Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батцэцэглэн: Аав, ээжийгээ найранд дуулах дуугаа бэлдэхийг нь сонссоор байгаад дуучин болсон

Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Б.Батцэцэглэнтэй ярилцлаа.


-Цагаан сараар таны оролцсон телевизийн нэвтрүүлгүүдийг харлаа. Ардын дууг сайхан дуулдаг, сайхан дуучинтай болжээ гэж дуунд дуртай хүмүүс ярьж байна?

-Өнөө жилийн Цагаан сар өвөрмөц, сонин байлаа. Бас монголчуудын эв нэгдлийг харуулсан, баярыг өөртөө яаж эвтэйхэн, түвэг багатайгаар тэмдэглэж болохыг харуулсан Цагаан сар болж өнгөрлөө. Олон нийтийг хамарсан арга хэмжээ, гадаад дотоод тоглолтыг хориглосон ч гэлээ нөгөө талдаа гэр бүлдээ ойрхон байх боломжийг олгож өглөө. Гэр бүлдээ цаг зав гаргасан сайхан жил гарлаа гэж бодож байна.

Би Үндэсний урлагийн их театрын уртын дуучин хүн. Бид жилийн жилд л өдийд маш завгүй байдаг байсан. Харин өнөө жилийн Цагаан сараар ажил маань амарчихсан байсан нь урьсан телевизүүдийн нэвтрүүлгүүдэд очиж оролцох боломжийг олгосон л доо. Миний дуунуудыг хүмүүс гайгүй сонсож байгаа юм байна аа гэдгийг энэ жилийн Цагаан сараар анзаарч харлаа. Үүндээ их урам зоригтой, сайхан байна.

-Уртын болон ардын дуучин хүн дээл, гутал, малгай, өмсгөл зүүсгэлтэйгээ байж байж бүтэн байдаг юм байна аа гэдгийг таны хувцаслалтуудаас анзаарсан юм. Тухайн үеийн хүрээний гангачуул, сайхан бүсгүйчүүд яг л тан шиг ингэж биеэ авч явдаг байсан болов уу?

-Манай Ё.Цэрэндолгор гэж найруулагч байлаа. Тэр хүн чуулгын ангид орж ирээд бидний энгийн амьдрал дээрээ юу өмсөхийг хүртэл хэлдэг, заадаг байсан юм. “Та нарыг хүмүүс хараад ийм болохсон гэж бодох байтал та нар уранхай жийнс өмсөж явлаа” гээд загнадаг байж билээ. Тэр хүний үгийг авдаг хүн байлаа, дэмий юм ярилаа гэж үл ойшоодог нь ч байлаа. Надад бол тэр хүний шаардлага зөв юм шиг санагддаг байсан. Амьдрал дээрээ тэрийг биелүүлж чаддаггүй юм аа гэхэд тайзан дээрээ хувцасаа зөв өмсөх, малгай зүүсгэлээ зөв зүүх хэрэгтэй. Шанхаа яаж тавих вэ гэдгээс эхлүүлээд тэр хүний хэлдэг байсан бүхнийг өөртөө хэрэгжүүлэхийг хичээдэг юм. Одоо ч гэсэн манай чуулгын ахмад уран бүтээлчид бидэнд тэр тал дээр байнга зөвлөж зааж байдаг л даа. Хувь хүн талаасаа бас хичээлгүй яахав. Монгол дээл өмсөхөөр нуруугаа заавал тэгшхэн байлгах ёстой болно. Дээл өмссөн байхад л цаанаас тэгж биеэ цэгцлэхийг шаардаад эхэлдэг гэж ойлгож болно доо.

-Та маш олон дээлтэй юм билээ. Чуулгын дээл үү, эсвэл та өөртөө захиалгаар хийлгэдэг үү?

-Янз янз. Чуулгын дуулалт жүжгүүдийн гол дүрийн хувцаснууд гэж бий. Гэхдээ миний өмсдөг дээлнүүдийн ихэнх нь хувийнх. Би ч өөрөө юм оёх дуртай. Одоо гэхэд л зүү ороож байгаа.

-Үйлэнд уран байх чинь монгол эмэгтэйн нэг чухал шинж чанар шүү. Зүү ороож даалин урлах чинь уг нь монгол эмэгтэй хүн бүрийн л хийж чаддаг байсан ажил?

-Эмээ, ээж хоёр маань бас их сайхан оёдог хүмүүс. Багаасаа харж өссөн юм хүнд хүмүүжил олгодог байх аа гэж боддог юм. Миний багад харж өссөн зүйл бүхэн минь миний амьдралд маш том тус болдог. Даавуу, торгоны өөдөс олдвол тоглоомондоо хувцас оёхоос эхлүүлээд оёж сурсан. Би дөрвөн охинтой айлын отгон нь. Эгч нартайгаа хамт юм оёод, эмээ, ээж аавдаа тусалж өссөн минь тухайн үедээ тэр хүмүүст тусалж байгаа юм шиг боловч үнэндээ өөртөө л тусалж байжээ гэж боддог юм. Эмэгтэйчүүдийг юм оёосой гэж уриалмаар санагддаг. Хүн хүний хувьд таашаал авах юм нь өөр өөр байж болно л доо. Гэхдээ хүн өөрөө мэдэхгүй ч гэсэн генд нь юм оёх авьяас хадгалагдаж ирсэн байж болно. Монголчуудын дунд юм оёж чаддаггүй хүн гэж бараг байсангүй. Юм оёж чаддаггүй эхнэр гэж байсангүй. Үүн шиг генд нь тэр авьяас байгаа л байхгүй юу. Юм оёж байхдаа “Үүнийг яаж гоё оёх вэ” гэхээсээ илүүтэй өөртэйгөө ярих, өөрийгөө сонсох боломж олддог.

-Та Дорноговийнх юм билээ?

-Тийм.

-Аль сумынх вэ?

-Улаанбадрах.

-Тал нутгийн хүн дуучин байхаас яахав. Уртын дуу дуулахаас яахав. Яагаад уртын дуучин болов гэж асуух нь илүүц бололтой?

-Нутаг нутгийн онцлог байдаг л байх. Аав, ээж маань найрч хүмүүс байсан. Найранд их бэлдэнэ. Цагаан сар боллоо гэхэд шинэ дуу бэлдэнэ. Найранд бэлдэцгээнэ. Тэр бүгдийг нь сонсоод л дуу сурдаг байлаа.

Хил хязгаар нь мэдэгдэхгүй нэг л сайхан тал шүү дээ. Бид чинь өвөл тэмээн дээр дөчийн бидон дөрвийг тэгнээд л усанд явна. Манайх чинь худгаасаа арав гаруй километрийн зайтай. Тэмээндээ ус тэгнэчихсэн байхад жонжино гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр алхуулна. Алхуулаад л байна… Хоёр дөчийн бидон хоорондоо хавираад л…Ийм байхад юугаа хийж явах вэ. Дуугаа л дуулж явна шүү дээ. Надад эмээ минь хамгийн анх уртын дуу зааж өгч байсан юм. Тэр дуугаа дуулна. Ер нь ардын дуу л голдуу дуулдаг байжээ.

-“Малчин бүсгүй” дууг та дуулжээ. Дээд өнгө авч байгаа тэр хэсэг үнэхээр сайхан сонсголонтой. “Малчин бүсгүй”-г анх дуулагдсанаас нь хойш ингэж дуулсан нь бий билүү гэж бодогдов?

-Хүмүүс дуучин хүн гэхээр л тэнд очиж дуулаад, энд ирээд л шууд дуулчихаар ажил нь болчихдог байх гэж бодоод байдаг юм билээ. Энэ бол маш их хөдөлмөрийн дараа гарч байгаа үр дүн гэж хэлмээр санагддаг. Сайхан урам хайрласанд баярлалаа. Өчигдөр Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан ах надтай утсаар ярьж, баяр хүргэлээ. Олон хүн намайг сайн байна, сайхан дууллаа гэж хэлдэг ч гэсэн тэр хүнийг тэгж хэлэхэд нь маш их баярласан. Энэ бол уран бүтээлч хүний жаргалтай үе юм байна даа гэж бодож байлаа. “Миний охин хөдөлмөрч байна. Хөдөлмөрч байна гэдэг бол бүх юмны эхлэл байдаг. Чиний энэ чинь болж байна шүү” гэж урам хайрласан. Тэрэнд нь маш их баяртай байгаа.

-Уртын дуучин Б.Алтанжаргал та хоёр хэдэн дуу хамтраад дуулчихав?

-Бид хамтраад хоёр дуу дуулчихаад байна. “Алгирмаа”, “Сүнжидмаа”-г дуулсан. Бид хоёр чинь “Сүнжидмаа”-г шинэхэн дуулаагүй, олон жилийн өмнө дуулчихсан байсан шүү дээ. Арилжааны бус урлаг чинь тодорхой хугацааны дараа хүнд танигддаг бололтой. Бараг дөрвөн жилийн өмнө Цагаан сараар “Сүнжидмаа”-г хамтарч дуулж байсан юм. Тэгтэл энэ жил л хүмүүс хүлээж авч байна. Тэгэхээр өнөө “Хичнээн орон зай, цаг хугацааг туулан танд хүрч баясал, гуниг, ухаарлын алиныг нь авчрахыг би таашгүй гэдэг шиг (инээв). Энэ үг чинь үнэн юм байна.

-Монгол эмэгтэй хүн дээлээ яаж өмсөх, биеэ хэрхэн авч явах, ямархуу ая дантай байдгийг та үеийнхээ бүсгүйчүүдэд харуулж өгч байгаа?

-Баярлалаа. Хүмүүс тэгээд байхаар надад бас эвгүй байдаг юм байна (инээв). Өмнө нь өөрийнхөө хэмжээнд л дээлээ өмсдөг байсан бол одоо хүмүүс намайг хараад, таниад дээлээ яаж өмссөнийг минь хүртэл харж байгаа гэхээр өөртөө илүү анхаарал хандуулаад эхэлдэг юм байна.

-Та СУИС-ийг хэзээ төгссөн бэ?

-2013 онд. Их сургуулиа төгсөөд л чуулгадаа орсон. Дундуур нь гарч ороод гадагшаа дотогшоо яваад, одоо харин тогтвортой ажиллаж байна.

-Танай чуулгын нэг онцлог бол зунжингаа жуулчдад зориулсан хөтөлбөртэй учир амардаггүй?

-Харин тийм ээ. Тэр нь хүндрэлтэй. Хүн бүхний хувьд зуны улиралд дуртай, гэр бүлээрээ амралт, зугаалгаар явна. Уг нь зун боллоо гээд догдолдог ч ажилтай байдаг болохоор амарч чаддаггүй. Өдөрт хэд хэдэн тоглолттой, гадны том төлөөлөгчид ирэх тоолонд уулзалт дээр нь очиж тоглоно. Өдөрт хэдэн удаа тоглоно. Наадмаар ажиллаж болж байна. Дараа нь ядаж хэдхэн хоног ч боловч амрахсан гэцгээнэ. Үндэсний урлагийн чиглэлийн ажил бол хариуцлагатай ажил алба. Монголдоо дуучин Батцэцэглэн дуулж байна гэж зарлуулж болох ч гадаадад очиход Батцэцэглэн гэж хэн ч харахгүй шүү дээ. Монгол эмэгтэй ийм байдаг юм байна гэж намайг харж надаар Монголын эмэгтэйчүүдийг тодорхойлдог. Тийм учраас бүх юман дээр анхааралтай, сэрэмжтэй, бүх юмнаас суралцаж явах ёстой юм байна гэж ойлгодог юм.

-Таны нөхөр ямар ажил эрхэлдэг вэ?

-Миний хань хувиараа бизнес эрхэлдэг. Манайх хоёр хүүхэдтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *