Categories
мэдээ цаг-үе

Б.Найдалаа: Сонгуульд зориулсан хөрөнгө оруулалтаасаа хоёр их наядыг хэмнэх боломжтой

“ХҮН”-ын дарга Б.Найдалаатай ярилцлаа.


-Коронавирусээс шалтгаалж дэлхийн болон тэр тусмаа манай улсын эдийн засаг хүнд байдалд орж байна гэх зүйл яригдаж байгаа. Энэ ч утгаараа танай намаас эдийн засгийн хямралыг даван туулах цогц төлөвлөгөөг Засгийн газар, УИХ-д өгөх гэж байгаа юм байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Коронавирус түр зуурын хүндрэл бус нэлээд ноцтой нийгэм эдийн засгийн хямрал болж байгаа нь тодорхой харагдаж байна. Нөхцөл байдал нэгэнт ийм болсон учраас асуудалд цогц байдлаар хандахгүй бол нэг салбарыг тусад нь авч үзээд цаашаа явахгүй. Тиймээс ХҮН-аас эдийн засаг, санхүү төсөв мөнгөний бодлого боловсрол хөдөлмөр нийгмийн хамгаалал зэрэг иж бүрэн талаас нь харж байгаад мэргэжлийн холбоодтой нь ярилцаж судлаачидтай хамтран хөтөлбөр боловсруулсан. Үүнийгээ Засгийн газар болон УИХ-д бичгээр хүргэж байгаа юм. Арга хэмжээг шат дараатай авах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Улс төр энд байх ёсгүй. Хамтдаа даван туулах ёстой юм. Бид улс нийтээрээ алдагдалд орж байгаа. Тэгэхээр нэгдсэн төлөвлөгөө хэрэгтэй байна. Тиймээс ХҮН-аас хямралаас гарах, хүндрэлийг даван туулах цогц хөтөлбөр батлаач гэж УИХ, Засгийн газар шаардлага хүргүүлж байгаа юм. Эхний ээлжинд төсөв мөнгөний бодлогын хүрээнд төсвөө тодотгоод, мөнгөний бодлогоо тогтвортой байлгаж ерөнхий орчинг нь сайн бэлдэх хэрэгтэй байна. Боловсрол, нийгмийн хамгаалал, иргэдийн амьжиргааг дэмжих, ажлын байрыг хэрхэн хадгалах тал дээр анхаармаар байна. Банкны зээлийг зогсоомооргүй байгаа юм. НДШ, татвар, түрээстэй холбоотой хөнгөлөлтүүдийг иргэддээ болон ЖДҮ эрхлэгчдэд өгөхгүй бол үнэхээр хүндрэхээр байна.

-Манай улс хараат эдийн засагтай. Коронавирусийн тархалтаас шалтгаалж эдийн засагтаа нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Барууны орнууд болон хөгжингүй эдийн засагтай орнууд хадгаламж, хуримтлал ихтэй байдаг. Иргэд нь дор бүрнээ хадгаламж, хуримтлалыг зуршил болгочихсон. 5-6 сар ямар ч орлогогүй гэртээ амьдрахад асуудалгүй. Эдийн засаг нь өөрөө нөөц ихтэй. Эхнээсээ АНУ, Герман, Хятад зэрэг улсууд олон тэрбум ам.долларыг шууд эдийн засгаа дэмжихэд гаргаад эхэлж байна. Хүүгүй зээл олгож байна. Шууд татаас олгож байна. Шууд иргэддээ мөнгө тарааж байгаа улс орон ч байна. Ийм нөөцтэй улс орон коронавирусийг асуудалгүй даван туулна. Манай улсын хувьд иргэд нь ганц сар л тэснэ. Тэрнээс цааш энэ маягаар үргэлжилбэл орлогогүй, ажилгүй, хадгаламж хуримтлал байхгүй хэрнээ асар их өртэй учраас ноцтой эдийн засгийн хямрал руу чирнэ. Энэ нь цаашаа ядуурал, нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй. Тиймээс цаг алдахгүйгээр сонгууль дөхөж байгаад нэг юм амсуулах биш, одоо арга хэмжээ авах ёстой. Вирусийг тархаахгүй байх тал дээр эртхэн арга хэмжээ авч байгаатай адил эдийн засагтаа ч яг адил хандах хэрэгтэй. Байгууллагуудын худалдаа бизнесийг аль болох хаалгахгүй баймаар байна. Түрээсийг нь хөнгөлөхөд Засаг нь өөрөө манлайлж, шаардлагатай бол хэрэггүй хөрөнгө оруулалтуудыг хэмнэсэн танасан хөрөнгөөрөө татаас өгч болно. Зээлийн төлбөрүүдийг хойшлуулах, тэр дундаа ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулж болно. Тэглэх тухай энд огт яриагүй. Хамгийн чухал нь эхний ээлжинд төсвийн тодотгол. Төсвийг яаралтай тодотгохгүй бол 3.7 их наядын асар их мөнгийг соёлын төв барих, гүүр барих, музей барих зэрэгт хуульчлаад тогтоочихсон. Үүнийгээ зогсоохгүй бол хуулийнхаа дагуу гараад явчихна. Орлого тэр хэрээр орж ирэхээргүй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Орлого нь байхгүй атал төсвөө тодотгохгүй цаашаа явна гэдэг маш том эрсдэл үүрнэ.

