Categories
мэдээ цаг-үе

Амжилтад хүрэх түлхүүр тууштай зүтгэл билээ

Аливаа зүйлд тууштай хандах нь ямар ч хүнийг амжилтад хүргэдэг нь маргаангүй зүйл л дээ. Тухайлсан нэг ажлаа олон жилийн туршид сэтгэл гаргаж хийгээд байвал үр өгөөжөө заавал өгдөг. Угаасаа дэлхийн хэмжээний тэрбумтнуудын өгдөг гол зөвлөгөө нь ч гэсэн нэг ажилдаа л төвлөрч сэтгэл гаргаж хий гэдэг. Харин нэгэнт өндөр амжилтад хүрсэн бол хөрөнгө оруулалтаа нэг салбарт, нэг зүйл дээр бариад байх биш, аль болох олон салбарт оруулах хэрэгтэй гэсэн санаа их явдаг. Бас нэг ажилдаа тууштай байна аа гээд дороо эргээд байж болохгүй. Би ганц энийг л хийж чаддаг. Гэхдээ энэндээ тууштай байна гээд дороо хий эргээд эхэлбэл амжилт алсардаг. Хийж буй ажилдаа аль болох шинэ санаа оруулж, түүнийгээ хөгжүүлж байж амжилтын өндөрлөгт гарах нь мэдээж юм.

Нэгэн дотны танил маань их л олон юм хийх гэж оролдож, унаж босож явсан юм даг. Магадгүй түүний алдаа нь онооноосоо их байсан байх. Тэгж тэгж яг л өөрийн хийж чадах ажлыг олж авсан тэрээр өнөөдөр амжилтын оргилд гарч дөнгөсөн юм. Өөрийг нь амжилтад хүргэсэн ажлаа лав л сүүлийн 12 жил тасралтгүй хийж байна. Саявтар тааралдаад хэдэн үг солиход тэрээр “Найз нь өмнө нь юм юм л хийх гэж ийш тийшээ үсчиж байсныг чи мэднэ дээ. Одоо бодоход туйлбаргүй, нэг ажилдаа тууштай ханддаггүй байж. Харин энэ ажлаа барьж авснаас хойш хэдэн жил бүхнээ зориулсны дүнд ямар ч гэсэн амжилтад хүрлээ. Ямар ч ажилд сэтгэл гаргаж тууштай байвал юунд ч хүрч болохоор юм гэдгийг сая л ойлгож байна даа” гээд инээмсэглэсэн. Дотроо найзаараа бахархаж “Нээрээ л ажилдаа тууштай байлаа гээд амжилт л олох болохоос уруудах нь юу л бол” гэсэн бодол төрсөн юмдаг. Эзэн хичээвэл заяа нь дагаад хичээдэг гэдэг дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *