Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.
-Хөл хорио тогтоогоод буй энэ үед цагдаагийн алба хаагчид ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?
-Цагдаагийн байгууллага коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сар шинийн баярын өмнөөс авахуулаад л өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Цаашдаа ч ажиллах болно. Иргэдийг ая тухтай амьдрах, зорчих нөхцөл бололцоог хангаад 520 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Мөн төрийн байгууллагын холбогдох ажилчид ч цагдаа нарын хамтаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, товчоодоор нэвтрэх үед тээврийн хэрэгслийг шалгах, бичиг баримтыг шалгах чиглэлээр ажиллаж байна.
Иргэдийн зүгээс төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй, хүндрэл учруулж байгаа зүйл алга.
-Сар шинийн өмнө хөл хорио тогтооход баталгаат бус, хулгайн замаар иргэд зорчих зөрчил илэрч байсан. Энэ тал дээр ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?
-Тээврийн цагдаагийн албан хаагчид хулгайн буюу батлагдаагүй замд хяналт тавьж ажиллаж байгаа. Постоос постын хооронд явж байгаа тээврийн хэрэгслийг шалгахдаа өмнөх постод бүртгүүлсэн байна уу, хэдэн хүн тээвэрлэж байгаа зэрэгт хяналт тавиад явж байна. Хүн тээвэрлэх журам зөрчсөн, зөвшөөрснөөс гадна хүн тээвэрлэж гаргах гэсэн зөрчлүүд цөөн тоогоор бүртгэгдэж байгаа. Үүнийг газар дээр нь арилгаж ажиллаж байна. Орон нутгийн замд зөвшөөрөлгүй, хулгайн замаар зорчиж, цасанд сууж байгаа зөрчлүүд цөөн гарч байна. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заагдсанаар арга хэмжээ авна. Цагдаагийн байгууллагын зүгээс арга хэмжээ авах, тулгаж шаардахаас илүү урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг нь тайлбарлах, дахин зөрчил гаргахгүй байх тал дээр арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна.
-Хөл хорио тогтоосон ч постоор нэвтрэх гэсэн иргэд олон байна лээ. Ямар шалгуураар нэвтрүүлж байна вэ?
-Стандартын дагуу шаланзаар шатахуун тээвэрлэж яваа, их хэмжээний хүнс зориулалтын дагуу тээвэрлэж яваа тохиолдолд шалгаад шууд нэвтрүүлж байгаа. Цагдаагийн байгууллага шалгаад хүндэтгэх шалтгаантай иргэдийг холбогдох зөвшөөрлийн дагуу нэвтрүүлсний дараа үзлэгт хамруулж ажиллаж байна.
-Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдынхаа аюулгүй байдалд хэрхэн анхаарал тавьж байна вэ?
-ТЦА-ны тухайд үүрэг гүйцэтгэж, иргэдтэй тулж ажиллаж байгаа алба хаагчдад хамгаалалтын цагаан хувцсыг өгч байгаа. Мөн ядраахгүй байх талаас нь тодорхой хугацаанд халуун хоол, аарц, чацаргана гэх мэт зүйлээр хангаж байна. Үүнээс гадна 2-3 төрлийн витамин өгч, гар ариутгагч зэрэг хэрэглээний зүйлсээр тогтмол хангаж ажиллаж байна. Манайх өөрсдөө эмнэлэгтэй, эмчтэй. Үүгээрээ дамжуулаад алба хаагчдадаа зөвлөмж хүргүүлж ажиллаж байгаа. Алба хаагчдын ар гэрийнхэн талархалтай байна.
-Иргэдийн зүгээс алба хаагчдыг хэр ойлгож байх юм. Цай хоолоор дайлж байгаа тухайгаа цахимд нийтэлсэн нь олон тааралдсан?
-Иргэд хоол цай, хуурай идэх юм алба хаагчдад өгч байна. Энэ бол өөрсдийнх төлөө зогсож байгаа залуусыг дэмжих сайхан сэтгэл. Нөгөө үзүүрт цагдаагийн байгууллага алба хаагчдаа эрүүл ахуй талаас нь анхаарч, ямар нэгэн шинжилгээнд ороогүй хоол хүнс хэрэглэхийг татгалзсан. Өөрсдөө чанар, ариун цэврийн шаардлага хангасан, тэжээлтэй хоолыг тогтмол хугацаанд алба хаагчдадаа өгөөд хэвшсэн байгаа. Иргэдийн зүгээс ирж байгаа халуун аарц, чацарганыг хэрэглэж байгаа.
Улсын онцгой комисс, засгийн газрын зүгээс аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулж гаргасан журмыг мөрдөж цагдаагийн алба хаагчийг доромжлохгүй, тулган шаардахгүй байна гэдэг иргэдийн ухамсар дээшилсэн, алба хаагчдын ажиллах нөхцөл байдал хангагдаж байгаа гол хүчин зүйл. Энэ өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал нийслэлд эрс буурч байна. Хурд хэтрүүлж замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй, онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцоод хэрэггүй. Мэдээж зөвшөөрөлтэй орон нутгийн замд зорчиж байгаа бол тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаж, өөрөө дулаан хувцаслах хэрэгтэй байна.
Улс даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчин Дархан-Уул аймгаас хулгайн замаар зөвшөөрөлгүй автомашин хөлслөн ирж постын ойролцоо буун явганаар пост нэвтрэхийг оролдсон хариуцлагагүй 22 иргэнийг Шарын голын пост дээр саатуулжээ.
Сумын шуурхай штаб нэгдсэн журмаар тэдгээр хүмүүсийг сумын Эрүүл мэндийн төвд авчирч анхан шатны үзлэг хийн, асуумж авч иргэн бүр хариуцлагатай байх талаар анхааруулга, зөвлөгөө өгчээ. Ийм төрлийн зөрчил гаргаж, сумын шуурхай штабт хүндрэл учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу тухайн иргэнийг 150.000 төгрөгөөр торгох хуулийн заалттай.