-Төсвөө тодотгохгүй явахад манай улсад ямар эрсдэл үүсэх вэ?

-Төсвөө тодотгохгүй бол эхний ээлжинд цалингаа тавьж чадахгүй болно. Эдийн засаг хямарчихсан, гадаад орчин муу болчихсон хүндрэх нь ойлгомжтой болчихсон байхад цаг сайхан байна гэсэн төсөөллөөр хийсэн төсвөөр цаашид явах боломжгүй. Эхний ээлжинд шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа зогсоох нь зүйтэй. Сонгуулийн жил учраас 119 хувиар өсгөсөн байгаа. 51 суманд соёлын төв барих ажилд 184 тэрбум төгрөг, хууль зүйн барилга 51 тэрбум, Хэнтийн Бэрх далд уурхайн музейн барилга 3.3 тэрбум төгрөгөөр барих зэрэг хэрэгтэй боловч нэн шаардлагатай биш төслүүдийг шууд танах хэрэгтэй. Тэгвэл 2.2 их наяд орчим хэмнэлт гарч ирж байгаа юм. Энэ мөнгөөрөө эргээд бизнесээ дэмжих, иргэдийг ажилтай нь байлгах, ажлын байрыг хадгалах чиглэлээр ажлууд хиймээр байна.

-Сонгуулийн жил учраас эдийн засаг хэрхэх бол?

-Cонгуулийн жилд эрх барьж байгаа засаг нь өөрсдөө дахин гарч ирэх, сонгуулийн амлалтаа биелүүлсэн харагдахын тулд асар их төсөв тавьдаг. Сонгуулийн дараа юу болж хувирдаг гэхээр валютын ханш огцом унадаг. Сонгууль болтол түр хугацаагаар хиймлээр барьж байгаад сонгуулийн дараа тавьчихаар ханш унаад инфляци болж эцсийн дүндээ иргэд хохирдог. Энэ жил сонгууль, коронавирусийн тархалт давхцаад хүндрэлтэй байж болохоор байна.

-ХҮН сонгуульд хэрхэн оролцох вэ?

-Бид сонгуульд өөрийн гэсэн үзэл баримтлалтай, сонгуулийн тодорхой мөрийн хөтөлбөртэй, аливаа хөрөнгө оруулалтыг хүн рүүгээ чиглэж хүнд хэрэгтэй талаас нь зарчим барьж ажиллана. Сонгуульд нэлээд идэвхтэй бэлтгэл хийж байгаа.

-Нөхцөл байдал энэ маягаараа үргэлжилбэл сонгууль хойшлогдоно гэж үзэж байгаа хэсэг байна. Сонгууль хойшлогдвол аль улс төрийн хүчинд ашигтай болон ашиггүй байх вэ?

-Сонгууль хойшлох эсэх нь бидэнд чухал асуудал биш. Хамгийн гол нь коронавирусийн тархалт, нийгэм эдийн засгийн байдал чухал. Улс төрийн сонгуультай холбоод төсвийг хөөрөгдөж баталсантай адил сонгуультай холбоод иргэдийн бизнесийн асуудлыг эрх баригч нам ашиглахвий гэх зовнил байна. Шаардлагатай арга хэмжээ авахгүй байж байгаад сонгууль дөхөж байхад таалагдах гэж оролдох вий. Энэ нь эргээд хагарал бутрал, намчирхалд хүргэнэ. Энгийн логикоор бодоход сонгууль хойшиллоо гэхэд эрх барьж байгаа МАН-д ашиггүй. Яагаад гэхээр эдийн засаг, нийгмийн байдал иргэдийн амьдралыг ийм маягаар сунгаад байх нь иргэдэд таалагдахгүй нь ойлгомжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *