Categories
мэдээ цаг-үе

Төмөр мүстэй СУМ

Зохиолч Шуурайн Солонго Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. Тууж өгүүллэгийн төрлөөр дагнан бичдэг. “Төсөөлөл”, “Бага хатан”, Хагацсан нутаг”, “Улаан судар”, “Гималай”, “Шамбалын цэнхэр салхи”, “Цагаан уулс” тэргүүтэй 11 ном хэвлүүлсэн. Түүний “Төмөр мүстэй сум” өгүүллэгийг хүргэж байна.


Цасны ус шалбалзан урсах гүн тайгад хаа нэгтээ бархирах шувуун дуунаас өөр чимээгүй. Тийн атал эл нам гүмийг цочоож, ойрхон мод шажигнан унах нь сүрхий содон дуулдав. Удалгүй тэр зүгээс хугархай хус чирсэн нэгэн бээр нойтон цас хөглөрүүлэн гарч иржээ. Буй төрх нь оргодол босуулын шинжтэй агаад гөлийсөн хүйтэн харц, амнаасаа үг унагаж үзээгүй болов уу гэмээр хөрзгөр царай, хэтийдтэл ургасан сахал самбай, ширэлдэж сэгсийсэн их үс нь түүнийг тийм төрхтэй болгожээ. Шөрмөс, хялгасаар хэлгэж торгоосон арьсан дээлэрхүү хувцсаа нарийн агсаргаар чанд ороож, түүнээс нь цөөвтөр сумтай хоромсого унжаад нумаа хөвчөөр нь өрөөсөн мөрөндөө угласан түүний хөлөө боож тунтарсан нэхийг гутал гэхэд хэцүү.

Тэрбээр чирч ирсэн модоо газар орхиод, нойтон цасан дээр өвдөглөж, цас суваглан жирэлзэх уснаас аажуухан шимэн уух нь хүртэл нэг л хүмүүн бусын аягтай. Даахирч бөөмнөрсөн үс нь усанд дүрэгдэн хөвөх үес сайх хүмүүн сая сэхээ орох мэт өндийж, хүйтэн усаар нүүрээ хэдэнтээ шударч норгоод, усаа гоожуулан моддын үзүүр ширтэж хэсэг сатаарав. Хүйтэн гөлгөр харцанд нь ямар нэгэн бодол санаа үл илрэнэ. Тэгснээ гүнзгий санаа алдаад бүсэндээ хавчуулсан чандага мэтийг суга татан, хажуудаа тавих мөртөө авчирсан модныхоо нарийн хуурай мөчрийг хугачин, цасны чийг нь арилж, энэ хавьдаа урь ханхлуулан харлах товгор дээр зэргэлээд өврөөсөө хэт цохиур уул гарган, яах ийхийн зуургүй түүдэг асаав. Чингээд гутал орлосон баглаатай нэхийнийхээ түрүүнээс бяцхан хутга гарган, мөнөөх чандагаа дор нь янзалж, гэдэс дотрыг нь чулуудаад, нимгэн зулмагар арьсыг хуу татах нь тун ч сурмаг. Хоромсогоноосоо нэг сум сугалан авч, туулайны шулдан биеийг нь туушид нь шорлоод дүрэлзэж буй түүдгээ яльгүй дарж, утаа манаргаж түүнийгээ дээр нь тавьлаа. Чухам л шорлогт зориулсан мэт сумны төмөр мүс галын илчинд өнгөө хувиргахыг ажсаар мөнөөх эр бодолд дарагдав.

…Цэргийн бүрээн дуу гэнэт хадсан ч тэр ядах юмгүй бэлдэж, яаравчлан аравтдаа нийлсэн нь саяхан атлаа элэнц хулангийн үе мэт санагдана. Тэдний зуут хөтөлгөө морьдтойгоор өдөр шөнөгүй довтолгож нэгэн их хүдэнт хангайд тулж ирэв. Хуй салхи шиг явсан болохоор газрын баримжаа ч байсангүй. Морьдоо орхин цааш явган замнахыг тушаасан тул ойн захад эгнэн зогслоо. Тэгтэл хориод морьтон ирж билээ. Дуулганы саравчаар нүүрээ дарсан тэд цагаан эсгийгээр битүү хулдаж, модон дамнуургад тэгнэсэн нэгэн шарил мэтийг газар хүргэлгүй дээдлэх ажгуу. Тэр бүлэг морьдоо сэлгээд цааш түргэнээ хөдлөв. Тэдний бараа тасрахад зуут араас нь хөдөлж, замдаа цэргүүдийг аравт, аравтаар таслан үлдээсээр явжээ. Тэднийх тав дахь аравт болж үлдсэн юм. Моддын дээгүүр сүү шиг цагаан тэргүүтэй их уул дүнхийнэ. Энд хүрээд аравтан тэднийг зогсоож, удалгүй өөдөөс нь гарч ирэх аравтыг өчиггүй намнаад буцах тушаал авснаа дуулгажээ. Аливаа тушаал зааварт эргэлзэн лавлаж сураагүй монгол цэргийн ёсоор тэд нүд цавчилгүй хүлээлээ.

Үүр хаяарахын хэрд зургаа дахь аравтыг мөнгөн дуулгатай ихэс тэргүүлэн гарч ирэхэд аравтан : – Мөнгөн дуулгатыг үлдээ ! Бусдыг нь харва ! гэж тушаажээ. Морь хазаарлах төдий хугацаанд нэгэн зуутын арван нөхрөө газар тэврүүлчихээд тэд иөнгөн дуулгатыг даган гэдрэг буцацгаав. Тэгтэл ч энд тэндээс сум шунгинан ороод ирж билээ. Цочин харвал өмнө нь явсан мөнгөн дуулгат хэдийн газардаад зооноос нь сумны цустай зэв цухуйж байх нь тэр. Аравтын нөхөд нь энд тэндгүй гулдайн унахыг харж, амьд үлдэх ёсгүй болсноо ойлгох тэр агшинд хэвлийг нь сум өрөмдөн орсон … Жанжинг оночихлоо! Хэний сум бэ ? гэж хэн нэгэн уурсан хашгирахыг сонссон тэр агшинд ухаан алдсан юм. Сэргэхүл амь алдсан нөхдийнхээ дунд байв. Цус алдаж тамирдсан ч өндийж чадсан төдийгүй шархдуулсан сумаа ч суга татаж хаяжээ. Одоо л үхнэ дээ гэж хүлээсэн ч тэр цаг нь болоогүй бололтой. Нэгэнт хальж одоогүй хойно нэгийг хийх хэрэгтэй болж, ойр байснаар нь мөнгөн дуулгатын агсаргыг хоромсоготой нь авч мөлхсөөр үхэл, цус нөмөрсөн айхтар газраас холдсон… …

Тэр хоромсогт байсан нь өдгөө чандага шорлон шарж буй энэ төмөр мүстэй сум бөгөөд өдий хүрэх аян замд хань болсон эдлэл бөлгөө. Амь гарах гэж бишгүй хүч зарцуулсны хүчинд тэр хөл дээрээ босч, ийн уулнаас уул руу, сэлүүн модтойгоос шивэр битүү тайга руу дамжин зайж явав. Зайхын учир нь золионд гарагсдаас амьд үлдсэнийг мэдвэл Хөх төрийн цааз хатуу, мөрөөр нь мөшгиж, мөчөөр нь жиргэж хаяхыг мэдсэнд оршмуй. Тэр эргэж харих ч аргагүй, нутагтаа хүрвэл төрөл төрөгсөд, овог гарвалтнаа ч хөөднө гэдгийг ойлгоод ийнхүү өдөр хоногийг аргацаана. Олон хүний амиар булш бунхныг нь нууцалсан тэр ихэс хэн байсан юм бол? гэж тэрбээр өглөө сэрээд боддог, үдэш унтахдаа гайхдаг ч хариулт гараагүй хэвээр. Яван явсаар дөрвөлжин модон урцанд амьдардаг шар үстнүүдийн газарт хүрээд тэр нутгаасаа халин гарснаа мэдэж, эргээл монгол гэртэндээ дөтлөхөөр тэмцэв.Сүүлийн үед ой ухаан нь жаахан бишдэж, зарим юмсын нэрийг мартан, хэл нь эвлэхээ больсон учир тэрбээр “Энэ бол мод, тэр бол өвс” гэж амандаа үглэдэг болжээ. Ямар боловч цас гурвантаа бүрхэж, цэцэг хоёр удаа ургасныг тоймлоно. Энэ өглөө босоод “Өнөөдөр юу идэх вэ? Буга ихэднэ, бор гөрөөс л… гэж сурсан зангаараа бодож сууснаа гэнэт “Ер нь тураг унагавал ууландаа үхье, жижиг ан таарвал уулнаас бууж үзье” хэмээн тэнгэрээс төлгө гуйхаар шийджээ. Гэтэл ялаа шавьжтай өрсөлдөн бужигнаж байдаг бор гөрөөс ч таарсангүй, усан дээр нь хүлээсэн ч буга, согоо ирсэнгүй, арга ядахад амь залгуулдаг хур, сойр ч таарсангүй. Аз болж ан таарахгүй юм биш биз хэмээн олзуурхаж атал энэ чандага таарснаар тэнгэр түүнийг уулнаас буу хэмээж буйг мэдэрсэн аж… … Мах түлэгдэн хиншүү ханхлахад тэр бодлоосоо сэрж, халуун төмөр сумыг ханцуйгаараа жийрэглэн аваад яаруу сандруу үмхлэв. Хүний бараа харалгүй удсан болохоор уулнаас бууна гэхээр сэтгэлдээ халширч, өөртөө элдэв асуулт тавин мунгинах тул махныхаа амтыг ч мэдсэнгүй. Тэгснээ түүхий мах амтагдахад санаандгүй “Аа-яа-яа” гэж намуухан хархираад цочирдон дуугаа хураав. Хүний дуу сонсох эвгүй ч юм шиг… Гуяны шүүрхий хэсгийг буцааж, нурманд булаад “Ерөөсөө хүмүүн таартал явъя. Уулзаад яриа хөөрөөг нь сонсъё, хэрэг бишидмээр бол хэлгүй хүн болсугай!” гэж бодож тогтов. Хэсэг бодлогошроод нурамнаас нүүрс болох шахсан махаа авч үмхлээ. Уулнаас бууж хоёр хоног гэлдрэв. Энэ завсар ганц тарваганаас өөр юмаар амаа тослоогүй тул сүрхий өлсч, ангаж ядарчээ.

