаад үүх түүхээ судлах хэрэгтэй. Энэ өдрийг Бахархлын өдөр болгочихмоор санагддаг юм.

-1970, 1980-аад оны үед эрчүүд цэрэгт яваагүй гэдгээсээ ичдэг, тэрийгээ нуудаг байсан. Цэрэгт явж ирээд л өөрийгөө эр хүн гэж мэдэрцгээдэг байсан бол одоо эсрэгээрээ. Аль болох цэргийн албанд мордохоос зугтаж, мултарч үлдэхийг зүтгэдэг болсон?

-Тэр үед чинь гурван жилийн хугацаатай цэрэгт явдаг байсан. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй шүү дээ. “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүрэгтэй. Тийм болохоор Үндсэн хуулийнхаа дагуу цэргийн албаа хаагаад амьдралд суралцаад ирэх ёстой байхгүй юу. Жинхэнэ эр хүн гэдгээ мэдэрдэг байхгүй юу. Хил дээр очоод тоглолт хийгээд дуулаад явж байхад цэрэгт очсон залуус байгалийн сайхныг үзэж байгаа юм. Карантинд байгаа цэргүүд чинь улаан нялзрай л юмнууд байгаа юм чинь. Тэгээд эх орныхоо торгон хил дээр очиход хүний сэтгэл зүй огт өөр болдог шүү. Бид чинь цэрэг, эх орны, бахархалтай, омогшилтой дуунууд дуулахаар одооны энэ залуучууд чинь “Би ямар азаар энд, цэргийн албанд ирэв ээ. Хилийн цэрэгт ирсэндээ үнэхээр их бахархаж байна, баярлаж байна” гэж чин сэтгэлээсээ хэлж омогшдог шүү дээ. Тэрэнд нь уран бүтээлч бид нар маш их баярладаг. Тэр баярласан сэтгэлээс олон сайхан уран бүтээл төрдөг. Бахархсаар байгаад л хүрч ирдэг шүү дээ. Тийм болохоор цэргийн албаа сайн хааж, амьдралд суралц. Эх орноо гэсэн сэтгэлзүй тэнд л бүрэлдэж тогтдог. Бие биенээ хүндэлж, ажил хийж сурч байна. Өглөө эрт босно. Бүх юм нь, бүх амьдрал нь өөрийнх нь гарт явж байдаг. Бүхнийг биеэрээ хийж сэтгэлээрээ туулж явдаг.

-Урлагийнхан дундаас цэргийн байгууллагын уран бүтээлчид илүү дэгтэй, цагаа баримталдаг, хэлсэндээ байж чаддаг хүмүүс байдаг юм?

-Телевизийн кино концерт хийх гээд явахад хамгийн түрүүнд цэргийн бид нар хувцсаа өмсөөд, хэнээр ч шахаж шаардуулахгүйгээр ажил үүргээ гүйцэтгээд явдаг юм. Телевизийн ажилтнууд биднээр үнэхээр бахархдаг шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *