Categories
мэдээ цаг-үе

Майкл Жордан “Би сурсан эрдмээ өвлүүлэх гэж хичээсэн дүүтэй байсан гэдгээрээ бахархна”

Өвлийн адаг сарын 24-нд ертөнц “Лос Анжелес Лейкерс” багийн домог Коби Брайанттай салах ёс гүйцэтгэх хүндэтгэлийн үйл ажиллагааг чих тавин ажирлаа. Тэр өдөр Staples Center-т өнгөрсөн ба өнөө цагийн сагсан бөмбөгийн бүх шилдэгүүд цугларч онгоцны ослоор амь үрэгдсэн Коби Брайант болон түүний охин Жанна, бусад зорчигчдын гэгээн дурсгалыг хүндэтгэсэн юм. Сагсан бөмбөгийнхөн тоонд их учир холбогдол өгдөг заншилтай. Коби 24 дугаартай, охин нь хоёр дугаартай тоглодог байсан тул хоёрдугаар сарын 24-нийг сонгож. Хорин жилийг НБА-д өнгөрүүлж эхнэртэйгээ хорин жил амьдарсан тул 2020 он гэж тааруулсан гээд. Бас Кобигийн тоглож байхдаа авсан оноотой адил 33642 сарнайгаар талбайг чимлээ гээд тоон чимэглэл зөндөө байлаа. Сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг цөөн хэдхээн хүнд олгосны нэг нь Майкл Жордан байсан. Кобигийн өөрийнх нь шүтээн, ер нь сагсан бөмбөгийн бодит бурхан Майкл Жордан зодог тайлснаасаа хойш тэр бүр олны өмнө гарч үзэгдээд байсангүй. Тэр мөртөө үг, илтгэл тавиад байх нь бүр ч ховор. Хэдэн жилийн өмнө түүний нэрийг Алдарын танхимд мөнхжүүлэх үед нэг удаа индэр дээр гарч сэтгэгдлээ хуваалцахдаа баярлаад жаахан мэлмэрсэн нь сүүлдээ нийтийн сүлжээний гол бай болж нулимс дусааж буй зураг нь хэн нэгнийг шоолох үзүүлэн болоод их удаан хадгалагдсан. Харин энэ удаагийн хайлаан нь харууслынх байсан тул хүмүүс зөв хандах байлгүй. За тэгээд түүний сэтгэл гэгэлзүүлсэн нийтлэлээс нь хэсгийг энд хөрвүүлье.

“Би уг нь “Өглөөний мэнд” гэж эхэлнэ гэж бичсэн байсан ч одоо өдөр болчихож. Ванесса болон Кобигийн гэр бүлийнхэн надад үг хэлэх боломж олгосонд талархлаа. Жижи болон Кобигоо дурсаад дүүгийн маань үлдээсэн-сагсан бөмбөгчийн, бизнес эрхлэгчийн, хүүрнэгчийн, эцгийн өв уламжлалын талаар жаахан ярих боломж өгсөнд талархлаа.

Олон хүмүүс Коби бид хоёр яагаад тийм ойр байсныг гайхдаг байх. Тийм ээ, бид хоёр дэндүү ойр амьдарч байжээ. Бүгд л Коби бид хоёрыг харьцуулдаг. Би өнөөдөр зөвхөн Кобигийн талаар л ярих гэсэн юм. Жижигхэн дүүтэй ах нар мэднэ дээ. Тэд чамайг эзгүй хойгуур шүүгээг чинь ухаад л өөрт нь томдсон ч хамаагүй гутлыг чинь өмсөөд бас бус юмыг чинь түйвээгээд л байдаг. Тэгээд чиний алхах гишгэх үйл үйлдлийг чинь дуурайгаад л. Эхэндээ уур хүрнэ гэж жигтэйхэн. Цаг хугацаа элэгдэх тусам тэр уур хилэн хайр энэрэл болон хувирч эхэлнэ. Учир нь тэдний сонирхол чамайг дуурайх гэж оролдох оролдого улам сайжирч чи өөрийн эрхгүй түүнийг амьдралдаа алдсан алдаагаа давтуулахгүй тойрох аргыг нь заах зам руу хөтлөөд ирдэг. Коби хэдийд ч хамаагүй залгана. Өглөө, өдөр заримдаа шөнийн гурван цагт хүртэл залгаад гурвалсан довтолгоо гэж юу юм бэ, хөл яаж тавьбал зөв бэ гээд л яршиг удна шүү дээ. Тэр залууд дуусашгүй их чармайлт шингээстэй байлаа. Өөр хэнд ч байхгүй тийм их чармайлт. Чармайлт гэдэг бол гайхалтай чанар. Хэрвээ чи ямар нэгэн зүйлийг мэдье, суръя гээд зүтгэсэн бол тэр зорилгодоо хүрэхийн тулд хэр зэрэг тууштай чармайн зүтгэж чадах вэ гэдэг үзүүлэлтээр хүний хүрч чадах амжилтыг тодорхойлж болдог. Коби тэр тал дээрээ агуу байлаа. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам, Кобитой өнгөрүүлсэн цаг хугацаа сунжрах тусам би өөрийнхөө дотор түүний ах нь болон хувирч өөрт байгаа мэддэг чаддаг бүхнээ чадлаараа өвлүүлэх юмсан гэх эрмэлзэл оволзох болсныг мэдрэх болсон. Ярьж болох бүх сэдвээр яриа өднө. Заавал сагсан бөмбөгийн талаар байх албагүй.

За дүү минь чи намайг шавхаж дууслаа. Одоо миний энэ мэлмэрч буй дүрс удаан хугацаанд элэглэлийн бай болох нь дээ. Уг нь би эхнэртээ энд үг хэлмээргүй байна, индэр дээр гарвал нулимсаа шингээж барахгүй, тэгээд гурав, дөрвөн жил муу хүмүүсийн шоглоомын бай болох нь гэж хэлж байсан юм. Одоо яая гэхэв, Коби чи намайг яаж байна аа.

Хэдэн сарын өмнө нэг мессэж Кобигоос ирлээ. Охиндоо ганц нэг хөдөлгөөн зөв хийхийг заах гэсэн юм. Түүний насан дээр та яадаг байсан бэ, зөвлөөч гэж байна. Охин чинь хэдтэй юм бэ гэсэн чинь 12-той гэж хариулав. Би 12-той байхдаа бэйсбол тоглож сурах гээд гүйж байлаа гэсэн чинь элэг хөшлөө гэж хариу бичиж билээ. Шөнийн хоёр цагт бичилцсэн мессэжийн талаар ярьж байгаа юм шүү. Нас явах тусам найз нөхөд багасдаг. Ийм яриа өрнүүлэх найз бүр ч байхгүй болдог. Тэр тусмаа өрсөлдөж явсан хүмүүс бол бүр алга болно. Коби хэн бэ гэдгийн жижигхэн жишээ л дээ, энэ.

Фил Жэксон Лейкерсийг дасгалжуулж байсан 1999 онд билүү 2000 онд билүү дээ санахгүй байна, тэр үед Филтэй уулзах гээд оффист нь иртэл Кобитой таарлаа. Би костюмт өмссөн чухал хүн явж байтал Коби таараад, тэр надаас “ЭмЖи та пүүзээ авчирсан уу” гэдэг юм даа. Аймаар байгаа биз. Тэр ур чадварыг дээшлүүлэх жижигхэн боломж гарах бүрт тэр боломжоо гээлгүй ашиглана гэж алхдаг хүү байжээ.

Ванесса түүний охид болох Наталье, Бианке, Капри нарт хэлэх миний үг. Би эхнэртэйгээ хамт ярилцаад энэ аймшигт золгүй явдлын дараа та бүхэн нөхрөө, аавыгаа алдсан ч том ах чинь байгаа шүү, бид үргэлж хамт гэдгийг ойлгоорой.

Коби нас барахад миний биеийн нэг хэсэг бас хамт алга болчихлоо. Энэ цэнгэлдэх хүрээлэн, энд цугларсан түмэн олон, дэлхийгээр нэг тарсан хөгжөөн дэмжигчдийн сэтгэлээс бас жижигхэн хэсэг нь Кобитой хамт алга болсон гэдэгт итгэлтэй байна. Гэвч бидэнд сайхан дурсамж мөнхөд үлдэнэ. Би лав өөрийгөө “Надад сурсан бүхнийгээ өвлүүлэх гэж хичээсэн дүү байсан юм шүү” гэдэг дурсамжаар тайтгаруулж амьдарна гэж бодож байгаа. Тайван нойрс доо дүү минь”.

Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *