Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр боллоо.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргав.
- Хяналтын зөвлөлөөс 2019 онд Монголбанкны удирдлагад хүргүүлсэн санал зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох
- Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулан Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар Монголбанкны ХЭЗГ-ын захирал Д.Аюуш, ДАГ-ын захирал Т.Амарсайхан нарын санал, бодлыг сонсох;
- Хяналтын зөвлөлийн зарим гишүүдийн гадаад томилолттой холбоотой олон улсын туршлага судалсан тухай мэдээлэл сонсож, санал солилцох;
- Хяналтын зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг эцэслэн шийдвэрлэх;
Тус хурлаар Монголбанкны Хяналтын зөвлөлөөс 2019 онд Монголбанкны удирдлагад хүргүүлсэн дараах зарим санал зөвлөмжийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Үүнд:
Монголбанкны төсвийг дунд хугацаанд төлөвлөх, тулгадсан гол асуудалд хөрөнгө мөнгийг хуваарилах, захиалгаар гадаадаас авдаг мэдээ, судалгааны материалыг орчуулж, олон нийтийн хүртээл болгох, хүүгийн нэгдсэн бодлого явуулах, Монголбанкны үйл ажиллагааны ашиг алдагдлын тэнцвэрийг хангах, санхүүгийн тайлангийн үр ашгийн үзүүлэлтүүд, шинэ стандартын дагуу хийгдэх хөрөнгийн үнэлгээ, эрсдэлийн тооцоололд онцгой анхаарал тавьж ажиллах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд өөрийн орны санхүүгийн хязгаарлагдмал нөөцийг зөв ашиглах харилцан уялдаа бүхий макро-мөнгөний болон макро-сангийн бодлогыг хэрэгжүүлэх арга механизм, олон улсын тэргүүний туршлагыг хамтран судалж, хэрэгжүүлэх зэрэг санал зөвлөмжийн хэрэгжилтийн байдалтай танилцав.
Дээр дурдсан санал, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголбанкны Эрсдэлийн удирдлагын албаны захирал Д.Баянзул, Мэдээлэл технологийн газрын захирал Д.Довчинбазар, Эдийн засгийн сургалт, судалгааны хүрээлэнгийн дэд захирал Ц.Батмөнх, Тамгын газрын төсвийн ахлах мэргэжилтэн О.Бадамцоо нар мэдээлэл хийж, санал солилцов. Шийдвэрийн хэрэгжилтийн явц болоод Хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр өгөгдсөн зөвлөмжийн хэрэгжилт сайн байгааг Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу дурьдаад цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим анхаарал татсан асуудлын талаар Тамгын газарт дахин судлахыг санал болгов.
Мөн Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулан Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу, гишүүн Б.Цэрэнбалтав нарын боловсруулсан төсөлтэй танилцсан Монголбанкны Хууль,эрх зүйн газрын саналыг тус газрын ахлах мэргэжилтэн Ө.Мөнх-Ундрага танилцуулж, Хяналтын зөвлөлийн зарим гишүүдийн гадаад томилолтоор ажилласан тухай илтгэх хуудас, мэдээллийг Хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу хийлээ. Хуульд оруулах өөрчлөлт болон гадаад томилолтын гол үр дүн, тэргүүний туршлагыг Монголбанкны удирдлагад танилцуулж, санал бодлоо солилцохоор тохиров.
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