Нэгэн хөндийд хэдэн гэр бүхий отог тааралдсанд айж эмээхээ ч умартан очиж, захын бор гэрийг нь гоочилбол холын хүний мөрөөс болсон өтөл эмгэнийх таарчээ. Эмгэн түүнийг өрөвдөн халагласаар хооллож ундлаад, авдар саваа онгичин гайгүй гэсэн дээл хувцас өмсгөөд үс зүсийг нь янзлан хүмүүн төрхөнд нь оруулжээ. Ярих юмгүй мань хүний ээрч муурахыг хэд хоног ажигласан эмгэн, “хэл яриа бядуу нэгэн ажгуу” хэмээн бараглаад элдвийг шалгааж төвөг удсангүй, өөрийнхөө аж байдлыг л гол төлөв хүүрнэнэ.

Нэгэн удаа эмгэн: – Бага хүү маань агсаргаа бүслээд цэрэгт одсон. Гурван жил боллоо. Их хаантны тэнгэрт хальдаг жил юм л даа. Одоо хүртэл сураг чимээгүй, амьд явдаг болоосой гэж сахиусандаа даатгаж сууна гэж хуучилжээ. Үүнийг сонсоод золбин эр аянганд ниргүүлсэн мэт манарав. Өдий хүртэл бөглөрч чиглэрсэн бодлынх нь зангилаас задарч, ямар чухал оршоолгод оролцсоноо сая л ойлгоов. Ингэж амьдын төдий гэлдэрч явснаас аль эрт авай Чингис хааны хөтөч болж, тэнгэрийн оронд одох байсан ажгуу. Нэг байтугай нэлээд амиа өргөөд ч хүртэж үл чадах тийм хишиг хүртээлээс би өөрөө зайлав гэж үү ?! Хааны өлмийгөөс чингэж зугатаад би одоо хаа хүрэх билээ? Хувь заяандаа гомдсон цэрэг эр отог айлын ахлаачийг эрэн хайж уулзаад өөрийн учир явдлыг илэн далангүй тоочин хэлээд цаашид хэрхэхийг толгой бөхийн асуужээ. Үхэхээс бусдыг үзсэн, цэцэн буурлын төрхтэй тэр ахлаач түүнийг удтал ширтээд : – Алдаа гэм нь хаанаа байгааг, авлага өглөг нь хэзээ ирэхийг чи бид хоёр хэрхэн мэдэх билээ. Ямар боловч түүнээ өөрийн улаан биеэр үүрч дүүрч дуусга даа хэмээсэн бөлгөө. Чингээд тэр отогт үлдэв. Ээл болсон эмгэнийг ээжийнхээ адил асарч тойлж өнгөрөөгөөд нэгэн намар хүнс базаахаар отгийн эрсийг даган ууланд гарчээ. Тэнгэр бүрхээд аадрын үүл моддын үзүүр хүртэл хөллөсөн нэгэн өдөр тэр ангийн мөр хөөж нөхдөөсөө салан уулын хэц дээр гартал гэнэт аянга тасхийж, нойтон газар ноцох мэт мэлсхийсэн цагаан туяа татаад түүнийг газартай хадчих мэт болов.

Тэр агшинд үүрч явсан төмөр сумнууд нь тос мэт хайлаад нурууг нь цоргин урсахыг мэдрээд сац орчлонгоос хагацжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *