ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах хэлтсийн дарга П.Эрдэнэбат “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссийн шийдвэрийн дагуу улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод шалган нэвтрүүлэх 20 цэг, 21 аймагт хяналтын 285 цэг, сумдад хяналтын 672 цэгийг байгуулж, мэргэжлийн байгууллагууд болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд авто замуудыг бүрэн хяналтад авсан.
Хязгаарлалт тогтоосноос хойш орон нутгийн хэмжээнд шалган нэвтрүүлэх цэгээр 1,876 тээврийн хэрэгслээр 4,804 зорчигч орж, 2,495 тээврийн хэрэгслээр 5,853 зорчигч гарсан байна. Харин 1,890 тээврийн хэрэгсэлтэй 3,200 зорчигч нь зорчих зөвшөөрөлгүй байсан тул нэвтрүүлэлгүй буцаасан.
Нийслэлийн хэмжээнд шалган нэвтрүүлэх чиглэлээр гадагшаа чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлах хүрээнд 1,913 тээврийн хэрэгслээр зорчиж байсан 4,006 зорчигчийг шалгаж, эрүүл мэндийн чиглэлээр тандалт хийж, буцаах арга хэмжээг авсан” гэлээ.
Түүнчлэн өчигдөр БНСУ-д нас барсан Монгол Улсын иргэн О-той хамт ОМ-301 нислэгээр БНСУ руу зорчсон 147 хүнээс Монгол Улсын 48 иргэн энэ сарын 13-наас 24-нд Монгол Улсад буцаж ирсэн байгаа аж. Цагдаагийн байгууллагаас тэдний хаягийг олж,
- Улаанбаатар хотод 40,
- Дархан-Уул аймагт дөрөв,
- Архангай аймагт хоёр,
- Төв болон Баянхонгор аймагт тус бүр нэг иргэнтэй холбоо тогтоосноор 19 иргэн сайн дураараа шинжилгээнд хамрагдсан бол 26 иргэнийг цагдаагийн алба хаагчид эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.